Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч С.Базардорж,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ц.Б.Б-т холбогдох эрүүгийн 2103003820049 дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......-ны өдөр ... төрсөн, ... настай, ...тэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........ тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдлэж байгаагүй, Ц.Б.Б- (РД: .............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Наадамчдын гудамж, “Оргил” худалдааны төвийн зүүн замд “Toyota Prius” маркийн 27-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Иийг /эрэгтэй, 17 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Б.Б-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирогчид цаашид гарах хохирлын зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О: “...Манай хүүхэд зам тээврийн ослоос үүдэн гэмтэл авсан, одоо эмчийн хяналтад байгаа, хичээл эхэлсэн боловч хүүхэд маань ядрал ихтэй, сульдаад хичээлдээ явахгүй байгаа. Группт орсон, эмчилгээний зардал 1,8-1,9 сая төгрөгийн төлбөр гарсан. Б-ийн хувьд эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, сүүлд дахин 7 хоног хүүхдээ эмчлүүлсэн зардал гэж 79,000 төгрөгийн баримтыг сая шүүх хуралдаанд өгсөн, үүнийг Б-ээс нэхэмжилж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардалд 15-20 сая төгрөг нэхэмжилнэ. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал бүрэн эдгэх магадлалгүй байгаа, биеийн байдал нь одоо хүнд, хөдөлмөр хийх, өөрийн дугаар хөдөлгөөн хийх нь хязгаарлагдмал болсон тул гомдолтой байна. гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Ганбаяр болон аав Жадамбаа нарын хамт ажил хийж гадуур явж байгаад ачааны машинаар нь шөнө 23:00 цаг өнгөрч байхад гэртээ хүргүүлж яармагийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойш эргээд “Оргил” худалдааны төвийн зүүн талын зам дагуу зогсож машинаас бууж байснаа санаж байгаа...Би ослоос болж тархины хагалгаанд орж гэмтлийн эмнэлэгт 18 хоног хэвтэн эмчлүүлээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлгээс гарч одоо гэрээр хэвтрийн дэглэм барьж байгаа...” (хавтас хэргийн 30 дахь тал) гэсэн,

 

Гэрч М.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Б- тоормос гишгэсэн боловч тулаад ороод ирсэн болохоор машины зүүн талын урд хэсгээр мөргөж унагаасан...” (хавтас хэргийн 34 дэх тал) гэсэн,

 

Гэрч Д.Жадамбаагийн “...Би дохиогоо өгөөд замын хашлага руу шахаж зогсох үед манай хүү хаалган талд сууж явсан болохоор буугаад Итгэл араас нь буугаад баяртай гэж хэлээд цааш гүйгээд зам гарах үед ертөнцийн зүгээр хойноос ирж явсан суудлын автомашинд мөргүүлж унасан...3ам хуурай гадаргуутай байсан ч зам дагуу гэрэлтүүлэг байхгүй харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” (хавтас хэргийн 37 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 11345 өдрийн шинжээчийн дугаар “...Б.Иийн биед зүүн зулай, дагз ясны шугаман хугарал, зүүн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 43-45 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний эм тариатай холбоотой зардлыг төлж барагдуулна.” (хавтаст хэргийн 94 дэх тал) гэсэн,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “...Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 174180 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 51-54 дэх тал)

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунболдын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

 

“Тоуоtа Рrius” маркийн 27-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал)

 

“Батжинбат ирээдүй” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1900 дугаартай албан бичиг, зээлийн гэрээ, фидуцийн гэрээний хуулбарууд (хавтаст хэргийн 80 дахь тал)

Яллагдагч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, (хавтаст хэргийн 66 дахь тал)

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оэс гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 13-26, 100-111 дэх тал)

 

2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-5, 7-10 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Б.Б- нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн, (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 14-26 дахь тал),

Шүүгдэгч Б.Б-ийн хохирогчид хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 114-118, 121-125 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 62-67 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 79.135 төгрөгийг нэхэмжлэлтэй баримт зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Наадамчдын гудамж, “Оргил” худалдааны төвийн зүүн замд “Toyota Prius” маркийн 27-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Иийг /эрэгтэй, 17 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 11345 тоот дүгнэлт, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3  дахь тал),

2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-5, 7-10 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 14-26 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунболдын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

Шүүгдэгч Б.Б-ийн хохирогчид хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 114-118, 121-125 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Иийг /эрэгтэй, 17 настай/ мөргөж, эрүүл мэндэд биед зүүн зулай, дагз ясны шугаман хугарал, зүүн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун тавхайнд цус хуралт бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...шүүгдэгч өөрийгөө буруутай гэж үзэж хохирол төлөхөө илэрхийлж байгаа нь түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Хохирогчийн  биед хүнд гэмтэл учирсанд өмгөөлөгчийн зүгээс Б-ийг буруугүй гэж үзэж байна. Б-ийн тухайн үед унаж явсан тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлтэд машины урд 2 гэрлийн хол, ойрын тусгал стандарт хангахгүй гэсэн байна. Гэхдээ энэ нөхцөл байдал хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байна. Насанд хүрээгүй хохирогч тухайн үед зам хөдлөн гарахдаа өөрийн аюулгүй ажиллагааг хангаж, замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн харагдаж байна. Мөн Б- тухайн үед хурд хэтрүүлээгүй, замын зүүн талын зорчих хэсгээс явган зорчигч гэнэт гарч ирэхийг хараад тээврийн хэрэгсэл зогсоохоор тормоз гишгэсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчим бий. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн зарчмыг бид баримтлах ёстой. Машины гэрэл стандарт хангахгүй байгаа нь хэрэг шалгах явцад илэрсэн машины зөрчил болохоос биш, гэрэл зөрчилтэй байснаас болоод хохирогчийн харалгүй очоод мөргөсөн гэх зүйл байхгүй байна. Жолоочийн хувьд буруутай зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүх гэмт хэргийн шинжийг анхаарч дүгнэлт хийж, Б-ийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн “цагаатгаж өгнө үү” хэмээх гаргасан санал, дүгнэлтийг шүүх дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм. 

 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хохирол төлбөрөө нэхэмжилж байгаа зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Б- нь хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б-т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн 1323242 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх араг хэмжээг хэвээр үлдээх саналтай байна гэсэн саналыг гаргаж,

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Б-т авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Б.Б-ийн эдлэх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Иийг /эрэгтэй, 17 настай/ мөргөж, эрүүл мэндэд биед зүүн зулай, дагз ясны шугаман хугарал, зүүн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун тавхайнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогч Б.И гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ, эмнэлэг явахад зарцуулсан шатахууны төлбөр, зогсоолын төлбөр зэрэг баримтаар нийтдээ 1.606.743 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Б.Б- нь 1.800.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 114-118, 121-125 дахь тал) мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үгүйсгээгүй зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд баримтаар 79.135 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хангаж шүүгдэгч Б.Б-ээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.О нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О цаашид эмчилгээ үйлчилгээнд баримтгүйгээр 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нэхэмжлэлийг шийдэх боломжгүй, тодорхой баримтгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-ийн №1323242 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 79.135 (далан есөн мянга нэг зуун гучин таван) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.О олгож, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-ийн №1323242 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй

 

7. Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ