Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1070

 

 

         Б.Х-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Д.Туяа,      

шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Ганхуяг     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ж.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Х-т холбогдох 1810013790385 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн …..........., 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ...... төрсөн, .... настай, …....., .....боловсролтой, ...........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ............хамт ...... дүүргийн .....дугаар хороо ............тоотод оршин суух хаягтай, /РД: ............./;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 447 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих,

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 251 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Б.Х- нь 20. оны .. дугаар сарын ...-ны өдөр .... дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн цагдаагийн ,,,,,, хэлтсийн түр саатуулах байранд биед нь үзлэг хийх үед хууль сахиулагч, цагдаагийн ахмад Ж.А-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, дүрэмт хувцасыг нь урж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Х-ыг хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 35 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцож, 440 /дөрвөн зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлж, шүүгдэгч Б.Х-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг тусдаа бие даасан гэмт хэрэг болгон оруулж, уг гэмт хэргийг үйлдэхдээ буюу хууль сахиулагчиийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ биед нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх заалтын дагуу мөн хуулийн 11 дүгээр бүлэгт заагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг”-т давхар хариуцлага хүлээлгэхээр ойлгогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Х-т холбогдох хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, зөвхөн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх бөгөөд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэж, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч нь цагдаагийн алба хаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар дүрэмт хувцсыг нь урж, биед нь хөнгөн хохирол учруулсан талаарх нотлох баримтууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларчээ.    

            Энэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхөд шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуульд заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж болохоор байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэйгээр ялгаатай ба хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдлийг багтаагаагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжид эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол хүндрүүлж зүйлчлэхээр заасан нь шүүгдэгч Б.Х-ын үйлдэлтэй тохирохгүй байна. Учир нь, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн төслийн үзэл баримтлалаас үзэхэд хууль тогтоогч “нийтийн албан тушаалтан”, “нийтийн албан хаагч”, “төрийн албан хаагч”, “хууль сахиулагч” гэх зэрэг нэр томьёог жигдлэх зарим зохицуулалтыг нэг мөр зөрчилгүй, ойлгомжтой байдлаар өөрчлөн томьёолох зорилт тавьж, Эрүүгийн хуульд хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдлийг Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт оруулж, гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Х-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Х-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН 

ШҮҮГЧИД                                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ 

                                                                                    Б.ЗОРИГ