Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/81

 

                                                        Ү.Гантулгад холбогдох

                                 эрүүгийн хэргийг шинээр илэрсэн

                                       нөхцөл байдлын улмаас хянах тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч ерөнхий шүүгч        Б.Батзориг

                                    Шүүгчид                                Г.Давааренчин                                       

                                                                                Д.Буянжаргал

                      

                              Оролцогчид:

                                Прокурор                                Д.Нямдэлэг

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч         А.Отгонбаяр

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандушир овогт Үнэнхүүгийн Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтээр хянуулахаар ирүүлсэн 1702001590097, 1831000000010 дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 31 дүгээр байр 35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мандушир овогт Үнэнхүүгийн Гантулга /Регистрийн дугаар: НС84101973/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ү.Гантулга нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчим тусгай зөвшөөрөлгүйгээр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг  “Ялбаг” гэх газарт “Хьюндай 2800” загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгал экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ү.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02  дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 48 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Мандушир овогт Үнэнхүүгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Үнэнхүүгийн Гантулгад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийг эзэмшиж, ашиглахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдан,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан, СРU CONTROLLER гэх хажуу талын хэсэгтээ “Р.Лхагвасүрэн” гэсэн бичиглэл бүхий экскаватор төхөөрөмжийн компьютер гэх зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ү.Гантулгад буцаан олгож,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ү.Гантулгын “Хас” банкны 5000827886 тоот дансанд хязгаарлалт хийснийг хүчингүй болгож, байршсан мөнгө оолон хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ хийх зөвшөөрөл олгож,

-түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуяг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №4 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтдээ:

...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Үнэнхүүгийн Гантулгыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Ялбаг” гэх газарт техник тоног төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гантулгад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийг эзэмших, ашиглахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Гэтэл Ү.Гантулга нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсгээр хэрэг бүртгэлтийн 170200159 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Ялбаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 6.404.764 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэгтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба Ү.Гантулгын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхэд хүргэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 48 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, хэргийг прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс нэг цагт, нэг газар оронд үйлдэгдсэн, эдгээр үйлдлүүдийг нэг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасны дагуу нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн хууль ёсны эрх ашигт нийцэх бөгөөд прокурорын бичсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Ү.Гантулгын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн үйлдэлд нь анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэхээр шийдвэр гарсан боловч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүхээс урьд гарсан 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийтгэх үндэстэй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа учир энэ хэргүүдийг бүхэлд нь нэгтгэж нэмэлт мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй учраас анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дээрх хоёр хэргийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэх үндэстэй байна гэж үзээд прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ү.Гантулга нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчим тусгай зөвшөөрөлгүйгээр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг  “Ялбаг” гэх газарт “Хьюндай 2800” загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгал экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 48 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийг эзэмшиж, ашиглахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуяг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №4 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийн дагуу Ү.Гантулгад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Ү.Гантулгыг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 126 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд “прокурорын яллах дүгнэлт нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ...Ү.Гантулгын холбогдсон эрүүгийн хэрэг нь өмнө гарсан шүүхийн шийтгэх тогтоолын ард үйлдэгдсэн байх тул өмнө гарсан тогтоолыг хүчингүй болгож, түүний үйлдсэн хоёр үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул уг алдааг засуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг тус аймгийн Прокурорын газарт” буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын дүгнэлтийн үндэслэлийг судлан үзэхэд: Шүүгдэгч Ү.Гантулга  “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгтээ ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэх 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Ялбаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 6.404.764 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсаны дараа илэрч Ү.Гантулгын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуульд заасны дагуу нэмж нэгтгэх боломжгүй болсон болох нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын яллах дүгнэлт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №4 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ү.Гантулгад холбогдох 1831000000010, 1702001590097 тоот дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн  хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ