Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 11

 

                                        109/ШШ2020/0011

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н

            Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.С, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд  гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаартай актуудтай Б.Э миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас авч танилцаад энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаартай актуудыг хүчингүй болгуулахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар албаны даргад гомдол гаргасан боловч хүлээн авахгүй байна. Хүлээн авахгүй гэсэн хариугаа бичгээр надад өг гэсэн боловч миний өргөдөл, гомдлыг бүртгэж хүлээж авахгүй байна.

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаартай актуудаар манаач Б.Г-ын цалин 370000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 42550 төгрөг нийт 412550 төгрөгийг, Б.А, О.Г нарын цалингийн 4200000, нийгмийн даатгалын шимтгэл 462000 төгрөг нийт 4662000 төгрөгийг иргэн Б.Э надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаартай актуудыг гаргахдаа надаас ямар нэгэн тайлбар аваагүй, надад тайлбар хэлэх боломж олгоогүй, сонсох ажиллагаа огт хийгээгүйд гомдолтой байна.

Уг актууд иргэн Б.Э надад чиглэсэн, миний эрхэд халдсан захиргааны акт учраас миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас би шүүхэд хандаж байна. Би шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан болохоос иргэн хүнийхээ хувьд шийдвэр гаргаагүй. Төрийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн Э сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсөвт багтаан, зориулалтын дагуу төсвийг зарцуулсан. Тухайн байгууллагад хохирол учруулж, өр төлбөр гаргаагүй, энэ нь тайлангаар нотлогдоно.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 498 дугаар зүйлийн 498.2-т “...төрийн албан үүргээ зөрчсөн ... улмаас гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Иймд А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаартай актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч: А аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус албаны даргын баталсан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот хяналт шалгалтын удирдамжаар хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтын удирдамжийг Э сумын тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын дарга болон нягтлан бодогч Б.Т-д танилцуулж 2017 оны баримтыг гаргуулан авч түүвэрчилсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийгдэх хугацаанд өмнө нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Э-тай холбогдохоор  утсаар удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Иймээс Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар дамжуулан заавал мэдэгдэх үүрэг өгсөн. Хяналт шалгалт хийж дуусаад Б.Э-тай холбоотой зөрчил гарсан тул 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын Тамгын газраар дамжуулан 07 тоот мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирж танилцаагүй. Манай албаны албан бичиг тараах дэвтрийн 123 дугаар хэсэгт Э сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан мэдэгдэх хуудсыг хүлээн авч гарын үсэг зурсан байгаа.

Хяналт шалгалтаар Э сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг шалгасан тул 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт актыг танилцуулж, бичиг тараах дэвтрийн 127 дугаарт бүртгэн нягтлан бодогч Б.Т-д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Э сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн 100011855001 тоот дансанд буруу шийдвэр гаргасан Б.Э-аар төлүүлэн төсвийг хохиролгүй болгуулах акт тогтоож төсөв захирагч нарт хариуцуулан хүлээлгэн өгсөн гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн Б.Э-аас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н нарт холбогдуулан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаартай актуудыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан албан тушаалтан болох А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н нарт  холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзэв.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, А аймгийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 2/540 дүгээр албан бичгээр “ ... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр”, 103.2 дахь хэсэгт “уг хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар” тус тус заажээ. Иймд хавсралтад заагдсан албан тушаалтнуудын төрд учруулсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авч, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бичгээр хариу ирүүлэх ...” талаар А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад мэдэгджээ. /х.х-н 30/

Тус аймгийн прокурорын албан бичгийн дагуу А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудит, хяналт шалгалтын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар удирдамжид аймаг, сумдын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хяналт шалгалт хийхээр тусгажээ. /х.х-н 19-21/

Дээрх удирдамжийн дагуу А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Тухайн байгууллагын төсөвт төвлөрүүлэх тухай” 17/02/69, 17/02/70 дугаартай актуудыг гаргасан байна. /х.х-н 37-42/

Маргаан бүхий 17/02/69 дүгээр актаар “...Төлбөр зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлэн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төсвөөс олгосон цалин хөлсийг төлүүлж аваагүй, төсөвт учруулсан хохирлыг арилгуулаагүйгээс 1 хүнтэй холбоотой 370000 төгрөгийн төлбөр илэрсэн ... Э сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс олгосон цалингийн 370000 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл 42500 төгрөг, нийт 412550 төгрөгийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан Б.Э-аар нөхөн төлүүлэх ...” гэж;

17/02/70 дугаар актаар “ ... Төлбөр зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлэн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төсвөөс олгосон цалин хөлсийг төлүүлж аваагүй, төсөвт учруулсан хохирлыг арилгуулаагүйгээс 2 хүнтэй холбоотой 4200000 төгрөгийн төлбөр илэрсэн ... Э сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс олгосон цалингийн 4200000 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл 462000 төгрөг, нийт 4662000 төгрөгийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан Б.Э-аар нөхөн төлүүлэх ...” гэж тус тус тусгажээ. /х.х-н 37-42/

Дээрх актуудад дурдсан үйл баримтын тухайд, А аймгийн Э сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар тус аймгийн Эсумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Эыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Э сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Э-ыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Э сумын Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Э-ыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ. /х.х.-н 43-46/

Б.Э нь А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар 3 дугаар багийн нийгмийн ажилтан О.Г, мөн өдрийн Б/10 дугаар тушаалаар 7 дугаар багийн нийгмийн ажилтан Б.А нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, гэрээг дуусгавар болгон тооцсон, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.Г-ын хөдөлмөрийн гэрээ дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж тус тус шийдвэрлэсэн байна. /х.х-н 47-51/

Иргэн Б.Г, О.Г, Б.А нар дээрх тушаалыг эс зөвшөөрч, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э нь иргэн О.Г, Б.А нартай эвлэрч, Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2017/00705 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.А нь 2100000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь 1.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1100000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхээр зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2017/00722 дугаар захирамжаар хариуцагч А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч О.Г-ийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, нийт нэхэмжилсэн 2100000 төгрөгнөөс 1000000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 1100000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00143 дугаар захирамжаар А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 370000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-н 59-81/

Ийнхүү иргэн О.Г, Б.А нарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 1701000 /гарт олговол зохих/ төгрөг, иргэн Б.Г-т 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин 494600 төгрөг олгожээ. /х.х-н 52-58/

Нэхэмжлэгч Б.Э-аас “ ... 17/02/69, 17/02/70 дугаартай актуудыг гаргахдаа надаас ямар нэгэн тайлбар аваагүй, надад тайлбар хэлэх боломж олгоогүй, сонсох ажиллагаа огт хийгээгүй ... Э сумын Засаг даргын тамгын газрын батлагдсан төсөвт багтаан, зориулалтын дагуу төсвийг зарцуулсан...  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т “...төрийн албан үүргээ зөрчсөн ... улмаас гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж;

Хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н нараас “ ... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1. дэх хэсэгт “иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103 дугаар зүйлийн 103.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”  гэж зааснаар Б.Э нь дээрх актаар тогтоосон төлбөрийг нөхөн төлөх үндэслэлтэй ... хяналт шалгалт хийгдэх хугацаанд Б.Э-тай холбогдохоор 94480011 утсаар удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Иймээс Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар дамжуулан заавал мэдэгдэх үүрэг өгсөн. Хяналт шалгалт хийж дуусаад Б.Э-тай холбоотой зөрчил гарсан тул 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын Тамгын газраар дамжуулан 07 тоот мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирж танилцаагүй ...” гэж маргаж, мэтгэлцсэн болно.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь: Нэхэмжлэгч Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж зааснаар иргэн О.Г, Б.А нарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 1701000 /гарт олговол зохих/ төгрөг, иргэн Б.Г-т 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин 494600 төгрөг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна.

Уг нөхөн төлбөрийг А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс олгожээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д[1] заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.”, 103.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.” гэж заасан.

Маргаан бүхий энэ тохиолдолд, А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Э нь О.Г, Б.А, Б.Г нарыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, уг тушаалтай холбогдуулан шүүхэд маргаан үүсгэх явцад нэхэмжлэгч нартай эвлэрсэн /нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн/, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхээр тохиролцсон, улмаар А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газраас дээрх иргэдийн хохирлыг барагдуулсан үйл баримт тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх буюу гэм буруутай шийдвэр гаргасан /төсөвт хохирол учруулсан/ албан тушаалтнаас нөхөн гаргуулах эрхтэй, уг ажиллагааг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж /А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба/ хариуцах үүрэгтэй.

Иймд дээрх асуудлаар А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч /Н.С, дотоод аудитор Н.Н/ Б.Эд холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 17/02/69, 17/02/70 дугаартай акт нь үндэслэл бүхий захиргааны акт гаргаагүй, уг актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, оролцогчийн сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байна.

Тодруулбал, хариуцагч нараас маргаан бүхий 17/02/69, 17/02/70 дугаар актыг гаргахдаа Б.Э-д албан ёсоор мэдэгдээгүй, Э сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан 07 тоот мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч Б.Э-д тус газар хүргүүлээгүй, хуулиар тогтоосон оролцогчийг сонсох, тайлбар санал гаргах эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Дээрх асуудлаар, А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 03/239 дүгээр албан бичигт “ ... А аймгийн Санхүүгийн  хяналт, аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай мэдэгдэх хуудсыг Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн дэвтэрт бүртгэж, Б.Э-д мэдэгдэх гэж утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдохгүй, гэрт нь 2 ч удаа очсон боловч гэртээ байгаагүй, гэр нь цоожтой байсан тул мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй болно ...” гэж,

Гэрч А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Ж шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг Б.Эд мэдэгдэх гээд олоогүй, утсаар холбогдож чадаагүй ...” гэж,

Гэрч А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.Т шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... тухайн үед Б.Э-ы гар утасруу залгаад холбогдохгүй байсан. Мэдэгдэх хуудас хүргүүлсэн эсэх талаар мэдэхгүй байна ...” гэж тус тус тайлбар гаргасан болно. /х.х-н 100-103, 107-110/

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж тодорхойлон заасан ба зүй нь хариуцагчаас мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.5. дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж зааснаар сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байршил, дарааллын талаарх мэдээлэл агуулсан мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Б.Э-д тайлбар, санал гаргах боломжит хугацаанд хүргүүлж, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүн, гаргасан саналыг  захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээллийг агуулсан тэмдэглэл хөтөлж, баримтжуулснаар “сонсох ажиллагаа” хуульд нийцнэ.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.4. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.” 43.5. дахь хэсэгт “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.” , 43.8. дахь хэсэгт “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.” гэж заасны дагуу улсын байцаагч нар гаргасан захиргааны актаа тухайн албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, мэдээлснээс хойш 10 өдөр өнгөрсөн бол уг маргаан бүхий актуудыг албан ёсоор мэдэгдсэнд тооцож, холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгснөөр маргаан бүхий актыг мэдэгдсэнд тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Өөрөөр хэлбэл, мэдэгдэх, сонсох ажиллагааг захиргааны акт гаргасан байгууллага, албан тушаалтан өөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ өөр байгууллага, албан тушаалтнаар дамжуулан хэрэгжүүлэх эрхийг хуулиар олгоогүй болно.

Мөн захиргааны байгууллага захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шууд хүргүүлэхээр заасан.

Энэ хэргийн тухайд, хариуцагч нар 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг холбогдох этгээдүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, Б.Э-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба хүргүүлээгүй, мэдэгдлийг Б.Э-д хүргүүлэхийг А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт даалгасан нь дээрх хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Э-д маргаан бүхий 17/02/69, 17/02/70 дугаар актын талаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Мөн иргэн Б.Г-т Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00143 дугаар захирамжаар 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 370000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхээр шийдвэрлэж, улмаар А аймгийн Э сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар төлбөрийн хүсэлтээр Б.Г-т 494600 төгрөг шилжүүлжээ.

Гэтэл маргаан бүхий 17/02/69 дүгээр актаар “ ... төсвөөс олгосон цалинд 370000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 42550, нийт 412550 төгрөг ... “ гаргуулахаар тогтоосон байх бөгөөд хохирлыг нөхөн төлсөн мөнгөн дүнгийн зөрүү 82050 төгрөг байгаа нь ямар шалтгаантай болох нь тодорхойгүй байна.

Мөн иргэн О.Г, Б.А нарт Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 129/ШШ2017/00705, 129/ШШ2017/00722 дугаар захирамжаар 2100000 төгрөгийг төлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхээр зохигч эвлэрч, А аймгийн Э сумын Засаг даргын тамгын газраас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11, 12 дугаар төлбөрийн хүсэлтээр О.Г, Б.А нарт тус бүр 1.701.000 төгрөг шилжүүлжээ.

Гэтэл маргаан бүхий 17/02/70 дугаар актаар “ ... төсвөөс олгосон цалингийн 4200000 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл 462000 төгрөг, нийт 4662000 төгрөг ...” гаргуулахаар тогтоосон нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн эсэх, тухайн хэргийн зохигч О.Г, Б.А нарын цалин хөлсийг 2.100.000 төгрөгөөр бүтэн гаргах эсэх, уг мөнгөн дүнгээс нийгмийн даатгал тооцох эсэх, 1.701.000 төгрөгийг гарт олгох эсэх, маргаан бүхий актаар цалин хөлсний 2.100.000 төгрөг дээр нэмэгдэж, нийгмийн даатгал төлөгдөх эсэх нь зөрүүтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нар Б.Э-д 17/02/69, 17/02/70 дугаар актын талаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, тогтоогдсон нөхцөл байдлуудыг тодруулан хариуцлага хүлээх албан тушаалтнуудыг зөв тодорхойлж, актаар тогтоогдсон төлбөр болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилтийн зөрүүтэй тогтоож, актыг дахин нягталж, хэн хэн хариуцах, ямар хэмжээгээр төлөх талаар цаашид тодруулах шаардлагатай.

Уг асуудлыг шүүх шууд тогтоох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.11.-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас дахин шинэ акт гаргах хүртэл 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг хүчингүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 43 дугаар зүйлийн 43.8.,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Тухайн байгууллагын төсөвт төвлөрүүлэх тухай” 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл /3 сар/ түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг А аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Тухайн байгууллагын төсөвт төвлөрүүлэх тухай” 17/02/69, 17/02/70 дугаар актуудыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Н.Н нараас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА