Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 09

 

                                                                  109/ШШ2020/0009

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын Засаг дарга      

                    Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газар

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгуулж, нурааснаас учирсан хохирол 1758000 төгрөгийг гаргуулах, Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г миний бие Архангай аймгийн Ц суманд байрлах Мухар хужиртын рашааны ойролцоо өөрийн сууцнуудаа 2010 онд барьж одоог хүртэл амрагчдыг уг байшингууддаа амруулж ирсэн билээ. Гэтэл Ц сумын Засаг даргын Тамгын газраас Мухар хужиртын рашаан дээрх байшин, сууцаа нүүлгэн шилжүүлэх шаардлагатай талаар надад мэдэгдэл ирүүлсэн юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар гэж тодорхойлон улмаар хэрэгжүүлэх чиг үүргийг тухайлан заасан бөгөөд үүн дотор газрын асуудлыг шийдвэрлэх талаар заагаагүй.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д Нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.6-д “Газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3. дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заажээ.

Уг мэдэгдэлд дээрх хуулийн заалтуудыг баримталсан байх бөгөөд эдгээр нь Засаг даргын Тамгын газрын бус Засаг даргын эрх хэмжээний асуудал байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасанд дээрх мэдэгдэл хамаарч байна гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байх тул Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгуулж, нурааснаас учирсан хохирлыг зохих ёсоор тооцон гаргуулах, уг мэдэгдлийг үндэслэн гаргасан Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах" гэж аймаг, сумын засаг даргын усны талаар хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгасан. Аймгийн засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон хамгаалалтын бүс тогтоох, бүсийн дэглэмийг мөрдүүлэх” А/176  дугаар захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 134 дүгээр зөвлөмжийг сумын Засаг даргад ирүүлсэн.

Ц сумын иргэн Д.Г-ын Мухар хужиртын рашаан дээр амрагчдад түрээслүүлдэг байр сууц, нүхэн жорлонгууд нь усан сан бүхий газар буюу рашааны энгийн хамгаалалтын бүсээс дотогш зайд байрладаг Эдгээр сууц байр, бие засах газрууд нь доорхи хууль тогтоомж, дүрэм, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.10 дахь хэсэгт “Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно.”, 22.10.2-т “Хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс тогтоох бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг”; 22.4 дэх хэсэгт “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ыг Байгаль орчны болон Газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг мөрдөх дэглэмийг тогтооно гэж заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам’’ гарсан байдаг. Энэхүү журмын 2.6-д “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно. 2.6.1-д “Усны сан бүхий газрын эргээс 200 м-ээс доошгүй зайд”, 2.9-д Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 2.9.5-д “Хог хаягдал бохирдуулах бодис хаях, Хог хаягдлын цэг байршуулах” 2.9.7-д “Стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах гэж заасныг тус тус зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 27.4. дэх хэсэгт Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.1.-т “сонсгол зохион байгуулах”; 27.4.2.-т “саналыг бичгээр авах” гэсний дагуу Засаг даргын тамгын газраас Мухар хужиртын рашааны байр сууцыг нүүлгэн шилжүүлэх нь зөв, эсэх талаар багийн иргэдээс санал асуулга авч, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Хужирт багийн иргэдийн Нийтийн Хурлаар “Мухар хужиртын рашаан”-ны орчмын газрын талхагдал нэмэгдэж, хөрсний эвдрэл үүсч хог хаягдал, бохирдол ихсэж байгаа асуудал, санал асуулгын дүнг хэлэлцүүлсэн. Рашааны орчмын газрыг бохирдлоос хамгаалах хөрсийг нөхөн сэргээх нөхцөлийг хангах, амрагчдын түр сууц, худалдаа үйлчилгээний цэгүүдийг өөр газар нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэж иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол гарсан.

Дээрхи хууль, тогтоол, захирамж, зөвлөмжийг үндэслэн Хужирт багийн Мухар Хужиртын рашаан дээрх барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, энгийн хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/28 тоот захирамж гарч, ажлын хэсэгт сууц эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэн, нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх газар олголтыг хууль дүрмийн дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхийг даалгасан.

Ажлын хэсгээс Мухар хужиртын рашаан дээр байр барьж түрээслүүлдэг иргэдэд “2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 20 дотор нүүх тухай” мэдэгдэл өгсөн. Гэвч зарим иргэдэд сууцаа нүүлгэхгүй байсан тул “2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нүүх тухаи’ мэдэгдлийг дахин өгсөн боловч нүүгээгүй учир сумын Засаг даргын “Газар чөлөөлөх тухай” 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дүгээр захирамж гарч, Мухар хужиртын рашааны энгийн хамгаалалтын бүс доторхи стандартын шаардлага хангахгүй жорлонгуудыг албадан буулгах ажлыг сумын Засаг дарга, аймгийн ажлын хэсгийн төлөөлөгчид, Эрдэнэмандал сумын цагдаагийн тасгийн хяналтан дор хийсэн гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Хужирт багийн иргэдийн Нийтийн Хурлаар “Мухар хужиртын рашаан”-ны орчмын газрын талхагдал нэмэгдэж, хөрсний хог хаягдал, бохирдол ихсэж байгаа асуудал, санал асуулгын дүнг хэлэлцүүлсэн. Рашааны орчмын газрыг бохирдлоос хамгаалах хөрсийг нөхөн сэргээх нөхцөлийг хангах, амрагчдын түр сууц, худалдаа үйлчилгээний цэгүүдийг өөр газар нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэж иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоол нь нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гарсан тогтоол юм. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.’’, 22.10 дахь хэсэгт “Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах' байдлаар тогтооно.”, ... гэж тус тус заасан байдаг. Иргэн Д.Г-ын Мухар хужиртын рашаан дээр амрагчдад түрээслүүлдэг байр сууц, нүхэн жорлонгууд нь усан сан бүхий газар буюу рашааны энгийн хамгаалалтын бүсээс дотогш зайд байрладаг. Иймд сумын Засаг дарга миний бие хууль тогтоомж, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан учир Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу захирамж гаргасан болно.

Ажлын хэсгээс Мухар хужиртын рашаан дээр байр барьж түрээслүүлдэг иргэдэд удаа дараа мэдэгдлийг өгсөн. Гэвч зарим иргэд сууцаа нүүлгэхгүй байсан тул “2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нүүх тухай” мэдэгдлийг дахин өгсөн боловч нүүгээгүй учир сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамж гарч, Мухар хужиртын рашааны энгийн хамгаалалтын бүс доторхи стандартын шаардлага хангахгүй жорлонгуудыг албадан буулгах ажлыг сумын Засаг дарга, аймгийн ажлын хэсгийн төлөөлөгчид Эрдэнэмандал сумын цагдаагийн тасгийн хяналтан дор хийсэн. Уг мэдэгдлийг иргэн Д.Г-т 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр газрын даамал Ө.Ч, байгаль хамгаалагч Г.Э нар Мухар хужиртын рашаан дээр очиж гардуулан өгсөн байдаг. Мөн сумын Засаг даргын А/39 дүгээр захирамжийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Мухар хужиртын рашаан дээр ажилласан ажлын хэсэг цугларсан иргэдэд уншиж танилцуулсан болно гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан байна. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хугацаатай мэдэгдэл өгөөд мэдэгдэлд заасан хугацаанд нүүлгэн шилжүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэх ажиллагаа явагддаг. Сумын Засаг даргын ажлын албанаас албан мэдэгдэл өгсөн. Хоёр удаа хугацаатай мэдэгдэл өгсөн. Дахин өгсөн мэдэгдэл дээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу албадан нүүлгэх арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.

Дараа нь газар чөлөөлөх ажиллагаа явуул гэсэн Засаг даргын захирамж гарсан, иргэн Д.Г-ын хүсэлтийн дагуу хоёр бие засах газрыг үлдээсэн. Нийт 10 гаруй бие засах газрыг дарсан. Сонсох ажиллагааны хувьд багийн иргэдийн нийтийн хурал хийхээс өмнө иргэдээс санал асуулга авсан. Иргэдийн 89,6 хувь нь газар чөлөөлүүлж, нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн. Дэмжигдсэн асуудлаа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд 100 хувийн саналаар нүүлгэн шилжүүлэх нь зөв гэж үзээд иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан. Тус тогтоолын дагуу ажиллагаа хийгдсэн. Сонсох ажиллагаа явуулаад тухайн хүнд мэдэгдсэн учраас дараагийн газар чөлөөлөх ажиллагааг мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Хууль дүрмийн дагуу байгаль орчноо хамгаалах зорилгоор гаргасан шийдвэр юм.

Иргэн Д.Г-ын бие засах газрууд нь энгийн хамгаалалтын бүсээс дотогш байршилтай байсан. Бие засах газар нь дүүрсэн гадагш хальсан байсан учраас Усны тухай хуульд заасны дагуу нураах үндэслэлтэй байна гэж үзсэн, мөн мэдэгдэлдээ нүүлгэн шилжүүлэхгүй бол нураана гэдгээ мэдэгдсэн байсан учраас А/39 дүгээр захирамжийг хууль ёсны дагуу гаргасан гэж үзэж байгаа гэв.

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Д.Г-аас Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгуулж, нурааснаас учирсан хохирлыг зохих ёсоор тооцон гаргуулах тухай” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргажээ. /х.х-н 1-2/

            Улмаар шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гурван ширхэг бие засах газрыг нурааснаас учирсан хохирол 1758000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

            Иймд шүүх нэхэмжлэгч Д.Г-ын “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгуулж, нурааснаас учирсан хохирол 1758000 төгрөгийг гаргуулах, Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Уг нэхэмжлэлийн тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Ц сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоох санал боловсруулах, бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, уг ажлыг хэрэгжүүлэх этгээдийг хавсралтаар томилжээ. /х.х-н 19-22/

            Мөн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 134 дүгээр албан бичгийн 1-д “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс дотор гэр буудал шовгор, аялал жуулчлалын газрыг шилжүүлэн байрлуулах” гэж зөвлөсөн байна. /х.х-н 25/

            Ийнхүү Архангай аймгийн Ц сумын Хужирт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал батлах тухай” 01 дүгээр тогтоолын 4-т тус багийн нутаг дэвсгэрт байрлах Мухар хужиртын рашааны эхийг хамгаалах, сууцнуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр тусгаж, тус хурлын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Мухар хужиртын рашааны орчимд байрлах иргэдийн түр сууц, шовгорууд, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байрнуудыг заасан газарт нүүлгэн шилжүүлж рашаан усны эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулахаар тогтоожээ. /х.х-н 57-82/

            Нэг. Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

            Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас “ ... Хужирт багийн Мухар хужиртын рашаан дээр байшин барилга, сууцтай иргэдэд өөрсдийн эзэмшлийн барилга сууцаа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор шинээр олгох газарт нүүлгэн шилжүүлж, өмнөх газраа чөлөөлөн цэвэрлэн, сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, ажлын хэсэгт хүлээлгэн өгөх ...” талаар мэдэгдэл хүргүүлжээ. /х.х-н 26/

            Мөн дээрх агуулга бүхий мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд шинээр олгосон газарт нүүлгэн шилжих талаар тухайн иргэдэд дахин мэдэгдсэн байна. /х.х-н 5, 28/

            Нэхэмжлэгч Д.Г нь дээрх мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр авсан, сумын Засаг даргын Тамгын газар нь нүүлгэн шилжүүлэх талаар мэдэгдэл өгөх эрхгүй тул дээрх мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус гэж маргажээ. /х.х-н 1-2/

            Уг хэргийн тухайд, сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдана.

            Дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.”, 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 33.1.2.-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж;

Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3. дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заажээ.

            Хуулийн дээрх заалтуудыг агуулгаас үзвэл, Архангай аймгийн Ц сумын Засаг даргын үйл ажиллагаанд тухайн сумын Засаг даргын Тамгын газар нь туслах үүрэгтэй байна.

            Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/28 дугаар захирамжаар тус сумын “Мухар Хужирт” рашааны энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, барилга байгууламж, сууцыг нүүлгэн шилжүүлэх, газар олголтонд хяналт тавих ажлын хэсгийн ахлагчаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц томилогдсон, улмаар сууц эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэн, нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөн, газар олголтыг хууль дүрмийн дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхийг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгажээ. Үүний дагуу маргаан бүхий мэдэгдлийг Ц сумын Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна. /х.х-н 16, 17/

Маргаан бүхий энэ тохиолдолд, сумын Засаг дарга дээрх чиг үүргээ өөрийн ажлын алба болох сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан хэрэгжүүлснийг илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

            Тодруулбал, сумын Засаг даргын Тамгын газар нь Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүйн туслалцаа үзүүлэх, сумын Засаг дарга өөрийн үйл ажиллагаагаа Засаг даргын Тамгын газраар дамжуулан хэрэгжүүлсэн байх тул өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхгүй.

Иймд Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр. Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Архангай аймгийн Ц сумын Засаг дарга 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/230/127 тоот тушаалын хавсралтын 2.9.5, 2.9.7-д заасныг үндэслэн тус сумын Хужирт багийн Мухар хужиртын рашааны энгийн хамгаалалтын бус доторхи стандартын шаардлага хангаагүй, хөрсний усаар дүүрдэг, олон жил ашиглагдсан бие засах газар, хогийн цэгийг буулгаж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /х.х-н 18/

            Нэхэмжлэгчээс “... надад газар чөлөөлөх мэдэгдлийг Засаг дарга бус Засаг даргын тамгын газар өгсөн. Мөн уг захирамжийг гаргахын өмнө, гарсны дараа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй..” гэж маргаж байна.

            Хууль зүйн зохицуулалтаас үзэхэд, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4. дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7. дахь хэсэгт “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.” гэжээ.

            Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг захиргааны байгууллага болох Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газар мэдэгдсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх талаар маргаагүй, энэхүү мэдэгдлээс үүдэж маргаан бүхий А/39 дүгээр захирамж гарсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х 55-56, 71-82, 93-97/ 

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 2./2/, “ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, ..газрын доорхи ус хамаарна; 5 дугаар зүйлийн 1.-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 17 дугаар зүйлийн 2.-т Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, .... илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, ... уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; 6/ аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын цэг тогтоох, бохирдлыг багасгах арга хэмжээ авах гэж тус тус заажээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/176 дугаар захирамж, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 134 дүгээр албан бичиг, Архангай аймгийн Ц сумын Хужирт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Мухар хужиртын рашааны орчимд байрлах иргэдийн түр сууц, шовгорууд, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байрнуудыг заасан газарт нүүлгэн шилжүүлж рашаан усны эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. /х.х-н 19-22, 25, 70/

Усны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.7.-д “рашаан” гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг; 13 дугаар зүйлийн 13.1.2.-т “Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашааныг ашиглуулах гэрээ байгуулж, биелэлтэнд хяналт тавих, 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, ... усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.3. дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.10. дахь хэсэгт Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 22.10.1.-д “рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг”; 22.10.2.-т “хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг”; 22.12. дахь хэсэгт Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 22.12.3.-т “хог хаягдал хаях, хадгалах, бохирын цооног байгуулах.”, 22.15. дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.14-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно.” гэж;

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “Газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж;

 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалын 2.1.-д “Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны аюулаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтооно.”, 2.9.Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 2.9.5.-т “хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах”, 2.9.7.-д “стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах” гэж тус тус заажээ.

Дээрх хууль, журмын заалтуудыг агуулгаас үзвэл усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглахыг хориглосон, уг хуулийг дагаж мөрдөх, байгаль орчны бохирдлыг арилгах, хамгаалах хүрээнд гарсан Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, А/39 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсгийн 28.1.2-т заасны дагуу тус аймгийн Ц сумын Мухар хужиртын рашааны орчимд үйл ажиллагаа явуулж буй бүх иргэдэд хамааралтай буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тухайн рашааны орчмын газрын бохирдлоос хамгаалах, хууль тогтоомж болон эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхээр гарсан, дан ганц иргэн Д.Г-ын барьсан гэх бие засах газрыг буулгаж, чөлөөлөөгүй бөгөөд уг захирамжийг иргэн Д.Г-т мэдэгдээгүй гэх үндэслэлээр дээрх захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

            Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03-03-012/75 дугаар дүгнэлтэд “ ... Мухар хужиртын рашаан нь шинжилсэн үзүүлэлтийн хүрээнд “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын химийн үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа боловч нян судлалын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байна. Иймд Мухар хужиртын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг Усны тухай хуульд зааснаар 100 метр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт тогтоож, хайс хамгаалалт хийх, хамгаалалтын бүс доторх бохирдуулагч эх үүсвэрийг /амрагчдын байр, худалдаа үйлчилгээний барилга байгууламж/ нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах ...” гэж дүгнэжээ. /х.х-н 160/

            Мөн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №04 дугаартай дүгнэлтэд “ ... иргэн Д.Г-ын байр, бие засах газрууд нь ... усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд байрлаж байна ...”,  Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтэд “ ... иргэн Д.Г-ын ... нийтийн бие засах газар нь рашааны эхээс 291.2 метр байгаа нь энгийн хамгаалалтын бүсээс гадагш байгаа боловч урд байрлах жижиг тойрмоос 107.5-121.5 метр байгаа нь энгийн хамгаалалтын бүсэд орж байна ...” гэж тодорхойлсноор нэхэмжлэгч Д.Г нь Мухар Хужиртын рашааны эрүүл ахуй шаардлагыг хангах, холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч Д.Г-ын тухайд, Архангай аймгийн Мухар хужиртын рашаанд амрагчдад байр түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг, тус газартаа өөрийн хөрөнгөөр 3 ширхэг бие засах газар барьсан гэх бөгөөд, тус сумын Засаг даргын тамгын газартай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Рашаан ашиглуулах тухай” 01 дугаартай гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан, уг хугацаанаас хойш дахин гэрээ байгуулаагүй байна. /х.х-н 83-85, 87-90/

            Иймд Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

            Гурав. Гурван ширхэг бие засах газрыг нурааснаас учирсан хохирол 1758000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Д.Г өөрийн барьсан 3 ширхэг бие засах газрыг нурааснаас учирсан хохирол 1758000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч холбогдох санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

            Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... иргэн Д.Г-ыг 3 ширхэг бие засах газрыг шинэ байршилд шилжүүлэн барихад татгалзах зүйлгүй хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой ... ” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зүйтэй гэж үзэв.

            Дөрөв. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

            Нэхэмжлэгч Д.Г 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Ч.М-тэй 19/21 дугаартай Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ. /х.х-н 149-150/

            Шүүх уг хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилж, дүгнэлт гаргуулан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг товлоход нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан тул 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулсан, мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт шинжээч томилсон болно.

            Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сэргээн, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр товлоход нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргасан тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн өдрийн шүүх хурлыг хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус хойшлуулжээ.

            2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулж байсан, шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс цахимаар гарын үсэггүй бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, уг асуудлаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан, хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан гэж шүүх үзлээ.  

            Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2., 91.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсгийн 33.1.2. дахь заалт, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7. дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсгийн 13.1.2., 22 дугаар зүйлийн 22.15. дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2./2/, 17 дугаар зүйлийн 2./4/ дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Г-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ц сумын Засаг дарга, тус аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгох, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас “мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах нурааснаас учирсан хохирол 1758000 төгрөгийг гаргуулах” хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ОДОНТУЯА