Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар  2022/ШЦТ/265

 

 

 

 

 

    2022       03         23                                   2022/ШЦТ/265

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Л.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Хд холбогдох эрүүгийн 2211 00000 0276 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Хан Буурал овгийн ЛХ, 1975 оны 03 дугаар сарын 30ы өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрхан 7 дугаар гудамжны 160а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6-89 тоотод түр оршин сууж байгаа гэх,

Урьд:Завхан аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 977 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................................................

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

          Шүүгдэгч Л.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-484 тоотод байх нийтийн байранд үл ялих зүйлээр шалтаглан иргэн О.Төмөрбатын нүүр, гар хэсэгт цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Л.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/  “ ...19:40 цагийн үед Бадамхандынд ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр орсон чинь “намайг архи уусан байна” гээд уурлаад намайг хаяад явсан. Тэгээд би 30 минутын дараагаар Бадамхандын амьдардаг нийтийн байр луу нь ороход өөрийнх нь амьдардаг өрөөний хаалга Цоожтой, хажуу талынх нь хаалганаас Бадамхандын дуу гарч байсан. Тэгэхээр нь хаалгыг нь тогшиход Төмөрбат, Мандаахай, үл таних залуу, Бадамханд, нэг танихгүй эмэгтэй нар байсан. Тэгээд намайг ороход чимээгүй болохоор нь би Бадамхандад хандаж “ийм муухай хүмүүстэй архи уугаад байхдаа яадаг юм, эндээс гар гэж хэлсэн чинь “чамд хамаагүй” гэж хэлсэн. Нөгөө хоёр залууг нь би “золбин” гэж хэлчихээд өрөөнөөс нь гарах гэсэн чинь “хэл амаар доромжиллоо, цагдаа дууд” гээд намайг Төмөрбат, Мандаахай, Бадамханд нар ирж бариад миний юүдэнгээс бариад доошоо дараад байхаар нь ...би доошоо тонгойсон байхдаа халаасанд байсан цаасны хутгаа гаргаж ирээд гараараа дээш нь хэдэн удаа хөдөлгөхөд хүний нүүр зүсээд хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд өндийгөөд хартал Төмөрбатын нүүр зүсэгдсэн байсан ...Би Төмөрбатын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Төмөрбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 16-18 дугаар тал/ “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байх нийтийн байранд Мэндсайханы гэрт манай эхнэр Хулан, Мэндсайханы эхнэр Бадамаа, Мэндсайхан нартай хамт 2 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи ууж байсан. Тэгтэл гаднаас Бадамаагийн хуучин нөхөр Хашаа гартаа ногоон иштэй цаасны хутга барьчихсан орж ирээд шууд миний эрүүний доод хэсгийг зүсэхээр нь би гайхаад хутгийг нь булааж авах гэж оролдож байхад Хашаа миний гарын чигчий хурууг зүссэн. Өөр ямар нэгэн зодоон болоогүй ... ” гэх мэдүүлэг,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1748 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/  “О.Төмөрбатын биед эрүү, зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр тал/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 83 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-41, 44-47 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах  ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-484 тоотод байх нийтийн байранд үл ялих зүйлээр шалтаглан иргэн О.Төмөрбатын нүүр, гар хэсэгт цаасны хутгаар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүр, гар хэсэгт цаасны хутгаар зүссэний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч О.Төмөрбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаагүй ба “...гомдол саналгүй ...” гэсэн хүсэл /хавтаст хэргийн 83 дугаар тал/-тээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгч Л.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цаасны хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Хан Буурал овгийн ЛХыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цаасны хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН