Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

   2022        03         23                                   2022/ШЦТ/269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Батхуяг,

  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт АЭнд холбогдох эрүүгийн 2211 00000 0220 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт АЭ, регистрийн дугаар ..........................................

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, найз охины хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15-55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Амартүвшиний Эрдэнэбилгүүн нь 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15-55 тоотод иргэн М.Төгөлдөртэй “найз охиныг минь оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой руу гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар баруун, зүүн дух, чамархай, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найз охинтойгоо гадуур явж байгаад гэртээ оройн 20 цагийн үед орж ирсэн. Тухайн үед Билэгдэмбэрлээс бусад нь их согтсон байсан. Бүх хүмүүс унтсаны дараа Ариунжаргал бид хоёр унтлагын өрөө рүү ороод орон дээр хэвтсэн. Тэгсэн Эрдэнэбилгүүн бид хоёрын араас өрөөнд орж ирээд хувцасаа тайлаад газар хэвтсэн. Тухайн үед би юм бодолгүй унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд Эрдэнэбилгүүн Ариунжаргалын амыг дарсан байдалтай байсан. Тэгээд би Төгөлдөрийг цааш түлхэж унагахад босож ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгсэн удалгүй цагдаа нар орж ирсэн” гэв.

Хохирогч М.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би үеэл дүү Шинэсарын дуудлагаар Эрдэнэбилгүүний гэрт очсон. Намайг унтаж байхад Эрдэнэбилгүүн өрөөнөөсөө гэнэт орилж гарч ирээд намайг шууд цохиж эхэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирсэн. Миний хувьд маш их гомдолтой байна” гэв.

Гэрч Э.Билэгдэмбэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн орой Шинэсар, Төгөлдөр бид гурав том өрөөнд байсан бөгөөд Төгөлдөр, Шинэсар хоёр буйдан дээр хамт унтаж байсан. Нөгөө өрөөнд Ариунжаргал, Эрдэнэбилгүүн, Ууганбаяр, Долгион нар унтаж байсан. Тухайн үед Төгөлдөр, Эрдэнэбилгүүн нар пиво уусан байсан бөгөөд Төгөлдөр маш их пиво уусан байсан” гэв.

Гэрч С.Ариунжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Төгөлдөр, Шинэсар хоёрыг том өрөөнд унтуулахаар хэвтүүлсэн байсан. Эрдэнэбилгүүн бид хоёр жижиг өрөөнд унтахаар орсон. Тэгсэн бид хоёрын араас удалгүй Төгөлдөр манай өрөө рүү орж ирээд хамаг хувцасаа тайлж эхэлсэн. Тэгээд миний хөнжил доогуур Төгөлдөр гараа оруулаад миний бэлхүүс хэсгээс тэвэрч аваад миний дээр гарах гэж оролдоход нь би Эрдэнэбилгүүний гар руу цохиж сэрээсэн. Тэгээд Эрдэнэбилгүүн, Төгөлдөр нар зодолдсон” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Төгөлдөрийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай үеэл дүү Шинэсар над руу залгаад гэрт хүрээд ирээч гээд дуудахаар нь 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байранд байх гэрт очсон ...бид нар 02 цаг хүртэл ууцгааж бөөнөөрөө унтахаар болсон ба Билгүүн найз охинтойгоо нэг оронд ба удалгүй өрөөнөөсөө гарч ирээд чи миний найз охиноор оролдлоо гэж хэлээд шууд миний нүүр рүү гараараа 2, 3 удаа цохихоор нь би нүүрээ хамгаалаад нүүрээ гараараа дарсан чинь Билгүүнээ болихгүй цохиж байгаад хатуу юмаар нэг удаа цохих шиг болсон. Тэгээд ухаан алдаад уначихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд ухаан ороход Билгүүнээ миний нүүр болон толгой руу цохиж байсан. Тэгээд удалгүй Шинэсар сэрээд Билгүүнийг надаас салгах гэсэн боловч дийлэлгүй байж байтал цагдаа нар орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,   

Гэрч А.Шинэсарын “...Тэгээд шөнийн 3 цагийн үед Билгүүний найз охин Ариунжаргал, Билгүүн нар гаднаас орж ирэх шиг болсон. Тэгээд удалгүй Билгүүн, Төгөлдөр хоёр вино хувааж уух гэж байгаад Төгөлдөр тасарчих шиг болоод Билгүүн Төгөлдөрийг хэвтүүлээд өөрөө найз охинтойгоо өрөөндөө орсон. Тэгэхээр нь би эргээд унтаад өгсөн. Тэр үед Ууганаа миний хажууд харин Долгион газар унтаж байсан Төгөлдөрийг Долгионы хажууд хэвтүүлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл Билгүүнээ Төгөлдөрийг газар хэвтүүлчихсэн гараараа толгой болон нүүр рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би босоод салгатал бие бие рүүгээ дахин орилолдож байтал цагдаа нар ороод ирсэн юм ...Билгүүн ганцаараа Төгөлдөрийг зодсон юм ...Төгөлдөр Билгүүнийг огт цохиогүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Ө.Ууганбаярын “...тэгээд би удалгүй жижиг өрөөнд ороод газар унтаад өгсөн. Надаас бусад нь сэрүүн байсан. Гэтэл 03 цагийн үед зодоон болоод байхаар нь сэртэл Билгүүн, Төгөлдөр 2 хоорондоо хэрэлдэж байсан ба Төгөлдөрийн хамраас цус гарчихсан байсан. Харин Билгүүн ямар нэгэн ил харагдах гэмтэл харагдаагүй. Тэгэхээр нь би Билгүүнийг өргөж аваад том өрөө рүү оруулаад юу болсон талаар асуухад манай найз охины амыг нь дарчихсан дээр нь гарах гэж байхаар нь цохичихсон гэж хэлсэн ...өөр нэг ч хүн түүнийг цохиж зодоогүй. Учир нь Билгүүн, Шинэсар хоёрын ах нь гэхээр нь хэн ч гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Гэрч С.Ариунжаргалын “...тэгээд хэвтээд удалгүй Төгөлдөр нь хөнжлийн доогуур гараа шургуулаад миний гэдсийг барихаар нь би эхлээд гарыг нь түлхчихсэн. Тэгтэл дахин гараараа миний хөхийг барихаар нь болиоч гээд хашгирсан чинь амыг маань гараараа дараад босоод ирэхээр нь би Эрдэнэбилгүүнийг сэрээсэн. Тэгээд Төгөлдөр, Эрдэнэбилгүүн нар хоорондоо маргалдаж байтал Эрдэнэбилгүүн Төгөлдөрийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь Төгөлдөр аймаар чанга хашгираад хамраас нь цус гарсан. Тэр үед хажуу айлын хүмүүс дуудлага өгсөн бололтой удалгүй цагдаа нар ирсэн. Түүнийг алгадах шиг болсон. Гэхдээ Эрдэнэбилгүүнд гэмтэл шарх учраагүй. Эрдэнэбилгүүнээс өөр хүн Төгөлдөрийг цохиж зодоогүй ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Гэрч Э.Билэгдэмбэрэлийн “...тэгэж байтал 21 цагийн орчимд байх би цагийг нь сайн мэдэхгүй байна Эрдэнэбилгүүн найз охин Ариунжаргалын хамт орж ирсэн. Тэгээд Эрдэнэбилгүүн нь Төгөлдөр, Шинэсар хоёрыг унтуулах гэсэн боловч унтахгүй согтуурхаад Эрдэнэбилгүүнийг Төгөлдөр хэл амаар доромжлоод байсан. Тэгэж байгаад Шинэсар өөрөө согтоод унтаад өгсөн. Харин Төгөлдөр нь унтахгүй байсан ба орон дээр хэвтүүлэхээр өөрөө босож ирээд байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Эрдэнэбилгүүн найз охинтойгоо өрөөндөө очиж хэвтсэн. Харин Төгөлдөр том өрөөнд ганцаараа сэрүүн үлдсэн юм. Тэгээд би унтчихсан юм. Гэтэл унтаж байтал жижиг өрөөнд хүмүүс маргалдах чимээ гарахаар нь хувцсаа өмсөөд ортол Эрдэнэбилгүүн, Төгөлдөр 2 маргалдсан байдалтай Төгөлдөрийн хамар хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон харин Эрдэнэбилгүүний гар нь цус болчихсон хамраас нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1783 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Төгөлдөрийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, баруун, зүүн дух, чамархай, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ...” гэжээ /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч А.Эийн “...Гэтэл удалгүй төгөлдөр манай өрөөнд орж ирээд орны хажууд Ууганбаяр, Долгион хоёрын хажуугаар ор талдаа хувцаснуудаа тайлаад хэвтсэн. Би тухайн үед янз бүрийн юм бодолгүй унтаад өгтөл шөнийн 01-02 цагийн үед миний найз охин Ариунжаргал намайг сэрээхээр нь өндийгөөд хартал Төгөлдөр манай найз охины амыг нь дарчихсан, нэг хөлөө манай найз охины дээгүүр нь давуулчихсан байж байхаар нь Төгөлдөрийг цаашаа орноос түлхэж унагаагаад босч ирээд гэрлээ асаагаад Төгөлдөртэй хэрэлдсэн чинь Төгөлдөр чи намайг гүтгээд байна би чамайг алнаа гээд миний хацар луу гараараа нэг удаа алгадахаар нь би зөрүүлээд түүний хацар луу нь нэг удаа алгадтал Төгөлдөр миний хацар луу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн гараараа түүний нүүр лүү нэг удаа цохитол Төгөлдөр газар уначихсан. Тэгэхээр нь Төгөлдөрийн дээр нь гарч суугаад түүний нүүр лүү гараараа нэг удаа алгадаж нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Амартүвшиний Эрдэнэбилгүүн нь 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15-55 тоотод иргэн М.Төгөлдөртэй “найз охиныг минь оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой руу гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар баруун, зүүн дух, чамархай, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Төгөлдөрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,  гэрч А.Шинэсарын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, гэрч Ө.Ууганбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, гэрч С.Ариунжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, гэрч Э.Билэгдэмбэрэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1783 дугаартай шинжээчийн /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Э нь “найз охиныг минь оролдлоо” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, улмаар түүний нүүр, толгой руу гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар баруун, зүүн дух, чамархай, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч А.Э болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч А.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч М.Төгөлдөр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг  баримтаар гаргаж өгөөгүй ба хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт АЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН