Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/80

 

М.Нэргүйд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                    Даргалагч ерөнхий шүүгч              Б.Батзориг

                        Шүүгчид                                         Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                    Оролцогчид:

                      Прокурор                                       М.Энхбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Маахуурын Нэргүйд холбогдох эрүүгийн 1831000000095 дугаартай, 175/2018/0198/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 5 дугаар хэсэг 126 тоотод оршин суух, урьд

-1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж дээрх ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаж байсан, Боржигон овгийн Маахуурын Нэргүй /Регистрийн дугаар: МБ65081612/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Нэргүй нь 2018 оны 05 сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 5 дугаар хэсэг, 126 тоотод Д.Баасанжавыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад нь хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх М.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Маахуурын Нэргүйг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Нэргүй түүний нэр хөрөнгөнөөс 18.059.720 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 7 дугаар байр 5 тоотод оршин суух Монгол овогт Дашнямын Отгондаваад /РА77082914/ олгуулахаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Маахуурын Нэргүйд 15 /арван тав/ жилийн хорих ял шийтгэж, 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан М.Нэргүйн энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс энөөдрийг хүртэл цагдан хоригдсон 150 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн үйлдэлд холбогдсон ялтан Маахуурын Нэргүй миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 тоот шийтгэх тогтоолын зарим заалтыг хянуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргах нь юуны өмнө энэ хэргийн холбогдогч Нэргүй би хохирогч Баасанжавыг өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож санаатай хоолойг нь боож амийг хохироогоогүй. Миний болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэдгээ дахин хэлж байна. Нэгэнт миний үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэлд орсон тул энэ үйлдлээ шударгаар хүлээж ирсэн билээ. Гэхдээ энэ үйлдсэн хэрэгтээ холбогдож гарч ирсэн хохирогчийн оршуулгын зардал болох 18 сая төгрөг зайлшгүй гарах хор уршиг гэж үзэх нь үндэстэй эсэхийг дахин шалгуулахаар гомдол гаргаж байна. Учир нь:

1.Хохирогчийн ар гэр хөдөөлүүлэх ажил явдалд хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд зүйл авч зарцуулсан байгаа. Энэ бүх зүйл үнэхээр хүнсэндээ зориулагдсан зүйл мөн эсэхэд эргэлзээ төрүүллээ. Жишээ нь: Хавтаст хэрэгт олон зарлагын баримт авагдсан байна. Энэ баримтууд дотор тоон үзүүлэлтээрээ олон хүнд үйлчилдэг хүнсний дэлгүүрийн хэрэгцээнд байдаг бараа гэлтэй байх юм. Энэ нь шударга үнэнд нийцэж буйг хянуулах хүсэлтэй байна.

2. Зарим падаан он сар өдөргүй, хүлээж авсан, хүлээлгэж өгсөн эд хариуцагчийн гарын үсэггүй, тамга, тэмдэг байхгүй байх юм. Үүнийг хуулийн дагуу нягтлан тогтоох ёстой гэж үзсэн. Тухайн баримтуудыг дурьдахад 1-р хавтаст хэргийн 18-р хуудаст 174.000 төгрөгийн эд зүйл авсан баримт нь он сар, тамга тэмдэг байхгүй, 20-р хуудаст 1.198.200 төгрөгийн зүйл авсан баримт он сар өдөр, тамга, гарын үсэг байхгүй, ер нь төрөл бүрийн юм давхардсан харагддаг. Мөн он сар, өдөр, тамга, тэмдэггүй 103.500 төгрөгийн зарлагын падаан хавтаст хэргийн 23-р хуудаст 2018 оны 5 сарын 06-ны падаан засвартай байгууллагын тамга тэмдэг байхгүй, үнийн дүн нь 2.033.700 төгрөг, 1.081.780 төгрөгийн 2018 оны 5 сарын 04-ний зарлагын падаан, худалдан авагчийн нэр, тамга, тэмдэг байхгүй. Хавтаст хэргийн 21-р хуудаст 2018 оны 5 сарын 06-ны 176.600 төгрөгийн хүнсний зүйл авсан зарлагын падаанд худалдан авагчийн гарын үсэг байхгүй. Мөн 1.102.380 төгрөгийн зарлагын баримт худалдан авагчийн гарын үсэг байхгүй байна. Үүнд эзэн байх ёстой болов уу гэх мэт тухайн баримтуудыг нотлох баримт гэж үзэхгүй байгаа тул нэхэмжилсэн 18 сая төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргаж буйг хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэргүй нь өөрийн үйлдсэн хэргийг шууд бус санаатайгаар бусдын амь нас хохироосноо хэлдэг. Мөн анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэх үедээ хохирогчид учирсан хохирол болон гэм хорын хохирлыг бодитоор тооцолгүй, шууд нэхэмжилсэн хохирлыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас ялтан М.Нэргүйтэй санал нэгтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтыг судалж үзэхэд шаардлага хангаагүй нотлох баримтууд авагдсан байдаг. Иймээс шаардлага хангасан нотлох баримтыг үнэлэж, нотлох баримтын шаардлага хангаагүй үнийн дүнг, нийт төлөх ёстой 18.000.000 төгрөгнөөс хасаж тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ...хохирогчоос хавтаст хэрэгт баримтуудыг хавсргасан байдаг. Энэ баримтад үндэслэж шаардлага хангасан баримтын хүрээнд хохирлыг тооцож гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Нэргүй нь 2018 оны 05 сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 5 дугаар хэсэг, 126 тоотод Д.Баасанжавыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад нь хоолойг нь боож алсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн М.Нэргүйд холбогдох эрүүгийн 1831000000095 дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

М.Нэргүй нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Отгондаваагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 66-77-р ху/,гэрч Т.Мөнхтуяа /1-р хх-ийн 28-30/, Д.Алтанцом /1-р хх-ийн 35-39-р ху/, шинжээч  эмч Т.Насанжаргал /1-р хх-ийн 136-137-р ху, 2-р хх-ийн 11-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №А-37 тоот дүгнэлт /1-р хх-ийн 127-128-р ху/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 129-131-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 132-р ху/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн №43/18 дугаартай магадлагаа /1-р хх-ийн 74-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 04-07-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 153-160-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн тул шүүхээс оногдуулсан ял шийтгэл, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

Хохирогч Д.Отгондаваа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 18.059.720 төгрөг нэхэмжилснээс 1-р хх-ийн 18-р талд авагдсан цагаан идээ авсан гэх 174.600 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, чихэр авсан гэх 80.000 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, 20-р талд авагдсан шүдэнз авсан гэх 102.700 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, цай, чихэр, шокалад, печень авсан гэх 1.198.200 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, тор, зул, шүдэнз авсан гэх 103.500 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, элкос, весна авсан гэх 369.400 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, 21-р талд авагдсан үзэм, будаа, майонез, өндөг, хиам авсан гэх 176.600 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, жимсний чанамал, майонез, хиам, мах, өндөг авсан гэх 102.380 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, хүнсний ногоо, цагаан самар, үрэл авсан гэх 470.000 төгрөгийн баримт гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дараагүй, 22-р талд авагдсан аяга авсан гэх 4200 төгрөгийн баримт гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй, 22-р талд авагдсан ундаа, цай, цаасан алчуур, чихэр авсан гэх 330.700 төгрөгийн баримт гарын үсэггүй, тэмдэг дарагдаагүй, хүнсний зүйл авсан гэх 1.081.780 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, эх хувь болон хуулбарыг давхардуулж хийсэн зэрэг нь  нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Д.Отгондаваагийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 18.059.720 төгрөгийн нэхэмжлэлээс дээр дурдагдсан нийт 5.275.840 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Нэргүйгээс гэм хорын хохирол 12.783.880 төгрөг гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

            2 дугаар заалтыг:

            “2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар М.Нэргүй түүний нэр хөрөнгөнөөс 12.783.880 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 7 дугаар байр 5 тоотод оршин суух Монгол овогт Дашнямын Отгондаваад /РА:77082914/ олгож, 5.275.840 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ