Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0073

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0073

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: ШШГЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: “ШШГЕГД Б/899 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн, бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочоор 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нийт 6 жилийн хугацаанд ажилласан байдаг. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хууль тогтоомж, дүрэм журмыг сахин биелүүлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2017, 2018 оны үр дүнгийн гэрээгээр тодорхойлогдоно. Гэтэл түүнийг ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/899 тоот тушаалаар “албанаас халах сахилгын шийтгэ”л ногдуулсан. Уг тушаалын үндэслэлийг харахад “...ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон” гэсэн агуулгатай байдаг.

Тодруулбал, “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.18 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр заалтуудаас үзвэл эрх зүйн хэм хэмжээг дээдлэн ажиллах ёстой байсан үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтаар илэрсэн” гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаал нь үндэслэлгүй гарсан. Ямарваа нэгэн байдлаар Б.Б нь ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдсан нь ёс зүйн зөрчил биш учир энэ тушаал нь буруу гарсан.

Иймд ШШГЕГД Б/899 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн, бичилт хийлгүүлж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь ШШГЕГД 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/896 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор томилогдон ажиллаж байгаад төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлага, дэг журмыг зөрчсөн гэж үзэж ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар халагдсан.

ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан шалгалтын удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, ШШГЕГД “Сахилга хариуцлага, дотоод хяналтыг дээшлүүлэх тухай” 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт, 2019 оны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлт”, “Сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид хариуцлага тооцож, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажилласан байдал”, “Сахилгын болон Зөрчлийн хэрэгт захиргааны шийтгэл хүлээсэн албан хаагчдын судалгааг гаргуулж, материаллаг харилцах” гэж шалгалтыг явуулсан.

Уг шалгалтын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай мэдээлэл солилцон хамтран ажиллахад Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагч нар зөрчил гаргасан талаарх мэдээлэл, судалгааг гаргуулан авсан бөгөөд тус газрын жолооч, дэд ахлагч Б.Б нь Зөрчлийн тухай хуулиар нийт 12 удаа шийтгүүлсэн. Үүнээс 2019 оны эхний 5 сард Замын хөдөлгөөний тухай хуулийг удаа дараа буюу 5 удаа зөрчсөн үйлдэл хийж, арга хэмжээ авагдсаны сүүлийн зөрчил нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д заасны дагуу 400.000 мянган төгрөгөөр торгуулж, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан. Энэ талаар ШШГЕГДд танилцуулж, улмаар ШШГЕГД зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Тухайн үед зөвлөлийн хуралдаанаар Б.Б мөн өөр 2 алба хаагч нар хянагдсан.

Иргэн Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Аын нэр дээр бичсэн тайлбарт “...2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэргэжилтэн, ахмад Т.Д Б.Бгээс авсан тайлбар зэргээр түүний гаргасан зөрчил нь тогтоогддог. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасны дагуу Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт иргэн Б.Бтэй утсаар холбогдож ШШГЕГД зөвлөлийн хуралдааны шийдвэрийг мэдэгдсэн.

Иргэн Б.Б нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 30/2027 дугаар албан бичиг, Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдсан алба хаагчдын судалгаа болон ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Шалгалтын удирдамж”-ийн дагуу хийсэн шалгалтын материал, өөрийн өгсөн тайлбар, тодорхойлолтоор зөрчил гаргасан нь тогтоогдож байна.

Иймд шалгалтаар иргэн Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн, сахилга ёс зүйн дүрмийн 2.1.13-т “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 2.1.14-т “Удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удирдлага болгон чанд сахин биелүүлэх” гэж тус тус заасныг зөрчсөн, мөн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй болсон тул түүний гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б тус шүүхэд хандан “ШШГЕГД Б/899 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн, бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ШШГЕГД 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/896 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бг Говь-Алтай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны жолоочоор томилон, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1435 дугаар тушаалаар түүнд “дэд ахлагч” цол олгожээ.

Улмаар ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлага, дэг журмыг сахиж ажиллаагүй” гэх үндэслэлээр Б.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулан, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн цолыг нь хураажээ.

Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлээ “...ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хууль журмыг сахин биелүүлж ирсэн” хэмээн тайлбарлан маргаж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “... энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-т “төрийн албанаас халах”, 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж хуульчилсан. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна. ...” гэж заажээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч ШШГЕГД нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “... нийт бие бүрэлдэхүүний ажил хариуцах чадвар, сахилга, сонор сэрэмж, дотоод хяналтыг сайжруулах” зорилгоор 01 дүгээр “Сахилга, хариуцлага, дотоод хяналтыг дээшлүүлэх тухай” албан даалгаврыг  гаргаж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол болон ШШГЕГД 2019 оны 3 дугаар сарын 01-ний  өдрийн “Сахилга, хариуцлага, дотоод хяналтыг дээшлүүлэх тухай” 01 тоот алба даалгаврын хэрэгжилтийг шалгах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжийг баталсан. Шалгалтын удирдамжийн 4.1.5-д “Сахилга, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцож, дахин зөрчил гарахаас урьдчилсан сэргийлж ажилласан байдал, Сахилгын болон зөрчлийн хэрэгт захиргааны шийтгэл хүлээсэн албан хаагчдын судалгааг гаргуулан авч, материалыг танилцан дүгнэлт хийх” хэмээн заасан.

4. Шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 6 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллах явцдаа нэхэмжлэгч Б.Бг 2019 онд нийт 5 удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнийг, үүнээс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэх нөхцөл байдлыг тогтоож, энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.4, 2.6-т заасан журмын дагуу Б.Бгээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авч, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулан, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулан, шалгалтын материалд хавсарган, шалгалтын дүнг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ШШГЕГД зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлжээ.

5. ШШГЕГД зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаас “...албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, зөрчил дутагдал гаргасан хуяглан хүртгэлтийн жолооч, дэд ахлагч Б.Бг ШШГБ-аас дутагдлаар халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж”, ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Б.Бг албанаас халах тухай” Б/899 дүгээр тушаал гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан шүүхээс, нэхэмжлэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулиар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан зөрчил гаргасан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/183 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн 2.1.13-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 2.1.14-д “удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлэх” гэж заасныг болон 2.1.21-т заасан “ажлын бус цагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх” сахилга, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан болох нь Б.Бгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын даргад хандан гаргасан “...би 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд 2 найз... нартайгаа ... архи уусан ... харихаар явж байхад цагдаагийн албан хаагчид зогсоож шалгасан. Архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр торгуулсан, жолооны эрхээ 12 сар хүртэл хугацаатай хасуулсан” гэх тайлбар, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэг болон Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 30/2027 дугаар албан бичгээр, 

хариуцагчийн зүгээс Б.Бгийн гаргасан зөрчлийг шалган тогтоохтой холбоотой ажиллагааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасан журмын дагуу явуулсан болох нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдсэн шалгалтын талаарх илтгэх хуудас, ШШГЕГД зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн нэхэмжлэгч Б.Бг төрийн албанаас халсан ШШГЕГД 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/899 дүгээр тушаалыг шүүх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасныг тус тус үндэслэн Б.Бгийн нэхэмжлэлтэй, ШШГЕГДд холбогдох “ШШГЕГД 2019 оны Б/899 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн, бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.М