Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/285

 

 

 

 

 

 

 

    2022       03         28                                   2022/ШЦТ/285

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч А.Азжаргал,

Шүүгдэгч Н.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 2211 00125 0411 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Халиучин овгийн НМ, 1989 оны 01 дүгээр сарын 22ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 19 дүгээр гудамжны 628-Б тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын-А 1 дүгээр гудамжны 3 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ...............................................................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

         Шүүгдэгч Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Хувьсгалчдын 5 дугаар гудамжны 3 тоотод өөрийн эхнэр болох Н.Номинг “утсаа авсангүй” гэж хардсаны улмаас гараараа толгойн тус газарт цохиж Н.Номингийн биед зүүн чихний дэлбээнд шарх, цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

           

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/ “...би Номинг буйдан руу түлхээд чихэн дэх ээмгээрээ буйдан мөргөөд чихний ар хэсгээс нь цушс гарсан байсан. Би буйдан руу түлхэхээсээ өмнө Номингийн гарны хоёр шуун дээрээс атгаж байгаад сэгсэрч байгаад буйдан руу түлхсэн юм. Тухайн уурандаа Номинг буйдан руу түлхэж унагаасан ...Одоо хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед өөрийнхөө уурыг барьж чадалгүйгээр эхнэрийгээ гэмтээчихсэн юм ...” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Н.Номингоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 8 дугаар тал/ “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би эмээг эмнэлэгт хэвтүүлэх машин хэрэгтэй болоод би Андуудаас эмээг авахаар очиход цаг оройтсон маргааш болъё гээд би эргээд гэр лүүгээ явах гээд Гранд плаза дээр явж байхад нөхөр над руу залгасан байсан бөгөөд тухайн үед нь би утсаа сонсоогүй юм. Тэгээд дахин залгахад нь аваад нөхөр замаас машинд суусан. Нөхөр машинд орж ирээд утсаа аваагүй гэдэг асуудлаас болж бага зэрэг маргалдсан. Тухайн үед манай нөхөр манай эгч рүү намайг утсаа авахгүй болохоор залгасан байснаас болж би уурлаад хэрүүл эхэлсэн ...Тэгээд бид хоёр хэрэлдэж байтал ээж “чи гараад эгчийндээ оч” гээд би гарах гэтэл манай нөхөр намайг гаргахгүй гээд толгойноос хоёр гараараа барьж аваад буйдан руу түлхсэн. Тэгээд миний зүүн чихний хавь руу цохиход буйдангийн дэрний хэсэг рүү мөргөөд чихний ар хэсгээс ээмэгний түгжээ хэсгээр дарагдаад цус гарсан. Тухайн үед манай ээж цагдаа дуудсан. Өмнө нэг хоёр удаа намайг зодож байсан бөгөөд нэг удаа цагдаа дуудаж өгч байсан. Манай нөхөр их л хартай хүн байдаг бөгөөд хардаад л хааяа надад гар хүрдэг юм. Надад одоо санал гомдол байхгүй  ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/ “...би яваад очиход хоёулаа барьцалдчихсан байхаар нь би салгах зорилгоор хүргэнийг татаад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд үүд рүү түлхсэн. Гэтэл манай охины зүүн чихний ар тал нь сэтэрчихсэн цус гараад байсан ...Яг юунаас болоод ямар шалгааны улмаас манай охины биед халдсан талаар мэдэхгүй байна ...манай охины чихний араас цус гарчихсан доошоо урсаж харагдсан. Урьд өмнө хүртэл зодож цохиж байсан. Манай хүргэн эхнэртэйгээ маргалдахаараа л хамаг юмаа авч шидэж хагалаад эсвэл манай охиныг барьж аваад зодчихдог ийм л асуудалтай гэр бүл байгаа юм” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №738 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ “Н.Номингийн биед зүүн чихний дэлбээнд шарх, цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Н.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар тал/, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 56 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Хувьсгалчдын 5 дугаар гудамжны 3 тоотод өөрийн эхнэр болох Н.Номинг “утсаа авсангүй” гэж хардсаны улмаас гараараа толгойн тус газарт цохиж Н.Номингийн биед зүүн чихний дэлбээнд шарх, цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийн толгойн тус газарт нь гараараа цохисоны улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Мг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаар мэдүүлэг болон бичгээр гаргаж өгсөн хүсэлтдээ дурдсан байх ба хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Н.Номин нь 2022 оны 01 дүгээр сард Интерферон Альфа эмнэлгээс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 467.323 төгрөгийн зардал гарсан байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас нэхэмжилсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн 467.323 төгрөгийг шүүгдэгч Н.Мгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд  оруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Шүүгдэгч Халиучин овгийн НМг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мгаас 467.323 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд  оруулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН