Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

 

 

2022          02          09                                   2022/ШЦТ/101

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,  

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Дэлгэрмаа нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Б.А д холбогдох эрүүгийн 2103 00000 0334 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол овгийн Б.А , 1988 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа орчуулга хийдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 30Б байр, 90 тоотод оршин суух, регистрийн дугаар:,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А  нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны 15 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талын замд “Toyota Prius” маркийн 75-59 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Д ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 5-11 дэх тал/,

 - Хохирогч П.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан, тэгээд надтай хамт 2 хүн цуг зам хөндлөн гарч явсан ба зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан автомашин ямар нэгэн зогсох үйлдэл хийлгүйгээр миний зүүн талаас намайг мөргөж унагаагаад, миний баруун хөлөн дээгүүр гараад, буцаж ухраад, ахиад баруун хөлөн дээгүүр ахиад гарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн автомашин зогсох үйлдэл хийлгүйгээр гарцаар гарч явсан 3 хүний баруун талд явж байсан хүнийг мөргөж, газар унагаан зогсох үйлдэл хийж байгаа дүрс бичлэг, бичлэгийн цагаар 15:34:01 дэх секундэд харагдаж байлаа...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Иргэний хариуцагч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ...эхнэр Алтанзул миний эзэмшлийн автомашиныг жолоодож ажлаа амжуулдаг... автомашинд мөргүүлсэн явган зорчигчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

- Гэрч А.Л  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би мэдээллийн дагуу очиход нэг эрэгтэй цагаан өнгийн Т.Приус маркийн 75-59 УАН улсын дугаартай автомашинд мөргүүлсэн гээд зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явган хүний гарцан дээр зогсож байсан, бас мөргөсөн гэх автомашины жолооч машинтайгаа байсан, ингээд би 102 болон 103 дугаарын утас руу дуудлага өгөөд бүрэлдэхүүн иртэл ослын газар байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 48 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9853 дугаар дүгнэлтэд: “...П.Д ийн биед баруун тавхайн 3-р хурууны шивнүүрийн ясны далд хугарал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч П.Д ийн  Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.А  нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны 15 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талын замд “Toyota Prius” маркийн 75-59 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Д ийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун тавхайн 3-р хурууны шивнүүрийн ясны далд хугарал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт зэрэг хүндэвтэр хохирол учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан мөн улсын яллагчийн санал гаргаснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар

Хохирогч П.Д  нь эмчилгээ болон бусад зардалд 1.087.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед 273.500 төгрөгийг, шүүхийн шатанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын дансанд 1.087.000 төгрөгийг байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид олгуулж, шүүгдэгч Б.А  нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Харин хохирогч П.Д ийн ажилгүй байсан хугацааны хохирлыг шийдвэрлэхэд тэр талаар холбогдох баримт байхгүй мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, цаашид дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Монгол овгийн Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ын тээврийн хэрэгсэл жолоод эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А ын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот хохирлын дансанд байршуулсан 1.087.000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол 5 дугаар хороо 16-50 тоотод оршин суух П.Д /РД: /-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН