Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0481

 

Б.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Д.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.*******ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******ын “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.4, Улсын Дээд Шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №30 дугаар тогтоолын 1 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй” гэсэн хэсгийг зөрчиж олж авсан буюу хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэхдээ хэрхэн цуглуулсан байгааг харгалзан үзэлгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Шүүхийн шийдвэрт Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 198 тоот тушаалаар батлагдсан “Фина” системийн ашиглалтын байдал, системийн хөгжүүлэлт нэвтрүүлэлтийг хариуцсан ажилтны ажлыг шалгах ажлын хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шалгалтын тайлан, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам, Санхүүгийн зохицуулах хорооны ажилчдын цагийн бүртгэл гэх баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгч Б.*******ыг ажил албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үндсэн ажлаа цалгардуулан ажил тасалж, ажлаас хоцорч байсан гэдгийг тогтоосон байна. Гэтэл эдгээр баримтууд нь бүгд хариуцагчийн гаргаж өгсөн тухайн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдгийг дарсан баримтууд байдаг. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31.4-д заасныг зөрчсөн явдал болсон. Иймд шүүхийг нотлох чадвараа алдсан баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч миний бие нь “Фина” системийн хэрэгжилтэд зохих ёсоор хяналт тавьж, алдаа дутагдлыг засан сайжруулж ажиллаж байсан нь уг системд 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн алдаа дутагдал гарахаа больсон гэдгээр нотлогдох юм. Ажлын хэсгийн шалгалтын тайланд уг системд алдаа гарах болсон шалтгаануудыг дурдсан байдаг. Үүнээс харахад системд алдаа дутагдал гарах болсон шалтгаан нь уг системийг хэрэглэгчдийн буруутай үйлдлээс шууд хамааралтай гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл тухайн асуудлыг зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай мэтээр авч үзсэн нь дэндүү ойлгомжгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр уг системийн хэрэгжилтийн үйл явц үнэн зөв, алдаатай байгаа эсэхийг шалгах боломжтой, тийм чадвартай хүн бол зөвхөн нарийн мэргэшсэн "IТ"-ийн мэргэжилтэн байх ёстой. Гэтэл дээрхи шалгалтын ажлын хэсэгт багтсан хүмүүс бүгд энэ талын ямар ч мэдлэггүй, ойлголтгүй хүмүүс байгаа нь энэ шалгалтын дүгнэлт үнэн зөв, бодитой болсон гэхэд эргэлзээ төрж байгаа билээ. Ийм ч учраас миний бие уг шалгалтын тайлан гарахад тайлбар бичин өгч байсан. Шүүхийн шийдвэрт ажлын хэсгийн дүгнэлт нь ямар үндэслэлээр хуулийн үндэслэлтэй болон тухайн зөрчлийг үнэн зөв тогтоосныг бүрэн гүйцэт дүгнээгүйд гомдолтой байна.

Миний бие нь Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байх цаг хугацаандаа ажлын албаны даргын зөвшөөрлөөр Монгол банкинд зэрэг ажиллаж байсан юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Монгол банкинд хийж гүйцэтгэсэн ажил нь *******ын үндсэн ажил үүрэгтэй холбоогүй, түүнтэй хувь хүнийх нь хувьд тохиролцож хийсэн ажил байх тул Б.******* нь үндсэн ажлаа цалгардуулахгүй байх үүрэгтэй байжээ" гэж дүгнэсэн байна. Гэтэл ажил үүргээ цалгардуулсан гэдэгт ямар нөхцөл байдлыг ойлгож, хэрхэн хамааруулсан нь ойлгомжгүй байна. Зөвхөн Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын хооронд явуулсан албан бичгээр ийнхүү дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан явдал болсон. Нэхэмжлэгч миний ажлын цаг хоцролт болон ажлын цаг ашиглалтыг зөвхөн цагийн бүртгэл буюу хууль бус нотлох чадвараа алдсан нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно." гэж заасныг шүүх хэрэглээгүй, байгууллага хооронд сэлгэн ажиллаж байгаа онцлог харилцааг үнэн зөв тодорхойлоогүй бөгөөд хэт нэг талын тайлбар, баримтуудыг үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүхийн үндэслэх хэсэгт буй "Ажил гүйцэтгэх гэрээг сунгасан нь хууль бус болохыг тэмдэглэх нь зүйтэй" хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах харилцааг, 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах харилцааг тус тус зохицуулан журамласан байдаг. Б.******* намайг ажлаас халах тухай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 тоот тушаал нь "сахилгын шийтгэл" ноогдуулж буй талаар огт дурдаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан "ажлаас халах" үндэслэлийг бий болгосныг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл хэрэв сахилгын шийтгэлийг надад хүлээлгэж байгаа бол "ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах" тухай тушаал гаргах ёстой. Гэтэл сахилгын шийтгэл ноогдуулж байгаа, шийтгэл хүлээлгэж байгаа тухай тушаах хэсэгт үндэслэл байхгүй. Ажил олгогч нь нэг үр дагаварт чиглэсэн 2 өөр зохицуулалттай хууль зүйн үндэслэлээр тушаал гаргаж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэдийгээр тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дах хэсгийг үндэслэсэн боловч тушаах хэсэгт гаргасан зөрчил, хүлээлгэж буй шийтгэл нь тодорхой тусгагдсанаар ажил олгогчийн аливаа шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болох ёстой юм.

Иймд нотлох баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 21-ны өдөр 291 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Санхүүгийн Зохицуулах хорооны ажлын албаны дарга нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.*******ыг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Олон улсын зөвлөх, экспертүүдийн өгсөн зөвлөмж болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх шалтгаанаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрх тушаалын үндэслэл болсон ажлын хэсгийн тайланд (хэргийн 50-52 дугаар хуудас) “Фина систем нь ... шинэ төрлийн нээлттэй систем юм ... алдааг засах болон сайжруулалтыг гүйцэтгэгч болох Гүржийн талаар хийлгэх нь зүйтэй. ... журам, зааварт өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр дагаж сайжруулалт хийх ... дээрх шинэчлэлтэй холбоотойгоор нуугдмал байсан алдаа илэрч засагдахгүй нэгтгэл гаргахад хүндрэл учирсан ... ” гэх зэргээр уг системийн доголдлын талаар дурдсан, мөн “... Б.******* нь Мэдээлэл, технологийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Фина” системийг анхлан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнтэй ажиллаж байсан боловч 2015 оны 2 дугаар улиралд уг системийн ажиллагаанд гарсан алдааг цаг тухайд нь засах ажлыг зохион байгуулж ажиллаагүй учраас Б.*******д сахилгын арга хэмжээ авах” гэсэн санал гаргасан зэргээс үзвэл уг системийн алдааг засах ажиллагаа удааширсан нь зөвхөн Б.*******ын албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой гэж үзэхээргүй байна.  

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид хэзээ, ямар үүрэг даалгавар өгснийг хугацаанд нь гүйцэтгээгүй талаарх тодорхой баримт байхгүй байх тул түүнийг “албан үүргээ удаа дараа (2 буюу түүнээс дээш удаа) биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах арга хэмжээ авахаар заасанд ч нийцэхгүй байна.

Хариуцагч нь уг тушаалд Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн 4.5.4, ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.8 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд Б.*******ыг удаан хугацаагаар ажлаа тасалсан, хоцролт ихтэй, нийт 147 цаг тасалсан гэх тайлбар, цагийн бүртгэлийн програмаас хэвлэсэн гэх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч маргаан бүхий актад энэ талаар тусгаагүй, мөн дээрх журмын 5.11.8-д “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоногоор ажил тасалсан” гэсэн 2 нөхцлийг заасан байхад уг тушаалд зөвхөн “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж тусгасан байх тул ажил тасалсан сахилгын зөрчилд арга хэмжээ авсан гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/5601, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3/690 дүгээр албан бичгүүдээр зөвшөөрөл өгсний дагуу Монгол банкны Хяналт шалгалтын газарт давхар ажиллаж байсан бөгөөд уг албан бичгүүдэд “үндсэн ажил үүргээ цалгардуулахгүйгээр гүйцэтгэх” гэж заасан (өөрөөр хэлбэл ажлын 8 цагт 2 байгууллага дээр зэрэг ажиллах боломжгүй) байхад өглөө ажилдаа хоцорч ирдэг, явахдаа бүртгүүлээгүйгээс тухайн өдрийг 8 цаг тасалснаар тооцдог гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Түүнээс гадна “2 байгууллагад давхар ажиллах хугацаа өнгөрсөн байхад ажлаа тасалсаар байсан, Монгол банктай үргэлжлүүлж ажиллах гэрээг өөрөө байгуулсан, манайхаас зөвшөөрөл өгөөгүй” гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлах боловч Б.*******д урьд нь ажлаас хоцорсон, ажлаа тасалж, үндсэн ажлаа цалгардуулж байгаа талаар эрх бүхий этгээдээс сануулж байгаагүй, энэ талаар Монгол банкнаас тодруулаагүй, маргаан бүхий актад ажил тасалсан талаар дурдаагүй зэргээс үзвэл өөр байгууллагад ажилладаг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг байгууллага хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх Б.*******ыг ямар албан үүргийг удаа дараа биелүүлээгүйг тогтоосон баримтгүй, мөн “Фина” системийг хэвийн ажиллуулах үүргээ биелүүлэхэд нь бусад хүчин зүйлс нөлөөлсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн ирүүлсэн ажлын хэсгийн тайланд дурдсан байхад түүнийг буруу үнэлж, маргаан бүхий актад дурдсан зөрчилд хэрэглэсэн хуулийн заалт нийцээгүй байхад уг актад дурдаагүй “ажил тасалсан” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ыг урьд эрхэлж байсан Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын (түр орлон гүйцэтгэгч) албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******д 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх ажилгүй байсан 5 сар, 9 хоногийн цалинтай тэнцэх олговор 5,871,043 (таван сая найман зуун далан нэгэн мянга дөчин гурав) төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.*******аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

              

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА         

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ