Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр                 2020/ШЦТ/163                                   Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930001620272 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын    06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ..............., 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ОНӨҮГ-ын захирал ажилтай, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Цайртын 1-2-302 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЛЖ78042400/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  ******* нь Сүхбаатар аймгийн “*******” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 сны 05 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын данснаас төсвийн хөрөнгө болох 2 сая төгрөгийг иргэн Ш.Мөнхбаярт зээлүүлж бусдад давуу байдал бий болгосон, мөн буудлын орлогоос 10 хувийг төвлөрүүлэн зарцуулахдаа 354.400 төгрөгийг хувьдаа зарцуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буудлын орлогоос 400.000 төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа нэрийдлээр авсан боловч 2018 оны 10 дугаар сар хүртлэх хугацаанд өөрийн цалингаас суутгалгүй завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж эхэлсэн. Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Энэ хугацаанд захиалгаар шалгалт ороод санхүүгийн зөрчил гэж үзэж акт тавьсан. Энэ актаар тавигдсан төлбөрийг би барагдуулсан. ...Тухайн үед манай нөхрийн тайлан тоглолт болсон. Манай ажилчид надад хэлэхгүйгээр буудлын орлогоос мөнгөн аяга бусад зүйлийг авч хүндэтгэл үзүүлж байгаа гээд манай нөхөрт авч өгсөн байсан. Үүнийг би мэдээгүй. Хяналт, шалгалтын хүрээнд ******* гэдэг хүнд зарцуулагдсан байна гээд надад акт тавигдсан. Энэ мөнгийг би төлсөн байгаа.

Манай байгууллага нь аймгийн Тамгын газрын болон Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг болох үүднээс арын албыг гүйцэлдүүлж ажилладаг. Төрийн байгууллагын хүрээнд дээд газраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх зэрэг хүн ирэх болон Цагаан сар, наадам зэрэг баяр болоход Ш.Мөнхбаяр гэдэг хүнээс манай байгууллага хонины ууц, шүүс зээлээр аваад нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа Засаг даргын захирамжаар төлөөд явдаг. Энэ хүнтэй хамтын ажиллагаатай, төрийн ажлыг гүйцэтгэхийн тулд зээлээр мах авч байсан учраас 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн байсан. Тухайн үед би төрчихсөн байсан учраас энэ мөнгийг буцааж аваагүй байсан. Харин шалгалт орсны дараа Ш.Мөнхбаяраас авч, няравт төвлөрүүлсэн. Манай байгууллага нь урьдчилж үйл ажиллагаагаа явуулаад дараа нь аймгийн Засаг даргын захирамжаар төлбөр тооцоогоо хийдэг байсан. Тухайн үедээ өөртөө давуу байдал олгохгүйгээр тухайн хүнтэй хамтарч ажиллаж байгаа учраас энэ мөнгийг зээлүүлсэн. Тухайн мөнгө нь төсөвт суусан төсвийн мөнгө биш.

Манай бүх ажилчид өөрийн орлогоосоо нягтлантайгаа ярьж байгаад цалингийн урьдчилгаа гээд авдаг байсан. Урьдчилж авсан мөнгийг тайлант хугацаа дуусахаас өмнө төлөөд явдаг. Үүний дагуу л би 400.000, 300.000 төгрөгийг урьдчилж авсан. Дотоод үйл ажиллагаанаас олсон орлогоос боломжтой байвал цалингийн урьдчилгаа гэж олгодог байсан. Буудлын орлогоос урьдчилгаа олгож болно гэсэн журам байхгүй. Буудлын орлогоос цалинждаг 5 хүн байгаа,үүнд миний нэр байхгүй.

Намайг ажлаас халахын тулд захиалгаар энэ шалгалтыг оруулсан. Зөрчил гэж үзээд акт тавигдсан. Актаар тавигдсан мөнгийг төлчихсөн учраас би гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа Надтай холбоотой эдгээр төлбөрүүдийг төлчихсөн байгаа учраас би гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэв.

 

1930001620272  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч *******гийн хэрэг бүртгэлтэд гэрчээр өгсөн: Би сонсгож буй зүйл ангийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний авсан гээд байгаа мөнгийг би ажилдаа ороод цалингийн зээл аваад өгөх бодолтой байсан. Тодруулбал цалингийн урьдчилгаа гэж 2018 оны 04 дүгээр сард авсан 400000 төгрөг дээр 2 удаа акт тавьсан байсан. Буудлын орлогоос өөртөө зарцуулсан гэх 354000 төгрөгийг манай ажилчид болох Энхболор бусад ажилчид манай нөхөр ******* 2017 оны 10 дугаар сард болсон тайлан тоглолтонд зориулж, надад мэдэгдэлгүй мөнгөн аяга манай нөхөрт авч өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /1хх-36-37/

 

-Иргэний нэхэмжлэгч *******: Аудитын албанаас тогтоосон актын дагуу төлбөрөө төлж барагдуулсан бол надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй" гэх мэдүүлэг /2хх-47-48/

-Гэрч *******: Би Сүхбаатар аймгийн “*******” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт зохион байгуулагч ажилтай юм. 2017 оны 05 дугаар сард ******* гэх хүн тус байгууллагын даргаар томилогдож ажиллаад туслах үйлчилгээ буюу зочид буудлын орлогоос 10 хувийг нь авч ажилчдийн нийгмийн асуудлыг шийдэж байх талаар ярьсан бөгөөд үүний дагуу 2017 оны 06-р сарын 02 ны өдрөөс эхлэн орлогын 10 хувийг төвлөрүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд нийтдээ 3,879,000 төгрөг бүрдэхээр үнийн дүн гарч байгаа юм. Зарим үед уг мөнгийг байгууллагын эд зүйлд зарцуулж байсан. Дээрх үнийн дүнгээс 720,000 төгрөгөөр манай байгууллага амралт зугаалганд явахад зарцуулсан. Шинэ хуүхэдтэй болсон ажилтанд 150,000 төгрөг, архив бичиг хэргийн сургалтанд 80,000 төгрөг, угаалгын машины засварт 145,000 төгрөг, зочид буудалд ариутгалын бодис 100,000 төгрөгөөр, байгууллагын ахмад ажилтанд 358,000 төгрөгийг, ажилчдын нийгмийн асуудалд 304,320 төгрөг нийтдээ зарцуулсан. 1,757,320 төгрөгийг зарцуулсан. Шалгалт орох үед надад бэлнээр 1 134,412 төгрөг байсан. Үлдэгдэл 987,268 төгрөгийг ******* нь надаас цувуулж бэлнээр авсан, юунд зарцуулсан нь тодорхойгүй юм... гэх мэдүүлэг /1хх- 35/,

- Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны2018.10.08-ны өдрийн 24 дугаартай  хяналт шалгалтын танилцуулга /1хх-38-40/

- Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 31-6/36 дугаартай албан шаардлага /1хх-41-42/

-Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 31-03/51 дугаартай акт /1хх-43/

-Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 31-03/53 дугаартай акт /1хх-44/

-Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 31-03/52 дугаартай акт /1хх-45/

-******* үйлчилгээ ОНӨААТҮГазарт хийсэн шалгалтын илтгэх хуудас /1хх-46-49/

- Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 3/58 СБА-2018/9/СТА-ОНӨААН  дугаартай албан шаардлага /1хх-50/

-Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн 2018.11.19-ний өдрийн 6/1778 дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /1хх-57/

-Татварын албанаас татвар төлөгчдөд хүргүүлэх мэдэгдэх хуудас /1хх-52-53/

-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 11-ний 5/43  дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-58-61/

-Сүхбаатар  Нийтлэг үйлчилгээ ОНӨААТГазрын цалингийн тооцооны хүснэгт /1хх-63-64/

- *******гийн дугаартай дансанд цалин шилжүүлсэн баримт 2018.05.02 /1хх-65/

-Гэрч : Тус газрын дарга ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын бэлэн мөнгөний касснаас 300.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан боловч санхүүгийн анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан. Дээрх зөрчлүүд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх ” заалт зөрчсөн. Б Сумьяа нь актын төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан учир манайх шүүхэд хүсэлт явуулж шүүхээс актыг баталгаажуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан. Ингээд 2019 оны 05 дугаар сараас миний зөрчил гэж тавьсан актын төлбөр болох байгууллагын данснаас 2,0 сая төгрөг гарган авсан төлбөр, 2018 оны 04 дүгээр сард кассын орлогоос бэлнээр авсан, 300000 , 400000 төгрөгийг Б.Сумьяа нь бүгдийг төлж барагдуулсан байна...гэх мэдүүлэг /2хх-49/,

- Гэрч : Буудлын орлогын 10 хувиас ******* нь өөрт зарцуулсан мөнгийг санхүүгийн баримт, жагсаалтаар нь тулгахад 345.400 төгрөгийг зөвхөн өөртөө буюу хувьдаа зарцуулсан байсан. Тиймээс дээрх мөнгийг төлөх актыг тавьсан юм. Б.Сумьяа нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийг төлж барагдуулсан байна...гэх мэдүүлэг /2хх-50/,

 

- Гэрч : Хэрэв цалингийн урьдчилгаанд дээрх мөнгийг авч байгаа бол нягтлан бодогч нь цалингийн урьдчилгаа өгсөн гээд авлага үүсгэх ёстой. Гэтэл шалгалтаар тийм бүртгэл байгаагүй учир дээрх актыг тавьсан...гэх мэдүүлэг /2хх-51-52/,

 

- Гэрч : ******* үйлчилгээ ОНӨҮГ-ын ажлын үндсэн зорилго нь аймгийн Засаг даргын тамгын газар, мөн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой үйлчилгээний ажлуудад дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага. Энэ байгууллагын ажилчид хоёр хэлбэрээр цалинждаг. Эхнийх нь гэрээт 28 албан хаагч нар аймгийн Засаг даргын тамгын газраас төсвөөс цалинждаг. Дээрх албан хаагчид нь бүгд төрийн үйлчилгээний алба хаагчид юм. Манай тамгын газарт санхүүжилт орж ирэхээр тухайн сарынх нь цалин, түүний шимтгэлийг байгууллага руу нь шилжүүлдэг. Нөгөө ажилчид нь байгууллага, зочид буудал, цайны газрын үйл ажиллагааны орлогоос цалинждаг...гэх мэдүүлэг /2хх-54/

 

- Гэрч : Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “ олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар “ гэж заасан байдаг. Тэгэхээр “******* үйлчилгээ” ОНӨААТҮГ нь өөрийнхөө орлогоор санхүүжээд явах ёстой. Мөн аймгийн Засаг даргын тамгын газарт үйлчилгээ явуулаад төсвөөс ажилчид нь цалинжаад явдаг. Гэхдээ энэ нь төсвийн байгууллага гэсэн үг. Энэ газрын бие даасан хуулийн этгээд гэж үзнэ. Тухайн байгууллага нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учир буудал, цайны газрын үйл ажиллагаа эрхлээд орлого олох эрхтэй, олсон орлогоос дарга, захирал нь "төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.2-д зааснаар “үйлдвэрийн газрын төрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор” захиран зарцуулах эрхтэй. Олсон орлогоо төсөвт төвлөрүүлэхгүй, тухайн олсон орлогыг төсвийн орлого гэж үзэхгүй. Харин тухайн үйлдвэрийн газрын ашиглаж байгаа өмч хөрөнгө буюу эд хөрөнгийг төсвийн хөрөнгө гэж үзнэ. Би хуулийн хүрээнд миний мэдэх зүйл бол энэ. Харин тухайн газарт холбогдох өөр нарийвчилсан гэрээ, журам, дүрэм байгаа эсэхийг бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-55-56/,

 

- Гэрч : Тийм хөдөлмөрийн гэрээ, эрх зүйн акт одоогоор аймгийн Засаг даргын газарт байхгүй байна. *******г анх ажилд томилохдоо түүнтэй хөдөлмөрийн байгуулахыг Засаг даргын тамгын газрын даргад даалгасан боловч гэрээ байгуулаагүй байсан байна...гэх мэдүүлэг /2хх-58/,

 

- Гэрч : 2018 оны 10 сард аймгийн Засаг даргын захирамжтай тооллого явагдсан юм. Тэгээд Нийтлэгийн эд зүйлд тооллого хийхэд кассын орлогоос 2.000.000 төгрөгөөр үндсэн хөрөнгө худалдаж авахаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байсан. ...Мөнгөнчимэгийн дараа нягтлан бодогчоор ажилд орсон эмэгтэй “дарга худалдаж авсан нөөтбүүкээ явууллаа” гээд хуучирсан нөөтбүүк авчирч өгсөн. ...Уг нөүтбүүкийг ямар учиртай талаар Мөнгөнчимэгээс асуухад наад мөнгийг чинь дарга ******* аваад явсан. Тэгээд надад уг баримтуудыг өгсөн. Миний хувьд юу авсан талаар мэдэхгүй байна гэсэн зүйл ярьж байсан. Уг нөүтбүүк падаанд тусгагдсан үнийн дүнтэй тохирохгүй хуучин байсан...гэх мэдүүлэг /1хх-77/

 

- Гэрч : 2018 оны 08 билүү 09 дүгээр сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар явахад дарга ******* нь “чи хот явж байгаа юм чинь гайгүй нөөтбүүкийн үнэ ханшийг мэдчихээд ирээрэй” гэхээр нь би Улаанбаатар хотын “Компъютер-Ланд” төвд очиж судлахад шинэ нь 1500,0-2000,0 мянган төгрөгийн хооронд гайгүй нөөтбүүк байсан. Тэгэхээр нь ирээд үнийг нь даргад хэлсэн.Дарга түүнээс хойш нөөтбүүк аваагүй, шинээр авсан нь надад мэдэгдэж,харагдаагүй. Даргын өөрийнх нь албаны нөөтбүүк нь хуучирсан байсан болохоор шинийг авах гэж байсан юм шиг байна лээ. Дарга нөөтбүүк авсан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй.Зочид буудлаас орсон орлогын 10 хувийг олон нийтийн ажилд зарцуулна гээд сонсгол дээр ярьж мэдээлж байсан, гэхдээ бид нарт болон ажилд зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй, тэгж зарцуулж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн орлого нь юунд зарцуулагдсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-78/,

 

- Гэрч : Би 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ******* ОНӨААТҮГ-т үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллагын үндсэн ажил нь ЗДТГ-ын цэвэрлэгээ үйлчилгээ, хурал семинарын зохион байгуулалт, Зочид буудлын үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг юм. Би байгууллагын даргаар ажиллаж байсан *******г манай ажилд даргаар томилогдсон цагаас нь хойш мэддэг болсон, түүнээс өмнө танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. Тэр өдөр манай байгууллагын дарга ******* надад “чи байгууллагын данснаас 2,805,0 мянган төгрөгийг авчираад нягтлан бодогчид өгөөч ” гэж хэлэхээр нь би ХААН банк руу очиж өөрийн бичиг баримтаараа дээрх мөнгийг аваад өмнөх нягтлан бодогч Одонцэцэгт хүлээлгэж өгсөн. Тухайн үед манай байгууллагын нярав Даваажаргал жирэмсний амралттай байсан тул намайг явуулсан юм. Манай байгууллагын хурал дээр ярилцаад Зочид буудлын орлогоос 10 хувийг хуримтлуулж шаардлагатай үед зарцуулъя гэж ярилцаж тохирсон. Ингээд мөнгийг нь бичиг хэрэг, буудлын зохион байгуулагч Энхболор хуримтлуулж байсан, сүүлд мөнгө нь үрэгдсэн байсан гэсэн. Тухайн мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэх зүйл байхгүй. Ажилчдын нийгмийн болон бусад асуудалд ямар нэг байдлаар зарцуулаагүй...гэх мэдүүлэг /1хх-79/,

 

- Гэрч : Би Сүхбаатар аймгийн Нийтлэг үйлчилгээ ОНӨААТҮГазарт 2018 оны 08 дугаарын сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халагдсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай дарга ******* /жирэмсний/ амралтаа дуусгаад ажилдаа ороод удаагүй байсан гэх/ нярав Даваажаргалын хамт өрөөндөө дуудаад “Алтан-Овоо болон аймгийн баяр наадмаар ажилчдаа авч явсан бензины зардалд 510,0 мянган төгрөг, 250,0 мянган төгрөгийг миний цалингийн урьдчилгаанд нийт 760,0 мянган төгрөгийг гаргаж нярав Даваажаргалд өг ” гэж надад хэлсэн. Тэгээд би ХААН банкны харилцах данснаас 810,0 мянган төгрөгийг авч няравт өгсөн. Учир нь 50,0 мянган төгрөгөөр нь дарга албаны Приус-20 маркийн 63-73 СҮ- дугаартай авто машиндаа бензин хийсэн байх.

Цалингийн урьдчилгаа авах бэлэн мөнгөний хүсэлт бичсэн, 510,0 мянган төгрөгийн бензиний баримт бүрдүүлж өгөөд надаас авсан.

Мөн манай байгууллагад санхүү, хяналт аудитын шалгалтаар 4 сая гаран  төгрөгийн акт тавигдсан. Намайг ажилд орохоос өмнөх зөрчилд акт тавигдсан байсан. Ингээд актанд тусгагдсан төлбөрийг *******г төлөхийг даалгасан. Дарга надад "маргаашийн дотор төлбөрийг төл гэж байна” гэж хэлээд би харилцах данснаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,805,0 мянган төгрөгийг касс руу төвлөрүүлсэн. Энхболор дээр буудлын орсон орлогоос 10 хувийг нь төвлөрүүлж байсан мөнгөнөөс 1,134,412 төгрөгийг авч харилцах данснаас касс руу шилжүүлсэн 2,745,488 төгрөгийг авч нийлүүлээд 3,879,900 төгрөгийг байгууллагын ХААН банкны тоот дансаар оруулаад буцааж орон нутгийн татварын дансанд тоот тушааж актын зөрчлөө арилгуулсан...гэх мэдүүлэг /1хх-80/,

 

- Гэрч : 2018 оны 05 дугаар сарын эхээр нэг өдөр дарга ******* намайг өрөөндөө дуудаад “өөрийн албан хэрэгцээнд зөөврийн компьютер авъя, гайгүй үнээр авчихвал илүү мөнгөөр нь зургийн аппарат авъя, чи байгууллагын данснаас 2.000.000 төгрөг аваад ир ” гээд нягтлан бодогч Г.Мөнгөнчимэг болон дарга нарын гарын үсэг тамгатай ХААН банкны зарлагын баримт өгсөн. Мөн нарийхан цаасан дээр “Мөнх” гэсэн үг орсон нэртэй хүний ХААН банкны дансыг бичиг өгсөн. Би яг одоо нэрийг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан нэрний эхнийх нь “ Мөнх”-өөр эхэлсэн байсан. Ингээд би баримтыг аваад ХААН банкин дээр очиж байгууллагын данснаас 2 сая төгрөгийг кассанд гэж аваад буцаагаад тэр мөнгийг бүгдийг нь Мөнхбаяр гэх хүний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Тэр хүний дансны дугаарыг санахгүй байна. Би “Мөнх”-тэйгээр эхэлсэн нэртэй хүн рүү шилжүүлэхдээ “Нийтлэг үйлчилгээ *******гаас” гэсэн утгатай бичиж шилжүүлсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байх нэг өдөр үдийн хойно намайг ажил дээрээ байж байхад нэг эрэгтэй танихгүй хүн ирээд “******* даргаас авсан мөнгө өгчихөөрэй ” гэж хэлээд 2 сая төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-85-87/,

 

- Гэрч : Тэр өдөр дарга намайг өрөөндөө дуудаад “надад 2 сая төгрөг хэрэгтэй байна, энэ сардаа багтаагаад өгчихнө, чи байгууллагын данснаас аваад өгчих ” гэхээр нь би гүйлгээ хийх чекийг нярав Даваажаргалд бичиж өгсөн. Тэгээд нярав яваад байгууллагын данснаас касс руу бэлэн мөнгө аваад нэг хүн рүү тухайн мөнгийг шилжүүлсэн гэсэн. Хэн гэж хүн рүү шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотын Улаанбаатар сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа манайд нярав ажилтай байсан Б.Даваажаргал руу утсаар нь холбогдож кассанд байсан буудлын орлого болох 400.000 төгрөгийг авсан юм. Дараа нь над руу 7 хоногийн дараа яриад “Дарга нь эмнэлгээс гарах гэж байна. Үнэтэй эм тариа авах гэсэн юм. Буудлын орлого хэд байна вэ , тэрийг над руу явуулаач “ гэхэд нь би кассанд байсан 300.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Юунд зарцуулсныг мэдэхгүй. Урьдчилгаа цалин болгоё гэж хэлээгүй. 2018 оны 04 дүгээр сарын цалингаа бүтнээр нь бодуулж авсан...гэх мэдүүлэг /1хх-33-34/,

 

- Гэрч : Би 3ил-130 маркийн авто машинаар өвөлдөө нүүрс тээвэрт явж хэдэн төгрөг олж амьдардаг юм. Би 2018 оны 07 дугаар сард болсон Алтан-Овооны тахилгад яваагүй, тухайн үед аймагтаа явсан. Тэгэхээр би “*******” ОНӨААТҮГ-ын ачаа, барааг ачиж уг овооны тахилгад яваагүй гэсэн үг юм. Харин өнгөрсөн өвөл шиг санаж байна, 2018 оны сүүлээр “*******” ОНӨААТҮГ-ын нярав гэж шар эмэгтэй ирж уулзаад “та машиныхаа бичиг баримтаа өгч байгаач хэрэгтэй байна” гэхээр нь би өөрийн 3ил-130 маркийн авто машины бичиг баримтаа няравт нь өгөөд явуулсан. Тэгээд надад бичиг баримтыг маань удалгүй буцааж өгсөн, юунд хэрэглэх гэж байгаа талаараа надад хэлээгүй, би ч тэр талаар асуугаагүй. Ер нь бол “*******” ОНӨААТҮГ-ын ажилчид надаар өмнө нь гэрийнхээ нүүрсийг татуулдаг байсан учир би юм бодоогүй бичиг баримтаа өгсөн юм. 2018 оны 07 дугаар сард намайг хөлсөлж 510,0 мянган төгрөгийн бензин шатахуун хийж овооны тахилгад яваагүй...гэх мэдүүлэг /1хх-88-89/,

 

- Гэрч : Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөр дарга тухайн үед намайг дуудаад “Нийтлэг үйлчилгээний газарт гадна дотноос ирсэн зочид төлөөлөгчидтэй холбоотой, удаа дараа гарсан шүлхий өвчний үед ажилласан хүмүүсийн байр хоол зэрэг нилээн өр үүсч байна, эх үүсвэрийг Засаг даргын нөөц болон аймгийн ЗДТГ-аас зохицуулж хүрэхгүй байна. Тиймээс шүлхийн голомтод ажилласан алба хаагчдад олгох томилолтын мөнгөнөөс зохицуулах боломж байна уу ” гэж хэлсэн. Ингээд Нийтлэг үйлчилгээ ОНӨААТҮГ-аас олон удаагийн шүлхий өвчин, бусад арга хэмжээний үеэр машин техник, хүн хүч ашиглаж байсан учир зохицуулж болох уу гэж ярилцаад тухайн газрын алба хаагчдыг шүлхийн голомтод ажиллуулсан гээд томилолтын мөнгөнөөс үүссэн өрийг дарахаар ерөнхийдөө ярилцсан. Аймгийн Засаг даргын 2017.04.14-ний өдрийн А/163 дугаартай захирамж гарч үүний дагуу Нийтлэг үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 10 ажилтанд "шүлхийн голомтод ажилласан томилолтын зардал болгож 6 сая төгрөгийг олгохыг даалгасан. Ингээд жилийн эцсээр тухайн томилолтын мөнгө болох 6 сая төгрөг Нийтлэг үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дансанд орсон. Үүний дагуу тухайн байгууллагын дарга Б.Сумьяад утсаар “дансанд шүлхийн голомтод ажилласан хүмүүсийн томилолт гээд 6 сая төгрөг орсон байгаа аваад өгчихөөрэй” гэж хэлээд тухайн газрын нярав Даваажаргал 6400,0 мянган төгрөгийг намайг ажлын өрөөндөө байхад бэлнээр авчирч өгсөн. Учир нь "татварын хууль тогтоомжийн дагуу бэлэн мөнгө гарч байгаа тохиолдолд 10 хувь нь суутгагдаад 5,400,0 мянган төгрөгийг авчирч өгсөн.

Дээрх мөнгийг Сүхбаатар аймагт мал махны ченж хийдэг Пүрэвдоржийн Дашдорж гэж хүнд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Учир нь 2017 оны эхээр сар шинийн өмнө ерөнхий сайд У Хүрэлсүх улсын сайн малчны шагнал гардуулах ажлаар ирсэн. Энэ айлчлалын үеэр ирсэн зочдод 30 ширхэг хонины ууцыг бэлэглэсэн ба энэ ууцнуудыг ченж Дашдоржоос зээлээр авсан байсан юм. Ингээд дээрх мөнгийг Дашдоржид өрөндөө өгсөн юм. Тухайн 30 ширхэг ууцыг яг хэн хэн өгсөнийг одоо мэдэхгүй байна, айлчлалаар ирсэн хүмүүсийн нэрс байгаа учир түүнээс харж байгаад түүгээд гаргах боломжтой. Харин 6 сая төгрөгийн 10 хувь болох 600.000 төгрөг тухайн байгууллагадаа үлдсэн. Түүнийг хэрхэн зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-104-105/,

 

- Гэрч : Гамшгийн үед ажилласан хүмүүсийн хоол, унааны томилолтын зардал хэдэн 100 сая төгрөг жилдээ зарцуулагддаг. Тухайн үед хэд хэдэн удаа шүлхий өвчин гараад Гамшгийн үед ажилласан томилолтын зардал нилээд их хэмжээгээр гарч санхүүжигдсэн шиг санагдаж байна. Надад ямар учраас Онцгой байдлын ажилчдын албан томилолтын мөнгө ******* орон нутгийн өмчийн компанийн дансруу шилжигдсэн талаар мэдэхгүй. Гамшигийн үед онцгой байдлын албан хаагч, ажилчид гэхгүйгээр жирийн иргэд, төрийн албан хаагчаас дайчлан ажиллуулдаг тохиолдол байдаг. Энэ болгонд томилолт, зардал гарч байгаа. ******* орон нутгийн өмчийн компанийн ажилтнуудыг Түмэнцогт суманд ажилласан мэтээр хуурамч санхүүгийн баримт бүрдүүлэн дээрх 6 сая төгрөгийг гаргаж авсан гэх асуудлын талаар мэдэхгүй. Ер нь бол орон нутагт ажиллаж байхад бол Улаанбаатар хот болон Төр захиргааны байгууллагаас шалгалтаар болон албан ажлаар хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүсийг хүлээж авах, хоол унаа, байрны зардал гардаг. Энэ зардал мөнгөнүүдийг төсвөөс гаргах боломжгүй байдаг. Ерөнхий сайд Хүрэлсүх нь 2018 оны 02 дугаар сард олон хүний бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний айлчлалаар Сүхбаатар аймагт ажиллаж байсан. Тухайн үед сайдыг дагалдан ирсэн хүмүүст бэлэг сэлт өгсөн байхыг үгүйсгэхгүй. Цагаан сарын өмнө нь болсон айлчлал учраас хонины гулууз мах ууц өгсөн байх боломжтой. Би энэ асуудлын талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-106-107/,

 

- Гэрч : Миний санаж байгаагаар одоогоор 2 жилийн өмнө байх. 2017 оны сар шинийн өмнө шиг санаж байна. Би 150 орчим хонины гулуузыг Улаанбаатар хот руу борлуулахаар Сүхбаатар аймгаас хөдлөх гэж байхад Төмөрчулуун нь надтай утсаар яриад “эгчид нь ууцны хонины махны хэрэг байна, 20 ширхэг ууцны гулууз зээлээч” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд манай мах хадгалдаг хашаанд байхад аймгийн захиргааны жолооч бололтой хэдэн хүмүүс ирээд хонины гулуузыг ачсан. Тэгэхдээ 27-28 ширхэг гулууз авсан, эхлээд 20 ширхэг гэж байснаа яг авахдаа 7-8 ширхэг гулууз нэмээд нийтдээ 27 билүү 28 ширхэг ууцны хонины гулууз авсан. Тухайн зээлж авсан гулуузныхаа мөнгийг удалгүй өгнө гэж хэлээд авсан ба нэг гулуузыг нь 170 орчим мянган төгрөгөөр худалдаж авсан, том гулуузнаас нь гэсэн учир би гайгүй том гулуузнаасаа зээлээр өгсөн. Тухайн үед хотны ханшаар худалдаж авсан. Тухайн зээлсэн гулууз нь 4800,0 орчим мянган төгрөг болсон. Ингээд зээлсэн гулуузныхаа мөнгийг өгөлгүй удсан, би нэхээд сүүлдээ Төмөрчулуун нь гар утсаа авахгүй байдаг байсан. Тэгж байгаад 2017 оны зун 1 сая төгрөгийг эхэлж манай эхнэр Надмидмаад бэлнээр өгөөд, түүний дараа үлдэгдэл 3800,0 мянган төгрөгийг 2017 оны сүүлээр Төмөрчулуун өөрөө авчирч өгсеөд авлага дууссан. Надад мөнгөө өгөхдөө дансаар өгөхгүй бэлэн авчирч өгсөн. Би данс руу мөнгөө хийчих гэхэд бэлнээр авчирч өгсөн...гэх мэдүүлэг /1хх-108/

 

- Гэрч : Би сар өдрийг нь нарийн санахгүй байна. Мал мах авч байгаад надад хэдэн төгрөг дутсан. Ингээд ******* руу ярьж 2.000.000 төгрөгийг зээлээч гэж утсаар ярьсан. ******* зөвшөөрч 2 сая төгрөгийг надад бэлнээр билүү миний ХААН банкны дугаарын дансаар шилжүүлж авсан. Тухайн мөнгийг би мал махны наймаа эрхэлж байсан түүндээ зарцуулсан. ******* нь надаас ззэлсэн мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь би өгөлгүй жоохон удаасан. Тэгсэн 2018 оны 11 дүгээр сарын орчимд байх ******* над руу залгаад “нөгөө мөнгө чинь хэрэгтэй болчихлоо, манай няравт аваачаад өгчих” гэхээр нь би сая тэгрөгийг ажил дээр нь очиж нярав ч гэлүү аж ахуйн ажилтан ч гэлүү нэг эмэгтэйд аваачиж өгсөн. Би *******гаас 2 сая төгрөгийг зээлсэн нь үнэн, бид нар чинь хүнээс мөнгө төгрөг байнга л зээлээд намайгаа хийж явдаг юм. Надад албанаас мөнгийг нь гаргаж өгсөн гэж хэлээгүй, яриагүй болохоор би хувийн мөнгө л гэж бодоод явж байсан...гэх мэдүүлэг/   /

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай захирамжаар “******* үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулсан, уг байгууллагын дүрэмд “ ..ашгийн төлөө байгууллага байх, ...бүтээгдхүүн нийлүүлсний төлбөр болон аж ахуйн үйлчилгээний орлогоор санхүүжина”, “******* үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг аймгийн засаг дарга томилж, чөлөөлнө”, “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс хууль тогтоомж, гэрээ, дүрэмд заасан эрх хэмжээний дотор эд хөрөнгийг захиран зарцуулах” захирлын эрхийг зааж өгсөн тухай дүрмийн хуулбар /2хх-68-72/

 

-2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 000140472 дугаартай Улсын бүртгэлийн ******* үйлчилгээ” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар” -г бүртгэсэн гэрчилгээний хуулбар РД:2742322 /2хх-73/

 

-Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019.05.17-ны өдрийн 31-03/34 дугаартай акт /1хх-25-26/

 

- Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019.05.17-ны өдрийн 31-03/33 дугаартай акт /1хх-25-26/

 

-Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.22-ны 168 дугаартай албан бичиг /1хх-119/

 

-*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-120/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.04.22-ны өдрийн 2/240 дугаартай тодорхойлолт /1хх-121/

 

-*******гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1хх-122/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017.05.12-ны өдрийн Б/31 дугаартай *******г үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамж /1хх-123/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018.10.19-ний өдрийн Б/66 дугаартай *******г албан тушаал бууруулах тухай захирамж /1хх-124/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019.03.22-ны өдрийн Б/14 дугаартай *******г ажилд томилох тухай захирамж /1хх-125/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019.04.15-ны өдрийн Б/17 дугаартай *******г ажлаас халах тухай захирамж /1хх-126/

 

-*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-129-132, 146-148/

 

-*******гийн Хас банкны дансны хуулга /1хх-134-136, 143/

 

- Хаан банкны депозит дансны хуулга /1хх-139-140/

 

-Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга /1хх-143/

 

-Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.11.11-ний өдрийн 3/1277 дугаартай албан бичиг /1хх-150/

 

-******* ОНӨААТҮГазрын Хаан банкны депозит дансны хуулга /1хх-151-153, 169-170/

 

-ЦЦАМ ХХК-ны зарлагын баримт, нөүтбүүкны зураг, хуулийн этгээдийн лавлагааны мэдээлэл /хх-154-157/

 

-Нийтлэг үйлчилгээ буудлын орлогын орлого, зарлагын тайлан /1хх-158-167/

 

- бичсэн тайлбар /1хх-168/

 

-******* үйлчилгээ ОНӨҮГазрын бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /1хх-171, 176-179/

-Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017.04.14-ний өдрийн А/163 дугаартай захирамж /1хх-172-173/

 

-2017.12.24-ний өдрийн Төлбөрийн хүсэлт /1хх-174/

 

- ******* үйлчилгээ ОНӨҮГазрын нэхэмжлэх /1хх-175/

 

- ******* үйлчилгээ Жолоочийн тооцооны хуудас /1хх-182/

 

- ******* үйлчилгээ зарлагын баримтууд /1хх-180-193/

 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн даснаас мөнгө шилжүүлэх тухай баримтууд /2хх-74-85/

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 543 дугаартай захирамж,

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 543 дугаартай захирамж зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн “*******” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 сны 05 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын данснаас төсвийн хөрөнгө болох 2 сая төгрөгийг өөрийн танил Ш.Мөнхбаярт зээлдүүлж бусдад давуу байдал бий болгосон,

мөн тухайн газрын буудлын орлогоос 10 хувийг төвлөрүүлэн зарцуулахдаа 354.400 төгрөгийг хувьдаа зарцуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буудлын орлогоос 400.000 төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа нэрийдлээр авч 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн цалингаас суутгалгүй завшиж өөртөө давуу байдал бий болгосон болох нь:  

гэрч “...2018 оны 05 дугаар сарын эхээр дарга ******* “албан хэрэгцээнд зөөврийн компьютер авъя, гайгүй үнээр авчихвал илүү мөнгөөр нь зургийн аппарат авъя, чи байгууллагын данснаас 2.000.000 төгрөг аваад ир ” гээд нягтлан бодогч Г.Мөнгөнчимэг болон дарга нарын гарын үсэг тамгатай ХААН банкны зарлагын баримт өгсөн. Би баримтыг аваад ХААН банкин дээр очиж байгууллагын данснаас 2 сая төгрөгийг кассанд гэж аваад Мөнхбаяр гэх хүний ХААН банкны данс руу “Нийтлэг үйлчилгээ *******гаас” гэсэн утгатай бичиж шилжүүлсэн ” гэх,

гэрч “ ******* дарга дуудаад “надад 2 сая төгрөг хэрэгтэй байна, энэ сардаа багтаагаад өгчихнө, чи байгууллагын данснаас аваад өгчих” гэхээр нь би гүйлгээ хийх чекийг нярав Даваажаргалд бичиж өгсөн. Нярав яваад байгууллагын данснаас касс руу бэлэн мөнгө аваад нэг хүн рүү тухайн мөнгийг шилжүүлсэн гэсэн. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр хотод Улаанбаатар сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа нярав Б.Даваажаргал руу утсаар нь холбогдож кассанд байсан буудлын орлого болох 400.000 төгрөгийг авсан. Дараа нь над руу 7 хоногийн дараа яриад “Дарга нь эмнэлгээс гарах гэж байна. Үнэтэй эм тариа авах гэсэн юм. Буудлын орлого хэд байна вэ? , Тэрийг над руу явуулаач гэхэд нь би кассанд байсан 300.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Юунд зарцуулсныг мэдэхгүй. Урьдчилгаа цалин болгоё гэж хэлээгүй. 2018 оны 04 дүгээр сарын цалингаа бүтнээр нь бодуулж авсан” гэх,

гэрч “******* руу ярьж 2.000.000 төгрөгийг зээлээч гэж утсаар ярьсан. ******* зөвшөөрч 2 сая төгрөгийг миний ХААН банкны дугаарын дансаар шилжүүлж авсан ” гэх,

гэрч “...тус газрын дарга 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын бэлэн мөнгөний касснаас 300.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан боловч санхүүгийн анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан. Дээрхи зөрчлүүд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх ” заалт зөрчсөн ” гэх,

гэрч “...буудлын орлогын 10 хувиас ******* нь өөрт зарцуулсан мөнгийг санхүүгийн баримт, жагсаалтаар нь тулгахад 345.400 төгрөгийг зөвхөн өөртөө буюу хувьдаа зарцуулсан байсан. Тиймээс дээрх мөнгийг төлөх актыг тавьсан юм ”гэх,

гэрч “ Хэрэв цалингийн урьдчилгаанд дээрх мөнгийг авч байгаа бол нягтлан бодогч нь цалингийн урьдчилгаа өгсөн гээд авлага үүсгэх ёстой. Гэтэл шалгалтаар тийм бүртгэл байгаагүй учир дээрх актыг тавьсан” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017.05.12-ны өдрийн Б/31 дугаартай *******г үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамж,

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018.10.19-ний өдрийн Б/66 дугаартай *******г албан тушаал бууруулах тухай захирамж,

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019.03.22-ны өдрийн Б/14 дугаартай *******г ажилд томилох тухай захирамж,

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019.04.15-ны өдрийн Б/17 дугаартай *******г ажлаас халах тухай захирамж,

*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Хаан банкны депозит дансны хуулга,

Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл дэх Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор хуульчилжээ.

 

*******гийн хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017.05.12-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар Сүхбаатар аймгийн “*******” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ ОНӨААТҮГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож ажиллахдаа түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, гэрээ, Төрийн өмчийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар аймгийн “*******” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ ОНӨААТҮГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, уг байгууллагын дүрэм, журамд заасны дагуу тухайн байгууллагын даргын эрх хэмжээг хэрэгжүүлж байсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект гэж хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Авилгын гэмт хэрэгт хамаарах ба Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран” төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул шүүгдэгч *******г“ *******” ОНӨААТҮГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд тухайн гэмт хэргийн субъектын шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******* нь “Төрийн байгууллагын хүрээнд дээд газраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх зэрэг хүн ирэх болон Цагаан сар, наадам зэрэг баяр болоход Ш.Мөнхбаяр гэдэг хүнээс манай байгууллага хонины ууц, шүүс зээлээр аваад нэлээдгүй хугацаа өнгөрсөний дараа Засаг даргын захирамжаар төлөөд явдаг. Энэ хүнтэй хамтын ажиллагаатай, төрийн ажлыг гүйцэтгэхийн тулд зээлээр мах авч байсан учраас 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн байсан. Манай бүх ажилчид өөрийн орлогоосоо нягтлантайгаа ярьж байгаад цалингийн урьдчилгаа гээд авдаг байсан. Урьдчилж авсан мөнгийг тайлант хугацаа дуусахаас өмнө төлөөд явдаг. Үүний дагуу л би 400.000, 300.000 төгрөгийг урьдчилж авсан. Манай нөхрийн тайлан тоглолт болоход манай ажилчид надад хэлэхгүйгээр буудлын орлогоос мөнгөн аяга бусад зүйлийг авч хүндэтгэл үзүүлж байгаа гээд манай нөхөрт авч өгсөн байсан. Үүнийг би мэдээгүй “ гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа “ ******* нь Ш.Мөнхбаяр гэдэг хүнд 2.000.000 төгрөг зээлүүлсэн, цалингийн урьдчилгаанд 300.000, 400.000 төгрөг авсан нь бусдад болон өөрт нь ямар давуу байдал үүсэж байгаа юм. Энэ мөнгийг ******* цалингийн урьдчилгаа болгож аваад буцаад төлөх ёстой мөнгө байсан. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг харвал субъектив санаа зорилго байдаггүй. Энэ байгууллагын зөвхөн цалин төсвөөс ордог. Тухайн байгууллага нь өөрөө үйл ажиллагаа явуулж орлого олдог ашгийн төлөө байгууллага. Тиймээс 2.000.000 төгрөгийг Ш.Мөнхбаяр гэдэг хүнд зээлүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ ” гэж заасан. Бусдад 2.000.000 төгрөг зээлүүлж байгаа нь өөрөө иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа хэлбэр мөн. Санхүүгийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт зааснаар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

“ *******” ОНӨААТҮГ нь хууль болон дүрмээрээ орлого олох, олсон орлогоо зарцуулах эрхтэй боловч энэ нь даргын тушаал, байгууллагын ажилчдын шийдвэр, гэрээ, хэлцэл зэрэг санхүү, нягтлан бодох бүртгэлийн болон бусад хууль тогтоомжид заагдсан хуульд заасан үндэслэлээр хэрэгжих бөгөөд зөвхөн тухайн байгууллагын даргын албаны эрх мэдэл, үзэмж, дураар хэрэгжих үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл “ *******” ОНӨААТҮГ-ын дарга нь  Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, гэрээ, Төрийн өмчийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх атал энэ хуульд заасан үүргээ үүрэгтэй юм.

 

Тухайлбал ******* нь өөрийн танил Ш.Мөнхбаярт байгууллагын данснаас 2.000.000 төгрөгийг гаргуулж  сарын хугацаанд зээлдүүлсэн асуудлыг “ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх зэрэг хүн ирэх болон Цагаан сар, наадам зэрэг баяр болоход Ш.Мөнхбаяр гэдэг хүнээс хонины ууц, шүүс зээлээр авч, дараа нь Засаг даргын захирамжаар төлөөд явдаг. Энэ хүнтэй хамтын ажиллагаатай, төрийн ажлыг гүйцэтгэхийн тулд зээлээр мах авч байсан учраас 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн “ гэж,

мөн байгууллагын буудлын орлогоос 1045.400 төгрөг авснаа “ Манай бүх ажилчид өөрийн орлогоосоо нягтлантайгаа ярьж байгаад цалингийн урьдчилгаа гээд авдаг байсан. Урьдчилж авсан мөнгийг тайлант хугацаа дуусахаас өмнө төлөөд явдаг. Үүний дагуу л би 400.000, 300.000 төгрөгийг урьдчилж авсан “ гэж тус тус мэдүүлж тайлбарлах боловч энэ нь хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй буюу гэрч “ Мал мах авч байгаад надад хэдэн төгрөг дутсан. ******* руу ярьж 2.000.000 төгрөгийг зээлсэн. Тухайн мөнгийг би мал махны наймаа эрхэлж байсан түүндээ зарцуулсан. ******* нь надаас зээлсэн мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь би өгөлгүй жоохон удаасан. Надад албанаас мөнгө гаргаж өгсөн гэж хэлээгүй, яриагүй болохоор би хувийн мөнгө л гэж бодоод явж байсан “ гэх,

 гэрч ” 2018 оны 05 дугаар сард дарга ******* дуудаад “албан хэрэгцээнд зөөврийн компьютер авъя, гайгүй үнээр авчихвал илүү мөнгөөр нь зургийн аппарат авъя, данснаас 2.000.000 төгрөг аваад ир ” гээд нягтлан бодогч Г.Мөнгөнчимэг болон дарга нарын гарын үсэг тамгатай ХААН банкны зарлагын баримт, “Мөнх” гэсэн үг орсон нэртэй хүний ХААН банкны дансны бичиг өгсөн. Би байгууллагын данснаас 2 сая төгрөгийг аваад Мөнхбаяр гэх хүний ХААН банкны данс руу “Нийтлэг үйлчилгээ *******гаас” гэсэн утга бичиж шилжүүлсэн “,

гэрч “дарга дуудаад “надад 2 сая төгрөг хэрэгтэй байна, энэ сардаа багтаагаад өгчихнө, чи байгууллагын данснаас аваад өгчих ” гэхээр нь би гүйлгээ хийх чекийг нярав Даваажаргалд бичиж өгсөн. 2018 оны 04 дүгээр сард Улаанбаатар сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа нярав Б.Даваажаргал руу утсаар нь холбогдож кассанд байсан буудлын орлого болох 400.000 төгрөгийг авсан. Дараа нь над руу 7 хоногийн дараа яриад “Дарга нь эмнэлгээс гарах гэж байна. Үнэтэй эм тариа авах гэсэн юм. Буудлын орлого хэд байна вэ, тэрийг над руу явуулаач “ гэхэд нь би кассанд байсан 300.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Юунд зарцуулсныг мэдэхгүй. Урьдчилгаа цалин болгоё гэж хэлээгүй. 2018 оны 04 дүгээр сарын цалингаа бүтнээр нь бодуулж авсан “ гэх,

гэрч “ Тус газрын дарга ******* 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын бэлэн мөнгөний касснаас 300.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан боловч санхүүгийн анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан. Дээрх зөрчлүүд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх ” заалт зөрчсөн “ гэх,

гэрч “ Буудлын орлогын 10 хувиас ******* нь өөрт зарцуулсан мөнгийг санхүүгийн баримт, жагсаалтаар нь тулгахад 345.400 төгрөгийг зөвхөн өөртөө буюу хувьдаа зарцуулсан байсан. Тиймээс дээрх мөнгийг төлөх актыг тавьсан юм “ гэх,

гэрч “ Хэрэв цалингийн урьдчилгаанд дээрх мөнгийг авч байгаа бол нягтлан бодогч нь цалингийн урьдчилгаа өгсөн гээд авлага үүсгэх ёстой. Гэтэл шалгалтаар тийм бүртгэл байгаагүй учир дээрх актыг тавьсан “ гэх  мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл *******гийн байгууллагын өмчийг хууль бусаар бусдад зээлдүүлэх, өөрийн хэрэгцээнд ашигласан дээрх үйлдэл нь хууль бус болохыг Сүхбаатар аймгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь тухайн байгууллагын даргын албаны эрх мэдлийн хүрээнд үйлдэгдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлтэй шууд холбоотой юм.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

 

*******гийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ямар нэгэн гэрээ, хэлцэлгүйгээр, өөрийн байгууллагад ямар ч үр ашиггүйгээр, бусдын санхүүгийн байдлыг дэмжин байгууллагын мөнгөн хөрөнгийг зээлдүүлж бусдад давуу байдал, мөн ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр албаны мөнгийг дур мэдэн авч өөртөө давуу байдал тус тус бий болгосон байгууллагадаа хохирол учруулсан дээрх үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн болон бусдын хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас тухайн байгууллагад учирсан 3.045.400  төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь  баримтаар нотлогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба  харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

*******д холбогдох хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж,  6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******д оногдуулсан торгуулийн хэмжээ, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй өмгөөлөгчийн *******д хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь шүүх шүүгдэгч *******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн үндэслэлээр тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн ял буюу торгох ял оногдуулсан болно.

Харин Эрүүгийн хуулийн долоодугаар бүлэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр заасан бөгөөд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж байгаа бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүйг болохыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү-1213003323 дугаартай 49.82 м2 хэмжээтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Цайртын 1 дүгээр байрны 2-302 тоот орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/43 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй бөгөөд хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, 3.045.400 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч О.Батхангай гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН