| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2022/0193/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/228 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/228
2022 03 11 2022/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Б.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Хэд холбогдох эрүүгийн 2211 00188 0304 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Шар Загд овгийн БХ, 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 1000 оюутны байр 208 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сангийн 406 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ............................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч Баттулгын Хүрэлсүх нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сачи Гачи” нэртэй караоке бааранд иргэн У.Цогтнямтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний зовхи, зүүн хацар хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Хээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 28 дугаар тал/ “ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч У.Цогтнямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 13 дугаар тал/ “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танилцаад удаагүй найз Оюундэлгэр болон түүний хоёр найзын хамт цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлалтай хоолны газарт хоол идээд 2 шил пиво уусан. Ингээд 4-үүлээ тэндээс гараад Мөнгөн завъяа дэлгүүрийн хажууд байрлалтай Сачи Гачи гэх караокед орсон. Бид 4 тус бүр 3-4 шил пиво захиалж уугаад дуулаад сууж байтал гаднаас үл таних эрэгтэй орж ирээд Оюундэлгэрт хандаж “чи энд юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд надаас “чи хэн юм бэ” гэж асуухаар нь би “чи өөрөө хэн юм бэ” гэхэд тэрээр миний урд ирж зогсоод нүүрэн тус газар гараараа 1 удаа хүчтэй цохиход би босоод түүнтэй барьцалдаад зогссон. Энэ үед нөгөө залуу миний дух руу 1 удаа духаараа мөргөсөн. Тэгээд Оюундэлгэрийн найзууд бид хоёрыг салгахад нөгөө залуу Оюундэлгэрийг чирээд гараад явсан. Би араас нь очоод шатан дээр нэлээн зууралдсан. Оюундэлгэрийн найзууд болон караокены ажилтан намайг салгаад өрөө рүү оруулсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оюундэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 15 дугаар тал/ “...Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Сачи Гачи нэртэй караоке ороод пиво уугаад дуулж суусан. Би гар утсаа цүнхэн дотор хийгээд нэг ч удаа гаргаж ирээгүй юм билээ. Энэ хугацаанд Хүрэлсүх над руу олон удаа залгасан байсан. Тэгээд караокед сууж байхад гаднаас Хүрэлсүх орж ирсэн байсан. Нэг мэдсэн Хүрэлсүх намайг чирээд тэр караокеноос авч гарсан. Би түүний машинд суугаад замд явж байхдаа ухаан орсон. Хүрэлсүхийн утас руу цагдаагийн байгууллагаас залгаад дуудсан. Бид хоёр шөнө дунд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд Цогтням, Номинтуяа, Болор нар ирчихсэн байсан бөгөөд Цогтнямын нүд нь хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №2093 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ “...У.Цогтнямын биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 61 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Баттулгын Хүрэлсүх нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сачи Гачи” нэртэй караоке бааранд иргэн У.Цогтнямтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний зовхи, зүүн хацар хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт ...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж түүнийг цохисоны улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч У.Цогтням нь мөрдөн шалгах ажиллагааны үед “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 61 дүгээр тал/-ээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар Загд овгийн БХийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН