Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2016/0038/Э |
Дугаар | 22 |
Огноо | 2016-06-27 |
Зүйл хэсэг | 091.2.12, 091.2.15, 107.3., |
Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 22
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
улсын яллагч Ш.Хосбаяр,
иргэдийн төлөөлөгч Л.Сосор,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацрал,
шүүгдэгч Г.Бат-Ирээдүй, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл /¹0-252/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Ирээдүйд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030277 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 64 дүгээр гудамж 1015 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, 1985 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 99 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзсан, 1987 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Ардын Армийн тусгай шүүхийн дугаар 117 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэсэн, хэрэг хариуцах чадвартай, Халх Хошуу овогт Галтмайгийн Бат-Ирээдүй /РД:ХЖ67032410/,
Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 70 дугаар гудамж 1116 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Халхууд овогт Даваагийн Батжаргал /РД:ХЖ73111417/,
Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, "Ивэг Түшиг" ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүдхийн хамт Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 70 дугаар гудамж 1116 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх хошуу овогт Галтмайгийн Оюун-Эрдэнэ /РД:ХЖ72040801/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Г.Бат-Ирээдүй нь 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1099 тоот хашааны гадна өөрийн эхнэр А.Ундрахыг хардаж улмаар хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, зодож олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн,
яллагдагч Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 70 дугаар гудамж 1116 тоотод хохирогч А.Ундрахын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Бат-Ирээдүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 06-ны шөнө дэлгүүр яваад тамхи аваад ирэхэд Мөнхзулын хашааны хаалга хаалттай байсан. Гэрэл нь асаалттай байхаар нь Батаа ах явж орсон. Тэгээд би гэртээ орж байж байгаад Батаа ахыг гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон. Тэгээд талийгаач шүүгээнээс гарч ирэхэд Батаа ах авч гарсан. Тэгээд бид хоёрыг гарж бай гээд жоохон байж байгаад араас орж ирсэн. Тэгээд Оюун-Эрдэнэ гудас тавьж өгөөд унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа гарсан. Тэгээд орой нь хэргийн талаар мэдсэн. Өөр зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ах Бат-Ирээдүй, талийгаач Ундрах нар нь суугаад 20 гаран жил болсон хүмүүс юм. Гэр оронтой байхад гэрээс дүү нь хөөлөө гээд тэр 2 манайд ирсэн. Бид хоёр гэртээ багтаж шингэхгүй байсан учраас хүүхдээ аавындаа аваачиж өгсөн. Талийгаач манайд байхдаа олон хоног алга болоод ах асуугаад байдаг байсан. Энэ талаар мэдүүлсэн боловч байхгүй байна. 2016.02.16-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад Мөнхзулынд Батаа ах орсон гэхээр нь би босч араас нь ороход Батаа ах чинь цонх хагалаад ороод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би та 2 салаач гэж хэлэхэд Мөнхзул нилээн халамцуу байсан болохоор чи намайг цохисон гээд зуураад байсан. Би болиулах гэхэд Батаа ах цагдаа дууд гэсэн. Тэгээд гэр рүү явах гэтэл тэр 2 салсан. Талийгаач шкафнаас гарахдаа согтолттой байгаагүй. Миний өвдөгний өндөрын хэмжээтэй босгон дээгүүр үсрээд гарч ирсэн. Өглөө бид хоёрыг хэвтэж байхад талийгаач бас хэвтэж байсан. Иймд би талийгаачийг согтуу байсан гэх шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Өглөө сандарч босоход талийгаачийн хөл дээр гишгихэд ёоёо гэж дуугарсан. Прокурорт хэрэг шилжихэд би эмнэлэг дээр хүүхдээ сахиад сууж байсан. Прокуророос дуудахад би мэдүүлэгтэй сайн танилцаагүй гарын үсэг зурсан. Өөр зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар эх эцэгээсээ 7-уулаа байдаг. Миний хамгийн том эгч Ундрах нь Бат-Ирээдүйтэй 20 гаран жил хамт амьдарсан. Хүнтэй яриа хөөрөө сайтай, ажил төрөлтэй, өмсөж зүүх хувцастай хүн байсан. Бид нараас илүү миний хань, миний ханийн дүү нар гэж явдаг байсан. Ингэж явсаны эцэст маргаашийн 14 цагт хүн танихын аргагүй цогцос нь хөрчихсөн байхад ээжид дуулгасан. Анхнаасаа эрүүл сарууд байхад нь нүдээрээ харсаар байтал хүнийг үхтэл нь зодож байхад дүүд нь хэлж болох байсан. Айлын залуутай зодолдож байхад салгасан мөртлөө эгчийг маань салгасан бол ийм болохгүй байсан гэж бодож байна. Бид нарын утас байгаа бид хэдийн хэнд нь ч залгаж мэдэгдээгүй. Хэдий миний эгчийн буруу байсан ч гэсэн заавал үхэлд хүргэх байсан юм уу гэж гомдож байна. Одоогоор хохиролд 1.796.000 төгрөгийн баримт бүрдүүлж өгсөн. Үүнийг нэхэмжилж байна. Өмнө нь 1.920.000 төгрөг авсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн: … Би энэ талийгаач А.Ундрахын төрсөн дүү нь байгаа юм. Бид нар эцэг эхээс 7 хүүхэд гарсан. Талийгаач манай хамгийн том эгч минь байгаа юм. Талийгаач эгч минь Бат-Ирээдүйтэй суугаад 22 жил болж байгаа юм. Энэ хүнтэй суусан цагаасаа хойш ажил төрөл хийгээгүй, энэ хоёрын дундаас хүүхэд гараагүй байсан. Бат-Ирээдүйн дүү Оюун-Эрдэнээс нэг хүүхэд өргөж авсан байсан. Тэгэхдээ тэр хүүхэд нь миний эгчийг ээж гэдэг боловч хамт амьдардаггүй.Зөвхөн эмээ өвөөтэйгээ амьдардаг хүүхэд байгаа юм. Мөнгө төгрөг хэрэг болохоороо манай эгчээр гаргуулдаг. Манай эгч бид нар дээр ирээд мөнгө хэрэгтэй гэж байж байгаад аваад явдаг байсан. Энэ Бат-Ирээдүй бол талийгаачийг бараг манайд ирүүлдэггүй байсан. Талийгаач өөрөө ч Бат-Ирээдүйг ирэхгүй бол ганцаараа ирэх дургүй байсан. Манай талийгаач их олонтой нийтэч хүн байсан. Хүнд тусархуу цайлган цагаан, зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Архи дарс бага зэрэг уудаг байсан. Бид нарын хажууд бол уухгүй, энэ Бат-Ирээдүйгээ дагаад явахаараа архи уугаад байдаг байсан. Яг миний нүдэн дээр зодуулж байхыг хараагүй зарим үед нүд нүүр хөхөрсөн ирдэг байсан. Тэгээд асуухаар Бат-Ирээдүйгийн уурыг хүргээд цохиулсан аль эсвэл дүү нарт зодуулсан гэж ярьдаг байсан. Ямар нэгэн хууч өвчин гэж ярьдаггүй байсан. Би 2016 оны 01 дүгээр сарын 10-ны орчим талийгаачтай Нарантуул зах дээр таарсан удахгүй гэртээ очино гээд явж байсан. Ер нь бол гадны хүнтэй учиргүй муудалцаад байдаг хүн биш архи уусан үед нь бид нар жаахан загинадаг байсан. Талийгаач өөрөө бол энэ хадмууддаа хир халдааддаггүй байсан. Би гомдолтой байна. Энэ миний эгчийн амь насыг хохироосон хүнд зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Би оршуулгын зардалд гарсан 4.800.000 төгрөг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/
Гэрч Г.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 05-ны орой нөхөр Батжаргал, ах Бат-Ирээдүй нарын хамт гэртээ байж байсан. Талийгаач Ундрах бол манай Бат-Ирээдүй ахын эхнэр байгаа юм тэр 2016 оны 02 дугаар сарын 03-нд орж ирээд гарсан энэ хоёр угаасаа гэр орон байхгүй манайд байсан. Талийгаач түүнээс хойш ирээгүй байгаад байсан тэгээд 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн Батжаргал надад хандан Бат-Ирээдүй ах хойд хашаанд байх Мөнх-Зулынх руу орчихлоо гэсэн би жаахан хүлээж байгаад Бат-Ирээдүй ахыг орж ирэхгүй байхаар нь араас гараад Мөнхзулынд яваад ортол Бат-Ирээдүй ах Мөнхзултай бие биенийхээ энгэрээс боолцоод гэрт нь матрас дээр өнхрөөд байж байсан. Тэгэхээр нь би ороод боль салцгаа гэтэл Мөнзул тавихгүй байсан чи урд нь намайг нэг удаа согтуу байхад шаасан байсан гээд Бат-Ирээдүй ахын дээр гараад өвдөглөөд байсан. Тэгээд Бат-Ирээдүй ах за тавьчих эр хүн шиг ярилцья гэж хэлээд Мөнхзултай ярилцаад сууж байгаад Бат-Ирээдүй ах гарах гээд явж байхдаа хувцасны шүүгээрүү дөхтөл Мөнхзул яах гээд байгаа юм гэж хэлээд түлхсэн. Би ард нь байсан болохоор шүүгээг нь онгойлгоод хартал Ундрах хэвтэж байсан. Ундрах шүүгээнээс гарч ирээд "май Батаа пиздаа минь гэж хэлээд Бат-Ирээдүй ах дээр очиход нь Бат-Ирээдүй Ундрахыг түлэхсэн энэ үед манай нөхөр Батжаргал гаднаас орж ирсэн юм. Тэгээд би "чи ямар арчаагүй амьсгаа вэ?" гэж хэлээд Мөнхзулыг алагдаад хаалгаар нь гадагш гартал араас Мөнхзул заазуур бариад "наадхаа аваад зайлцгаа" гэж хэлсэн. Мөнхзулын гэрийн хашаанаас гараад гудамжинд Бат-Ирээдүй ах Ундрахыг газар хэвтүүлчихсэн "ахын дүү нар гэртээ орж байгаа эхнэртэйгээ учраа олоодхоё" гэж хэлээд гараараа дохиод хэлсэн. Тэгээд Батжаргал бид 2 гэртээ орсон. Гэртээ орж ирээд Ундрахын ээж рүү нь 3 удаа залгаад утсаа авахгүй байхад гаднаас Бат-Ирээдүй ах Ундрах 2 орж ирсэн. Гаднаас орж ирэхэд Бат-Ирээдүй ах Ундрахын үснээс нь чирчихсэн, Ундрахын амнаас нь цус гарсан, хувцас хунар нь шавар болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би Ундрахын цусыг цэвэрлээд гудсан дээр хэвтүүлчээд Ундрахын ээж Алтангэрэл эгчтэй утсаар ярих гэтэл Бат-Ирээдүй ах утас аваад гарсан юм. Бат-Ирээдүй ах 4 минут орчим болоод буцаж орж ирээд Ундрахад "би чамайг маргааш ээж дүүд чинь хүлээлгэж өгнө" гэж хэлсэн. Тэгээд Бат-Ирээдүй ах "Ундрахаа би чамайг харахаар нүд хорсоод байнаа" гэж уурлаад талийгаач Ундрахын бөгс рүү нь өшиглөөд байхаар нь би болиочээ Батаа ахаа гэж хэлээд болиулсан юм. Тэгээд унтацгаах гээд хэвтээд нилээн байж байтал Ундрах "ёоёо" гээд эвгүй дугараад байхаар нь би Батаа ахаа түргэн дуудах уу гэж хэлэхэд Бат-Ирээдүй ах яах гэсэн юм бичиг баримтгүй юм чинь маргааш ээж нь угаасаа ирээд авчина гэж хэлсэн. Тэгэхээд унтацгаагаад өглөө 8 цагийн үед би босоод ажилдаа явах гээд хувцасаа өмсөөд байж байхад Бат-Ирээдүй ах босоод суучихсан талийгаач Ундрах ёолсоор хэвтэж байсан. Тэгээд би нөхөр Батжаргалтай хамт гайгүй байлгүйдээ гэж бодоод юу ч бодолгүй гараад явсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/
Гэрч М.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд караокеноос гараад Баттулга эхнэртэйгээ гэр рүүгээ явсан Уянга бид хоёр такси бариад манай гэр рүү явсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би Уянгыг дагуулж гэртээ ороод 2-3 минут болоод байж байна гэж байсан. Тэгтэл Уянга би ийшээ орчихье гээд шууд гуталаа аваад шкаф руу яваад орчихсон. Тэгээд би хаалга онгойлгож өгөх гээд очих гэтэл манай байшигийн үүдний амбаарын цонхыг хага цохиод түүгээрээ гараа хийгээд хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгэхээр нь би уурлаад чи яахаараар хүний гэр орон эвдэж цонх хагалдаг юм вэ гээд уурлаад бид хоёр барилцаж авсан. Тэр үед Батаа намайг цамцны захаар боосон. Тэгээд би зөрүүлж боогоод байж байтал гаднаас Батжаргал Оюунаа хоёр орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд жаахан байж байгаад гарахдаа Батаа манай шкафийг онгойлгосон. Тэгээд Уянгааг үснээс нь чирээд шууд аваад гарсан. Тэгээд Батжаргал Оюунаа нар хамт гараад явсан. тэгээд жаахан байж байгаад Батаа нь өрөө хүрч ирээд гутал нь хаана байна пизда минь эр нь би шкафнаас гуталыг гаргаж өгсөн. Тэгээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 33х/
Гэрч Д.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ундрах байхгүй Бат-Ирээдүй манай эхнэр Оюун-Эрдэнэ бид 3 манайд байсан талийгаач Ундрах 2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө гэрээс гараад ирээгүй байсан. тэгээл Бат-Ирээдүй бид хоёр орой 22 цагийн орчимд дэлгүүр орчихоод ирсэн тэгтэл Мөнхзулын хашааны хаалга хаагдсан байсан. тэгтэл 01 цагийн үед Бат-Ирээдүй Мөнхзулын хашааруу орсон удаад байхаар нь эхнэр араас нь орсон тэгээд нэлээн удаад байхаар нь би араас нь яваад орсон тэгсэн Мөнхзул Бат-Ирээдүй нар манай эхнэртэй юм яриад сууж байсан Бат-Ирээдүй нь явья гээд шкафруу дөхөөд очсон тэгсэн Мөнхзул Бат-Ирээдүйг яах гээд байгаан бэ гээд шкафруугаа дөхүүлээгүй тэгсэн манай эхнэр очоод шкафыг нээсэн тэгтэл хохирогч Ундрах Батаа писда минь май гэж гарч ирсэн тэгээд Бат-Ирээдүй нүүрлүү нь нэг цохиод үсдээд чирээд гарсан тэгээд гудамжинд гараад Мөнхзулын хашааны үүдэнд Бат-Ирээдүй талийгаач Ундрахыг газарт унагаад толгой нүүрлүү нь өшиглөөд зодсон тэгэхээр нь боль та хоёр гэртээ ор гэтэл Бат-Ирээдүй бид хоёрт хандан та хоёр гэррүүгээ ор бид хоёр энд учраа олоод орно гээд үлдсэн тэгээд Оюун-Эрдэнэ бид хоёр түрүүлээд гэртээ ортол нилээд удаж байгаад араас Бат-Ирээдүй Ундрахын үснээс чирээд 2 цагын үед гэрт орж ирсэн. Орж ирээл арчаагүй гэж загинаал зодсон 3-аас 4-н удаа Бат-ирээдүй талийгаач Ундрахын нүүрлүү өшиглөж цохисон. Би тухайн үед Бат-Ирээдүйд хандан хүн аллаа болиочээ гэж хэлсэн тэгтэл Манай эхнэр Г.Оюун-эрдэнэ талийгаачийн ээжрүү нь утсаар залгаад энэ охиноо ирээд аваадхаа ямар байдалтай байгааг нь хар нөхөр нь зодоод байна гэхэд ээж нь өнөөдөр очиж авч чадахгүй маргааш больё гэсэн тэгсэн Бат-Ирээдүй утсыг нь аваад гэрээс гараад хадам ээжтэйгээ гадаа утасаар яриад байсан. Эхнэр бид 2 тэгээд орондоо орсон тэгтэл Ундрах ёолоод байсан тэгээд амраад 2016 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 09-н цаг өнгөрч байхад бостол Бат-Ирээдүй баруун талын орон дээр талийгаач Ундрах газраар унтаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/
“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаачийн цогцост баруун, зүүн чамархай, зулай, дагз, хажуугийн ховдлын дээд хэсэг болон суурийн хэсгээр тархмал нимгэн аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун чамархай тархины эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт, 2 хөмсөгний гол, хамрын нуруу, дээд уруулын шарх, их бие мөчдийн зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд уг гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно” гэсэн байна. /хх-ийн 38-41х/
“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №787 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачид учирсан тархины аалзан бүрхүүл дооорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэлд мэс заслын эмчилгээ хийж тархи дарагдлыг чөлөөлөх идэвхитэй эмчилгээ байдаггүй, зөвхөн эмийн эмчилгээ хийж биеийн байдлыг ажигладаг тул амь насыг аврах боломж багатай байдаг. Дээрх гэмтэл нь тархи хавагнаж тархины комд орох ба даралт гэнэт унаж нас бардаг. Иимээс амьд байх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийг мэргэжлийн эмч нягт нямбай үзлэгхийж, багажийн шинжилгээгээр оношлодог. 2.Уг гэмтлийн улмаас тархины комд орох, даралт гэнэт унах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж, ярих боломжтой… гэх дүгнэлт /хх-ийн 231-232х/
Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: … Баруун, зүүн өвдөг болон гуяны цус хуралт гэмтэлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, олон тооны гэмтэл шарх юм. Онолын хувьд хүнд зэргийн согтолт нь тухайн хүн ухаан алдаж орчиндоо харицаагүй болж амьсгалын үйл ажиллагаа хямарч реплекс үгүй болно. Иймээс биеэ хамаалах чадваргүй байдалд тооцогдоно. Согтолтын хувьд гарц шинж тэмдэгүүд нь хүн болгонд адилгүй бөгөөд тухайн хүний архи даах чадвараас шууд хамааралтай байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 50х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар дүгнэлтэд: Бат-Ирээдүй нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Бат-Ирээдүй нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Бат-Ирээдүй нь хэрэг хариуцах чадвартай байна. Бат-Ирээдүй нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна./хх-ийн 53-54х/
Яллагдагч Г.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ зурагт хараад байж байгаад орой 23 цаг өнгөрч байхад манай хойд талд байдаг Мөнхзул гэдэг айлд эхнэрээ байж магадгүй гэж бодоод орсон. Тэгтэл эхнэр маань байхгүй байсан. Тэгээд би Мөнхзултай эхнэр дагуулж яваад байна гээд муудалцсан. Тэгээд гарах гэж байгаад шкафыг нь онгойлгоод үзэх гэтэл Мөнхзул хаалгыг нь дараад үзүүлэхгүй байсан. Тэгтэл дүү Оюун-Эрдэнэ орж ирээд араар нь тойроод онгойлготол эхнэр маань байж байсан. Тэгээд гэрлүүгээ аваад явах гэтэл явахгүй гээд уурлаад надтай маргалдсан. Тэгээд би хүчтэй чирж гаргаад гудамжинд гараараа толгойруу нь нэлээн хэдэн удаа, цохиж газарт унагаад хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд буцаж ороод гутал хувцасыг нь аваад гарч ирээд гэртээ оруулаад унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед халуун цай өгсөн чинь уучихаад унтаад өгсөн. Тэгээд байж байтал 06-ны өдөр 13 цагийн үед манай дүү Цогт-Ирээдүй ирээд Ундрах эгчийн бие нь нэг л эвгүй харагдаад байна. Хоёулаа эмнэлэг дуудъя гэсэн. Тэгээд манай дүү эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн. 14 цаг өнгөрч байхад эмнэлэгийнхэн ирсэн тэгээд үзчихээд нас барсан байна гэсэн. Тэгээд би дүүдээ цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд манай дүү цагдаа дуудсан. Би эхлээд гараар шанаа нүүррүү нь хэдэн удаа цохиж авсан яг хэд цохисоноо санахгүй байна дараа газарт унагаад хөлөөрөө өшиглөөд байсан би бас сайн мэдэхгүй байна тухайн үед би маш их ууралсан байсан. Талийгаач хэрэг болохоос нэг сар гарангийн өмнөөс эхлээд алга болоод байсан. Тэгээд би ер нь Мөнхзултай уулзаад байна гэдгийг гадарласан байсан юм тэгээд Мөнхзул тэр өдөр гэртээ байхгүй байсан тэгж байгаад орой 23 цаг өнгөрөөд гэрэл нь асаад хүн ирсэн байхаар нь би эхнэрээ хайгаад яваад орсон юм.Намайг Мөнхзулын гэрээс эхнэрээ чирээд гарахад Батжаргал, Оюун-Эрдэнэ хоёр араас гарч ирсэн тэгэхээр би тэр хоёрыг гэррүүгээ ор гээд хөөгөөд явуулсан юм. тэр хоёр намайг эхнэрээ зодож байхыг хараагүй, харин нь өглөө босоод шууд ажилдаа явсан … гэх мэдүүлэг /хх-ийн 87х/
Яллагдагч Г.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад би гэртээ байж байтал гаднаас манай нөхөр Батжаргал орж ирээд Бат-Ирээдүй ах хойд Мөнхзулынд орчих шиг боллоо гэсэн тэгээд орж ирэхгүй жаахан удаад байхаар нь би араас яваад ортол Мөнхзулын гэрт Бат-Ирээдүй ах Мөнхзултай боолцоод ноцолдож байсан. Тэгээд би тэр хоёрыг боль гээд хэлтэл ноцолдоод байсан тэгэхээр нь цагдаа дуудлаа гэж хэлж байж тэр хоёрыг салгаад босгосон тэр хоёр босоод юм яриад би Бат-Ирээдүй ахыг аваад гарах гэтэл Бат-Ирээдүй ах тэдний шкабыг онгойлгох гээд хаалгыг нь татсан тэгтэл Мөнхзул гараараа дарсан тэгээд Бат-Ирээдүй ахыг цааш нь түлхсэн би ард нь явж байсан учир яаж байгаа юм гэж бодоод хаалгыг нь онгойлгосон чинь дотроос нь талийгаач Ундрах Батаа пиздаа минь гээд салаавч гаргаад үсрээд гараад ирсэн. Тэгтэл Бат-Ирээдүй ах түүнийг өөдөөс нь түлхтэл саваад унасан тэгээд Бат-Ирээдүй ах түүнийг үснээс нь чирээд аваад гарсан тэгээд би Мөнхзулд хандан чи яагаад айлын эхнэр шкабандаа хийдэг юм балиар амьтан бэ гэж хэлээд гарсан. Мөнхзул наад пиздаагаа аваад зайл гээд орилоод байсан. Тэр үед манай нөхөр Батжаргал ороод ирсэн байсан. Манай нөхөр түүнд хандан чи арай ч дээ хорин хэдэн жил амьдарсан хүний амьдралаар тоголсон шүү гэж хэлээд гарсан. Тэгээд хашааны үүдэнд гараад ирэхэд Бат-Ирээдүй ах бид хоёрыг яв гэррүүгээ ор би эхнэртэйгээ ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр шууд гэр рүүгээ орсон. Тэгээд Батжаргал бид хоёр гэртээ ороод байтал араас Бат-Ирээдүй ах Ундрахыг үснээс нь чирсэн орж ирээд шалан тавьсан тэгхээр би Бат-Ирээдүйг боль гээд холдуулаад талийгаач Ундрахын амнаас цус гарсан байхаар нь усаар арчаад гудас дэвсээд хэвтүүлсэн. Бат-Ирээдүй ах д зодох гээд байхаар нь би болиулаад холдуулсан. Тэр үед Бат-Ирээдүй ахын хамаг бие нь чичрээд салгалаад маш их уурласан бололтой байсан. Би Ундрахын ээжийг дуудах гээд утасаар залгатал Бат-Ирээдүй ах би ярина гээд надаас аваад гараад явсан ярьж байгаад орж ирсэн орж ирээд май ээжтэйгээ ярь гээд Ундрахад утасаа өгсөн Ундрах авахгүй байсан тэгтэл цаашаа ярихгүй байна гэж хэлээд утасаа салгасан. Тэгээд байж байтал дахиад утас дуугараад байтал Бат-Ирээдүй ах Ундрахын ээж нь залгаж байна гээд гараад явсан. Гадаа ярьж байгаад буцаад ороод ирсэн орж ирээд Бат-Ирээдүй ах талийгаачид хандан одоо бараг дүү чинь ирэх байх би маргааш чамайг ээж дүү нарт чинь хүлээлгэж өгнө гэх зүйл яриад байсан. Талийгаач юу ч дуугарахгүй байгаад байсан. Тэгээд би Бат-Ирээдүйд хандан та одоо унт маргааш энэ хүнийг ээж дүү нарт нь өгөөд сал гэж хэлсэн Бат-Ирээдүй ах унтаж чадахгүй босож суугаад байсан тэгээд хэсэг унтаад сэрээд өглөө бостол 08 цаг өнгөрч байсан Батжаргал бид хоёр ажилтай байсан учир сандраад яараад гарсан гарахдаа битгий зодолдоод байгаарай гэж Бат-Ирээдүй ахад хэлсэн талийгаач унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Намайг гарах гэтэл Бат-Ирээдүй ах утасаа үлдээчих гээд утас аваад үлдсэн. Би талийгаачийн биед гэмтэл учирсан гэж бодоогүй зүгээр унтаж байна гэж бодоод ажилдаа яараад явчихсан. Надад түргэн тусламж үзүүлэхгүй байх санаа бодол байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96х/
Яллагдагч Д.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Бат-Ирээдүй бид хоёр дэлгүүр ороод тамхи аваад буцаад хашааны арын хаалга дээр ирж байтал Мөнхзулын байшингийн гэрэл асаалттай байсан тэгтэл Бат-Ирээдүй би ороод ирье чи гэррүүгээ орж бай гэсэн би гэртээ орж ирээд эхнэр Оюун-Эрдэнэд Бат-Ирээдүй Мөнхзулынх руу орлоо гэдгийг хэлсэн тэгээд орж ирэхгүй удаад байтал Оюун-Эрдэнэ Мөнхзулынх руу яваад орсон тэгээд гарч ирэхгүй дахиад нилээн удхаар нь би араас нь ортол Мөнхзул, Оюун-Эрдэнэ, Бат-Ирээдүй 3 маргалдах аятай юм яриад байж байсан тэгээд ярьж байгаад гарах гээд үүдний тэнд байсан Шкабруу Бат-Ирээдүй дөхөөд очтол Мөнхзул яах гээд байгаа юм одоо ингээд гар гээд Шкабныхаа хаалгыг хаагаад зогссон тэгтэл Оюун-Эрдэнэ араас нь шууд Шкабны хаалгыг нь онгойлготол талийгаач Ундрах өөдөөс нь Батаа пиздаа минь май гээд салаавч- өгөөд босоод гараад ирсэн тэгтэл Бат-Ирээдүй өөдөөс нь гичий чинь гээд үүдний түлхээд хаалгаар гарсан тэгээд цаашаа гараад хашааны үүдэнд очоод өөд өөдөөсөө цохилцоод байх шиг байсан тэгээд Оюун-Эрдэнэ бид хоёр араас нь гараад иртэл Бат-Ирээдүи бид xoepт хандан та хоёр ор бид хоёр учраа олно гэсэн тэгээд Оюун-Эрдэнэ бид хоёр гэррүүгээ яваад орсон бид хоёр гэртээ ороод 10 орчим минут болоод орж ирэхгүй байхаар нь би буцаад гараад иртэл тэр хоёр гудамжинд талийгаач Ундрах газарт хэвтсэн Бат-Ирээдүй хажууд нь зогсож байсан намайг дөхөөд очтол Бат-Ирээдүй надад хандан чи ор чамд хамаагүй гээд хөөсөн би буцаад гэрт ороод байж байтал Бат-Ирээдүй талийгаачийн үснээс чирсэн араас ороод ирсэн тэгэхэд Ундрахын амнаас цус гарсан уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгтэл Оюун-Эрдэнэ Бат-Ирээдүйг боль гээд гудас дэвсээд талийгаач Ундрахыг хэвтүүлсэн тэгээд унтхаар болсон хэвтсэн тэр үед Оюун-Эрдэнэ усаар Ундрахын нүүрийг усаар арчаад цэвэрлэж өгсөн тэгээд унтаад өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд би босож гал түлээд 09 цагаас ажилтай байсан учир явсан тэр үед талийгаач Ундрах унтаж байгаа бололтой цаашаа хараад хэвтэж байсан тэгээд бид хоёр яваад өгсөн. Ямар нэгэн зүйл хэлээгүй ямар ч байсан дуугарч байсан би унтаж байгаа юм байна гэж бодсон. Ер нь урд нь Бат-Ирээдүй талийгаач Ундрах хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад зарим үед зодолдож ноцолдоод гайгүй болчихдог байсан. Би тэр хүнийг гэмтэл аваад нас барчихна гэж бодоогүй угаасаа надад тэр хүнд түргэн тусламж үзүүлэхгүй байх санаа зорилго байгаагүй. Хэрэв бие нь өвдөөд байгааг мэдсэн бол би шууд түргэн дуудах байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100х/
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10х/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104х, 107х, 109х/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Бат-Ирээдүй нь 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 1099 тоот хашааны гадна өөрийн эхнэр хохирогч А.Ундрахыг хүнд зэргийн согтолттой, хохирогчоос биеийн хүчний илт давамгай байдлаа мэдсэн буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хардан улмаар зодож түүний бие махбодид баруун, зүүн чамархай, зулай, дагз, хажуугийн ховдлын дээд хэсэг болон суурийн хэсгээр тархмал нимгэн аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун чамархай тархины эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт, 2 хөмсөгний гол, хамрын нуруу, дээд уруулын шарх, зэрэг олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 87х/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацралын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 24-25х/ өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ /хх-ийн 28-29х/, Д.Батжаргал /хх-ийн 34-35х/ нарын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч М.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №787 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 231-232х/, шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар дүгнэлт /хх-ийн 53-54х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10х/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18х/ болон хавтас хэрэгт авгадсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн, 2016 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 70 дугаар гудамж 1116 тоотод хохирогч А.Ундрахын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Д.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...10 орчим миниут болоод орж ирэхгүй байхаар нь би буцаад гараад иртэл тэр хоёр гудамжинд талийгаач Ундрах газарт хэвтсэн Бат-Ирээдүй хажууд нь зогсож байсан намайг дөхөөд очтол Бат-Ирээдүй надад хандан чи ор чамд хамаагүй гээд хөөсөн би буцаад гэрт ороод байж байтал Бат-Ирээдүй талийгаачийн үснээс чирсэн араас ороод ирсэн тэгэхэд Ундрахын амнаас цус гарсан уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгтэл Оюун-Эрдэнэ Бат-Ирээдүйг боль гээд гудас дэвсээд талийгаач Ундрахыг хэвтүүлсэн тэгээд унтахаар болсон хэвтсэн тэр үед Оюун-Эрдэнэ усаар Ундрахын нүүрийг арчаад цэвэрлэж өгсөн...” /хх-ийн 100х/,
түүний гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Ундрах Батаа писда минь май гэж гарч ирсэн тэгээд Бат-Ирээдүй нүүрлүү нь нэг цохиод үсдээд чирээд гарсан тэгээд гудамжинд гараад Мөнхзулын хашааны үүдэнд Бат-Ирээдүй талийгаач Ундрахыг газарт унагаад толгой нүүрлүү нь өшиглөөд зодсон тэгэхээр нь боль та хоёр гэртээ ор гэтэл Бат-Ирээдүй бид хоёрт хандан та хоёр гэррүүгээ ор бид хоёр энд учраа олоод орно гээд үлдсэн тэгээд Оюун-Эрдэнэ бид хоёр түрүүлээд гэртээ ортол нилээд удаж байгаад араас Бат-Ирээдүй Ундрахын үснээс чирээд 2 цагийн үед гэрт орж ирсэн. Орж ирээд арчаагүй гэж загинаал зодсон 3-аас 4-н удаа Бат-Ирээдүй талийгаач Ундрахын нүүрлүү өшиглөж цохисон. Би тухайн үед Бат-Ирээдүйд хандан хүн аллаа болиочээ гэж хэлсэн тэгтэл Манай эхнэр Г.Оюун-эрдэнэ талийгаачийн ээжрүү нь утсаар залгаад энэ охиноо ирээд аваадхаа ямар байдалтай байгааг нь хар нөхөр нь зодоод байна гэхэд ээж нь өнөөдөр очиж авч чадахгүй маргааш больё гэсэн тэгсэн Бат-Ирээдүй утсыг нь аваад гэрээс гараад хадам ээжтэйгээ гадаа утсаар яриад байсан. Эхнэр бид 2 тэгээд орондоо орсон тэгтэл Ундрах ёолоод байсан ...” /хх-ийн 34-35х/,
шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 96х/, түүний гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Ундрахын үснээс нь чирчихсэн, Ундрахын амнаас нь цус гарсан, хувцас хунар нь шавар болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би Ундрахын цусыг цэвэрлээд гудсан дээр хэвтүүлчээд..., ...Тэгээд унтацгаах гээд хэвтээд нилээн байж байтал Ундрах "ёоёо" гээд эвгүй дугараад байхаар нь би Батаа ахаа түргэн дуудах уу гэж хэлэхэд Бат-Ирээдүй ах яах гэсэн юм бичиг баримтгүй юм чинь маргааш ээж нь угаасаа ирээд авчина гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №787 дугаартай шинжээчийн: “Талийгаачид учирсан тархины аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэлд мэс заслын эмчилгээ хийж тархи дарагдлыг чөлөөлөх идэвхитэй эмчилгээ байдаггүй, зөвхөн эмийн эмчилгээ хийж биеийн байдлыг ажигладаг тул амь насыг аврах боломж багатай байдаг. …” гэх дүгнэлт /хх-ийн 231-232х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Г.Бат-Ирээдүйг хүнийг онц харгис хэрцгий аргаар, бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан,
Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь зохих байгууллагад мэдэгдэлгүй тусламж үзүүлэлгүй зориуд орхисоны улмаас хохирогч нь нас барсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйл 107.3 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хохирогчийн оршуулгын зардалд нийт 1.920.000 төгрөгийг шүүгдэгчийн талаас хүлээн авсан, одоо үлдэгдэл 1.796.000 мянган төгрөгийг Г.Бат-Ирээдүйгээс нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэх мэдүүлэг, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримт зэргийг үндэслэн Г.Бат-Ирээдүйгээс нийт 1.796.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацралд олгох нь зүйтэй байна.
Г.Бат-Ирээдүйгийн урьд 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ардын Армийн тусгай шүүхийн дугаар 117 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэсэн эрүүгийн хэргийн ялтай байдлын хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бат-Ирээдүйд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзав.
Шүүгдэгч Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй бадал, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх Хошуу овогт Галтмайгийн Бат-Ирээдүйг хүнийг онц харгис хэрцгий аргаар, бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Халхууд овогт Даваагийн Батжаргал, Халх хошуу овогт Галтмайгийн Оюун-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн, бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь зохих байгууллагад мэдэгдэлгүй тусламж үзүүлэлгүй зориуд орхисоны улмаас хохирогч нь нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Бат-Ирээдүйд 20 /хорь/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар Д.Батжаргалд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял, Г.Оюун-Эрдэнэд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Бат-Ирээдүйн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Оюун-Эрдэний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Ирээдүйгээс оршуулгын зардалд нийт 1.796.000 /нэг сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацрал /РД:НЮ77013164/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Бат-Ирээдүйн цагдан хоригдсон нийт 142 /нэг дөчин хоёр мянга/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзах,
Г.Оюун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тус тус тэдэнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бат-Ирээдүйд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.ХАЛИУН