Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ч.Б.О-од холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ............ны өдөр ... төрсөн, .. настай, ...тэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, одоогоор ажилгүй, ам бүл-......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч.Б.О- (РД: .....)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 3 дугаар байрны гадна зогсоолд байсан Э.Аын 6564УБТ улсын дугаартай приус-30 автомашины зүүн талын толь, Я.Бгийн 2818 УББ улсын дугаартай ниссан нөүт маркийн автомашины баруун талын толийг гараараа цохиж эд зүйлийг хугалж, гэмтээсний улмаас 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.О: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...6564 УБТ дугаартай тоёота приус 30 маркийн машинаа аавынхаа байр болох Хурд хорооллын 3-р байрны гадаах зогсоол дээр 19 цагийн орчим тавиад орж хоносон юм...өглөө над руу цагдаагаас залгаж машины толь хугарсан байна гэж хэлснээр гарч ирээд мэдсэн Тэгтэл миний машины зүүн талын толь сууриараа хугарчихсан газар уначихсан байсан. Тэгсэн чинь миний хажууд бас машинаа тавьсан байсан нэг эмэгтэйн машины толийг бас хугалчихсан байсан...Миний хохирлыг барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтас хэргийн 24-25 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Я.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021/12/03-ны өдөр би байрныхаа гадаа өөрийнхөө Ниссан Нөт маркийн 2818 УББ дугаартай машинаа орой 19-20 цагийн үед байрлуулаад хоносон. Маргааш өглөө нь 08 цагт машинаа халаах гээд гараад иртэл машины жолооч талын буюу байруун талын толийг хугалаад толь нь санжчихсан байсан....Үнэлүүлэхэд 60 000 төгрөгөөр толийг маань үнэлсэн. Тэрхүү хохирлоо бүрэн буцаан авсан...” (хавтас хэргийн 30-31 дэх тал) гэсэн,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр холбогдогч этгээд нь 2 эрэгтэй 1 эмэгтэй байсан ба 2 эрэгтэй нь хоорондоо муудалцсан шинжтэй байсан. Эрэгтэй нь муудалцсан уурандаа цааш алхан приус 30 автомашины толийг баруун гараараа дээрээс доош чиглэлтэй цохиж хугалж, дараагаар нь нааш буцаж алхахдаа наана байсан тээврийн хэрэгслийн баруун толийг мөн баруун гараараа цохиж хугалсан” тэмдэглэл (хавтас хэргийн 21 дэх тал)

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Дамно”ХХК-ний №ХУ1-22-115 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 57 дахь тал)

 

Яллагдагчаар Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хурд хорооллын 3 дугаар байрны 2-р орцны үүдэнд зогсоолд тавьсан байсан 2 машины толийг гараараа хуга цохисон. ...Архи хэтрүүлэн хэрэглэснээс болоод ийм асуудал гаргасандаа харамсаж, гэмшиж байна. Би хохирлыг бүрэн барагдуулсан.” (хавтаст хэргийн 66-67 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 9-12 дахь тал),

          Шүүгдэгч Б.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 71-78 дэх тал),

          Хохирогч Я.Б, Э.А нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Оод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 3 дугаар байрны гадна зогсоолд байсан Э.Аын 6564УБТ улсын дугаартай приус-30 автомашины зүүн талын толь, Я.Бгийн 2818 УББ улсын дугаартай ниссан нөүт маркийн автомашины баруун талын толийг гараараа цохиж эд зүйлийг хугалж, гэмтээсний улмаас 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Б, Э.А болон шүүгдэгч Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 9-12 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 21 дэх тал)

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Дамно”ХХК-ний №ХУ1-22-115 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 57 дахь тал)

 Хохирогч Я.Б, Э.А нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.О нь ганцаараа бусдын эд хөрөнгийг утгах, гэмтээх гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.О, хохирогч Я.Б, Э.А нарын өмчлөлд 310.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Оыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Оод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Оод оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Я.Б, Э.А нарын өмчлөлд 310.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Я.Б, Э.А нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, шүүгдэгч Б.Ооос гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Б.О-ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Оод торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Оод оногдуулсан 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ