| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2016/0029/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2016-07-01 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 31
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр,
улсын яллагч Ц.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Асгат гурван булаг овгийн Даваадоржийн Бат-Эрдэнэд холбогдох 201524000950 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, Эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 23-1495 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Асгат гурван булаг овгийн Даваадоржийн Бат-Эрдэнэ /РД- НЩ90010672/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 9 дүгээр сарын 13-ны орой 15 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн арын замд “Тоёота Приус” маркийн 36-92 УБП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Ц.Цэрмаасүрэнг мөргөж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх" в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол хэрэг гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ц.Цэрмаасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим 40 мянгатаас автобусанд суугаад Ард кинотеатрын автобусны буудал дээр буугаад Их дэлгүүр хүртэл алхаж байгаад замын урд талаас автобусанд суух гээд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явж байтал баруун гар талаас машин ирээд намайг мөргөсөн. Би газар унаад хувцсаа гөвөөд босоод явах гэтэл нөгөө машин ахиад намайг мөргөчихсөн. Жолооч нь гэх нэг залуу намайг "эгч ээ та зүгээр үү, гэсэн би "зүгээр ээ" гэхэд тэнд байсан хүмүүс шуугилдаад жолооч залууг загнаад байсан. Хүмүүс "цагдаа дууд, түргэн дууд" гээд л байсан. Удалгүй зам дээр зогсож байсан цагдаа ирсэн. Тоёота Приүс маркийн 36-92 УБП дугаарын цагаан саарал өнгийн жижиг суудлын машин байсан. Жолооч нь туранхай залуухан эрэгтэй л хүн байсан. Намайг мөргөчихөөд машинаасаа бууж ирж миний биеийг асууж байсан. Нэг мэдэхэд намайг мөргөсөн машин байхгүй байсан. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарсан. Миний гарсан гарц нь гэрэл дохиогоор зохицуулдаг гарц байсан. Явган хүний гэрэл дохио улаан гэрэлтэй байхад нь би замын хажууд зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь зам руу ороод алхаж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13294 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: 1. Цэрмаасүрэнгийн биед ууцны 3-р нугалмын хугарал, тархи доргилт,
баруун, зүүн тохой, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20х/
Техникийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 146 тоот дүгнэлтэд: “... Хэргийн газрын үзлэг, схем зураг, жолооч, явган зорчигч нарын тайлбартай танилцахад Тоёота Приус маркийн 36-92 УБП дугаарын автомашины жолооч Даваадорж овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө", 2.5-ийн /б/ "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", /в/-р "Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг тус тус зөрчсөн байна.
Явган зорчигч Цэрэнсодном овогтой Цэрмаасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчөөгуй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 22х/
Яллагдагч Д.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15:10 цагийн орчим "Улаанбаатар Смарт карт" ХХК-ны эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 36-92 УБП дугаарын автомашинаар 4 дүгээр цахилгаан станцаас Улаанбаатар банк орох гээд баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд ойролцоогоор 5-10 орчим км/цагийн хурдтай Улсын их дэлгүүрийн урд замаар явж байтал нэг эгч автобусны буудал дээр зогсож байсан автобусны араар миний машины урдуур зам хөндлөн гарах гээд гүйсэн, би тэр хүнийг хараад тормоз гишгэж чадалгүй мөргөсөн. Тэгээд сандараад араагаа салгах гэтэл машины араа салаагүй нөгөө явган зорчигч эгчийг ахин мөргөчихсөн. Би машинаасаа буугаад миний машинд мөргүүлсэн эгчээс "та зүгээр үү" гэхэд "зүгээр ээ" зүгээр гэсэн. Тэр үед би компанийн машин барьж явсан ажлаас дуудаад байхаар нь би яараад ажил ойрхон байгаа юм чинь машинаа өгчихөөд эргээд ирье гэж бодоод ажил руугаа яараад явчихсан юмаа. Компанийнхаа байранд дөнгөж орж иртэл компанийн менежер чамайг цагдаа асуугаад байна очиж уулз гэсэн. Тэгээд би ЗЦГ очиж уулзсан. Явган зорчигчийг мөргөчихөөд их айж сандарсан. Тэр үед тэнд байсан хүмүүс "түргэн дууд, цагдаад дуудлага өг" гээд байсан. Хүмүүс цагдаа руу залгаад түргэн дуудаад байхаар нь цагдаа ирэхээс нь өмнө явчихаад ирье гэж бодсон. Бас миний машинд мөргүүлсэн эгч "зүгээр ээ, би зүгээр байна" гэхээр нь жаахан тайвшраад хурдхан машиныг нь аваачиж өгчихөөд ирье гэж бодоод яваад өгсөн юмаа. Би машинаа өгчихөөд өөрөө эргээд ирнэ л гэж бодсон. Явган зорчигчийн явсан явган хүний гарц нь зохицуулдаггүй гарц байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54х/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 9 дүгээр сарын 13-ны орой 15 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн арын замд “Тоёота Приус” маркийн 36-92 УБП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Ц.Цэрмаасүрэнг мөргөж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх" в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол хэрэг гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27х/, хохирогч Ц.Цэрмаасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13294 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт /хх-ийн 20х/, Техникийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 146 тоот дүгнэлт /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэргээр нотлогдон, тогтоогдож эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Иймд Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаарзүйл 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Цэрмаасүрэн нь мөрдөн байцаалтад өгсөн: ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эн хэргийг хааж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Д.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж түүнд шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Асгат гурван булаг овгийн Даваадоржийн Бат-Эрдэнийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнэд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Д.Бат-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Энэ хэрэгт хураагдсан ирсэн Д.Бат-Эрдэний ¹824484 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ