| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0289/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/186 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/186
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М
Улсын яллагч Б.О
Хохирогчийн төлөөлөгч Б.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д
Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 1825004060489 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт. С.Д
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 сард албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-ээр дамжуулан түүний төрсөн дүү Г.У-ын “Эй Си И Икс” ХХК- аас 20 249 600 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-аар дамжуулан түүний эхнэр Ж.Н-ний “ТННХ” ХХК-аас 25 597 000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, ВSВ люкс мебель ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-аар зуучлуулан түүний найз Б.Б-ны “Амжилтын нар” ХХК-аас 57 213 672 төгрөгийн тавилга эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ “Хичээлийн шинэ жил эхлэх гээд хурдан хугацаанд шийдэх ёстой байсан. Шийдвэр оройтож тулгаж гарсан. Ерөнхий захирлын эдийн засагч, санхүү хариуцсан орлогч захирал Ж.Э, Хангамжийн хэлтсийн менежерүүдийг урьж сургуультайгаа танилцуулсан явдал нь хангамжийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар байсан. Шийдэж өгнө гэж хэлээд явсан. Ж.Э захиралтай дараа нь уулзахад 10 000 000 төгрөгийн томъёолол ярьж байсан. Ж.Э захирал “би тэгэж хэлээгүй” гэж хэлсэн. захирал намайг өрөөндөө дуудаж оруулаад энэ худалдан авалтыг яаралтай зохион байгуул гэж хэлсэн. Энэ худалдан авалтын Р.О зохион байгуулах юм байна. Чанартай байлгах талаас нь чи зохион байгуул гэж хэлсэн. Зохион байгуулалтанд чанартай зүйлс авахад оролцох байсан. Би болсон процесст оролцоогүй. Энэ худалдан авалтад би хувьдаа эд хөрөнгө завшаагүй. Чин шударгаар уг ажлыг хийх ёстой захирал. Би гэмт хэрэг үйлдээгүй. Ийм байдал үүсч байгаад их харамсаж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбоотой олон асуудлууд байдаг. Тэрний нэг нь байна. Прокурор албаны эрх нөлөө гэдэг зүйл яриад байна. Хүн надад итгэдэг, намайг хүндэлдэг байдал нь эрүүгийн хэргийн учир шалтгаан болох ёстой гэж яриад байна. Би тэр үйлдлийг хийгээгүй, мэдээгүй байсан. Дээд удирдлагын гаргасан чиг баримжааг доод удирдлагын хүмүүсдээ хэлэх байсан. Хүмүүс өөрийгөө зөвтгөхийн тулд олон худлаа зүйл ярьдаг юм байна. Би тэгж үзээгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.П мэдүүлэхдээ “Ерөнхий захирлын А/583 дугаар тушаалын жагсаалтын 12-т зааснаар 105 096 000 төгрөгийн ажил гэж тооцож баталсан байдаг. Амжилтын арга ХХК-иас нийт 57 213 668 төгрөгийн бараа материал, Эй Си И Икс ХХК-иас нийт 22 247 560 төгрөгийн бараа материал, ТННХ ХХК-иас нийт 25 597 000 төгрөгийн бараа материал худалдаж авсан байдаг. Бараа ажил үйлчилгээ худалдан авах журмаар барааг худалдан авдаг. Худалдааг Худалдааны хангамжийн хэсэг зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэр нь бүтцийн хувьд өөрчлөлт ТӨҮГ болсон. Энэ газарт учирсан хохирол байхгүй. Худалдан авалттай холбоотойгоор гэрээний зүйл дуусгавар болгосон. Хохирогч болоод хэргийн материалтай танилцаад явахад 105 000 000 дотор хэн хэн хувааж эрхийг нь хэн өгсөн талаар тодорхой бус байгаад байна гэж хараад байгаа. Хэн 10 000 төгрөгийн бараа худалдан авах эрхийг нь өгсөн юм. Хэн өгсөн талаар тодорхойгүй, зарим нэг нь үүсгэсэн, зарим нэг нь худлаа ярисан зүйл байгаад байна. Гэрчүүдийн мэдүүлгийг янз бүрийн зүйлс гарч ирдэг. Гэм буруутай хүнийг яг үнэн зөв тогтоосон уу? гэхээр тодорхой бус байна. Хэн энэ зүйлсийг хийсэн талаар хэргээс тодорхой харагдахгүй байна. Эрх хэмжээний хүрээнд зохих журмын дагуу шийдэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, хууль, эрх зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 130/389 дугаартай хүсэлт /1-р хх-ийн 2-р хуудас/
2. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ш.О-ийн нэрэмжит технологийн сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31/36 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 4-7-р хуудас/
3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ш.О-ийн нэрэмжит технологийн сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31/11 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 8-9-р хуудас/
4. “Амжилт нар” ХХК-н нэхэмжлэх, мөнгө шилжүүлсэн төлбөрийн даалгавар /1-р хх-ийн 11-50-р хуудас/
5. “Эй Си И Икс” ХХК-н нэхэмжлэх, мөнгө шилжүүлсэн төлбөрийн даалгавар /1-р хх-ийн 51-63-р хуудас/
6. “Амжилтын нар” ХХК, Эй Си И Икс ХХК, ТННК ХХК-уудын нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийн орлогод авсан баримтын хуулбар. /1-р хх-ийн 64-77-р хуудас/
7. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ХБ-130-12/698 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 79-р хуудас/
8. Гэрч Ж.Э-ийн “Технологийн сургууль өөрт төсөвлөгдсөн 130 мянган ам доллараа 2017 оны эхний 8 сарын байдлаар засварын ажилд зарцуулж дууссан байсан. Гэтэл захирал С.Д нь 2017 оны 8 сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Х.Б 31/345 дугаартай албан бичгээр “Технологийн сургуулийн удирдах зөвлөлийн 2017 оны 6 сарын 16- ны өдрийн хурлаар ширээ сандал, тавилга, техник хэрэгслийг үндсэн хөрөнгөд худалдан авахыг дэмжиж шийдвэрлэсэн, иймд хөрөнгийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлсэн байсан. Тус бичгийг Ерөнхий захирал 2018 оны 8 сарын 7-ны өдөр “2017 оны төсөв төлөвлөгөө технологийн сургуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх” гэсэн цохолт хийж надад өгсөн. Ерөнхий захирлын өгсөн үүргийн дагуу Технологийн сургуульд үндсэн хөрөнгө худалдан авах зардлыг шийдэж өгөх гэсэн боловч санхүүжилт байхгүй байсан. С.Д нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр миний нэр дээр өмнө нь ерөнхий захиралд хүргүүлсэн албан бичигтэй утга ижил албан бичгийг ирүүлэхдээ нийт үнийн дүнг багасгаж шаардлагатай техник тоног төхөөрөмжийн үнийн дүн 43 мянга 790 ам доллараар ирүүлсэн. Албан бичгийг 2017 оны 8 сарын 7-ны өдөр хүлээн авч “Технологийн сургуулийн захирал, Хангамжийн хэлтэст 43 мянга 790 ам долларын хэмжээнд худалдан авах зөвшөөрлийг олгов” гэсэн цохолт хийсэн. С.Д захиралд хөрөнгийн санхүүжилтээ шийдүүлэх тушаал гаргуулах ёстой, Ерөнхий захирлын тушаал гарахгүй бол надад ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх байхгүй гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь С.Д нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирлын А/583 дугаартай тушаалын хавсралтын 12 дахь хэсэгт “Технологийн сургуулийн дотуур байрны засвар, түүнд үндсэн хөрөнгө худалдан авах ажилд 105,096,000 төгрөг шийдвэрлүүлсэн байсан. 105,096,000 төгрөгийг ам доллар руу шилжүүлэхэд дунджаар 43 мянга 790 ам доллар болж байсан. Тушаал гарсан өдөр ерөнхий захирлаар санхүүжилтээ шийдүүлчихлээ, тиймээс яаралтай шийдвэрлэж өг гэсэн. Тэр дор нь би Хангамжийн хэлтсийн дарга Ц.Э-ыг дуудаж яаралтай техник хэрэгслийг нь худалдан авч өгөх үүрэг өгсөн. Худалдан авах ажиллагааг надад зааварчлах эрх байхгүй. Надад худалдан авалтын чиглэлээр тийм үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. Тусдаа хууль журамтай, түүнийхээ дагуу л явагдах ёстой” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 111-115-р хуудас/
9. Гэрч Ц.Э-ын “2018-7-29-ний өдрийн хурлын үеэр Ж.Э захирал тус ажлыг шуурхай зохион байгуул гэдэг үүргийг Хангамжийн хэлтэст өгсөн. Гэтэл тус ажлыг 2017-9-01-ний өдрөөс өмнө нээлттэй тендер сонгон шалгаруулах журмаар зохион байгуулах хугацаа байгаагүй. Тиймээс харьцуулалтын аргаар зохион байгуулах зорилгоор В5В электроникс ХХК, В5В люкс мебель ХХК, Синамикс ХХК-ыг манай менежер С.Д захиралд санал болгосон” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 116-р хуудас/
10. Гэрч Ц.Э-ын “2019-05-07-ны өдөр Ж.Э захирал намайг өрөөндөө дуудаж үүрэг өгсөн талаар санахгүй байна. Сургууль дээр очиход Ж.Э захирал ирсэн байсан. С.Д захирал засварын ажил дууссан, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаа учраас тоног төхөөрөмж, тавилга эд хогшил шаардлагатай байна гэж байсан. Тэгэнгүүт Ж.Э захирал Хангамжийн хэлтэс тоног төхөөрөмжийн асуудлыг яаралтай зохион байгуулаарай гэсэн үүрэг өгсөн. Ж.Э захирлаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэсний дагуу би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.О, Ш.М нарт зохион байгуулах үүргийг өгсөн. Р.О, Ш.М нар худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг нь аваад харьцуулалтын аргаар зохион байгуулахаар томоохон техник хэрэгсэл худалдаалдаг байгууллагуудыг С.Д захиралд санал болгосон байсан. Гэтэл С.Д захирал та нар үнэтэй юм худалдаж авч өгөх гээд байна, бид нар шийдэж өгсөн хөрөнгийг нь олон зүйлд хүргэнэ гэж хэлсэн байсан. Түүнээс хойшхи процессыг би нарийн мэдэхгүй байна. Гэтэл С.Д нь худалдан авалтаа өөрөө зохион байгуулаад шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авсан байсан” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 212-213-р хуудас/
11. Гэрч Р.О-ний "Технологийн сургууль дээр яаралтай худалдан авалт хийгдэх гэж байгаа тул захирал С.Д-тай очиж уулзаад, бараа тоног төхөөрөмжийг нь судлаадах гэж хэлсэн. Миний хэлснээр ВSВ люкс мебель ХХК-аас хүмүүс очиж С.Д захиралтай уулзсан байх. Удалгүй тавилгын үйлдвэрлэгч Синамикс ХХК-аас хүмүүс очиж уулзсан байсан. Тэгэхэд С.Д захирал “бид нар өөр компани судлаж авахаар болсон гэж буцаасан байсан. Үүнийг Синамикс ХХК-аас очисон хүмүүс надтай утсаар эргэж холбогдоод хэлсэн. Мөн С.Д захирал над руу өөрөө утсаар яриад дахин өөр компани битгий явуулаад бай, бид нар компаниа сонгочихсон, цаашдаа худалдан авалттай холбоотой асуудлаа Б.А-тай холбогдоорой. Би Б.А-д үүрэг өгсөн байгаа гэж хэлсэн. Мөн Ж.Э захирлын өгсөн үүргийн дагуу миний бие худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар ажилласан боловч С.Д нь өөрөө компаниа сонгочихсон гээд худалдан авалтыг зохион байгуулуулаагүй. Худалдан авах ажиллагааг хурдан зохион байгуулах зорилгоор тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын аргыг сонгож С.Д захиралд ВSВ электроникс ХХК, ВSВ люкс мебель ХХК, Синамикс ХХК зэрэг компаниудаас сонголт хийхийг санал болгоход С.Д захирал бид нар өөрсдөө тоног төхөөрөмж нийлүүлэх компаниа сонгочихсон байгаа, дахин компани санал болгох хэрэггүй гэсэн. Тэрнээс хойш 2017 оны 9 сарын дундуур Амжилтын нар ХХК-аас М гэх залуу болон Технологийн сургуулийн нярав О нар нэхэмжлэх хуудас төлбөрийн баримт, зарлагын баримт зэргийг орлого хийлгэхээр надад авч ирж өгсөн” гэсэн мэдүүлэг. / 1-хх-ийн 117-118-р хуудас/
12. Гэрч Г.Г-ийн “2017 оны 8 сарын эхээр шиг санагдаж байна, Технологийн сургуулийн захирал С.Д над руу утсаар яриад манай сургууль лекцийн заалныхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж байгаа юмаа, өмнө нь захиалгаар ирсэн төхөөрөмжүүд нь хоорондоо таарахгүй ажиллахгүй байна, энийг ажиллуулахад ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ, мэргэжлийн зөвлөгөө өгөөч гэж хүссэн. Тэгэхээр нь би байсан төхөөрөмжүүд дээр нь шаардлагатай төхөөрөмжүүдийг нэмж бичиж өгөхөд манай эдийн засагчтай уулзаадхаач жагсаалт гаргачихсан байгаа, тэрэн дээр нэмэх юм байна уу хараад өгөөч гэсэн. Тэр дор нь эдийн засагч Б гэх залуутай уулзаад нэмж бичиж өгсөн. Гэтэл тэр өдрөөс хойш удаагүй С.Д захирал над руу утсаар яриад “чи өөрөө компани олоод энэ төхөөрөмжүүдийг нийлүүлэх боломжтой юу? гэж асуусан ба би болно болно гэхэд за за тэгвэл чи нийлүүлнэ шүү, дараагийн асуудлуудыг нарийн бичиг А-тай яриарай гэсэн. Ингээд Б.А-тай уулзахад нэхэмжлэхээ өг, нэхэмжлэх дээрхи үнийн дүнгээ 10,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй бичээрэй гэсэн. Би нээлттэй тендер сонгон шалгаруулалтанд оролцоогүй, мөн шууд худалдан авалт хийх гэрээ байгуулаагүй. С.Д захирлын гуйлтаар л тоног төхөөрөмж нийлүүлсэн. Би 10,000,000 төгрөгөөс дээш бараа бүтээгдэхүүнд тендер сонгон шалгаруулалт зарладаг талаар мэднэ. Гэтэл С.Д захирал би Э даргатай ярьсан. Э дарга зөвшөөрсөн тиймээс асуудал байхгүй, чи тоног төхөөрөмжөө нийлүүлэхээ л бод гэсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 120-121-р хуудас/
13. Гэрч Г.У-ын “Миний төрсөн ах Г.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбооны хэсгийн инженерээр ажилладаг. Технологийн сургуулийн захирал С.Д Г.Г ахыг 2017 оны 9 сарын эхээр дуудаж уулзаад сургуульд нь сүлжээний тоног төхөөрөмж яаралтай хэрэгтэй байна, чамд нийлүүлэх боломж байна уу, хамгийн гол нь эргээд эвдрэл гэмтэл гарвал би өөрөө хариуцана шүү гэж хэлсэн гэсэн. Тэгээд Г.Г ах над руу холбогдоод худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтаа надад гаргаж өгсөн. Жагсаалт дээр дурьдагдсан тоног төхөөрөмж нь үзүүлэлтүүдийнхээ хамт байсан бөгөөд тус жагсаалтыг би БНХАУ-ын Эрээн хотод байх хамтрагч Өвөрмонгол Ө гэх залуу руу цахимаар явуулсан. Ө Хятаддаа судлаад тэндээсээ худалдан авалт хийж Монгол руу илгээсэн. Тоног төхөөрөмжийг 14 370 000 төгрөгийг Өгийн ажпын хөлсөнд 1 000 000 төгрөгийг НӨАТ-н татварт 2 200 000 төгрөгийг ААНОА Татварт 470 000 төгрөгийг зарцуулсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-аас анх 22 247 560 төгрөгөөр тоног төхөөрөмжөө худалдан авах саналыг Г ахад хэлсэн байсан. Тэгээд дээрхи дүнгээс бүх зардал тооцоогоо хасахаар 3 500 000 төгрөгийг цэвэр ашиг гарсан. Манай компани тендер сонгон шалгаруулалтад ороогүй. Мөн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулаагүй, ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Мөн Г.Г ах нэхэмжлэх хуудсаа бичихдээ мөнгөн дүнг нь 10 000 000 төгрөгөөс доош дүнгээр бичээрэй гэсэн. Тиймээс 10 000 000 төгрөгт багтааж 3 удаа нэхэмжлэх хуудсаа бичсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-р хуудас/
14. Гэрч Б.Б-ын “2017 оны 9 сарын дундуур нарийн бичиг Б.А надтай уулзаад сүлжээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх компани байхгүй байна, чи нийлүүлэх үү гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би нийлүүлж болох юм уу, миний хувьд бол болохгүй юм бол байхгүй гэхэд тэгвэл чи нийлүүлчих гэсэн. Тэгэхэд Б.А нэг компани олоод нэхэмжлэхээ бичээд өгчих, харин нэхэмжпэхээ бичихдээ 10,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй, хуваагаад бичиж өгөөрэй гэсэн. Түүнийх нь дагуу би 2017 оны 9 сарын 15-ны өдөр 9,735,000 төгрөгөөр, 5940,000 төгрөгөөр, 9,922,000 төгрөгөөр хуваагаад 3 нэхэмжлэх бичээд Б.А-гийн гарт өгсөн. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй, шууд худалдан авалт хийх гэрээ байгуулаагүй. Б.А-гийн хүсэлтийн дагуу шууд тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй. Зөвхөн 3 ширхэг нэхэмжлэх хуудсыг л Б.А-д өгсөн” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 123-124-р хуудас/
15. Гэрч Ж.Н-ний "Б.Б миний нөхөр байгаа юм. Манай нөхөр Б Технологийн сургуульд сүлжээний инженерээр ажилладаг. 2017 оны 9 сарын эхээр байх нэг хүнээс Технологийн сургууль тендерээр сүлжээний тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа гэж сонссон. Тэгээд би бодохдоо манай нөхрийн хийж байгаа ажилтай ойролцоо юм байна гэж бодоод нөхөртэйгээ ярилцаад танайх сүлжээний тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа юм байна, би материал бүрдүүлж өгвөл болох уу гэсэн. Түүний дараа нөхөр Технологийн сургуулийн нарийн бичиг А-аас асуухад “ТННХ” ХХК- аараа нийлүүлчих гээд байна гэсэн. Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 126-127-р хуудас/
16. Гэрч Э.Т-ын “Эрдэнэт үйлдвэрийн хангамжийн хэлтсээс Р.О менежер над руу утсаар яриад Технологийн сургууль дээр худалдан авалт хийх гэж байна, танайх очоод үзэж судлаадхаач гэж хэлсэн юм байна. Технологийн сургууль дээр ганцаараа очиход С.Д захирал нэрийн хуудсаа надад өгөөд манай нарийн бичиг Б.А-тай уулз гэсэн. Тэгээд би Б.А-тай уулзаад Хангамжийн хэлтсээс Р.О явууллаа, ямар тавилга хэрэгсэл авах гэж байгаа юм бэ харья гэсэн. Б.А надад худалдан авах барааны жагсаалтыг хувилж өгөөд явуулсан.Б.А-тай уулзаад манай компанид бол жагсаалтанд дурьдагдсан бараанууд зарагдахгүй байна. Харин танай шаардлагад нийцсэн барааг чинь Амжилтын нар ХХК нийлүүлэх боломжтой юм байна, хэрвээ та нар болно гэвэл хариугаа өгөөрэй би холбоод өгье гэж хэлээд гарсан. Удаагүй Б.А над руу утсаар яриад жагсаалтад дурьдагдсан барааг заасан хугацаанд чанартай нийлүүлж чадах уу, тэгвэл Амжилтын нар ХХК-аас авахад татгалзах зүйл байхгүй гэсэн. Ингээд би Амжилтын нар ХХК-ний үнийн саналыг А-д өгөхөд болох юм байна гэсэн учраас Амжилтын нар ХХК бараагаа захиалсан. Тэгээд захиалсан барааг нийлүүлсний дараа мөнгөө яаж авах вэ гэж надаар асуулгасан. Би А-аас асуусан чинь нэхэмжлэх хуудсаа 10 000 000 төгрөгт багтаан бичээд ир гэсэн. Түүнийх нь дагуу би Б.Б хэлээд хэд хэд салгаж бичүүлээд аваачиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 128-р хуудас, 3-р хх-ийн 214-215-р хуудас/
17. Гэрч Б.Б-ны “ВSВ сервис ХХК-нд цуг ажиллаж байсан Э.Т над руу утсаар яриад манайд байхгүй ширээ хүмүүс асуугаад байна, танайд байна уу гэсэн. Ямархуу загварын ширээ сонирхож байгаа юм бэ тэрийг нь мэдье гээд тэр үедээ би Э.Т-ын хамт Технологийн сургууль дээр очиж, ширээний загварыг нь үзчихээд явсан. Дараа нь Хятад улс руу ширээ болон бусад зүйлсийн загвар болон үнийг судлаад нийлүүлэх үнийн саналаа загварын хамт Э.Тт өгсөн. Э.Т цаашаа Технологийн сургуульд аваачиж өгсөн. Ингээд миний явуулсан үнийн саналыг Технологийн сургуулиас болж байна гээд Э.Т-т нэхэмжпэхээ явуулчих гэж хэлүүлсэн байсан. Э.Т 10 000 000 төгрөгт багтаан нэхэмжлэхээ бичээд ир гэж байна. Тэгэх юм бол хурдан мөнгө гарна гэж байна гэсэн. Түүнийх нь дагуу би 10,000,000 төгрөгт багтаан нэхэмжлэх хуудас дээрээ хэд хэд салгаж бичиж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 129-131-р хуудас/
18. “Найдвар-Од аудит” ХХК-ий шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан. /1-р хх-ийн 135-141-р хуудас/
19. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн а/3701 дугаартай улсын бүртгэлийн лавлагаа. /1-р хх-ийн 149-178-р хуудас/
20. Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 822 дугаартай албан бичгийн хамт ирсэн нотлох баримтууд. /1-р хх-ийн 179-225-р хуудас/
21. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалган хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06/1439 дугаартай албан бичиг. /1-р хх-ийн 226-р хуудас/
22. Татварын ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12/529 дугаартай албан бичиг, хавсаргах баримт. 1-р хх-ийн 228-232-р хуудас/
23. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалган хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06/1438 дугаартай албан бичиг. /1-р хх-ийн 233-р хуудас/
24. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/3642 дугаартай албан бичиг, холбогдох баримт /2-р хх-ийн 10-15-р хуудас/
25. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07/3882 дугаартай албан бичиг холбогдох баримт. /2-р хх-ийн 16-17-р хуудас/
26. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны 243 дугаартай албан бичиг. /2-р хх-ийн 23-44-р хуудас/
27. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний 113/384 дугаартай С.Д-ын ажил томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд. /2-р хх-ийн 47-88-р хуудас/
28. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний төрөлжсөн архивын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай лавлагаа. /2-р хх-ийн 104-120-р хуудас/
29. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний санхүү, бүртгэлийн хэлтсээс гарсан 2018 оны 07 дугаар сарын 31-ний 111/278 дугаартай баримт. /2-р хх-ийн 121-186-р хуудас/
30. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хангамжийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 112/1058 дугаартай баримтууд. /2-р хх-ийн 187-250, 3-р хх-ийн 1-76-р хуудас/
31. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Х.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/437 дугаар “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам батлах тухай” тушаал, хавсралт Технологийн сургуулийн дүрэм-Захирлын эрх үүрэг. /3-хх-ийн 14-22-р хуудас/
32. Худалдаа хангамжийн хэлтсийн үйл ажиллагааны журам. /3-р хх-ийн 46-55-р хуудас/
33. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Х.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадлашгүй ажилд тооцох тухай” тушаал, хавсралт. /3-р хх-ийн 68-72-р хуудас/
34. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний дэргэдэх Ш.О-ийн нэрэмжит Технологийн сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авсан акт. /3-р хх-ийн 73-р хуудас/
35. Төрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02в/6590 дугаартай лавлагаа. /3-р хх-ийн 77-81-р хуудас/
36. Голомт банкны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14/ХХ/03_02 дугаартай лавлагаа. /3-р хх-ийн 82-92-р хуудас/
37. Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 5/7766 дугаартай лавлагаа. /3-р хх-ийн 93-97-р хуудас/
38. Худалдаан хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/7830 дугаартай лавлагаа. /3-р хх-ийн 106-165-р хуудас/
39. Хас банкны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 5д/7349 дугаартай лавлагаа /3-р хх-ийн 166-172-р хуудас/
40. Төрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02в/6629 дугаартай лавлагаа. /3-р хх-ийн 174-184-р хуудас/
41. Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29/11889 дугаартай лавлагаа. /3-р хх-ийн 185-202-р хуудас/
42. Гэрч Б.А-гийн “Ж.Э захирал Хангамжийн хэлтсийн дарга Ц.Э болон менежерүүдэд хандаж худалдан авах ажиллагааг зохион байгуулаарай гэж хэлээгүй. “би мэдэж байгаа, шийдэж өгнө” гэж хэлж байсан. Харин сүүлд С.Д захирал Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ерөнхий захиргааны байр руу явж ирээд 2017 оны 8 сард С.Д багш надад хэлэхдээ “би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Ж.Э-тэй уулзаад ирлээ. Ж.Э захирал С.Э дарга бид 2-ыг дуудаад Технологийн сургуулийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг НӨАТ багтсан үнийн дүнг 10,000,000 төгрөгт багтаан шийдвэрлэ гэсэн чиглэл өглөө, ингэснээр сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх ажил түргэн шийдэгдэх юм байна. Хангамжийн хэлтсээс Р.О энэ ажлыг хариуцна” гэж хэлсэн. “Эй Си И Икс” ХХК, “ТННХ” ХХК, “Амжилтын нар” ХХК-иудаас ирж уулзсан төлөөллүүдэд би Удирдах зөвлөлийн 3 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан жагсаалтыг өгч байсан. Тэр жагсаалтын дагуу л тухайн аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн. С.Д захирал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цехийн инженер Г.Г-тэй хамт гаднаас орж ирээд лекцийн заалны тоног төхөөрөмжийг Г.Г хариуцана гэж хэлсэн. Сүлжээний тоног төхөөрөмжийн ажлыг би Технологийн сургуулийн сүлжээний инженер Б.Б-тай уулзаад санал тавьсан. Тэгээд сүлжээний тоног төхөөрөмжийн ажлыг Б хариуцсан. С.Д захирал тус ажпыг намайг хариуцаад ажилла, хамгийн гол нь чанартай тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байх ёстой шүү гэсэн. Тухайн үед Д захирлын нарийн бичгээр ажиллаж байсан. С.Д захирлаас намайг зохион байгуулж ажилла гэсэн учраас хэлснээр нь зохион байгуулж ажилласан” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 208-р хуудас/
43. Гэрч Б.О-ийн “2017 оны 8 дугаар сард “Синамикс” ХХК-ний М.Н над руу утсаар яриад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас над руу ярилаа, Технологийн сургууль тавилга худалдан авах гэж байгаа юм байна, ямар тавилга хичнээн ширхэгийг авах талаар нь очоод уулзаадхаач гэсэн. Тэгээд би очоод захирал С.Д-тай уулзаад танай сургууль тавилга авах гэж байгаа гэсэн, ямар тавилга авах гэсэн вм бэ, харж болох уу гэж асуусан чинь С.Д захирал тавилгын асуудал шийдэгдчихсэн гэж хэлсэн. Ингээд би өөр юм яриагүй гараад явсан ба Синамикс ХХК-ний захирал М.Н руу утсаар болсон процессыг хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 220-р хуудас/
44. Орхон аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1825004060489 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол. /3-р хх-ийн 232-234-р хуудас/
45. Р.О, Ж.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл. /3-р хх-ийн 222-224-р хуудас/
46. Гэрч Д.Т-ын "2017 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ны технологийн сургуулийн лекцийн танхимд 105 сая 96 мянган төгрөгний эд хөрөнгө худалдан авах зорилгоор үйлдвэрийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн магадалшгүй ажил тооцох тухай тушаалаар хөрөнгийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ тушаалын дагуу Эрдэнэт үйлдвэрийн хангамжийн хэлтэс, Технологийн сургуулийн ажилтан нар хамтран тус хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах байсан. Тэгтэл тус хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт зарлалгүй босго үнэд багтаах, эсвэл нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмаас зайлсхийх зорилгоор нийт өртгийг хэд хэд хуваан бараа материал болох тоног төхөөрөмж авсан нь тухайн хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахгүй барааг хүлээн авч барааны үнийг 10 сая төгрөгөнд багтааж шилжүүлсэн үйлдэл гаргасан энэ нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг.
47. С.Д, Ж.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-ийн 22-24-р хуудас/
48. Ц.Э, С.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-ийн 25-28-р хуудас/
49. Р.О, С.Д-тай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-ийн 32-36-р хуудас/ болон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч нарын хүсэлт, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О дүгнэлтдээ “С.Д нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н харъяа Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тендер сонгон шалгаруулалтын журам зөрчиж шууд худалдан авалтаар барааг худалдан авч 3 компанид ашигтай байдал үүсгэсэн хэрэгт холбогдсон байна. 2017 онд төсөвлөгдсөн байсан санхүүжилт дууссан байсан. Энэ үед С.Д нь олон жил ажилласан нөлөөгөө ашиглан магадлашгүй ажилд тооцуулах тухай тушаал гаргуулж 5 096 000 төгрөгийн төсөв батлуулсан. Батлуулсан төсвөөр худалдан авалтын ажил Хангамжийн хэлтсээс зохион байгуулагдахаар ажил төлөвлөгдөж байхад мөн өөрийн албаны эрх нөлөөгөө ашиглаж тендер тасалдуулж тендер сонгон шалгаруулалтын босго үнийг хувааж шууд худалдан авалтаар сонгосноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, бусад компаниуд оролцож чадахгүй болсон. Албаны эрх ашиг сонирхлын эсрэг гэх байдалд хуулийн дагуу шууд худалдан авалт зохион байгуулагдах байсан зүйлийг таслан зогсоосон нь албаны эрх ашгийн эсрэг зүйл юм. Хувьдаа ашигласан нь тогтоогдохгүй байгаа ч албаны эрх ашгийн эсрэг давуу байдал бусдад олгосон байна. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт зааснаар 5400 тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д дүгнэлтдээ “Худалдан авах ажиллагааг хууль бус хийсний үр дүнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байх ёстой. Ийм шаардлагыг хууль тогтоогч тогтоосон байх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол хавчуулсан, албаны эрх ашгийн эсрэг хандсан. Сургуульд авах чанартай зүйлийг үгүйсгэж өөрийн хувийн зүйлийг шахсан бол хүлээн зөвшөөрнө. Гэтэл шүүгдэгч Хангамжийн хэлтсийг ажил үүргээ гүйцэтгээгүйн төлөө санаачлага гаргасан нь үнэн. Сургуулийн эрх ашгийн төлөө. Ихэнх худалдан авалтыг Оюумаа гэх хүн явуулсан. Төсөв батлуулахыг эрх нөлөөгөө ашиглаж хийсэн гэж байна. Сургуульд хэрэгтэй зүйлийг л батлуулсан. Тендерийг таслан зогсоосон бол тендер зарласан материал хаана байна. Үнэлгээний хороогоор оруулах ёстой тэмдэглэл, бүх материал байх ёстой. Давж заалдах шатны шүүх хуралдаанд С.Д хууль хэрэгжүүлдэг хүн мөн үү? гэдэг асуулт асуусан. Хуульд С.Д ямар үүрэг хүлээсэн юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Хийсвэрээр ял тулгаж байна. 10, 10 саяд багтаагаад нэхэмжлэл бичээд очсон. Үүнийг Р.О хүлээж аваад цаашаа дарга нарт танилцуулагдаад мөнгө төгрөгийг шилжүүлэх үндэслэлтэй гээд мөнгө шилжүүлсэн байна. Энэ зүйлд улсын яллагч ямар дүгнэлт хийж байгаа юм вэ? захиргааны зөрчил, сахилгын зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэдгийг ялгаж зааглаж энэ асуудалд хандах ёстой. Яллах дүгнэлтэд эрх албан тушаалын байдлаа урвуулсан гэж дурьдсан. Эрх албан тушаалаа ашиглаад, ийм зүйлийг байгууллагын биш өөрийн ашиг сонирхолдоо авсан гэдгийг тодорхой дурьдах ёстой. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр хуулийг зөрчиж гэсэн байна. Үүнийг хэрэгжүүлдэг хүн нь шүүгдэгч биш, тендер шалгаруулах эрх бүхий албан тушаалтнуудад хандаж ярих хэрэгтэй. Яагаад С.Д гэх хүн рүү энэ бурууг өгөөд байгаа юм. Ямар эрх ашиг нөлөөлөөд байгаа юм. Хөрөнгийн үнэлгээ хийх дүрэм журам байгаа. Хөрөнгийн үнэлгээ гээд байгаа нь хийсвэр нотлох баримтын ач холбогдолгүй зүйл гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалт явуулаагүй асуудалд хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаа бөгөөд үүний үр дүнгээр хэн нэгэн ашиг хонжоо олсон бол нотлох баримт гаргаж өгөх ёстой байсан. Хууль тогтоомжийг зөрчсөн ч гэсэн тендерийн тухай хууль, сахилгын арга хэмжээ авах зөрчил гаргасан болохоос биш эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байна. Энэ үйл явдалд хэн нэгэн хохироогүй учраас эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан заалт хэрэгжээгүй. Уг хуулийн 16-2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байна. Энэ хуулийн шаардлага бүрэн тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагчийн гэм буруутай эсэх, хууль тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгч, яллагдагчид ашигтай шийдвэрлэнэ гэснийг үндэслэл болгож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар болсон үйл явдал гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт дүгнэлтийг гаргаж байна. С.Д-ыг гэм буруугүйд тооцох нь хуульд нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугүй гэчихээд гэм буруутай болчихлоо гэж хэлэлтэй нь биш хэцүү байна. Ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа ийм асуудалд холбогдсон ийм нөхцөл байдал байгаа учраас хуульд заасан бага хэмжээний торгууль оногдуулж өгнө үү” гэв.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.А, Р.О, Ж.Э, Б.О, Ц.Э, Г.Г, Г.У, Б.Б, Ж.Н, Б.Б, Э.Т, Д.Т нарын мэдүүлэг, Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Х.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадлашгүй ажилд тооцох тухай” тушаал, хавсралт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны дэргэдэх Ш.О-ийн нэрэмжит Технологийн сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авсан акт, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Х.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/437 дугаар “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам батлах тухай” тушаал, хавсралт Технологийн сургуулийн дүрэм-Захирлын эрх үүрэг, Худалдаа хангамжийн хэлтсийн үйл ажиллагааны журам, Р.О, Ж.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, С.Д, Ж.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Ц.Э, С.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Р.О, С.Д-тай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна.Үүнд:
1. Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 сард тус сургуульд тавилга, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлт гарган “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Х.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадлашгүй ажилд тооцох тухай” тушаалаар 105 096 000 төгрөгийн худалдан авах ажиллагааны төсөв шийдвэрлүүлсэн,
2. Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” компаний санхүү эрхэлсэн захирал Ж.Эт нөлөөлж, худалдан авах ажиллагааны хэлтэс, түүний ажил хариуцсан менежерүүдэд үүрэг, чиглэл өгүүлэх замаар худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар зохион байгуулахаар шийдвэрлүүлсэн.
3. Шүүгдэгч С.Д нь дээрхи 105 096 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-ээр дамжуулан түүний төрсөн дүү Г.У-ын “Эй Си И Икс” ХХК- аас 20 249 600 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-аар дамжуулан түүний эхнэр Ж.Н-ний “ТННХ” ХХК-аас 25 597 000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, ВSВ люкс мебель ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-аар зуучлуулан түүний найз Б.Б-ны “Амжилтын нар” ХХК-аас 57 213 672 төгрөгийн тавилга эд хогшил худалдан авсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар мэдүүлэг тайлбар гаргахдаа “С.Д нь худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, худалдан авах ажиллагаанд оролцоогүй” гэж байгаа боловч худалдан авах ажиллагаа хариуцсан хэлтэсийн дарга Ц.Э-ын “Ж.Э захирлаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэсний дагуу би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.О, Ш.М нарт зохион байгуулах үүргийг өгсөн. Р.О, Ш.М нар худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг нь аваад харьцуулалтын аргаар зохион байгуулахаар томоохон техник хэрэгсэл худалдаалдаг байгууллагуудыг С.Д захиралд санал болгосон байсан. Гэтэл С.Д захирал та нар үнэтэй юм худалдаж авч өгөх гээд байна, бид нар шийдэж өгсөн хөрөнгийг нь олон зүйлд хүргэнэ гэж хэлсэн байсан. Түүнээс хойшхи процессыг би нарийн мэдэхгүй байна. Гэтэл С.Д нь худалдан авалтаа өөрөө зохион байгуулаад шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авсан байсан” гэсэн мэдүүлэг, худалдан авах ажиллагаа хариуцсан менежер Р.О-ний "Технологийн сургууль дээр яаралтай худалдан авалт хийгдэх гэж байгаа тул захирал С.Д-тай очиж уулзаад, бараа тоног төхөөрөмжийг нь судлаадах гэж хэлсэн. Миний хэлснээр ВSВ люкс мебель ХХК-аас хүмүүс очиж С.Д захиралтай уулзсан байх. Удалгүй тавилгын үйлдвэрлэгч Синамикс ХХК-аас хүмүүс очиж уулзсан байсан. Тэгэхэд С.Д захирал “бид нар өөр компани судлаж авахаар болсон гэж буцаасан байсан. Үүнийг Синамикс ХХК-аас очисон хүмүүс надтай утсаар эргэж холбогдоод хэлсэн. Мөн С.Д захирал над руу өөрөө утсаар яриад дахин өөр компани битгий явуулаад бай, бид нар компаниа сонгочихсон, цаашдаа худалдан авалттай холбоотой асуудлаа Б.А-тай холбогдоорой. Би Б.А-д үүрэг өгсөн байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-гийн “С.Д захирал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цехийн инженер Г.Гтэй хамт гаднаас орж ирээд лекцийн заалны тоног төхөөрөмжийг Г.Г хариуцана гэж хэлсэн. Сүлжээний тоног төхөөрөмжийн ажлыг би Технологийн сургуулийн сүлжээний инженер Б.Б-тай уулзаад санал тавьсан. Тэгээд сүлжээний тоног төхөөрөмжийн ажлыг Б.Б хариуцсан. С.Д захирал тус ажпыг намайг хариуцаад ажилла, хамгийн гол нь чанартай тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байх ёстой шүү гэсэн. Тухайн үед С.Д захирлын нарийн бичгээр ажиллаж байсан. С.Д захирлаас намайг зохион байгуулж ажилла гэсэн учраас хэлснээр нь зохион байгуулж ажилласан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Г-ийн “2017 оны 8 сарын эхээр шиг санагдаж байна, Технологийн сургуулийн захирал С.Д над руу утсаар яриад манай сургууль лекцийн заалныхаа тоног төхрөөмжийг шинэчлэх гэж байгаа юмаа, өмнө нь захиалгаар ирсэн төхөөрөмжүүд нь хоорондоо таарахгүй ажиллахгүй байна, энийг ажиллуулахад ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ, мэргэжлийн зөвлөгөө өгөөч гэж хүссэн. Тэгэхээр нь би байсан төхөөрөмжүүд дээр нь шаардлагатай төхөөрөмжүүдийг нэмж бичиж өгөхөд манай эдийн засагчтай уулзаадхаач жагсаалт гаргачихсан байгаа, тэрэн дээр нэмэх юм байна уу хараад өгөөч гэсэн. Тэр дор нь эдийн засагч Б гэх залуутай уулзаад нэмж бичиж өгсөн. Гэтэл тэр өдрөөс хойш удаагүй С.Д захирал над руу утсаар яриад “чи өөрөө компани олоод энэ төхөөрөмжүүдийг нийлүүлэх боломжтой юу? гэж асуусан ба би болно болно гэхэд за за тэгвэл чи нийлүүлнэ шүү, дараагийн асуудлуудыг нарийн бичиг А-тай яриарай гэсэн” гэсэн мэдүүлэг болон гэрч Г.У, Б.Б нарын мэдүүлэг худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Д нь 105 096 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн гэрч Ж.Э мэдүүлэгтээ “Худалдан авах ажиллагааг надад зааварчлах эрх байхгүй. Надад худалдан авалтын чиглэлээр тийм үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. Тусдаа хууль журамтай, түүнийхээ дагуу л явагдах ёстой” гэж мэдүүлж байгаа боловч гэрч Ц.Э-ын “Ж.Э захирлаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэсний дагуу би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.О, Ш.М нарт зохион байгуулах үүргийг өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Р.О-ний “Ж.Э захирлын өгсөн үүргийн дагуу миний бие худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар ажилласан боловч С.Д нь өөрөө компаниа сонгочихсон гээд худалдан авалтыг зохион байгуулаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-гийн “2017 оны 8 сард С.Д багш надад хэлэхдээ “би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Ж.Э-тэй уулзаад ирлээ. Ж.Э захирал С.Э дарга бид 2-ыг дуудаад Технологийн сургуулийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг НӨАТ багтсан үнийн дүнг 10,000,000 төгрөгт багтаан шийдвэрлэ гэсэн чиглэл өглөө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг гэрч Г.Г, Г.У, Б.Б, Э.Т, Б.Б нарын “нэхэмжлэлээ 10 000 000 төгрөгт багтаан ир гэж гэсэн. Түүнийх нь дагуу 10 000 000 төгрөгт багтаан нэхэмжлэх хуудас дээрээ хэд хэд салгаж бичиж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг болон 105 096 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаатай холбоотой санхүүгийн баримтууд зэргээр Ж.Э нь дээрхи худалдан авах ажиллагаанд үүрэг чиглэл өгч ажилласан, худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэн явуулсан үйл баримт тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийлээ.
1. Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 сард тус сургуульд тавилга, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлт гарган “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Х.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадлашгүй ажилд тооцох тухай” тушаалаар 105 096 000 төгрөгийн худалдан авах ажиллагааны төсөв шийдвэрлүүлсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй, бусад хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /Энэ үйл баримт нь яллах дүгнэлтэд дурьсан гэм буруугийн асуудалтай хамааралгүй бөгөөд нотлох баримтын хүрээнд тогтоогдсон, хэрэгт хамаарал бүхий үйл баримт болно./
2. Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” компаний санхүү эрхэлсэн захирал Ж.Эт нөлөөлж, худалдан авах ажиллагааны хэлтэс, түүний ажил хариуцсан менежерүүдэд үүрэг, чиглэл өгүүлэх замаар худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар зохион байгуулахаар шийдвэрлүүлсэн гэх үйл баримтаар шүүгдэгч санаатайгаар Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг зохицуулах тухай Монгол улсын хууль тогтоомж, аж ахуйн нэгжид дагаж мөрдвөл зохих дүрэм, журамд заасан ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаа нээлттэй, шударга байх үндсэн зарчим болон тодорхой худалдан авах ажиллагааг зохицуулсан заалтуудыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна.
3. Шүүгдэгч С.Д нь 105 096 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-ээр дамжуулан түүний төрсөн дүү Г.У-ын “Эй Си И Икс” ХХК- аас 20 249 600 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-аар дамжуулан түүний эхнэр Ж.Н-ний “ТННХ” ХХК-аас 25 597 000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, ВSВ люкс мебель ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-аар зуучлуулан түүний найз Б.Б-ны “Амжилтын нар” ХХК-аас 57 213 672 төгрөгийн тавилга эд хогшил худалдан авсан үйл баримтаар шүүгдэгч нь эрх мэдлээ хэтрүүлэн, хийх ёсгүй үйлдлийг хийж дээрх нэр бүхий 3 аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Д-ыг санаатайгаар хууль тогтоомж зөрчин, худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрчлүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн, хийх ёсгүй үйлдлийг хийж нэр бүхий 3 аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь өөртөө ашиг олох санаа сэдэл тогтоогдоогүй боловч хууль зөрчсөн санаатай үйлдлээр эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон байна.
Нийтийн албан тушаалтан гэдэгт Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг ойлгохоор заасан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж заасан байна. Шүүгдэгчийн эрхэлж байсан ажил үүргийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тодорхойлолт, ажилд томилсон тухай тушаалын хуулбар зэргээр С.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарах ажил эрхэлж байсан байна.
Иймд шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага, хохирлын талаар:
Орхон аймгийн Прокурорын газраас С.Д-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох, эрх хасах ял оногдуулж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардаагүй, С.Д-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын талаар яллах дүгнэлт болон улсын яллагчийн санал дүгнэлтэд тодорхой дурьдагдаагүй боловч энэ төрлийн гэмт хэргийн үндсэн хохирол, хор уршиг нь төрийн үйл ажиллагааны хувийн байдал алдагдах, хуулиар тогтоосон хэм хэмжээ зөрчигдөж, нийтийн эрх ашигт хор, хохиролтой нөхцөл байдал бий болсноор тодорхойлогдоно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 3 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А