Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0035

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0035

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: БНХАУИ ЧЮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Хариуцагч: БУГГЗТХБАХБГУБ Б.Б.

Гомдлын шаардлага: БУГГЗТХБАХБГУБ Б.Бгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0123730 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн ЧЮийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийн өмгөөлөгчөөр нь оролцож байсан. Энэ талаар дагнасан өмгөөлөгч юм. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд өмгөөлөгч, орчуулагч оролцуулахгүйгээр хойшлуулшгүй ажиллагаанууд явуулсан байдаг. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр очиж танилцсан. Хэргийн материалтай танилцаад нөхөн гарын үсэг зуруулаад явсан. Ингэхдээ эд зүйлс болон баримт бичгийг хураасан тэмдэглэл үйлдсэн. Түүн дээр бол нөхөн зураагүй. Валют хураан авахдаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гарын үсэгтэй. Гаалиар орж ирсэн өдөр нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгаад байдаг. Мөн хураах тэмдэглэлээр паспортыг нь хураагаад авчихсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар бол эд зүйл баримт бичгийг хураан авахдаа зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хураан авах ёстой. Хойшлуулшгүй ажиллагааны явцад хураан авсан байлаа гэж бодоход прокуророос зөвшөөрөл авах ажиллагаанд 4.5 дахь хэсэг нь байхгүй байна. Паспорт болон мөнгийг нь хураан аваад, тухайн тэмдэглэлийн он сар зөрүүтэй, орчуулагч, хэлмэрч оролцуулаагүй процессын алдаатай. Миний үйлчлүүлэгч БНХАУИ ЧЮнь паспортоо авахгүй бол мөнгийг нь төлөх ёстой байдаг юм байхдаа гэсэн зүйл ярьж байсан. Хэргийн материалтай танилцаж байх явцдаа ...зөвшөөрөхгүй байна, болохгүй гэдэг үүднээс хэргийн материалтай танилцаж, тэмдэглэлийг нь үйлдээд явсан боловч гаалийн байцаагч нар шийтгэлийн хуудас гаргаж ирээд мөн адил биечлэн танилцуулах ёстой байсан ч мөн адил орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгч байлцуулахгүйгээр танилцуулаад явсан. Гомдол гаргагч нь аргагүйн эрхэнд хууль бусаар паспорт болон мөнгөө хураалгачихсан. Паспортаа авчхаад Монголд оршин суух ямар ч эрх зүйн үндэслэл болон мөнгө байхгүй улмаас аргагүй эрхэнд өмгөөлөгч болон орчуулагч нартаа мэдэгдэлгүйгээр торгуулийн мөнгийг нь төлөөд, мөнгөө хураалгасан баримт дээр нь гарын үсэг зураад хил буцсан процессын алдаатай үйл ажиллагаа учир тухайн захиргааны актыг хүчингүй болгуулж өгнө үү. гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч БНХАУИ ЧЮнь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад орж ирсэн. Энэ үед гаалийн байцаагч зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулсан. Тэр үед гомдол гаргагчийн гар тээшинд нь байсан 22,000 ам доллар мөн 103,700 юанийг хураан авч, нийт үнийн дүнгийн хэмжээний 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,690,361 төгрөгөөр торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ үйл ажиллагаа нь процессын алдаатай явагдсан. Гомдол гаргагч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас онгоцонд сууж ирсэн. Онгоцонд суух үед нь энэ талаар ямар нэгэн мэдсэн зүйл байгаагүй. Өөрийн гар тээшинд яваа мөнгөний талаар мэдээлэх үүрэгтэй гэдгээ мэдсэн зүйл байхгүй. Ингэснээрээ Монгол улсын хилээр давахад ямар нэгэн асуудалгүй юм байна гэж бодоод ороод ирсэн. Гаалийн зүгээс энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй гэж хэлдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын алдаатай явагдсан гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор ямар нэгэн орчуулагч томилоогүй. БНХАУИ нь монгол хэл мэдэхгүй байхад, шууд паспорт болон авч явж байсан мөнгийг нь хураан авсан. Зөрчлийн явцад оролцогчийн эдлэх ёстой эрхийг нь эдлүүлээгүй.

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаалийн улсын байцаагч Э.А нар нь тэмдэглэл үйлдсэн. Зөрчлийн тухай хуулийг харахад тухайн эд зүйлийг хураан авах ажиллагаа нь зөрчлийн хуулиар эрх нь олгогдсон эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Б.Бгийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байсан. Гэтэл эрхгүй этгээд энэ үйл ажиллагаа явуулж, нотлох баримт болон үүн дээр нь үндэслээд дараа дараагийн ажлаа хийгээд явсан байдаг. Хамгийн эхний зөрчлийн хэрэг үүсэх болсон зүйл нь процессын дагуу эрхгүй этгээд хийгээд явсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хууль бусаар бий болсон нотлох баримтыг тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүй гэсэн зохицуулалт байна. Үүнээс хараад үзэхэд ч гэсэн хамгийн эхний зөрчлийн хэрэг үүсэх болсон ажиллагаа нь хууль зөрчөөд явсан учир дараа дараагийн гарсан шийтгэлийн хуудас ч гэсэн хүчингүй болгох үндэслэлтэй.

Хураан авах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасны дагуу эд зүйл хураан авах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр явагдах ёстой. Хэрвээ хойшлуулшгүй ажиллагаа маягаар явагдсан байх юм бол дараа нь прокурорын зүгээс үүнийг нь зөвшөөрсөн гэсэн тогтоол гарсны дараа энэ хууль ёсны болж баталгаажих ёстой. Гэтэл хариуцагчаас гаргуулж өгсөн зөрчлийн хэрэг дээр прокурортой холбоотой баримт байхгүй. Тийм учраас энэ ажиллагаа нь хууль бус болсон нь харагдаж байна. Гомдол гаргагчийн хийсэн үйлдэл нь хариуцагчийн хэлж байгаа шиг шууд зайлсхийсэн зүйл байхгүй. Гаалийн байцаагч нар тайлбарлахдаа ачааны дунд эд зүйлсийнхээ голд нь уутанд хийсэн байгаа учир зайлсхийсэн, мэдүүлээгүй гэж үзэж байгаа. Гэтэл гар тээш болон ач бараандаа хаана нь ч хийгээд аваад явах боломж байсан. Тиймээс шууд зайлсхийсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 11.29.22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй. Тиймээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч БУГГЗТХБАХБГУБ Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан зөрчил. Тухайн үед нөхцөл байдал дээр ажиллаж байсан хоёр байцаагч гомдол гаргагч БНХАУИ ЧЮ-ийг хилээр нэвтрэх үед нь түүний ачаа тээшинд нь үзлэг хийж, цүнхнээс гарсан валют болох 22,000 доллар, 103,700 юанийг түр саатуулсан. Үүн дээр гаалийн байцаагч нар бүгд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан гэж заасны хүрээнд ажиллагаа явуулаад нотлох баримт болох валютыг түр саатуулан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн албанд шилжүүлэн өгсөн. Үүний дагуу би үзлэг, шалгалт хийж, нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр шийтгэл оногдуулсан. Орчуулагч, өмгөөлөгч оролцуулаагүй гэдэг дээр тухайн вальютийг саатуулах үед нь хил дээр үйлдэгдсэн учир зохих хятад хэлний мэдлэгтэй хүнээр тайлбарлуулж хэлсэн. Маргааш өдөр нь албан ёсны орчуулагч болон өмгөөлөгч нараа авчирч хэргийг шийдвэрлэнэ гэж оролцуулсан. Шийтгэлийн хуудсыг гардуулахад өмгөөлөгч болон орчуулагч нар бүгд байсан. Гаалийн байгууллагын зүгээс тухайн гомдол гаргагчийг мөнгөө тушаа гэж шахаж, шаардсан зүйл бол байхгүй. Үүнийг бол сайн дураар биелүүлэх ёстой. Бид шийтгэлийн хуудсыг гардуулан өгөхөд, зөрчил гаргагч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч тушаасан юм. Процессын бүх асуудлыг бид прокурорын байгууллагад хянуулж явдаг. Энэ тухай ч гэсэн хоёр удаа татгалзсан мэдэгдэл өгсөн байдаг. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн ЧЮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өоос тус шүүхэд хандан БУГГЗТХБАХБГУБ Б.Бгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0123730 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

БНХАУИ ЧЮ нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр MR-862 аяллын дугаартай, Эрээн-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсад хүрэлцэн ирж, Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ 22.000 ам доллар, 103.700 юанийг гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэн, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.2.2-т Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно зэрэг гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн болох нь холбогдогч ЧЮаас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд бичгээр өгсөн тайлбар /орчуулагч Н.Байгалмаагийн орчуулга/, 118 дугаар эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсргах тухай тэмдэглэл, гэрч Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.А, Б.Н, Б.Ж нарын ... тухайн иргэний цүнхнээс ... гялгар уутанд боосон их хэмжэний юань болон долларууд гарч ирсэн. ... тоолж үзэхэд БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань 100-ын дэвсгэртээр 1037 ширхэг, АНУ-ын мөнгөн дэвсгэрт болох доллар 100-ын дэвсгэртээр 220 ширхэг байсан. ...Гаалийн мэдүүлэг буюу декарацаар мэдүүлсэн зүйл огт байгаагүй... гэх мэдүүлэг болон 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 0123730 дугаар шийтгэлийн хуудас болон хэрэгт авагдсан видео бичлэг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ гээд 274.1.7-д гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, 290 дүгээр зүйлийн 290.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т / Гаалийн байгууллагад/ үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн... бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан бөгөөд холбогдогч БНХАУ-ын иргэн ЧЮ нь нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ 22.000 ам доллар, 103.700 юанийг гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчилд БУГГЗТХБАХБГУБ Б.Б хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, зөрчилд холбогдуулан торгох шийтгэл ногдуулан, тухайн зөрчилд холбогдох төлбөрийн хэрэгслийг хураасан нь хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд албан үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байхын зэрэгцээ Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дүгээр зүйлийн 290.2-д заасантай нийцсэн байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс талаас хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Б Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж маргаж байх боловч,

гомдол гаргагч БНХАУ-ын иргэн ЧЮ нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан зөрчилд холбогдуулан хариуцагчийн зүгээс холбогдогчид хуулиар олгогдсон эрх, үүргийг танилцуулж, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг газар дээр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон 0123730 дугаартай шийтгэлийн хуудаст зөрчлийн тухай товч тэмдэглэж, холбогдогч ЧЮд гардуулан, гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан 0123730 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14.690.361.30 төгрөгийн торгуулийн төлбөр төлсөн тухай Голомт банкны гүйлгээний баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргагч БНХАУ-ын иргэн ЧЮы гаргасан зөрчилд гаалийн улсын байцаагч Б.Б Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т заасан дагуу зөрчилтэй төлбөрийн хэрэгслийг хурааж зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, үүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т заасныг тус тус үндэслэн БУГГЗТХБАХБГУБ Б.Бгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0123730 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгууулах шаардлага бүхий БНХАУИ ЧЮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М