Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

 

   2022          05            05                                  2022/ШЦТ/74

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

 Шүүгдэгч Н.Б, өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Бд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ..............

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Отэй маргалдан зодож, түүний баруун 5, 6 дугаар хавиргыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Н.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэр бүлийн маргаанаас болж эхнэртэйгээ муудалцаж хавиргыг нь хугалсан. Согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байгаа гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байсан манайд найзууд болох Э, Б нар эхнэр М, Х нарын хамт 20 цагийн орчимд зочилж ирсэн. Тэгээд хооллож ундлаад дараа нь эрчүүд нь архи, эмэгтэйчүүд нь дарс уусан. Тэгээд нэлээн орой болж манайд ирсэн зочид согтож муудаад Э, Б нар унтаж байсан. Би Х гэх эмэгтэйтэй зүүн орон дээр сууж байхад манай нөхөр болох Б над руу ирээд миний баруун хацар луу алгадсан. Тэгээд маргаан гарахад намайг үсдэж чирээд үүдний таамбар луу гарсан. Тэгэхэд Х салгаж авсан. Тэр үед миний цээжин тус газарт дэвссэн. Миний цээж их өвдөж байсан. Миний хавирга хугарсан юм шиг байсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад амарцгаасан. Тухайн үед манай 3 хүүхэд хамт байсан...2022 оны 02 дугаар сарын 18-ны орой мөн Дорноговь аймгийн Иххэт суманд нөхөр Б согтуу ирээд хоёр удаа миний хацар луу алгадсан, нэг удаа өшиглөсөн, мөн гар луу нэг удаа гараараа цохьсон... Надад ямар нэг хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 5, 49 дүгээр тал),

 

Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Бгийнд цагаан сарын шинийн 2-ны шөнө 20 цагт очсон. Эийн гэр бүлийнхэн байсан. Бид очоод 2 шил архи уусан байхаа ...би жирэмсэн болохоор ядраад зүүн оронд хэвтэж байсан унтаад өгсөн. Сэрэхэд манай нөхөр болох Б Э 2 маань унтчихсан байсан. Б нь эхнэр болох Отэй хэрүүл маргаан хийчихсэн үүдний амбаар дотор байж байсан. Сэрээд бид юу болоод байна гээд 2 тийшээ салгаад шөнөдөө бид бүгд явцгаасан. Маргааш өглөө нь ирэхэд инээлдэж хөөрөлдөөд хоол цайгаа хийгээд байж байсан надад ярихдаа миний жоохон хавирга хөндүүр гэж хэлсэн...Тэгээд хүмүүс маргалдах чимээгээр сэрэхэд О ганцаараа чанга дуугаар юм яриад сууж байсан. Тэгэхэд Б өөрийг нь загнаад байна гэж бодсон бололтой О рүү дайраад үүдний амбаар луу аваад гарсан. ...Тэр үед О уйлж би чам руу юу ч яриагүй шүү дээ гээд байсан. ...О намайг алгадаж зодлоо гэж орилоод байсан. ..." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13-14, 44-45 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/0130 дугаартай “1. Б.Оийн биед баруун 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Эмнэлгийн бичиг баримтаар учирсан гэмтлийн үүссэн цаг хугацаа, шинэ хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй” шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл ( хавтаст хэргийн 26-28 дугаар тал),

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ( хавтаст хэргийн 29-34 дугаар тал),

 

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа ( хавтаст хэргийн 46 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Отэй маргалдан зодож, түүний баруун 5, 6 дугаар хавиргыг хугалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байсан манайд найзууд болох Э, Б нар эхнэр М, Х нарын хамт 20 цагийн орчимд зочилж ирсэн. Тэгээд хооллож ундлаад дараа нь эрчүүд нь архи, эмэгтэйчүүд нь дарс уусан. ...Би Х гэх эмэгтэйтэй зүүн орон дээр сууж байхад манай нөхөр болох Б над руу ирээд миний баруун хацар луу алгадсан. Тэгээд маргаан гарахад намайг үсдэж чирээд үүдний таамбар луу гарсан. Тэгэхэд Х салгаж авсан. Тэр үед миний цээжин тус газарт дэвссэн. Миний цээж их өвдөж байсан. Миний хавирга хугарсан юм шиг байсан....2022 оны 02 дугаар сарын 18-ны орой мөн Дорноговь аймгийн Иххэт суманд нөхөр Б согтуу ирээд хоёр удаа миний хацар луу алгадсан, нэг удаа өшиглөсөн, мөн гар луу нэг удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Бгийнд цагаан сарын шинийн 2-ны шөнө 20 цагт очсон. Эийн гэр бүлийнхэн байсан. Бид очоод 2 шил архи уусан байхаа ...би жирэмсэн болохоор ядраад зүүн оронд хэвтэж байсан унтаад өгсөн. Сэрэхэд манай нөхөр болох Б Э 2 маань унтчихсан байсан. Б нь эхнэр болох Отэй хэрүүл маргаан хийчихсэн үүдний амбаар дотор байж байсан. Сэрээд бид юу болоод байна гээд 2 тийшээ салгаад шөнөдөө бид бүгд явцгаасан...." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/0130 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч,хохирогч нар нь  гэрлэж, 2016 оны 04 сарын 06-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0004 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Үүгээр Б.О нь шүүгдэгч Н.Бн эхнэр нь тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр,нөхөр,гэр бүлийн бусад гишүүн,хамтран амьдрагч,асран хамгаалагч,харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд,тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байна.

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 ”сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох...зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулсныг тус тус ойлгоно гэжээ.

 

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа нөхөр нь болох шүүгдэгч Н.Б нь өөрийн эхнэрийн сэтгэл санаанд дарамт учруулан агсам тавьж хэл амаар доромжлох, бие махбодид нь халдаж зодож цохин биед нь гар хүрсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 02 сарын 03, 18-ны өдрүүдэд биед нь халдаж зодсон, 02 сарын 03-ны өдөр биед нь халдахдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,  сард 2-3 удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж хэл амаар доромжлон сэтгэл санааны дарамт учруулж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь мөнгө төгрөг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Н.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Н.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

       

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч ... Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Бд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Н.Бд ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг   хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Бд тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Н.Бд ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

 6. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН