Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0114

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 03 дугаар сарын 05 өдөр       дугаар 114            Улаанбаатар хот

 “Б-Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Л.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Б-Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ж.Э-д олгосон 375 мкв газар эзэмших 101347 дугаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, “Б-Ө т” ХХК-ийн эзэмших ёстой 2000 мкв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах, Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 34, 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай захирамжуудын Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Кадастрын зургаар энэ маргаан бүхий газрыг “Б-Ө т” болон Ч.Ч нарын аль нь ч эзэмших эрх байхгүй. Энэ газрыг ч бас эзэмших эрхгүй. Газрын тухай хуулиар сумын Засаг дарга газар өгөх эсэхийг шийддэг. Энэ маргаан бүхий газрыг аль аль талд нь өгөх боломжгүй. Энэ газрыг сумын Засаг дарга чөлөөлж аваад, цаашдаа ямар аргаар ашиглахыг газар зохион байгуулалтын шинэ төлөвлөгөөний дагуу шийдвэрлэнэ. Би нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагуудыг алийг нь ч хүлээн зөвшөөрөхгүй“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа: “2012 оны 02 дугаар сараас Бор-Өндөр хот нь Бор-Өндөр сум болсон бөгөөд сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд газар олгосон. Миний хувьд 375 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Б-Ө т” ХХК-д газар олгосон Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Б-Ө т” ХХК-ийн газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажаагүй, 2000 мкв газрын хил, цэсийг харуулсан кадастрын зураг хийгдээгүй, газраа ашиглаагүйгээс газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсныг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү“ гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ж.Э-д олгосон 375 мкв газар эзэмших 101347 дугаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 3 дугаар сарын СЗ-ны өдрийн 34, 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай захирамжуудын Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулж, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Б-Ө т” ХХК-ийн эзэмших ёстой 2000 мкв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах, гуравдагч этгээдийн Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Б-Ө т” ХХК-ийн газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажаагүй, 2000 мкв газрын хил, цэсийг харуулсан кадастрын зураг хийгдээгүй, газраа ашиглаагүйгээс газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсныг хүлээн зөвшөөрүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:“Б-Ө т” ХХК нь Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар захирамжаар 2000 мкв газрыг эзэмшдэг гэж, мөн уг захирамжийн дагуу 2000 мкв газрыг эзэмших 100959 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль бус юм.

Учир нь Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад зааснаар багийн Засаг дарга буюу хотын захирагч нь газрын харилцааны асуудлаар бие дааж шийдвэр гаргах, тухайлбал газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх хэмжээтэй албан тушаалтан биш болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг асуудлаар зөвхөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт эрх олгогджээ.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан болох Хэнтий аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга бөгөөд Бор-Өндөр хотын захирагчийн “Б-Ө т” ХХК-д 2000 мкв газар эзэмшүүлсэн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар захирамж, уг захирамжийн дагуу 2000 мкв газар эзэмших 100959 дугаар эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль бус юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шаардлагыг яг ийм хууль зүйн үндэслэлүүдийг ишлэн хүлээж авч хангаж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд эсрэгээр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй төдийгүй, 2 талд ялгавартай хандсан, хууль зөрчсөн шийдвэр болсон.

Нөгөөтээгүүр “Б-Ө т” ХХК-д 2000 мкв газрыг олгосон гэх Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар захирамж нь хэрэг дээрээ Тогтохбазар гэдэг хүнд “Б-Ө т” ХХК-ийн газраас 250 мкв ( газрыг хэсэгчлэн шилжүүлсэн захирамж болохоос “Б-Ө т” ХХК-д 2000 мкв газар олгосон, эзэмшүүлсэн захирамж биш төдийгүй, ингэж “Б-Ө т” ХХК-д 2000 мкв газар эзэмшүүлсэн захирамж хаанаас ч олдохгүй, байхгүй байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Энэ байдлыг Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэзаяа албан ёсоор тодорхойлсон. Байхгүй захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон явдал бүр ч ноцтой хууль бус асуудал юм.

Анхан шатны шүүх Бор-Өндөр хотын захирагчийн 2008 оны 130 дугаар захирамж нь гуравдагч этгээд Л.Ч-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хүчингүй болгох шаардлагагүй байна гэж дүгнэлт хийснээрээ иргэн хүний эрх ашиг сонирхлыг харин ч тун бүдүүлгээр зөрчсөн юм. Учир нь “Бор- Өндөр трейд” ХХК-ийн хууль бус эзэмшлийг хэрэг дээрээ хүлээн зөвшөөрч, эзэмших эрхтэй нь нотлогдохгүй байгаа 2000 мкв газартаа миний үйлчлүүлэгч Л.Чимэддуламын одоо эзэмшиж байгаа газрыг оруулан нэхэмжилж байгаа “Бор- Өндөр трейд” ХХК-ийн ашиг сонирхолд нийцсэн хууль бус шийдвэр гаргасан.

2дугаарт: Анхан шатны шүүх “Б-Ө т” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ анхнаасаа маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчин хүлээн авч шийдвэрлэж байсан нь нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. “Б-Ө т” ХХК нь нэхэмжлэлийг 2012 оны 12 дугаар сарын 06-нд гаргасан байдаг ба үүнээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ямар нэг алхам хийгээгүй байдаг. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгч Б. М-ийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид маргааны үйл баримтад огт хамаагүй Ж.Э гэгч хүнтэй холбогдсон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2 дугаарт: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байхаар хуульчилжээ.

Хэргийн үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий Бор-Өндөр хотын 1 хороо Геологийн 8 дугаар гудамжны 1-ийн а тоотод байршилтай 375 мкв газрыг миний үйлчлүүлэгч Л.Чимэддулам болон түүний талийгаач нөхөр Ж.Энхбат нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х болон түүний талийгаач нөхөр тухайн үед “Б-Ө т” ХХК-ийн захирал байсан Ч.Д нараас эзэмшлийн газрыг худалдаж авч болно гэж ойлгосны үндсэн дээр уг газрыг 2007 оны хавар 400.000 төгрөгөөр худалдаж аваад 6 сард нь газраа тусгаарлаж хашаа барьсан болох нь нотлогддог. Газраа зарсан гэдгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х хүлээн зөвшөөрсөн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 120-125 дугаар хуудсанд байх Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь сум дундын 2 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд бий.

Эндээс үзэхэд уг газрын асуудлаар “Б-Ө т” ХХК болон У.Х нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа дууссан байна. Анхан шатны шүүх энэ байдалд мөн дүгнэлт хийсэнгүй.

Дээрх байдлуудаас дүгнэвэл Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр нь бүхэлдээ хууль бус байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж өгнө үү“ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х давж заалдах гомдолдоо: “Манай компани дээрх газрыг анх хувьчлалын дагуу олж авсан үл хөдлөх эд хөрөнгийн хамт өөрийн эзэмшилдээ олж аваад Бор-Өндөр хотын захирагчийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр захирамжаар анх 2.5 га газрыг эзэмших болж, газар эзэмших тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг гэрээний дагуу төлсөөр ирсэн юм.

Энэ хугацаанд төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зарим хэсгийг бусдад шилжүүлж, орон нутгийн хэрэгцээнд авах зэргээр шилжүүлсээр 2000 мкв талбайгаа авч үлдсэн юм. Энэ талбай нь манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамт анхнаасаа манай эзэмшилд байсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог.

Бидний эзэмшлийн газарт нэр бүхий 3 иргэн хууль бусаар хашаа хатгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж, бидний эрх ашгийг ноцтой зөрчиж, кадастрын зураглал хийлгэх боломж олголгүй өнөөдрийг хүрсэн болно.

Ийм тодорхой үйл баримт, нөхцөл байдал үүссэн байтал анхан шатны шүүхээс “Хэдийгээр нэхэмжлэгч “Б-Ө т” ХХК нь газрын төлбөрийг төлж байсан, газар эзэмшиж ашиглах талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж байсан боловч өөрийн эзэмшлийн газрын хил, цэсийг харуулсан кадастрын зураг хийлгээгүй, эзэмшлийн газраасаа бусдад шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч байгууллагад газар эзэмших эрх олгосон 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр захирамж, 2000 мкв газрыг эзэмших 100959 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан буюу Хэнтий аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга бөгөөд Бор-Өндөр хотын захирагч гаргасан байх тул нэхэмжлэгч “Б-Ө т” ХХК-ийг 2000 мкв газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангасангүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй шүүх бүрэлдэхүүний шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх боловч бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

  1. 2008 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 34 дүгээр захирамжийн тухайд:
  2. Уг захирамжаар Ж.Э-д газар өмчлүүлсэн газрын хэмжээг заагаагүй, газар эзэмших үндэслэлийг “эзэмшиж байсан” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид шинээр газар олгоогүй мэт, урьд эзэмшиж байсан газрыг баталгаажуулсан мэтээр захирамж гарчээ. Гэтэл энэхүү захирамжаас өмнө нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн захирамж гараагүй байна.

Бор-Өндөр хот нь засаг захиргааны нэгжийн хувьд Монгол Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 58 дугаар тогтоолоор хотын зэрэглэлд хамаарч байсан ба хариуцагч нь Хэнтий аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга бөгөөд Бор-Өндөр хотын захирагч гэсэн албан тушаалтай байжээ.

Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар хотын захирагч нь иргэдэд газар өмчлүүлэх захирамж гаргах эрхгүй байна.

Иймээс Бор-Өндөр хотын захирагчийн 34 дүгээр захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

  1. 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар захирамжийн тухайд:

Энэхүү захирамжийн хавсралт нь өөр өөр, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл 60 дугаар захирамжийн хавсралтад 1113 дугаарт Ж.Э-д 625 мкв газар өмчлүүлэх гэх боловч 26 хүртэл дугаартай хавсралтад Ж.Э-ын нэр байхгүй, өөрөөр бичигдсэн эргэлзээтэй байна.

2008 оны 3 дугаар сарын 34 дүгээр захирамжаар Ж.Э-д газар өмчлүүлсэн атлаа дахин 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гаргах болсон эрх зүйн үндэслэл тодорхойгүй, Ж.Э-аас 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр газар өмчилж авах хүсэлт гаргасан3 зэргээр газар өмчлүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа хуульд заасан дарааллын дагуу явагдаагүй байна.

Бор-Өндөр хотын захирагч нь өөрт олгогдоогүй эрх эдэлж, иргэдэд газар өмчлүүлсэн, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны шаардлагыг хангаагүй, захирамжийн хавсралтыг өөрөөр гаргах, нэмэх, засварлах зэргээр хууль зөрчсөн байх тул дээрх 60 дугаар захирамжийн Ж.Э-д холбогдох хэсэг хууль бус болжээ.

  1. 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101347 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний тухайд:

Энэхүү гэрчилгээгээр Ж.Э-д 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 88 тоот захирамжийг үндэслэн 375 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Гэтэл энэхүү 88 дугаар захирамжийн хавсралтад Ж.Э-ын нэр байхгүй, өөрөөр хэлбэл Ж.Э-д маргаан бүхий 88 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 261 дүгээр хуудсанд энэхүү 88 дугаар захирамжийн хавсралт байх боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байхаас гадна гараар нэмж засварлаж бичсэн байх тул шүүхээс энэхүү баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

  1. 2000 мкв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухайд:

Нэхэмжлэгч “Б-Ө т” ХХК нь Бор-Өндөр хотын захирагчийн 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39 тоот захирамжаар 4000 мкв газар эзэмшиж байсан гэх боловч 2005 оноос хойш газраа бусдад шилжүүлж, газрын хэмжээнд өөрчлөлт орсон байхад зохих журмын дагуу газрын кадастрын зураглал хийлгэж байгаагүй, эзэмшил газрын хил заагийг тодорхойлж, координатжуулж байгаагүй байна. Энэ байдалд нэхэмжлэгч болон захиргааны байгууллагын аль алины буруутай үйл ажиллагаа нөлөөлжээ.

Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 7/16 дугаар албан бичигт5 нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хэмжээг 1450 мкв гэж тодорхойлсон байх боловч үүнийг баталсан захирамж, газрын кадастрын зураг байхгүй байна.

Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2008 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гражийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын хэмжээг “1750 мкв” хэмээн тодорхойлж, гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт6 гаргаж байсан атлаа 2000 мкв газар өмчлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй ба захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газрын бодит хэмжээг бусдын газартай давхцуулахгүйгээр тодорхойлж, зураглал үйлдэж, холбогдох захирамжийг гаргаж, газар эзэмших гэрээг байгуулах замаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн тогтоох нь зүйтэй.

2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн иргэний шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч У.Х-ийн Ч эгч 400.000 төгрөг өгсөн, дараа нь манай нөхөр газраа зарсан гэж хэлж байсан” гэх тайлбар7, хадгаламжийн дэвтрийн хуулбар, Хадгаламж банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төвийн 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 13 тоот албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшил газраас “375 мкв” газрыг Ж.Э-д шилжүүлсэн буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан газар шилжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн болох нь тогтоогдож байна.

Харин захиргааны байгууллагын хариуцлагагүй ажиллагааны улмаас Ж.Э-д газар шилжүүлсэн захирамж зохих ёсоор гараагүй байх ба энэ нь 2007 оноос хойш бодит байдалд уг газарт амьдарч, эзэмшиж байсан гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Улсын Их Хурлын 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Бор-өндөр хотыг Бор-Өндөр сум болгосон байх ба захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн бүх шаардлага, нөхцөлд нийцүүлэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хэмжээг тодорхой болгох, гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргах үүрэгтэй байна.

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

  1. 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухайд:

Энэхүү 130 дугаар захирамжаар “Б-Ө т” ХХК-ийн эзэмшлийн газраас 250 мкв газрыг Д.Тогтохбаярт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн захирамж байх ба энэ нь гуравдагч этгээдийн амьдран суугаа газартай хамааралгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэдийгээр энэхүү захирамжийг дээр дурдсанаар Бор-Өндөр хотын захирагч буюу газар шилжүүлэх шийдвэр гаргах эрхгүй этгээд гаргасан байх боловч 130 дугаар захирамж нь гуравдагч этгээдэд чиглээгүй, захирамжилсан эрх зүйн үр дагавар учруулаагүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. “Б-Ө т” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсныг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч хуулийн этгээд эзэмшил газрынхаа кадастрын зургийг хийлгээгүй, газраа ашиглаагүйгээс газар эзэмших эрх нь дуусгавар болсон болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргаж байжээ. Энэхүү шаардлагыг Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар захирамжаар[1] “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байжээ.

Энэхүү захирамжид гуравдагч этгээдээс гомдол гараагүй, захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлагын энэ хэсгийг хүлээн авах татгалзах ёстой байхад анхан шатны шүүх процессын хуулийг буруу хэрэглэж, нэгэнт хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бие даасан шаардлагыг дахин шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23 ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бор-өндөр сумын Засаг даргад Газрын тухай хуульд нийцүүлэн “Б-Ө т” ХХК болон гуравдагч этгээд Л.Чимэддулам нарын өмчлөлийн газрыг бусдын газартай давхцуулахгүйгээр хэмжээ, хилийн заагийг тодорхойлж, газар дээр нь тэмдэгжүүлж, кадастрын зургийг үйлдэж, улсын бүртгэлд бүртгэж, газар өмчлүүлэх захирамж гаргаж, гэрээ байгуулах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс < хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.