| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00345/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 389
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар П.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч П.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Боржигон овгийн Пүрэвдоржийн Даваасүрэн РД: /МН67061965/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Пүрэвдоржийн Даваасүрэн миний бие анх 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Зэлтэрийн сангийн аж ахуйн ногоо бригадад ногоочноор ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1986 оны 11 сард өөрийн охин Орхончимэгийг төрүүлэн жирэмсний амралта авсан. 1987 оны 05 дугаар сард ажилдаа эргэн орсон. Ингээд ажиллаж байгаад 1988 оны 09 сард өөрийн 2 дахь охин Оюунтуяаг төрүүлэн жирэмсний амралтаа авч 1989 он 04 сард ажилдаа орсон. Ингээд ажиллаж байгаад 1990 оны 05 сард өөрийн 3 дахь охин Орхонтуулыгн төрүүлэн жирэмсний амралтаа авч 1990 оны 12 дугаар сард ажилдаа орсон. Ажиллаж байгаад 1991 оны 06 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан бөгөөд 1983 оны 06 сарын 01-ний өдөр ажилд орсон 12 дугаар тушаал байхгүй байгаа учир 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл Зэлтэрийн сангий аж ахуйд ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч; Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг 20 дугаар хороолол, 48 дугаар байр 32 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овгийн Пүрэвдоржийн Даваасүрэн /РД: МН67061965/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би 1983 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Зэлтэр сангийн аж ахуйд ногоочноор орж ажилласан. Бригадад ажиллаж байх хугацаандаа 3 охин төрүүлсэн. 1991 оны 05 сарын сүүлээр ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Миний 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон тушаал олдоогүй. Архиваас шүүлгэхэд, тушаал нь байхгүй байсан. Иймээс миний 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зэлтэрийн сангийн ахуйд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Даваасүрэнгийн тус шүүхэд гаргасан ... 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн Сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: П.Даваасүрэн нь 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн Сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан болох нь түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 1, 3-14 дүгээр талд авагдсан №394737 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт тусгасан ...1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Зэлтэрийн Сангийн аж ахуйн даргын 120 тоот тушаалаар П.Даваасүрэнийг ногоочноор авч ажиллуулсан тушаалын тэмдэглэгээ, Зэлтэрийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар тушаалаар мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар, мөн Сангийн аж ахуйн даргын 262, 17 дугаар тушаалын хавсралт, хамт ажиллаж байсан гэх 3 гэрчийн тодорхойлолт, мэдүүлэг /хх- 24-26 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.
Харин хэргийн 16-17 дугаар талд авагдсан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ... энэ хэрэгт ач холбогдолгүй, шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Пүрэвдоржийн Даваасүрэнийг 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн Сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсныг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 16-17 дугаар талд авагдсан бичгийн баримтыг нотлох баримтаас хассугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН