Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

   2022        05            05                                      2022/ШЦТ/77

 

       

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... От холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ХАОЖИАН маркийн мотоцикл ашиглан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Гашууны ам гэх газраас хохирогч У....ы эзэмшлийн хээр азаргатай адууг тууж, тус адуунаас хул байдас, хонгор байдас  нийт 2 тооны адуу буюу олон тооны  малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.     

    

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А....ын адуунаас 2 адуу авч Тт өгсөн. Буруу зүйл хийснээ ойлгож, маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч У....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын 4 дүгээр баг, Эргэн ус гэх газар ус уудаг хээр азаргатай 13 тооны адуугаа услахад тамгагүй хязаалан хул байдас, тамга чихлээсгүй хонгор байдас, нийт 2 тооны адуу алга болсон байсан. Тэгээд би нутаг усаар нэг сар орчим 2 адуугаа хайсан боловч олдоогүй, сураг гараагүй. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын эхээр манай саахалт айлын залуу болох Б.О манай гэрт ирээд надтай уулзаад би танай адуунаас 2 адууг чинь махалсан, чи цагдаад миний буюу Оын адуу байсан гэж хэлээд өгөөч, мөнгийг нь өгье, би шоронд явах гээд байна гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би Хатанбулаг сумын цагдаа дээр очоод Оын миний адуунаас хулгайлж авсан 2 тооны адууг Оын адуу байсан мэтээр цагдаагийн хэсгийн төлөөлөгч Э.Ганхүүд хэлж өнгөрүүлсэн юм. Би Оаас 2 адууны үнэ болох 2.500.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бөөнд нь шилжүүлж авсан. Оын ярьснаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө гэсэн шиг санаж байна, манай хээр азаргатай 13 тооны адууг 4 дүгээр багийн нутаг Өнцгийн нуур гэх газар шөнө байж байхад нь Б.О, Н.У гэх залуугийн хамт мотоциклоор хөөж Т гэх айлын хашаанд аваачиж хул байдас, хонгор байдас хоёрыг махалсан гэсэн...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Би дээрх 2 адууг От худалдан борлуулсан зүйл байхгүй’’ гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

 

  Гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 11 дүгээр сарын эхээр ...О бид 2 мотоциклтой сундлаад Булан нэртэй өндөрлөг газар гараад О утсаар ярих гэсэн боловч ярих хүнийх нь утас нь холбогдоогүй. Тэгээд харихаар болоод буцаад нуурын хажуугаар явж байтал замд хэсэг адуу, ойролцоогоор 10 гаруй тооны адуу гэрэлд орж ирсэн. Энэ үед О надад хэлэхдээ адуу ойрхон байна, би Тт адуу өгөх ёстой, гэрт нь ойрхон явж байгаа дээр адуугаа өгчихөөд явъя гэж хэлээд тэр адуунуудыг мотоциклоор хөөсөн. Тэгээд Тгийн гадаа нөгөө хэсэг адууг хөөгөөд очих үед Т.Т, Ариунболд гэх хүмүүс гэртээ мах чанаад байж байсан. Б.О хашаагаа нээ гэж Т.Тд хэлсэн. Тэгээд Т хашаагаа нээж тэр адуунуудыг хашаад Б.О Тг чи эндээс 2 адуугаа бариад ав гэж хэлэхэд Т намайг бугуйлдаад өгөөч гэж гуйхаар нь би аль аль адууг барих юм гэж Оаас асуухад надад 2 хонгор зүсмийн адуу шиг байсан зааж өгсөн, ...Тэгээд би тэр хоёр адууг нь бугуйлдаж барьж өгчихөөд үлдсэн адууг нь хашаанаас гаргасан. ...Би Т.Тс гарал үүслийн бичиг авсан юм уу зургийг нь авахгүй юм уу гэхэд О надад хэлэхдээ энэ зүгээрээ Т бид 2 наймаа хийсэн чамд хамаагүй гэж хэлсэн. ... О ах мотоциклийг жолоодож явсан, тэр мотоцикл улсын номер дугааргүй, ногоон өнгийн Оын өөрийн мотоцикл...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын эхээр би Хатанбулаг сумын 3 дугаар багийн малчин О гэх хүнээс 600.000 төгрөгийн авлагатай байсныгаа нэхсэн чинь О би чамд мөнгө өгч чадахгүй нь, мал өгье гэсэн. ... удалгүй 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цагаан хадны хил рүү явна адуугаа авч ирж өгөөрэй гэж От байсан болохоор 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой гадаа ямар ч байсан харанхуй болсон байхад миний амьдардаг Гашууны ам гэх газар байх өвөлжөөн дээр О, У гэх залуугийн хамт мотоциклтой 10 гаруй тоон адуу хөөж ирсэн. Тэгээд О чи энэ адуунаас өрөндөө 2 адуу ав гэж хэлээд О хул, хонгор зүсмийн тамга, чихлээсгүй 2 тооны адууг зааж өгөөд Уаар бугуйлдуулж бариулсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),

 

Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 355 дугаартай “ Байдас /хул зүсмийн/1 ширхэг адуу 1.100.000 төгрөг, Байдас /хонгор зүсмийн/ 1 ширхэг адуу 1.100.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг” дүгнэлт ( хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 115 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ХАОЖИАН маркийн мотоцикл ашиглан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Гашууны ам гэх газраас хохирогч У....ы эзэмшлийн хээр азаргатай адууг тууж, тус адуунаас хул байдас, хонгор байдас, нийт 2 тооны адуу буюу олон тооны  малыг хулгайлсан болох нь хохирогч У....а, гэрч Т.Т, Н.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 355 дугаартай “ Байдас /хул зүсмийн/1 ширхэг адуу 1.100.000 төгрөг, Байдас /хонгор зүсмийн/ 1 ширхэг адуу 1.100.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт олон тооны мал найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О нь өөрийн эзэмшлийн ХАОЖИАН маркийн мотоциклыг ашиглан хохирогч У....ы  хээр азаргатай адууг бэлчээрээс тууж түүнээс 2 тооны адуу хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны малыг машин механизм ашигласан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ.

Шүүгдэгч Б.Оын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  бөгөөд шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

 

Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ХАОЖИАН маркийн мотоциклийг /Хатанбулаг сумын хэсгийн төлөөлөгчийн хашаанд байгаа/ хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ... От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

            5.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин сууж байгаа газар болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш  явахыг  хориглосугай.

 

            6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            7.Шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хатанбулаг сумын сум дундын цагдаагийн тасгийн хашаанд байгаа шүүгдэгч Б.Оын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн ХАОЖИАН маркийн улсын дугааргүй мотоциклыг улсын орлого болгосугай.

9.Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч,шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН