Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2016/0051/Э |
Дугаар | 27 |
Огноо | 2016-06-28 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 27
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Байгалмаа,
иргэдийн төлөөлөгч С.Баасанхүү,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт /¹1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваахүүгийн Батзаяад холбогдох 201625030481 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-530 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорьж, оногдуулсан ялыг 1 жил хойшлуулсан,
2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХУД-ийн шүүхийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар бүгд 5 жил 1 cap хорьж, уг хорих ял дээр 235 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 1 cap хорих ял шийтгэсэн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваахүүгийн Батзаяа /РД-УШ92032217/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Д.Батзаяа нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн баруун талын Алтай Центрийн хойд талд Р.Түвшинтөрийн эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Самсунг эс-3 загварын гар утас, түрийвчтэй 20.000 төгрөг, флаш диск, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэргийг дээрэмдэн 170.000 төгрөгний,
Давтан үйлдлээр, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн баруун талын Алтай Центрын хойд талд С.Санчирын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Айфоне-5 эс загварын гар утас, 5 доллар, асаагуур зэргийг дээрэмдэн 510.239 төгрөгний,
Давтан үйлдлээр цааш гүйн 12 дугаар байрны зүүн талд Ц.Цахиурын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, самсунг эс-4 загварын гар утас, 10.000 төгрөг зэргийг дээрэмдэн 260.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батзаяа мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзсан. Тэгээд уулзалтаас тамхи олох гэж шөнө гарсан. Түвшинтөр гэдэг залуутай “Урт цагаан”-ны уулзвар дээр таарсан. Би тамхи асуутал надад 2 ширхэг тамхи өгсөн. Түвшинтөртэй юм ярьж явж байгаад “Алтай” худалдааны төвийн хавьд байрлах байрны голд ирсэн. Түвшинтөрд 2 лааз пиво байсныг хамт уусан. Дахиж пиво ууя гэж надад хэлсэн. Надад мөнгө байхгүй гэж би хэлсэн. Тэгтэл хохирогч хэтэвчээ гаргаж ирсэн. Хэтэвчинд нь задгай мөнгө байсан. Надад 1000 төгрөг байсан. Түвшинтөрийг харсан чинь нилээн муудсан байдалтай байхаар нь хэтэвч гар утсыг авч зугтаасан. Тэгээд зугтааж явж байхдаа Санчир гэх залуутай таарсан. Би Санчираас гал асуутал надад гал байхгүй, миний өөдөөс хэгжүүрхээд байсан. Санчир намайг заамдаж авахаар нь би түлхэж унагаасан. Тэгтэл Санчирын халааснаас нь нэг хайрцаг шүдэнз, ногоон өнгийн асаагуур гарч ирсэн. Би Санчиртай эр хүний шинжгүй гэж маргасан, зодож нүдсэн зүйл огт байхгүй. Тэгээд цаана нь явж байсан Цахиур гэгч залуутай таараад мөнгө асууж 2-3 удаа цохисон зүйл байгаа. Цахиураас мөнгө асуугаад айлгатал надад хэтэвчнээсээ 10.000 төгрөг л байна гэж надад өгсөн. Тэгээд би Цахиураас утас байна уу гэж асуутал “Самсунг с4” маркийн утас байна гэж надад хэлэхээр нь утсаа өг гэж хэлсэн тэгтэл Цахиур өөрөө сим картаа авч надад өгсөн. Би Цахиурт хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн цүнх үүрсэн явж байхаар нь дотор юу байгаа гэж асуугаад цүнхийг нь онгойлгож үзтэл зөөврийн компьютер байсан. Би надад өг гэж хэлээгүй тэгтэл Санчир зугтаагаад байр руугаа орсон. Тэгээд би “Монгол караокед” найзуудтайгаа 30-40 минут сууж байгаад тооцоо хийгээд гарсан. Гарч явж байгаад цагдаа нартай таарч баригдсан. Би Санчираас ямар ч эд зүйл аваагүй, биед ногоон өнгийн асаагуур байсан. Цагдаа нар намайг зодож гэмтээсэн зүйл байсан. Тухайн үеийн миний цагдаад зодуулсан зураг эгчийн гар утсан дээр байгаа. Өөр надад ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч С.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Уламбадрахтай уулзчихаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центрын баруун хойд талд харих гээд явж байхад өөдөөс нэг залуу алхаад ирж байсан тэгсэн тэр залуу миний өөдөөс шууд орилж хүрч ирээд намайг заамдаад авсан тэгэхээр нь гайхаад юу болоод байгаа юм бэ? яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь заамдаад авсан би өөдөөс нь зарүүлээд заамдаад авсан мөнгө байна уу? утасаа өг гэхээр нь байхгуй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр заамдалцаад зогсож байхад хаанаас ч юм бүү нэг гараа султгаж байгаад хойноосоо мод гаргаж ирээд шууд миний зүүн гарны тохой, өвдөг хэсэг цохисон би гарыг нь мултлаад зүүн урагшаа байр тойроод Алтай центрын зүг гүйсэн араас нөгөө залуу модоо бариад хойноос цохиод хөөж байсан намайг гүйцэж ирээд бариад авсан чи ямар овоо гар вэ? гээд модоороо цохиод байсан. Тэгээд тэр залуу миний халаасыг нэгжиж үзээд миний зүүн талын халаасанд байсан айфоне 5 эс маркийн утас, ногоон өнгийн тамхины асаагуур авсан, Түрийвчинд байсан 5 ам доллар авсан намайг дээрэмдэж миний юмыг авчихаад Алтай центрээс зүүн зүг рүү гүйхээр нь араас нь харсан чинь цаанаас нэг халзан толгойтой гартаа цүнх юм барьчихсан залуу хүрч ирж байсан тэр залуу руу очих гээд гүйж байсан тэгэхээр нь шууд гэрлүүгээ гүйж ороод цагдаад дуудлага өгсөн юм. Сүүлд нь цагдаа дээр ирэхэд Цахиур гэх залуу ирчихсэн байсан. Шууд над дээр орилж ирээд заамдаад авсан надаас тамхи байна уу гэж хэлсэн зүйл байхгүй худлаа хэлж байна. Ойролцоогоор 1 метр орчим банзан мод байх шиг байсан модоо хаанаас гаргаж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна намайг хоёр гараараа заамдаж байгаад нэг гараа султгаж байгаад мод гаргаад ирсэн би бол бодохдоо ард талдаа хийчихсэн байсан эсхүл газраас авсан байх гэж бодож байна. Тухайн үед гадаа гэрэлтэй байсан. Би тэр залууг жаахан юмтай залуу байна гэж айсан тэглээ ч гартаа мод барьчихсан мөн толгойруу модоороо цохих гээд байсан тэгэхээр нь би өгдөг газар нь өгье гэж бодоод хурдан холдсон юм. Маргааш нь босоод харсан чинь зүүн өвдөгний хэсэгт улайсан байсан өгзөгний хэсэгт хүндүүртэй байсан мөн нуруу хэсэг гурван хэсэг хүндүүртэй гаднаас нь харахаар ямар нэгэн улайсан зүйл байгаагүй. Миний нуруу зүүн гар өгзөг өвдөг хэсэгт модоор цохисон. Намайг цагдаа дээр ирэхэд цагдаагийн газар ирээд баригдчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/
Хохирогч Ц.Цахиурын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01 цагийн орчим найз нартайгаа уулзчихаад Фреш дэлгүүрийн доод талд гражид нь машинаа тавьчихаад гэр лүү алхаж явтал өөдөөс баруун гартаа мод барьчихсан залуу хүрч ирээд мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай гээд миний зүүн гарны шууны хэсэгт нэг удаа цохиод мөнгө гаргаж ир гэхээр нь түрийвчээ гаргаж ирээд 10,000 төгрөг байсныг гаргаж өгөөд буцаагаад түрийвчээ авсан. Тэгээд би чамайг нэгжиж үзээд мөнгө гарвал авна шүү гээд өмдний баруун талын халаасанд байсан Самсунг эс-4 маркийн утсыг авахаар нь сим картыг нь буцаагаад өгчих гэсэн чинь Сим картыг аваад надад өгсөн энийг чинь ломбарданд тавина гээд байсан. Зүүн гартаа барьчихсан байсан цүнхийг харчихаад цүнхэнд чинь юу байгаа юм бэ мөнгө байгаа бол авна шүү гэхээр нь би мөнгө байхгүй гээд цүнхээ онгойлгосон чинь үзчихээд компьютерийг чинь авна гэхээр нь би цүнхээ булааж аваад гэрлүүгээ зугтаасан тэгээд би байрны орц руу ороод байрны жижүүр эгчийг сэрээгээд цагдаа дуудуулсан. Удалгүй дуудлагаар хоёр цагдаа ирсэн чинь нөгөө залуу байхгүй алга болчихсон байсан. Тэгээд цагдаа дээр ирээд өргөдлөө бичээд сууж байхад нөгөө намайг дээрэмдсэн залууг цагдаа нар дагуулаад ирсэн халааснаас нь миний гар утас гарч ирээд цагдаа нар нь хурааж авсан юм. Би архи уугаагүй харин намайг дээрэмдсэн залуу архи уучихсан байсан. Миний зүүн талын гарны шуу хэсэгт нэг удаа цохисон мөн мөнгөө өгөхгүй бол толгойруу чинь цохино гээд байсан. Миний зүүн гар талын шуу хэсэгт модоор цохиулаад хавдчихсан өөр гэмтэл шарх байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 27х/
Хохирогч Р.Түвшинтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө найзынхаасаа гараад зуун айлаас такси бариад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найзынхаа 12 дугаар байрны гадаа буусан. Тэгээд би найзынхаа орцны үүдэнд ирээд орцыг нь онгойлгох гэсэн чинь түгжээтэй байхаар нь утсаар ярих гээд зогсож байтал араас толгойн хэсэг рүү хатуу зүйлээр хүчтэй цохисон чинь би газар унаад толгойгоо хамгаалаад газар хэвтээд байсан тэр нэг залуу хувцасны хармаануудыг ухаад куртикны хармаанд байсан Самсунг эс-3 утас, энгэрийн хармаанд байсан хүрэн өнгийн түрийвчийг аваад зугтаасан тэгээд би босох гэсэн чинь босч чадахгүй хөл эвгүй болчихсон сууж байтал нөгөө залуу дахиад хүрч ирсэн ахиад модоороо эгэм хэсэг рүү цохиод виза картны дугаараа хэл гэхээр нь хуц хэлэхгүй гэж хэлсэн чинь дахиад модоороо цохиод байхаар нь модыг нь гараараа хааж бариад авсан тэгсэн модоо суга татаж аваад хоёр гурван удаа гуя болон эгэм хэсэгт цохиж байгаад миний түрийвчийг над руу шидчихээд зугтаагаад яваад өгсөн. Тэр залуу миний түрийвчинд байсан иргэний цахим үнэмлэх болон виза картыг авчихсан байсан. Тэгээд би арай ч нэг юм дээшээ босоод зам руу гэрэлд гарсан чинь толгойноос цус гарчихсан баруун хөл явж болохгүй доголоод байсан такси барих гэсэн чинь машин зогсохгүй байхаар нь төмөр замын тийшээ алхаад ээжийнд очиж хоноод толгойны цусаа цэвэрлээд тэр өдөртөө ээжийнд хоносон юм. Намайг модоор цохиулаад харахад нилээн урт 1 метр орчим байсан байх банзархуу мод байсан. Миний түрийвчинд байсан иргэний цахим үнэмлэх, хаан банкны виза карт алтан шаргал өнгөтэй хоёр талруугаа ордог оролттой плаш, бэлнээр 20,000 төгрөг байсан тэр алга байсан, миний утас гэх мэт зүйлүүд дээрэмдсэн. Би энэ хүнд маш их гомдолтой байна зүгээр явж байгаад энэ хүнд зодууулж эд зүйлээ дээрэмдүүлсэндээ гомдолтой байна..." /хх-ийн 30х/
“...Би андуураад ЧД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадаа гэж хэлсэн байна Алтай центрийн урд талын 76-р байрны 3-р орцны үүдэнд дээрэмдүүлсэн. Ямар ч байсан нилээн орой болчихосон 01 цаг болж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/
Гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” ХХК-ний 17 дугаар байрны жижүүр ажилтай хүн байгаа юм. Намайг 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө унтаж байхад шөнийн 01 цагийн орчим яг хэдэн минут болж байсан гэдгийг мэдэхгүй байна, 25 орчим настай манай байрны залуу амьсгаадчихсан амь авраарай гээд ороод ирсэн. Би юу болсон юм бэ гэсэн чинь “Алтай Центрын” хойд талд явж байхад нэг залуу гартаа мод барьчихсан модоороо гар луу цохиод гар утас дээрэмдээд аваад явчихлаа цагдаа дуудах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн 102 руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/
Гэрч А.Аминагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 13 -ны өдөр ажилдаа явна гээд өглөө гараад явсан ажил нь 19 цагийн орчим тардаг бөгөөд 18 цагийн үед Санчир луу залгасан чинь найзтайгаа уулзчихаад очъё гэж хэлсэн тэгээд утсаа салгасан. Намайг унтаж байтал 01 цаг өнгөрч байхад С.Санчир гэртээ орж ирсэн нүүрний уруул хэсэг нь цус болчихсон өмсөж явсан хувцас куртик нь гутлын мөр болчихсон хөл нь доголчихсон, өмд нь шороо болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуусан чинь “Алтай” центрын хажууд явж байсан мод барьчихсан залуу над руу дайраад утас, мөнгө төгрөгийг маань дээрэмдчихсэн цагдаад дуудлага өг гэсэн. Тэгээд Санчир өөрөө 102 дугаарын утас руу дуудлага өгсөн юм. Санчир гэртээ орж ирэхэд 01 цаг өнгөрч байсан. Орой цагдаагаас ирсний дараа хувцсыг нь тайлаад харсан чинь энд тэнд хүндүүртэй байсан маргааш нь харсан чинь зүүн өвдөг, өгзөг, зүүн мөр хэсгүүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/
Гэрч Х.Өлзийсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би юу болсон талаар нь асуусан чинь Зуун айлаас такси бариад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн баруун талд байрлах 76 дугаар байрны гадаа ирээд найз руугаа залгаад холбогдох гэтэл найзынх нь утас нь холбогдохгүй тэгээд байж байтал араас нь нэг залуу ирээд модоор толгой руу нь цохиод унагасан гар утас, түрийвчинд байсан Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, бэлнээр 20,000 төгрөг, флаш карт, зэргийг аваад явчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/
Гэрч Э.Энхмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 2016 оны 3 дугаар сарын 14-ний шөнийн 01 цаг өнгөрчихсөн байсан 24 дүгээр сургуулийн урд талд явж байсан чинь цагдаагийн машин ирээд намайг дуудаад бичиг баримтаа шалгуул гэсэн тэгээд би бичиг баримтаа өгөөд шалгуулсан чинь хэрэг гарчихсан байгаа юмаа тэрний талаар тодруулъя гэсэн тэгээд би цагдаагийн машинд суугаад 25 дугаар телевизийн урд талд ирээд эргэж байтал хар өнгийн савхитай туранхай өндөр залуу зүүн талаас ирж байсан тэгсэн нөгөө цагдаа зогсоод дуудаад юм асууя гэсэн чинь найман шарга төвийн зүг рүү зугтаасан араас нэг цагдаа ах хөөсөн бид нар машинтайгаа бөмбөгөрийн зүүн талаар нь тойроод урдаас нь тосоод барих гэсэн чинь нөгөө залуу хурдан зугтаагаад байсан тэгээд би нөгөө залуугийн араас нь хөөтөл хар хорин зочид буудлын зүүн талд баригдаж байгаа барилга руу хашаа даваад орчихсон араас нь нэг цагдаа яваад орсон би Хар хорин зочид буудлын хажуугаас нь хашаа даваад орсон. Тэгээд бид нар гэрэл тусгаад явж байтал нөгөө залуу барилгын цаад талд нь нуугдчихсан байсан гэрэл хараад С1 телевизийн зүг рүү зугтаахаар нь би хашааны гадна талаар нь урдаас нь тосоод гүйгээд гараад иртэл нөгөө залуу хашаа давж орж ирээд газар уначихсан тэгсэн араас нь нэг цагдаа хашаа давж гарч ирээд нөгөө залууг бариад авсан хэн гэдэг цагдаа гэдгийг нь мэдэхгүй байна тэгсэн нөгөө залуу хармаанд байсан эд зүйлээ хойшоо шууд шидээд байсан хашааны мухар луу шидээд байсан чамаас яагаад ийм их утас гарч ирж байгаа юм бэ гэсэн чинь би олсон юм гээд байсан. Эхэндээ би ямар учиртай хүн бариад байгаа талаар ойлгоогүй сүүлд нь хүн дээрэмдсэн гэж мэдсэн юм. Газар унагаад нуруун дээр нь хэвтүүлээд дарж байгаад гавлаад машинд суулгаад аваад явсан ямар нэгэн цохисон зүйл байгаагүй. Би маркийг нь хараагүй ямар ч байсан 2 том утас байсан мөн нэг жижиг утас байсэн мөн хармаанд нь базчихсан зуутийн дэвсгэрт харсан өөр зүйл хараагүй. Тэр залуу зугтааж явж байхдаа зарим зүйлээ хаясан байж магадгүй цагдаа бариад авсан чинь хармаанаасаа утас гаргаж ирээд хойшоо шидээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/
Гэрч Ц.Ганжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 13-ны оройны 20 цагаас, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өглөөний 08 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 2,3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 01 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центрын баруун талд гартаа юм барьчихсан хүн дээрэм хийх гээд хүн айлгаад байна гэсэн дуудлагыг 89850955 дугаарын утсаар хүлээн авч дуудлага өгсөн газар нь ирсэн боловч ямар нэгэн хүн байгаагүй. Яг энэ үед Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Алтай центрын ард талын Авзагын 17 дугаар байрны гадаа хүнд дээрэмдүүлсэн гэх дуудлага 89929848 дугаараас иргэн Цахиур гэх хүн дуудлага өгсөнийг хулээн авч иргэн Цахиуртай уулзаж дээрэмдсэн гэх содон шинж тэмдэг, өмсөж зүүсэн хувцас, зүс царайны талаар нь асууж тухайн этгээдийг урагшаа төв зам руу эргэсэн гэх мэдээлэлийг авч Сүхбаатар 4-р хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээр эрэн сурвалжилж хайж явахад Хайрхан 121 чиглэлд эрүүлжүүлэхийн машинтай 3 алба хаагчийг нэмэгдэлээр ажиллуулсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг сурвалжилж явахад Хайрхан 10-аас дуудлага өгсөн хоёр иргэнийг аваад хэлтэс дээр ир гэсний дагуу иргэн Цахиур, С.Санчир нарыг аваад хэлтэс дээр ирэхэд Хайрхан 121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан д/а Алтаншагай, Дорж нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос баривчилж авчирсан байсан. Миний авчирсан хоёр хохирогч тухайн этгээдийг хараад намайг дээрэмдсэн гэх залуу мөн байна гэж хэлж байсан мөн авсан утас, эд зүйлүүдийг нь хараад өөрийнхөө утсаа шууд зааж байсан. Тэгээд тухайн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж эрүүлжүүлсэн болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 37х/
Гэрч Б.Доржийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулах байрны цагдаа жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цаг 20 минутын орчим Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центрын дэргэд хүн дээрэмдээд байна гэх дуудлага өгсөн Ингээд миний бие д/а Н.Аптаншагай, д/а Б.Батзориг нарын хамтаар Алтай центрийн хажууд очоод дуудлага өгсөн гэх иргэний 89850955 дугаарын утсаар холбогдож юу болсон талаар асуухад та нарын хажуугаар хэдхэн минутын өмнө түрүүлээд хойшоо Алтай центрээр баруун хойшоо гараад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед гэрийнхээ цонхоор хараад бид нартай харьцаад байсан юм. Тэгээд би Батзоригийн хамтаар Бөмбөгөр худалдааны төв, сансар кабель телевиз орчмоор хайж яваад буцаад хэлтэс руү ирж явах замд Урт цагааны баруун урд талд дээрэм хийсэн гэх этгээдтэй таарсан нөгөө этгээдийг дуудсан чинь цаашаа Монгол караокены зүг рүү зугтаасан араас нь Батзориг гүйгээд явсан, хамт явсан Энхмандах гэх залуу дагаад гүйсэн би машинаа эргүүлж байтал д/а Алтаншагай ирээд тухайн этгээдийн араас нь явсан. Би бөмбөгөр худалдааны төвийн баруун талаар нь бүтэн тойроод хийдийн зүүн талд хашаан дотор баригдаж байгаа барилгын хашааны гадна талд буюу хойд хэсэгт нь ирэхэд д/а Алтаншагай нөгөө этгээдийг барьчихсан зогсож байсан тэгээд цагдаа дээр авчирч өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/
Гэрч А.Аминбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 3 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай Центрын хойд талын 89 нэртэй зочид буудлын хажууд өөрийн эзэмшлийн 11-46 УБИ улсын дугаартай автомашин дотроо таксинд явах гээд зогсож байсан. Тэр үед манай найз Билгүүн ТҮЦ орох гээд явчихсан байсан ба би машин дотроо найзыгаа хүлээгээд сууж байсан юм. Тэгсэн Алтай Центрын хойд талд 89 нэртэй буудлын баруун хойд талын сааданд хоёр залуу хоорондоо маргалдаад байсан тэгсэн ойролцоогоор 170 орчим см-ийн өндөртэй дээгүүрээ хар өнгийн богино савхин куртик өмсчихсөн залуу гартаа 1 метр орчим урттай мод барьчихсан өөрөөсөө жаахан яльгүй өндөр залууг хавирч унагаад гартаа байсан модоороо дээрээс цохиод байсан тэгсэн нөгөө залуу нь босч ирээд урагшаа Алтай Центрын хойгуур их дэлгүүр тал руугаа зугтаад яваад өгсөн араас нь нөгөө залуу нь модоо бариад хөөгөөд яваад өгсөн. Удалгүй нөгөө залуу модоо барьчихсан 89 буудлын ертөнцийн зүгээр зүүн талаасаа гартаа хар өнгийн цүнх барьчихсан залуу хөөгөөд урагшаа 40 мянгат тал руу хөөгөөд гараад ирсэн. Тэр үед манай найз Билгүүн хүрээд ирэхээр нь зодоон болоод байгаа юм байх гэж бодоод салгах гээд очсон чинь гартаа цүнхтэй залуу нь зугтаад байрны орцны үүд рүү яваад орсон яг хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн мод барьчихсан байсан залуу модоо бариад хойшоо урт цагаан тал руу яваад өгсөн бид хоёр цаанаас нь ажиглаж харж байгаад үлдчихсэн удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг шалгаад мод барьчихсан байсан залууг харсан үзсэн эсэхийг асуухаар нь урт цагаан тал руугаа яваад өгчихсөн гэж хэлсэн. Тэгсэн алаг тэргэнд суулгасан манай найзыг машинтай нь өөр газраар хайна гээд аваад явсан. Тэгээд бид нар Урт цагаан ороод 24 дүгээр сургуулийн хойд талын замаар нь байранд дундуур яваад Компьютер ландын хажууд явж байгаад замаасаа савхин куртик өмсчихсөн залууг шалгаад машинд суулгасан ингээд буцаад Урт цагаанаар гараад ирсэн чинь 25 дугаар телевизийн хойд талд биеийн тамирын сургуулийн урдхан хэсэгт нөгөө хүн зодоод байсан залуу нь модоо хаячихсан гартаа ямар нэгэн зүйлгүй тамхи татаад найман шарга тал руу алхаж байсан. Тэгээд би цагдаа нарт нөгөө залууг энэ мөн байна гээд зааж өгсөн. Тэгсэн Дорж гээд намхан цагдаа нөгөө залууг дуудсан чинь Бөмбөгөр тал руугаа зугтаад яваад өгсөн араас нь Дорж цагдаа, нөгөө цагдаагийн нэрийг нь мэдэхгүй байна дэд ахлагч цолтой цагдаа нар араас нь гүйгээд явсан би дэд ахлагчийн араас нь гүйсэн тэгсэн хуучин баригдаж байгаа барилга руу хашаа даваад орчихсон. Нөгөө цагдаа нь хашаа даваад орсон би хашааг баруун талаар нь тойрч гүйж очсон чинь өндөр цагдаа манай найзтай цаанаас гүйгээд ирсэн тэгээд бид нар хашаа руу нь даваад орсон. Удалгүй нөгөө миний өөдөөс гүйгээд буцаад сүм талруугаа цэцэрлэгийн баруун талаар чигээрээ хойшоо гүйгээд хашаа даваад буусан буухдаа газар 4 хөллөөд уначихсан би араас нь гарч ирээд хөлнөөс нь тэврээд авсан удалгүй нөгөө дэд ахлагч цагдаа араас хашаа давж гарч ирээд нөгөө залууг барьж авсан. Тэгээд цагдаагийн газар дээр авчирчихаад би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/
Гэрч Н.Алтаншагайн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн Хайрхан-20 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 01 цаг өнгөрч байхад Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центрын ард талд хүн дээрэмдүүлж байна яаралтай оч гэсэн дуудлага ирснийг хүлээн авч ахлах ахлагч Дорж, д/а Батзориг нарын хамтаар дуудлага өгсөн газар нь очиж шалгахад Цахиур гэх иргэн байж байсан. Тэгээд юу болсон талаар асууж тодруулахад Хар өнгийн савхитай туранхай өндөр 20-26 орчим насны гартаа мод барьчихсан залууд намайг Алтай Центрын ард талд гэр лүүгээ орох гээд явж байхад гар утасаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд иргэн Цахиурыг машинд суулгаад хэлтэс рүү аваад явсан. Ахлах ахлагч Дорж, дэд ахлагч Батзориг 2 албаны машинтай, харин би өөр машинаар явсан юм. Тэгээд би намайг Алтжин бембөгөр худалдааны төвийн замын эсрэг талаар Монгол караоке тал руу тойроод гараад ирсэн чинь ахлах ахлагч Дорж нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээд хуучин барилга руу яваад орчихлоо гэж хэлсэн. Би барилгын хойгуур нь тойроод барилга руу орох гэж байхад дэд ахлагч Батзориг барилга руу яваад орсон чинь нөгөө залуу баригдаж байгаа барилгын зүүн талаар цэцэрлэгийн хашаа даваад цаашаа гарсан чинь надтай хамт явж байсан иргэн бид хоёр тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг барьж аваад гарыг хойд талд гавалж цагдаагийн хэлтэс дээр авчирч хүлээлгэж өгсөн юм. Би эрх чөлөөнд нь халдсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/
Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэр залууг баривчлах үед нүүрэн хэсэг нь шавхай болчихсон байсан гэмтэл шарх бол анзаарч хараагүй бид нарын зүгээс тухайн этгээдийн биед нь халдаж зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х/
Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Намайг 2016 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнө хаалга нүдэхээр нь босоод хаалгаа тайлж өгсөн Түвшинтөр жаахан халамцуу байдалтай орж ирсэн яг хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна цаг хараагүй орж ирээд хамаг юмаа алдчихлаа юмаа дээрэмдүүлчихлээ гэж хэлж байсан хаанаас ирсэн юм бэ гэсэн чинь Улсын их дэлгүүриин хажуугаас ирлээ гар утас, иргэний үнэмлэх, виза картаа алдчихсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 46х/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 3817 тоот дүгнэлтэнд: "...С.Санчирын биед зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..." /хх-ийн 52х/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 3633 тоот дүгнэлтэнд: "...Ц.Цахиурын биед зүүн гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..." /хх-ийн 55х/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 3764 тоот дүгнэлтэнд: "...Түвшинтөрийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн хацарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух, цээж, 2 өгзөг, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлтийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-ийн 57х/
Яллагдагч Д.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Р.Түвшинтөр гэх хүнд гap хүрч зодсон зүйл байхгүй Тэди төвөөс доошоо урт цагааны зүүн талын уулзварын тэнд явж байгаад урт үстэй надаас жаахан өндөрдүү архи уучихсан ахтай таарсан. Би тэр ахаас тамхи асуусан чинь хоёр ширхэг Улаан шонхор нэртэй тамхи гаргаж өгсөн нэг тамхийг нь татаад юм яриад Алтай центрын тийшээ явсан. Явж байхад нөгөө ах 2 ширхэг лаазтай 0,5 граммын тайгер нэртэй пиво хармаанаасаа гаргаж ирээд бид хоёр нэг нэгээр нь уусан. Би яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна байрны гадаа ирсэн яг хэд дүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна тэгээд бид хоёр авсан пиво ууж дууссан тэгсэн тэр дахиад пиво уумаар байна гээд байсан би пивоны мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр ах урт түрийвч гаргаж ирээд түрийвчинд байгаа мөнгө гаргаж ирээд тоолж үзээд 3000 орчим төгрөг байсныг би авсан надаа бас 1000 төгрөг байсан нийлүүлээд пиво авна гээд явсан тэгээд 10 метр яваад эргээд харсан чинь нөгөө ах хөл дээрээ тогтож чадахгүй хана тогтож чадахгүй хана түшээд нилээн согтчихоод газар суучихсан толгойгоо доошоо бөхийлгөчихөөд суугаад байхаар нь тасарчихсан юм шиг байх гэж бодоод гар утсыг нь авах санаатай очоод нөгөө ахад пиво олдохгүй байна аа гэж хэлсэн чинь тод юм хэлэхгүй амандаа бувтнаад байсан баруун талын хөлний хэсэгт урт түрийвч уначихсан байхаар нь түрийвчийг нь аваад мөнгө байна уу? үзсэн чинь мөнгө байхгүй байсан. Тэгээд би түрийвчинд байсан Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, гарт нь байсан гар утсыг нь аваад ертөнцийн зүгээр хойшоо зугтаад явж байгаад надаас ялгүй өндөр залуутай таарсан. Тэгээд тэр залуугаас гал байна уу хөгшөөн гэсэн чинь нөгөө залуу би чамд яахаараа гал өгдөгийн гээд намайг учиргүй заамдаж аваад буцаагаад тавьсан. Тэгэхээр нь би чи ямар сүртэй юм бэ зүгээр гал асууж байхад гээд бид хоёр маргалдсан нөгөө залуу чи надаас гал асуух албатай юм уу? гээд надруу ойртоод ирэхээр нь цаашаа түлхсэн чинь хойш (юманд тээглээд унасан цээжин дээр нь гараараа дараад чи ямар сүртэй юм гэсэн чинь надад ямар нэгэн хэлээгүй нөгөө залуу намайг босгочих гээд байсан би гадна талын куртикны хармааг нь тэмтэрч үзээд хоёр ширхэг тамхины асаагуур гараад ирсэн. Тэгээд би холдсон чинь нөгөө залуу босоод ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг хэрэлдэд зогсож байхад их дэлгүүр талаас гартаа цүнх барьчихсан залуу наашаа чиглээд ирсэн. Би хэрэлдэж байсан залууг орхиод нөгөө залууруу очсон. Тэгээд нөгөө залуугаас мөнгө байна уу гэсэн чинь мөнгө байхгүй гээд сандараад байгаа бололтой байсан тэгсэн цаашаа эргээд зугтаахаар нь араас нь гүйж очиж барьж аваад мөнгө байгаа юм уу? гэсэн чинь би чамд өөрөө мөнгө өгье байгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуугийн хажууд зогсож байсан чинь түрийвчнээсээ бүхэлт 10,000 төгрөг, задгай хэдэн төгрөгтэй өгсөн задгай төгрөг нь хэдэн төгрөг байсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Би өөр мөнгө байна уу гэсэн чинь дахиад мөнгө байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь чамд утас байгаа биздээ гэсэн чинь утас байгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу утасны сем картаа аваад утсаа надад өгсөн. Мөн гартаа цүнхтэй юм барьчихсан байхаар нь энэ юу юм бэ Нөөтбүүк байгаа юм уу гэсэн өөрөө надад цүнхээ онгойлгож харуулсан харсан чинь нөөтбүүк байсан жижиг хармаанд юу байгаа юм бэ гэж хэлсэн чинь гэнэт цаашаа зугтаагаадт байрны орцруу яваад орсон намайг дуудаад байхаар нь хүн дуудах гэж байна гэж бодоод яваад өгсөн юм. Би архи уух нь уусан байсан гэхдээ болсон зүйлийг мэдэж байгаа. Пивонд явахдаа ахаас мөнгө авсан нилээн согтчихсон байхаар бичиг баримтаа хаячих байх гэж бодоод аваад хармаалчихсан юм. Тухайн үед цаг 01 цаг өнгөрч байсан. эхлээд тэр ахаас тамхи асуух гээд очсон сүүлдээ утсыг нь авах санаа төрсөн юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77х/
Гэрч Г.Амгаланбаатар /хх-ийн 47х/, Г.Энхцэцэг /хх-ийн 48х/, Д.Мөрөнгуа /хх-ийн 49х/ нарын мэдүүлгүүд, Д.Батзаяагийн сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 72-76х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87х/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Батзаяа нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн баруун талын “Алтай Центрийн” хойд талд хохирогч Р.Түвшинтөрийн эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг эс-3” загварын гар утас, түрийвчтэй 20.000 төгрөг, флаш диск, иргэний үнэмлэх, “ХААН” банкны виза карт зэргийг дээрэмдэн, түүнд нийт 170.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Р.Түвшинтөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31х/, гэрч Х.Өлзийсүрэн /хх-ийн 34х/, Ц.Оюунцэцэг /хх-ийн 46х/, Э.Энхмандах /хх-ийн 35-36х/, Ц.Ганжаргал /хх-ийн 37х/, Б.Дорж /хх-ийн 38-39х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн Р.Түвшинтөрийн биед үзлэг хийсэн 3764 тоот дүгнэлт /хх-ийн 57х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
Давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн баруун талын “Алтай Центрын” хойд талд хохирогч С.Санчирын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Айфоне-5 эс” загварын гар утас, 5 доллар, асаагуур зэргийг дээрэмдэн, түүнд нийт 510.239 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч С.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24х/, гэрч А.Амина /хх-ийн 33х/, Э.Энхмандах /хх-ийн 35-36х/, Ц.Ганжаргал /хх-ийн 37х/, Б.Дорж /хх-ийн 38-39х/, А.Аминбаатар /хх-ийн 40-41х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн С.Санчирын биед үзлэг хийсэн 3817 тоот дүгнэлт /хх-ийн 52х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14х/ болон хавтас хэрэгт бусад бичгийн нотлох баримтуудаар,
Мөн давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цааш гүйн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талд хохирогч Ц.Цахиурын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “самсунг эс-4” загварын гар утас, 10.000 төгрөг зэргийг дээрэмдэн, түүнд 260.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Цахиурын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27х/, гэрч С.Баттулга /хх-ийн 32х/, Э.Энхмандах /хх-ийн 35-36х/, Ц.Ганжаргал /хх-ийн 37х/, Б.Дорж /хх-ийн 38-39х/, А.Аминбаатар /хх-ийн 40-41х/, Н.Алтаншагай /хх-ийн 42-43х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн Ц.Цахиурын биед үзлэг хийсэн 3633 тоот дүгнэлт /хх-ийн 55х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14х/ болон хавтас хэрэгт бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Д.Батзаяаг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг модыг зэвсгийн чанартай ашиглан, давтан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Р.Түвшинтөр /хх-ийн 17х/, Ц.Цахиур /хх-ийн 16х/ нарт дээрэмдүүлсэн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн өөрсдийн нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн тэдгээрт уг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Р.Түвшинтөрд дээрмийн гэмт хэрэгт өртөх үед биед учирсан хөнгөн гэмтлийн гэм хорын хохирлыг хобогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.
Хохирогч С.Санчирт уг гэмт хэргийн улмаас учирсан нийт 510.239 төгрөгийг Д.Батзаяагаас гаргуулж, түүнд олгох нь зүйтэй гэж үзэв.
Д.Батзаяа нь урьд 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХУД-ийн шүүхийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар бүгд 5 жил 1 cap хорьж, уг хорих ял дээр 235 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 1 cap хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байна.
Дээрхи эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалын хэрэг бөгөөд ялтай байдлын хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар дуусаагүй байх ба 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дугээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Батзаяагийн урьд ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэт заасан гэмт хэрэг нь өршөөлд хамрагдахгүй байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Д.Батзаяад ял шийтгэл оногдуулах ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Даваахүүгийн Батзаяаг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг модыг зэвсгийн чанартай ашиглан, давтан үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Батзаяаг эд хөрөнгө хураахгүйгээр, 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Батзаяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Д.Батзаяагийн цагдан хоригдсон нийт 106 /нэг зуун зургаа/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцож. түүний эдлэх ялын хугацааг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батзаяагаас нийт 510.239 /таван зуун арван мянга хоёр зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Санчир /РД:УШ91040913/-т олгосугай.
7. Хохирогч Р.Түвшинтөр нь өөрийн биед учирсан гэмтлийн гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Батзаяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.ХАЛИУН