Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

   2022        03         07                                   2022/ШЦТ/204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Б.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт БТд холбогдох эрүүгийн 2211 00052 0212 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овогт БТ, регистрийн дугаар ................................................

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа 30 гудамж 359-7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 83-169 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 хороо, Тахилтын 4-44 тоотоос Г.Номинзулын эзэмшлийн Самсунг А12 загварын 449.100 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Г.Номинзулын “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 хороо, Тахилтын 4-44 тоот манай гэрээс гарч явахдаа утсыг нууцаар хулгайлаад аваад явсан. Би тухайн утсыг нийтдээ 600.000 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд одоо хүртэл мөнгийг нь төлж дуусаагүй байгаа учраас дээрх үнээрээ үнэлж байна ...утастай холбоотой баримт, хайрцаг нь надад байгаа бөгөөд авч ирж өгөхийг хүсч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Дамно ХХК-ний үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн Самсунг А-12 маркийн гар утсыг 449.100 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Гар утасны баталгаат засварын хуудас, худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 43-45 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тэр үед Г.Номинзулын Самсунг А12 маркийн гар утсыг барьж байсан. Тухайн гар утас улаан өнгийн 32 гвт багтаамжтай, эвдрэл гэмтэлгүй гар утас байсан ба хэрэлдэж, маргалдсан өдрийн орой нь Баянзүрх дүүргийн Жуков худалдааны төвийн орчимд 35 орчим насны эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр би зарж борлуулсан ... би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хохирол мөнгө болох 449.100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар тал/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 51 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 хороо, Тахилтын 4-44 тоотоос Г.Номинзулын эзэмшлийн Самсунг А12 загварын 449.100 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Номинзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, Дамно ХХК-ний үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн Самсунг А-12 маркийн гар утсыг 449.100 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, Гар утасны баталгаат засварын хуудас, худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 43-45 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 449.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

  Хохирогч Г.Номинзулаас: “... 449.000 төгрөгийг авсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 51 дүгээр тал/-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргажээ.

 Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржгон овогт БТг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 449.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН