Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0127/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.... овогт А-н П-д холбогдох эрүүгийн 2218000000177 дугаартай хэргийг 202.. оны ... дүгээр сарын ....-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б... овогт А-н П /РД: ......./, 19... оны .... дугаар сарын ....-нд ..... төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ......т, ам бүл ..., эхнэр, хүүхэд, ач, зээгийн хамт .... аймаг, .... сум, .... дүгээр баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч А.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.П-гийн өгсөн: “...Би хулгайлсан эд зүйлээ буцаан өгч хохиролоо барагдуулсан. Улсын яллагчтай 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тохиролцсон.” гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтанд:

20.. оны .... дугаар сарын ....-ны өдрийн ...Хэрэг гарсан газар нь ... аймгийн .... сумын ....-р багийн нутаг дэвсгэрт байрлах ....... үйлчилгээний төвийн .... давхарт байрлах цагаан өнгийн вакум хаалттай хурлын танхим байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-3 дахь тал/

20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн “...гэрч Ц.О-ээс “YAMAHA EP-988” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цаасан хайрцагтай 2 ширхэг микрофон, 1 ширхэг өсгөгч төхөөрөмж”-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4 дэхь тал/

20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн хохирогч Д.Г.т “...зайнаас ажиллах зориулалттай микрофон 2 ширхэг, хар өнгийн жижиг дөрвөлжин төхөөрөмж 1 ширхэг” –г хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

Хохирогч Д.Г-н өгсөн: “...20… оны .... дугаар сарын ....-ны өдөр .... цагийн орчим би багийн төв рүү орсон.  ... дүгээр багийн нийгмийн ажилтан Н-н өрөөнд согтуу хүн чанга дуугарч байгаад гараад явсан. Ингээд удалгүй манай хэсгийн байцаагч Э.. хурлын заалнаас микрофон алга болсон зүйл байна уу? гэхээр нь хурлын зааланд орж үзэхэд хайрцагтай 2 ширхэг микрофон, өсгөгч байхгүй болсон байсан. Хурлын заалны хаалга нь онгорхой байсан. Манай багийн төвийн хурлын заал байнга цоожтой байдаг юм. 20.. оны .... дугаар сарын ....-ны өдөр хаалгыг нь цоожлоогүй байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/

Гэрч Ц.О-н өгсөн: “...20... оны ... дугаар сарын ....-ны өдөр А.П гэртээ согтуу ирсэн. Ирэхдээ хар өнгийн хайрцагтай эд зүйл авч ирсэн. Би авч орж ирсэн эд зүйл нь юу болох талаар асуухад хэсгийн байцаагчтай уулзах гээд очсон боловч байхгүй байна. Тэгээд багийн байрнаас энэ хар хайрцагтай зүйлийг аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд хар хайрцагтай эд зүйлийг үлдээчихээд буцаад гараад явсан. Удалгүй миний дугаар руу хэсгийн байцаагч залгаад танай гэрт микрофонтой хайрцаг байна уу аваад ирээч гэхээр нь би аваад очсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

Гэрч Э.Э-н өгсөн: “...тус өдөр 15 цагийн орчим ... сумын .... дүгээр багийн иргэн А.П ..... үйлчилгээний төвд байрлах манай .... дугаар багийн өрөөнд согтуу ирээд танай хурлын заалнаас микрофон аваад гарсан. Одоо манай гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд би А.П-гийн эхнэр болох Ц.О-ийн утас руу залгаад танай гэрт микрофон байгаа юу гэж асуухад эхнэр нь байгаа гэж хэлсэн. Би тэр микрофонийг аваад ир гэж хэлсэн. Ц.О гэх хүн манай багийн байранд ирэхдээ цаасан хайрцагтай эд зүйл авч ирсэн. Дотор нь 2 ширхэг микрофон болон хар өнгийн төхөөрөмж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

“Капитал зууч” ХХК-ийн 20.. оны .... дугаар сарын .....-ны өдрийн “...“YAMAHA EP-988” маркийн зайнаас ажиллах зориулалттай микрофон 2 ширхэг 240,000 төгрөг, хар өнгийн төхөөрөмж 80,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.П нь 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... цагийн орчимд ...... аймгийн, ...... сумын ..... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “....... үйлчилгээний төв”-ийн хурлын заалнаас 320,000 төгрөгийн үнэ бүхий “YAMAHA EP-988” маркийн зайнаас ажиллах зориулалттай 2 ширхэг микрофон, 1 ширхэг хар өнгийн төхөөрөмж зэргийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч А.П-гийн  ..... аймгийн, ..... сумын ..... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “....... үйлчилгээний төв”-ийн хурлын заалнаас 320,000 төгрөгийн үнэ бүхий “YAMAHA EP-988” маркийн зайнаас ажиллах зориулалттай 2 ширхэг микрофон, 1 ширхэг хар өнгийн төхөөрөмжийг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид 320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь авсан хулгайлсан эд зүйлээ бием байдлаар нь буцаан өгсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г-т 20... оны ..... дугаар сарын .....-ны өдөр “зайнаас ажиллах зориулалттай микрофон 2 ширхэг, хар өнгийн жижиг дөрвөлжин төхөөрөмж 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Д.Г-ийн “...алдагдсан зүйлээ буцааж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч А.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өөрийгөө илчилсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч А.П-д 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч А.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар .......... аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.... овогт А-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-г 270 /хоёр зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.П-д оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар .......... аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай..

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР