| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2017/00250/И |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 41
С.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00350 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн *******т сумын ******* ******* ******* ******* ******* ******* оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн *******т сумын ******* ******* оршин суух, овогт ад холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 20.380.000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “******* миний бие нь Ш.аас миний өмчлөлийн Тоёото прадо 120 маркийн 73-61 дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 20,380,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 19 цагийн орчимд надтай Ш. нь Элит бааранд хамт байж байгаад миний машины түлхүүрийг хэлэлгүйгээр авч яваад зам тээврийн осол гаргасан.
Ховд аймгийн Цагдаагийн газраас Ш.ын зам тээврийн осол гаргасан энэхүү үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 201621000045 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэхүү гэм хэрэг нь Ш.ын шууд буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.ын өөрийнх нь мэдүүлгээр шууд нотлогддог. Машины эд ангийн эвдрэл, гэмтлийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан.
Миний бие нь 2017 оны 4 сарын 5-ны өдөр Ш.ад холбогдох эрүүгийн хэргээс энэхүү үйлдлийг 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 5/73 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг гардан авсан бөгөөд прокуророос Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Надад учруулсан хохирлоо Ш. нь өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад сайн дураараа төлж барагдуулахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. С.******* надад Ш.ын буруутай үйлдлийн улмаас дараахь хохирол учирсан. Үүнд:
1. Бэрс моторс 4 940 000 төгрөгийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. 2016 оны 5 сарын 22-ны өдөр
2. Бэрс моторс 2 640 000 төгрөгийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан 2016.6.23-ны өдөр
3. Бэрс моторс 4 940 000 төгрөгийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан 2016.7.8-ны өдөр тус тус сэлбэг худалдаж авсан 10 4 000 төгрөгийн шууд хохирол,
4.Тайван-Ууганбаяр агергаль засварт дотор эд ангиудын засвар үйлчилгээ хийлгэхэд 800 000 төгрөг 2016 7.19-ний өдөр
5. ХХК- 8 500 000 төгрөгийн засварыг Тоеото прадо 120 маркийн 73-61 дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн засвар үйлчилгээний хөлс 2016 оны 5 сарын 20, 2016 оны 7 сарын 21-ний өдөр төлбөрийг бүрэн хийж гүйцэтгэсэн.
6. Тоеото прадо 120 маркийн 73-61 дугаартай тээврийн хэрэгслийн Ховдоос Улаанбаатар хот руу ачиж хүргэсэн тээврийн зардал 650 000 төгрөгийн зардал зэрэг нийт 20 380 000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаар бүрдүүлэн нэхэмжилж байна. С.******* надад учирсан уг хохирол нь Ш.ын буруутай үйл ажиллагаанаас болж миний эд хөрөнгөнд учирсан шууд хохирол юм.
Иймд С.******* миний өмчлөлийн автомашинд учирсан гэм хорын хохирол 20,380,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....Миний бие нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй бөгөөд эрх үүрэг, хэргийн материалтай танилцсан тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00350 дугаар шийдвэрээр:“1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.аас 13,320,000 /арван гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,060,000 /долоон сая жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.аас улсын тэмдэгтийн хураамж 224,550 /хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтанд буюу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан эрүүгийн хэрэгт тухайн асуудлаар шинжээчийн 4 янзын дүгнэлт бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт нь хамгийн сүүлийн дүгнэлт биш учраас түүнийг үнэлэх боломжгүй гэсэн тайлбар гаргасан бөгөөд энэхүү тайлбар нь Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд бодит хохирлыг 7.600.000 төгрөг байна гэснээр нотлогдож байсан боловч хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ш.ад холбогдуулан гэм хорын хохирол 20.380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш. нь шүүхээс нэхэмжлэлийн гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн байна.
Ш. нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бусдын өмчлөлийн 73-61 УНӨ улсын дугаартай Тоёото Прадо маркийн авто машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч С.*******т эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь прокурорын тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийм учраас хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хохирлын зарим баримтууд нь олгосон байгууллагын регистрийн дугаар бичигдээгүй, мөнгөн дүн засвартай, нэхэмжлэгчийн регистрийн дугаар засвартай, 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Эд зүйлд үнэлгээ тогтоосон” шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний хууль зөрчсөн байгаа нь уг баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Ховд салбарын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай “нийт хохирлын үнэ 4.820.000 төгрөг байна” гэх гэх шинжээчийн дүгнэлт, ХХК-нд 2 удаа засвар хийлгэсэн зардал 8.500.000 төгрөг, нийт 13.320.000 төгрөгөөр хохирлыг тооцож, илүү нэхэмжилсэн зөрүү 7.060.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Ш.ад холбогдох хэргийг Прокурорын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр/ хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхгүйгээр хүлээн авсан, мөн хариуцагч Ш.ын өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байхад анхан шатны шүүх тэмдэгтийн хураамж төлөөгүй өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй тухай захирамж гарган анхан шатны шүүхэд буцаахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх тул тэмдэгтийн хураамжийн зохигчдоос нөхөн гаргуулж, шүүхүүдийн алдааг засах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс 127910 төгрөг гаргуулан төрийн сангийн 110000321668 тоот дансанд нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00350 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1.-т зааснаар нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2*******850 төгрөг гаргуулан төрийн сангийн 110000321668 тоот дансанд нөхөн төлүүлж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч Ш.аас 224550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмы дагуу төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс 127910 төгрөг гаргуулан төрийн сангийн 110000321668 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
М.НЯМБАЯР