Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн О.Г.У-ад холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........-ний өдөр ........ төрсөн, ....настай, ...тэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Г.У- (РД:.............)

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.У нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Эко хотхон 27 а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С-тай “өвөөг маань доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, ир үзүүртэй зүйлээр биеийг нь зүсэж, зодсоны улмаас Г.С-ын эрүүл мэндэд баруун, зүүн 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хоёр хацар, баруун шанаа, чих хүзүү, нуруу, цээж, хэвлий баруун шанаа чих, хүзүү нуруу, цээж, хэвлий, баруун бугалга, мөр, дал, зүүн чамархай, мөрөнд шарх, хоёр дээд, доод зовхи, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн хацар, шанаа, баруун хацар, дээд зовхи, хүзүү хэвлийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.У: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яармагийн хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Цагаан 2 давхар хаус маягийн хороолол байсан тийшээ явсан. Би сайн нэрийг нь мэдэхгүй байна. Бид хоёр гэрт нь ороод Тайга гэх нэртэй 0.75 литрийн савлагаатай архи уугаад би жижиг хундагаар 3 удаа л уусан байх нэг мэдсэн чинь би гадаа тухайн байшингийн гадаа нь сэрсэн бөгөөд сэрэхэд би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн юм. Тухайн үед бид хоёр ямар нэгэн зодолдож, маргаж хийсэн талаар би санахгүй байгаад байгаа юм. Г.У- гэх залуу үүсгэсэн байх. Ямар ч байсан тэр залуу бид хоёроос өөр хүн цугтаа архи уугаагүй байсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Н.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгэнгүүт би эргүүлээд нөхрийнхөө 94110257 дугаар уруу залгасан чинь түрүүний ярьдаг эмэгтэй дахиад авахаар нь би та яагаад манай нөхрийн утсыг аваад байгаа юм бэ, би нөхөртэйгөө яръя гэсэн чинь за хүлээж байгаарай гээд очоод манай нөхрийг сэрээх гээд байгаа бололтой хацар энэ тэрд нь алгадаад байх шиг байсан. Цаанаас нь манай эхнэрийг ороод ир гэж хэл, энхээ миний хөгшин ороод ир намайг ав гэж хэлээд утас нь тасарсан. Тэгэнгүүт би бүр санаа зовоод түрүүний залгасан 99102459 дугаарын утас уруу залгаад эгчээ манай нөхөр үнэхээр хөл дээрээ явж чадахгүй байгаа юм уу гэсэн чинь эгч нь одоохон хүргээд өгье Натурын тэнд очоод залгая гэсэн....тэгээд зам дагуу саарал өнгийн комби загвартай 46-19 УББ улсын дугаартай машин зогсож байсан. Гадна нь 50-60 орчим насны намхан биетэй нэг эгч зогсож байхаар нь би манай нөхөр хаана байна гэсэн чинь машины ард сууж байгаа гэж хэлсэн. Машин дээр нь очоод хойд хаалгыг нь онгойлготол манай нөхрийн нүүр ам нь битүү цус болчихсон сууж байсан. Тэгэхээр нь би гайхаад яагаад ингээд цус болчхоо вэ юу болсон юм бэ гэсэн чинь тэр эгч нөхөр нь бас дуугарахгүй байсан. Бүр эгцэлж ч харахгүй байсан. Нөхрийгөө машинаас буулгаад байж байтал нөгөө машин шууд яваад өгсөн. Тэгээд нөхрийнхөө цамцыг нь сөхөж үзсэн чинь эрээн алаг бүр хутгаар юм шиг сийчээд хаячихсан байсан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Л.Адьяатөмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн байшингийн хаалгаар ороход урд талд цаасан хайрцагтай зүйлс байхаар нь онгойлгож үзэхэд дотор нь цусаар бохирлогдсон алчуур болон сонин сэтгүүл хагархай шил зэрэг зүйлс байх шиг байсан... тухайн эд зүйлээр хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж мэдээгүй тул эд мөрийн баримтаар хураан аваагүй...” /хавтас хэргийн 32 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Л.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдрийн 22 цагийн үед манай хажуу айлын Ганхуяг танай гэрт чинь зодоон болоод байна гэж манай нөхөр Ганхуягийн 86 дугаараар эхэлсэн дугаартай байсан тэр утас уруу нь залгасан. Бид хоёр гэртээ 22 цаг 30 минутад ирэхэд манай гэрийн аяга таваг хагархай байдалтай, ширээ сандал байрнаасаа хөдөлсөн байдалтай гэрийн үүдний хэсгийн гипсэн хана цуурсан байдалтай байсан. Хүү гэрийн том өрөөний голын хана налаад сууж байсан, харин гэрт байсан танихгүй залуу нь манай цайвар саарал өнгийн буйдан налаад унтаж байсан юм. Би тухайн залууг сэрээхэд би жаахан унтчихъя гэж хэлэхээр нь би чи гэрээс явсан нь дээр байх гэж хэлсэн. Танай гэрийн болон эхнэрийн чинь утас хэд вэ гэж асуухад 99070257 дугаар өгч, би эхнэр гэх хүн рүү нь залгаад энэ хүнийг ирж аваарай гэж хэлэхэд эхнэр нь гэх эмэгтэй миний өөдөөс тэгсэн үү, хохь чинь наадах чинь хогийн архичин байгаа юм гэж хэлэхээр нь би гэрт нь аваачаад өгье гэж асуутал эхнэр нь гэх эмэгтэй 13 дугаар хорооллын Натур худалдааны төвийн тэнд аваад ирээ гэж хэлэхээр нь би нөхөр Ганхуягийн эзэмшлийн приус 41 маркийн 4619 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нөгөө танихгүй хүнийг суулгаад эхнэрийнх нь зааж өгсөн газар буюу Натур худалдааны төв рүү явсан....” /хавтас хэргийн 112 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Б.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би Энхтуяа эгч болон хүүхдийнх нь хамтаар байрны гадаа гараад иртэл Натур худалдааны төвийн урд зогсоол дээр Приус 41 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр Г.С- ах бие нь болон нүүр хэсэг нь цус болсон байхаар нь би машинаас буух үед нь түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 114 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9803 дугаартай дүгнэлтэд: “...“...Г.С-ын биед баруун, зүүн 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хоёр хацар, баруун шанаа, чих хүзүү, нуруу, цээж, хэвлий баруун шанаа чих, хүзүү нуруу, цээж, хэвлий, баруун бугалга, мөр, дал, зүүн чамархай, мөрөнд шарх, хоёр дээд, доод зовхи, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн хацар, шанаа, баруун хацар, дээд зовхи, хүзүү хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 65-67 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц, эмгэг судлалын “...Г.У нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт шинж үгүй байна...хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан байна...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...болж өнгөрсөн үйл явдлыг бодитой тусган мэдүүлэх чадвартай байна...” гэсэн 79 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14 дэх тал).

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дахь тал),

Яллагдагч Г.Уаас хохирогч Г.С-ад учирсан хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Уын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд (хавтас хэргийн 91-97, 114 дахь тал), хохирогч Г.С- санал хүсэлтгүй гэсэн хүсэлт (хавтас хэргийн 118 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.У нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Эко хотхон 27 а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С-тай “өвөөг маань доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, ир үзүүртэй зүйлээр биеийг нь зүсэж, зодсоны улмаас Г.С-ын эрүүл мэндэд баруун, зүүн 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хоёр хацар, баруун шанаа, чих хүзүү, нуруу, цээж, хэвлий баруун шанаа чих, хүзүү нуруу, цээж, хэвлий, баруун бугалга, мөр, дал, зүүн чамархай, мөрөнд шарх, хоёр дээд, доод зовхи, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн хацар, шанаа, баруун хацар, дээд зовхи, хүзүү хэвлийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.С- болон гэрч Н.Энхтуяа, Л.Буяндэлгэр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9803 тоот дүгнэлт, Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14 дэх тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дахь тал),

Яллагдагч Г.Уаас хохирогч Г.С-ад учирсан хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.С-ын эрүүл мэндэд учирсан “...биед баруун, зүүн 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хоёр хацар, баруун шанаа, чих хүзүү, нуруу, цээж, хэвлий баруун шанаа чих, хүзүү нуруу, цээж, хэвлий, баруун бугалга, мөр, дал, зүүн чамархай, мөрөнд шарх, хоёр дээд, доод зовхи, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн хацар, шанаа, баруун хацар, дээд зовхи, хүзүү хэвлийд зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтлийг нь шүүгдэгч Г.У хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.У, хохирогч Г.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Мөн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу онц харгис хэрцгий агаар үйлдсэн гэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэнийг ойлгоно.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Г.Уад нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Г.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч санал хүсэлтгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Уад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Уад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-ын эрүүл мэндэд нь баруун, зүүн 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хоёр хацар, баруун шанаа, чих хүзүү, нуруу, цээж, хэвлий баруун шанаа чих, хүзүү нуруу, цээж, хэвлий, баруун бугалга, мөр, дал, зүүн чамархай, мөрөнд шарх, хоёр дээд, доод зовхи, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн хацар, шанаа, баруун хацар, дээд зовхи, хүзүү хэвлийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээнд 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч Г.С- санал хүсэлтгүй гэсэн хүсэлт (хавтас хэргийн 118 дэх тал) гэсэн байх тул шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2110020190188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Г.У-ыг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.У-ыг 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Уад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Уад оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ