Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
Хэргийн индекс | 186/2022/0241/Э |
Дугаар | 2022/ШЦТ/268 |
Огноо | 2022-03-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/268
2022 03 23 2022/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч Б.Баярчимэг,
Шүүгдэгч Д.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 2211 00000 0301 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Отгон овгийн ДА, 1989 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Шунхлай 9 дүгээр салбарт түгээгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15 дугаар гудамжны 366 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 8-840 тоотод оршин сууж байгаа гэх,
Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ89110404.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч ДА нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 8-840 тоотод иргэн Д.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойг хүүхдийн угжаар цохисоны улмаас биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 43 дугаар тал/ “ ...би 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр миний бие өвдөөд ажлаасаа чөлөө аваад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 8-840 тоот гэртээ унтаад амарч байсан. 13 цагийн үед манай төрсөн дүү болох Хулан ээжтэй хэрэлдээд чанга чанга орилоод байхаар нь би сэрсэн, тэгээд гарч өрөөнөөсөө гараад юу болж байгаа харсан чинь манай дүү Хулан надад хандаж юугаа харсан юм бэ гичий минь гэж хэлэхээр нь би уурлаж яагаад ээжтэй ингэж яриад байгаа юм бэ гээд өөрийнх нь хүүхдийн талаар хэлсэн. Тэгсэн надтай хэрэлдээд над руу дайраад ална гээд орилоод байсан, манай аав Давааням Хуланг болиулаад ээж намайг өөр өрөөнд оруулсан, тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд цагдаагийн урд талаас гарах гэж байхад Хулан над руу нэг юм шидээд оноогүй, тэгэхээр нь би хүүхдийн хуванцар угж байхаар аваад шидсэн чинь толгой нь хагараад цус гарсан ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 5 дугаар тал/ “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны 8-840 тоотод аав Давааням, ээж Бямбасүрэн, эгч Анун, дүү Мишээл, хүү Монгол нарын хамт амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би найзуудтайгаа гадуур уулзаж явж байгаад гэртээ хонолгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 10 цаг болж байхад ирсэн юм. Тэгээд ирээд ээжтэйгээ хүүхдийнхээ талаар ярьж байхад манай эгч Анун нөгөө өрөөнөөс гарч ирээд ээж бид хоёрын ярианд оролцоод бид хоёр хэрэлдэж байгаад Анун над руу нэг юм авч шидсэн, юу авч шидсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд миний духнаас цус гараад цагдаа нар ирээд эгч бид хоёрыг аваад явсан ...Миний толгойн дух зүүн хэсгээр хагарсан, түргэний эмч хоёр оёдол тавьсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №2050 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/ “Д.Хулангийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 22 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 20 дугаар тал/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 52 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Даваанямын Анун нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 8-840 тоотод иргэн Д.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойг хүүхдийн угжаар цохисоны улмаас биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж түүний толгойг хүүхдийн угжаар цохисоны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Хулан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг баримтаар шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба гомдол саналгүй, эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 52 дугаар тал/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан болно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хулан нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 45.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 45.000 төгрөг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/-ийн зардал гарсныг шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлгийн үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг 45.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Отгон овгийн ДАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд 45.000 төгрөгийн хохирол учруулсан ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг мөнгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН