Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 38

 

 

 

 

Ч.Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2017/00268 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 36 айлын 13 тоотод оршин суух Олхонууд овогт Чойдонгийн Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 36 айлын 16 тоотод оршин суух Аримнаасүрэнгийн Дарьхандад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэд, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “А.Дарьхандынхаас манай байр луу байнга ус алдаад алдсан үед нь орж хэлэхэд манайх ус алдуулаагүй гэдэг. Одоо манай байшин нурах дээрээ тулаад би байнгын чийг шохой үнэртсэн орчинд амьдарч байна. Иймд би байрандаа засвар хийхээс аргагүйд хүрээд хохирч явна. Би байрандаа засвар хийхээр хамгийн зах зээлд чанартай үнэтэй барилгын материал аваад тавьсан байгаа. Миний хүү ирж засвар хийж өгнө. Иймд Дарьхандаас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч А.Дарьхандын хариу тайлбар: Миний бие энэ сууцыг 2012 онд худалдаж авсан ба энэ хугацаанд манайхаас ус алдаагүй. Ийм учраас би Цэрэнбүтэдийн нэхэмжилж байгаа 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2017/00268 дугаар шийдвэрээр: “1. .Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч А.Дарьхандаас 894500 /найман зуун ерөн дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдэд олгож, нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдийн илүү нэхэмжилсэн 1105500 /нэг сая нэг зуун таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11885 / арван нэгэн мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй гэж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Нэхэмжлэлийн үйл баримтыг хэрэгт авагдсан баримтаар нотлож чадаагүйн дээр нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр гэм хорын төлбөр нэхэмжилж буйг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Ховд аймгийн Шим-Ус ОНӨААИТҮГ-ийн даргын баталсан шинжээч нар нь тус орон сууцанд 2 удаа дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр 13 тоот айлын орон сууцны сантехникийн бус өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна гэж дүгнэсэн. Мөн тухайн үеийн орон сууцанд үзлэг хийсэн сантехникч болон гэрч нар тодорхой ойлголтыг тайлбарласан байдаг. Үүнээс дүгнэхэд 16 тоот айл ус алдаагүй болох нь тогтоогддог бөгөөд дахин дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Үнэ тогтоох комисс буюу үнэлгээний хараат бус комиссын шийдвэрээр тухайн 13 тоот айлын орон сууцыг засаж янзлахад 894500 төгрөгийн зардал гарна гэжээ. Энэ нь ор үндэслэлгүй үнэлгээ бөгөөд анхан шатны шүүхээс үзлэг хийхэд тухайн байранд дээрх зардлаар засаж янзлах зүйл байхгүй байсан болно. Энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургаар баталгааждаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэд нь хариуцагч А.Дарьхандаас гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлага гаргажээ.

            Хариуцагч А.Дарьханд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдийн байранд ус алдуулаагүй гэж маргажээ.        

Нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Хариуцагч А.Дарьханд нь нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдийн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1 дүгээр 36 айлын 13 тоот байранд ус алдуулсан гэх үйл баримт нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, Шим Ус ОНӨААТҮГ-ын дуудлагын бүртгэлийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ийм учраас хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Харин нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хохирлын зарим баримтууд нь тамга тэмдэггүй, регистрийн дугааргүй, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй байх тул уг баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Ховд салбарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “ ...нэхэмжлэгчид учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнэ 894.500 төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг тооцож, зөрүү 1.105.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26018 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2017/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26018 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

 

М.НЯМБАЯР