Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

 

 

 

 

 

 

   2022        03         09                                   2022/ШЦТ/210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч Г.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ГГд холбогдох эрүүгийн 2111 00967 0256 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт ГГ, регистрийн дугаар ...........................................................

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч угсрагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, ээжийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 42а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Ногоон нуурын 52-59 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1-8 тоотод иргэн У.Вандангийн эзэмшлийн Самсунг брэндийн 55 инчийн зурагтыг ширээгээр цохин хууль бусаар гэмтээж 764.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч У.Вандан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Г.Г согтуудаа явахаасаа өмнө зээлсэн мөнгөө өгөхгүй гээд байхаар нь айлгах зорилгоор цагдаад өгчихсөн юм. Тэгээд ийм зүйл болно гэж бодсонгүй. Шүүгдэгч нь манай компанид туслах хийдэг бөгөөд миний багын найз байгаа юм. Зун болохоор миний бизнес эхэлдэг бөгөөд манай компанид ажиллаж төлбөрөө төлөхөөр тохирсон байгаа юм. Тийм учраас надад гомдол, санал байхгүй байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч У.Вандангийн “...2021 оны 7 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчим өөрийн багийн найз Галбадрах, Болдбаатар нарын хамт манай гэрт 1 шил архи хувааж уугаад юм яриад сууж байтал ямар ч шалтгаангүйгээр Галбадрах нь тойроод сууж байсан модон ширээг нэгэнт гараараа цохиж босож ирээд гэрийн хоймор луу зурагтын стик рүү шидэхэд нь ширээ шалан дээр өнхрөөд унасан чинь дахиж аваад эргээд стик рүү шидэхэд нь ширээний хөл зурагтын нүүр дэлгэц дээр таарч цохигдоод зурагтын дэлгэц хагарч, гэрт ширээн дээр өрөөстэй байсан идэж уух зүйл шалан дээр талаар нь тарсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Гэрч Г.Санчирын “...У.Вандан гэгч нь манай аавын сайн найз нь бөгөөд 08 сарын дундуур аав гэртээ байж байхдаа аав нь Вандан ахынх нь гэрт хамт архи ууж байгаад зурагтыг нь хагалчихсан гэж хэлсэн, тэгээд Вандан ах ааваас зурагт төлж өг гэж манайд 2 удаа ирж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Гэрч Ш.Болдбаатарын “...Галбадрах нэлээд их согтсон архи ууж байснаа гадагшаа гараад явсан ба удалгүй буцаж орж ирээд гэнэт уурлаад ширээ аваад байшингийн том өрөө рүү шидчихсэн чинь ширээ газарт унасан. Тэгсэн Галбадрах дахиад ширээг аваад шидэхдээ ширээний хөлөөр зурагтын нүүр лүү цохиод хагалчихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн үед гадаа гараад салхинд цохигдоод нэлээн их согтоод эхэлсэн. Тэгээд байшин руу буцаж орсныгоо санаж байгаа ба тухайн үедээ согтуурхаад уур хүрээд байшинд байсан ширээг аваад шидэж байсан санагдаад байгаа юм ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн муудсан байсан тул тухайн үедээ агсан согтуу тавиад л хагалсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 41-45 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1-8 тоотод иргэн У.Вандангийн эзэмшлийн Самсунг брэндийн 55 инчийн зурагтыг ширээгээр цохин хууль бусаар гэмтээж 764.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч У.Вандангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, гэрч Г.Санчирын мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/, гэрч Ш.Болдбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33 дугаар тал/, шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 764.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Г.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Ванданд 764.970 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/-гаар нотлогдож байх ба шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй байна. 

Иймд шүүгдэгчээс хохирлын 764.970 төгрөгийг гаргуулан хохирогч У.Ванданд олгож шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ГГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 764.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гаас хохирлын 764.970 төгрөгийг гаргуулан хохирогч У.Ванданд олгосугай.

5. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН