Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ж.Д.Эөд холбогдох эрүүгийн ...............дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, .....-ний өдөр ......... төрсөн, ... настай , ...тэй бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл ....гийн хамт, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Д.Э (РД:...........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын зам Хүннү молл худалдааны төвийн урд замд тоёота камри маркийн 79-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Д.Э: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Б.Б “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө уг осол болсон. Би осолд ороод 4 сар гаран хугацаа өнгөрсөн, ажил эрхлэх боломжгүй болсон. 4 нялх хүүхэдтэй. Цаашид хөл ямар хугацаанд эдгэрэхийг, ямар хугацаанд ажил эрхлэх боломжгүй байхыг хэлж мэдэхгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг байцаагчид өгсөн, Энхмөнхөөс хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1,306,758 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө гэртээ харихаар 01 цаг 20 минутын орчим Хүннү молл худалдааны төвийн урд замын автобусны буудал дээр найзынхаа машинаас буугаад явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар гарц дээр ирээд ногоон гэрлийг захиалдаг товчлуур дээр дараад зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар уг гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаад 1-2 дугаар эгнээний гол хавьцаа явж байтал нэг машин гэнэт гарч ирээд мөргөсөн. Тэгээд би зам дээр унаад хэвтээд маш их өвдөлтийг мэдрээд хөдөлж чадахгүй байхдаа ах эгч рүү залгаад тэд нарыг дуудсан. Удалгүй түргэний машин ирээд эмч нь намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ингээд хэвтэж байгаад 7 хоноод гарсан байгаа. ...Уруул хавдсан, зүүн талын хоёр хавирга хугарсан, зүүн талын шилбэ яс нарийн яс бүдүүн яс хугарсан, зүүн гуяны гадна тал, зүүн шагайны үе хавдсан зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. ...Би гарцаар гараад явж байтал гэнэт машин ороод ирсэн. Эхлээд гарцаар гарахын өмнө ойр хавьд машин байгаа эсэхийг харахад ямар ч машин байгаагүй. ...Гомдолтой байна. Эмчилгээний зардал гарсан баримт байгаа. Жолооч нэг удаа 500.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн...” (хавтас хэргийн 19-20 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Осол болсон өдөр манай дүү Д.Э надад “та машинаа өгөөч би ойрхон явчхаад ирнэ” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд түлхүүрээ өгөөд явуулсан. ...Би машиндаа учирсан хохирлыг дүү Д.Эөөс нэхэмжлэхгүй ээ. Гомдол санал байхгүй...” (хавтас хэргийн 24-25 дахь тал) гэсэн,

 

Иргэний хариуцагч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” (хавтас хэргийн 28 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 10784 дугаар “...Б.Бийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн талын 6.7-р хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 43-44 дэх тал) гэсэн дүгнэлт

 

“Мастер Үнэлгээ” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29831 дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 64.000 төгрөгийн шууд зардал, 2.207.000 төгрөгийн шууд бус зардал” гэх техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 77 дахь тал)

 

Ашидбилгүүн ХХК-ний авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргал гаргасан 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 331 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 67 дахь тал)

 

Яллагдагчаар Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...найз охиноо баруун 4 замаас аваад Хүннү молл худалдааны төвийн тэнд байх Ханбогд хотхонд хүргэж өгөөд буулгачхаад гэртээ харихаар 01 цаг 20 минутын орчим тээврийн хэрэгслээ жолоодоод Хүннү молл худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал гэрэл солигдох гээд байхаар нь би амжиж орох гээд хурдаа нэмсэн боловч явган хүний гарц руу ойртоод ирэхэд ногоон өнгийн цүнх нүдэнд харагдаад “хүн явж байна” гэж ойлгоод хурдаа хассан боловч тэр хүн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явган хүний гарцаар чигээрээ гүйгээд эхлэхээр нь би араар нь тойроод гарчихна гэж бодоод 1 дүгээр эгнээ рүү ортол тэр явган хүн буцаад ухраад гүйхээр нь би жолооны хүрдээ дахин баруун тал руу тултал нь дартал тэр хүн машины зүүн талын толь, зүүн талын хэсгээрээ шүргэсэн. Би машинтайгаа хашлага /брожур/ даваад явган хүний зам дээр гараад цаана байсан зүлгэний төмөр шонг шүргээд зүүн дараад буцаж зам руугаа ороод зогссон. ...Би осол болсны дараа хохирогч Б.Бийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Одоо гарсан зардлыг төлнө” (хавтаст хэргийн 96 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3 дахь тал),

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-12 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Б.Б нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн , (хавтаст хэргийн 13 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Д.Э нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн, (хавтаст хэргийн 13 дахь тал ар),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 36-39 дэх тал),

Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 78-87 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 101-112 дахь тал),

Шүүгдэгч Д.Э хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 151 дэх тал),

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа нар гэм хэргийн улмаас учирсан гэм хор төлсөн гэх баримт зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Эөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын зам Хүннү молл худалдааны төвийн урд замд тоёота камри маркийн 79-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн талын 6.7-р хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 10784 тоот дүгнэлт, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3 дахь тал),

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-12 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 101-112 дахь тал),

Шүүгдэгч Д.Э хохирогчид хохирол төлбөр барагдуулсан талаарх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн талын 6.7-р хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Эөд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Д.Э нь хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Д.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарсан хохирлын бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэсэн саналыг гаргаж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн Энхмөнх нь хувийн байдлын хувьд төлөв даруу, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлын хэрэгт авагдсан баримтын хүрээн бүрэн төлж барагдуулсан, энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхийн тулд хувийн байгууллагад сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажилд орсон, эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоож өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, шударга ёсны заримд нийцүүлэн шүүгдэгч Д.Эөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Эөд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Эөд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн талын 6.7-р хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Д.Амарбаяр гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ, эмнэлэг явахад зарцуулсан шатахууны төлбөр, зогсоолын төлбөр зэрэг баримтаар нийтдээ 1,306,758 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Д.Э нь 1,310,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Д.Эийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эөд  600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ