Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0074

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: МУЗГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, МУЗГын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хөх хотод суугаа ерөнхий консулын албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГын 46 дугаар тогтоолоор томилогдож ажилласан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗГын 162 дугаар тогтоол, Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус зааснаар эгүүлэн татсан.

Венийн конвенцийн 29 дүгээр зүйлд “Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга авна” хэмээн заасан байдаг. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний эрх ямба, дархан эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь онц ноцтой гэмт хэрэгт үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, нотлогдсон тохиолдолд эгүүлэн татах арга хэмжээ авч болно” гэжээ.

Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн конвенцид заасан эрх ямба, дархан эрх эдлэх, тэр нь халдашгүй дархан байна хэмээн заасан байна. Мөн Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 39.2-т “Эрх ямба, дархан эрх эдлэгч хүний албан үүрэг даалгавар дуусгавар болоход тэрхүү эрх ямба, дархан эрх уг хүнийг тухайн улсаас гарсан буюу гарч болох боломжийн хугацаа дууссан мөчөөс эхлэн ердийн байдлаар дуусгавар болох бөгөөд харин тэр хүртэл зэвсэгт мөргөлдөөн гарсан ч хүчинтэй хэвээр байна.” гэсэн байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Х, Гадаад харилцааны сайд Д.Ц нар дээр дурдсан Венийн конвенцийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус шийдвэр гаргаж, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 41.1, 43 дугаар заалтууд, мөн Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний давуу эрх, эрх, ямба, дархан эрхийг дордуулан шүүхээс гэм буруутай үйлдэл тогтоогдож, нотлогдоогүй байхад Дипломат албаны тухай хуулийн 11.1.4, 16.2 дахь заалтуудыг үндэслэж, хүний нэр төрд ноцтой халдаж, халдашгүй дархан эрхийг минь зөрчиж, хууль бусаар эгүүлэн татсан гэж үзэж байна.

Дипломат албаны тухай хуульд зааснаар Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн тухайн оршин суугаа улсад өөрийн нэр дээрх автомашиныг унах бүрэн эрхтэй бөгөөд тухайн автомашинтай холбоотой асуудлаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн ордны Гадаад хэрэг эрхлэх газрын дарга, Журамттай, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад харилцааны яамны ЁГ-ын дэд захирал Ван Лутон, Гадаад харилцааны яамны ЁГ-ын Дипломат төлөөлөгчийн газруудын асуудал хариуцсан албаны дэд дарга Хоү Данна болон  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ГЕГ-ын Контрабанттай тэмцэх албаны төлөөлөл, Хөх хотын Гаалийн албаны холбогдох албан тушаалтнуудтай тус тус уулзсан.

Тухайн уулзалтын тэмдэглэлүүдэд ерөнхий консул Д.М дээрх машинтай холбоотой хэрэгт ямар ч холбогдолгүй, гэм буруугүй талаар мэдээлсэн байх юм.

Иймд Консулын харилцааны Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн шийдвэр гаргаж, МУЗГын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Дипломат болон Консулын харилцааны Венийн 1961, 1963 оны конвенцоор олгогдсон Дипломат болон Консулын дархан эрх, ямба бол зөвхөн улсаа төлөөлж байгаа дипломат, консулын  ажилтны хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс олгосон дархан эрх ямба байдаг. Тухайлбал Консулын харилцааны тухай Венийн конвенцын 55.1-т “Консулын ажилтан консулын эрх ямба, дархан эрхээ эдлэхдээ суугаа улсынхаа хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандах үүрэгтэй” гэж заасан.

 Мөн консулын ажилтан Консулын харилцааны тухай Венийн конвенцын 57.1.1, 57.1.9-т “Консулын албан тушаалтан хувьдаа ашиг олох зорилгоор мэргэжлийн болон арилжааны үйл ажиллагааг хүлээн авагч улсад явуулахгүй, эрхэлсэн тохиолдолд дархан эрх ямба олгохгүй” гэж заасан. Консулын харилцаа болон Дипломат харилцааны Венийн конвенцод заасан олон улсын гэрээгээр хүлээсэн дипломат болон консулын ажилтны эрх үүргийг Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т Монгол улсын хуулиар хуульчилж өгсөн байдаг. Энэ нь суугаа орныхоо хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгэх үндсэн үүрэг бий. Нөгөө талаасаа дотоодын хуулийн зөрчил гэх юм бол Авлигалын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ урвуулан, хувийн зорилгодоо ашиглахгүй байх зэрэг ийм эрх зүйн зохицуулалт байсаар байхад Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.М өөрийнхөө нэр дээр нэг Range rover, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн Консулын газарт машин худалдаж авах мөнгө батлагдаагүй, эрх олгогдоогүй байхад Ерөнхий консулын газрын нэр дээр А395NH, А1234, А1137N гэсэн машинууд оруулж бүртгүүлсэн. Энэ тухай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол хавтаст хэрэгт авагдсан. “...Д.Мийн энэ үйлдэл нь Олон улсын гэрээ, Консулын харилцааны тухай Венийн конвенц, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байгаа учир энэ хүний асуудлыг эв зүйтэйгээр шийдвэрлэж өгөөч ээ” гэсэн ноот бичиг дээр эдгээр машинуудын талаар маш дэлгэрэнгүй дурдсан байгаа. Эдгээр автомашинуудыг оруулж ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдэд дамлан зарж, үүнээсээ ашиг, хонжоо олсон гэх хангалттай үндэслэлүүд байна. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Контрабанттай тэмцэх газрын шалгалтаар нотлогдсон. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ноот бичгээр “...консулын эрх ямбыг нь цуцалж өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьсан. Тухайн хүсэлт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирэхэд бид Д.Мийн эрх ямбыг цуцлах боломжгүй гэж үзэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хийсэн шалгалтаар энэ хүн эрх ямбаа урвуулан ашигласан гэдэг нь тогтоогдож, үүний улмаас ЗГын тогтоолоор эгүүлэн татсан. Ингэхдээ Дипломат албаны тухай хуульд заасан “суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчсөн” гэх үндэслэлээр эгүүлэн татсан. Эрх ямбыг нь цуцалчихсан тохиолдолд Д.Мд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдах байсан. Ингэснээрээ бид Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь заалтыг зөрчих нөхцөл байдал үүссэн юм. Захиргааны акт бол Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагын дагуу бид Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсгийг үндэслэсэн.

Томилолтын хугацаагаа дуусгаад ирэхэд бид Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Энэ хуулийн  16.1 -д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух ЗГын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна.” заасныг үндэслэдэг. 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна.” заалтыг үндэслэдэггүй. Энэ жишгийг нотолсон бусад ерөнхий консулыг томилсон чөлөөлсөн эргүүлэн дуудсан нотлох баримт, ЗГын тогтоолыг нотлох баримтаар өгсөн. Өргөдөлд хариу өгөөгүй гэсэн асуудал дурдагдсан. ЗГын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн баримт бичигт өөрт нь энэ тухай амаар мэдэгдсэн. Энэ тухай Н.М даргын гарын үсэгтэй  нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Гадаад харилцааны сайдад бас өргөдөл гаргасан. ЗГын тогтоол учир ЗГын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн бичгээр энэ хариуг өгсөн гэх бүрэн үндэслэлтэй. ЗГын тогтоол бол зөрчилгүй. Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэг бол тогтоогдчихсон. ЗГын тогтоол нь агуулгын болон хэлбэрийн талаасаа хууль зүйн шаардлага хангахгүй байна гэж үзэх юм бол Д.Мд Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Энэ эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаад асуудал хэлэлцэгдээд явж байгаа юм. Хамгийн гол зүйл бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий Консулын газрын нэр дээр машин авах зөвшөөрөл, төсөв олгогдоогүй байхад оруулж, бүртгүүлсэн. Тэр бүртгүүлсэн машинаа буцааж гаргая гэсэн хүсэлт нь элчин сайдын яамны ноотоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд хүргэгдсэн. Энэ ноотонд хариу өгсөн бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль тогтоомж болон Венийн конвенцод заасан эрх ямбаа зөрчөөгүй байсан гэдгийг нотлох байсан юм гэх зүйл ярьж байсан. Нэгдүгээрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал Элчин сайдын яамны хүсэлтэд огт хариу өгөөгүй. Олон улсын харилцааны тогтсон заншилд хариу өгөхгүйгээр зөвшөөрөхгүй байх тохиолдол байдаг. Тухайн асуудлаар хариу өгөөгүй. Хоёрдугаарт шалгаад Д.Мийн эрх ямбыг цуцалъя гэж байгаа нь энэ хүн бол үйлдлээ үйлдчихсэн гэсэн үг. Намайг буруугүй  гэдгийг нотлох бололцоо олгоогүй гэсэн зүйл ярьж байгаа. Үгүй ээ бид олгосон. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг өг, гэхдээ Гадаад яам бол өөрийн чинь эрх ямба, дархан эрхийг цуцлахгүй гэдгийг мэдэгдээд, уулзалтууд хийгдсэн. Тэдгээр уулзалтуудаар гэм буруугүй гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд эдгээр үндэслэлээр Д.Мийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Үндсэн хуульд зааснаар “ ЗГын шийдвэр хууль зөрчсөн бол Улсын Их Хурал болон өөрөө хүчингүй болгоно” гэсэн заалт байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М тус шүүхэд хандан “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, МУЗГ 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар  зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. МУЗГ 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Д.Мийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилон, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 “суугаа, хавсран суугаа орны хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.2 “Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна”  заасныг тус тус үндэслэн эгүүлэн татжээ.

Нэхэмжлэгч уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, нотлогдсон тохиолдолд эгүүлэн татах арга хэмжээ авч болно. ...Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд ... нар ...Венийн конвенцын 41.1, 43 дугаар заалтууд, мөн Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний давуу эрх,  эрх ямба, дархан эрхийг дордуулан шүүхээс гэм буруутай үйлдэл тогтоогдож, нотлогдоогүй байхад Дипломат албаны тухай хуулийн 11.1.4, 16.2 дахь заалтуудыг үндэслэж, хүний нэр төрд ноцтой халдаж, халдашгүй дархан эрхийг минь зөрчиж, хууль бусаар эргүүлэн татсан” хэмээн тайлбарлан маргаж байна.

2. Консулын харилцааны тухай Венийн конвенцын 41 дүгээр зүйл “Консулын албан тушаалтны хувийн халдашгүй байдал”-ийн 1.”Хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас бусад үндэслэлээр консулын албан тушаалтныг шүүх хурал хүртэл баривчлах буюу албадан саатуулж үл болно”, 43 дугаар зүйл “Хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх дархан эрх” 1.”Консулын албан тушаалтан болон консулын албан хаагчид консулын чиг үүргээ гүйцэтгэх үед хийсэн үйлдлийн тухайд хүлээн авагч улсын шүүх буюу захиргааны байгууллагын өмнө хууль зүйн хариуцлага үл хүлээнэ”, 2. “Гэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт иргэний дараахь нэхэмжлэлд хамаарахгүй:

a) консулын албан тушаалтан буюу консулын албан хаагчаас томилогч улсын төлөөлөгчийн хувьд шууд буюу шууд бусаар үүрэг хүлээлгүйгээр байгуулсан гэрээнээс үүдсэн нэхэмжлэл; эсхүл

b) хүлээн авагч улсад зам тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц буюу нисэх онгоцны ослоос учирсан хохиролтой холбогдуулан гуравдахь этгээдээс гаргасан нэхэмжлэл” хэмээн,

Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Дипломат ажилтан төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг үүргээс гадна өөрийн ажлын онцлогоос шалтгаалан дараахь үүрэг хүлээнэ”, 11.1.4 “суугаа,хавсран суугаа орны хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.2 “Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” хэмээн тус тус заажээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамнаас:

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ноот бичгээр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан “...БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Д.М  ... 2018 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын контрабандтай тэмцэх байгууллага нь автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бөгөөд уг хэрэгт Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Мөнх-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй Range rover маркийн /A005Y9/ автомашин болон Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй Benz маркийн /А395NH, А1234, А1137N/ 3 автомашин байгаа бөгөөд дээрх 4 автомашиныг БНХАУ-ын иргэн “бодитой мөнгө гарган худалдан авч урт хугацаанд ашиглаж байсан ба Ерөнхий консул Мөнх-Эрдэнэ нь үүнээс тодорхой хэмжээний ашиг хүртсэн байна. ...Ерөнхий консулын хувьд даргын хариуцах ёстой үүргээ биелүүлээгүй байгаа төдийгүй автомашин хууль бусаар нэвтрүүлж дамлан худалдсан асуудалд шууд холбогдож БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн байна...” гэсэн асуудлыг тавьж,

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ноот бичгээр “...хуулийн дагуу хэргийг шалгах нотлох баримт цуглуулах шаардлагатай тул Монголын талаас Ерөнхий консулын эдэлж буй Консулын халдашгүй байдал болон дархан эрхийг чөлөөлж өгөхийг хүсч байна” гэсэн хүсэлтийг тавьж байжээ.

Үүнтэй холбогдуулан, хариуцагч Монгол Улсын Засгийн газар Дипломат албан тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын  2019 оны 262 дугаар тогтоолоор Ерөнхий консул Д.Мийг “суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчсөн” гэх үндэслэлээр эгүүлэн татсан, маргаан бүхий акттай холбогдуулан нэхэмжлэгч Д.Мэс 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдад хандан өргөдөл гаргасныг  хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан хугацааны дотор өөрт нь амаар хариуг өгсөн болох нь хэрэгт авагдсан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн х/1109, Гадаад харилцааны яамны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08/6488 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй, маргаан бүхий акт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Дипломат харилцааны тухай Венийн конвенц болон Консулын харилцааны тухай Венийн конвенцын хүрээнд консулын байгууллагын гишүүдийн эдлэх эрх ямба, дархан эрхийг томилогч улс тодорхойлох бөгөөд Консулын харилцааны тухай Венийн конвенцын 55 дугаар зүйлд заасанчлан “Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, журмыг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн уг улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй”, БНМАУ ба БНХАУ хоорондын Консулын конвенцын 24 дүгээр зүйлд “Энэхүү конвенцын дагуу эрх ямба, халдашгүй эрх эдлэх хүн хүлээн авагч улсын хууль тогтоомж, түүний дотор тээврийн хэрэгслийг зохицуулж байгаа хууль тогтоомжийг өөрсдийн эрх ямба, халдашгүй эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй” хэмээн тухайлан заасан атал нэхэмжлэгч Д.М нь Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын хилээр нийт 4 автомашиныг хууль бусаар нэвтрүүлсэн гэх асуудалд холбогдсон,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамнаас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ноот бичгээр “...хуулийн дагуу хэргийг шалгах нотлох баримт цуглуулах шаардлагатай тул Монголын талаас Ерөнхий консулын эдэлж буй Консулын халдашгүй байдал болон дархан эрхийг чөлөөлж өгөхийг” хүсэхэд Монгол Улсын Засгийн газар Дипломат албан тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Консулын харилцааны тухай Венийн конвенцын 45 дугаар зүйлд заасанчлан Ерөнхий консул асан Д.Мийн эрх ямба, дархан эрхээс татгалзалгүй харин Засгийн газрын  2019 оны 262 дугаар тогтоолоор түүнийг “суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчсөн” гэх үндэслэлээр эгүүлэн татсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон” шийдвэр байна.

4. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй Консулын харилцааны тухай Венийн конвенцын 41.1, 43 дугаар зүйлд заагдсан консулын албан тушаалтны хувийн халдашгүй байдал, дархан эрхийн талаарх зохицуулалт нь мөн конвенцын 53 дугаар зүйлийн 1 болон Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 39, 40 дүгээр зүйлд тус тус заасанчлан “Эрх ямба, дархан эрх эдлэх эрх бүхий хүн”, “Консулын байгууллагын гишүүн” хүлээн авагч улс /гуравдагч улс/-ын “нутаг дэвсгэрт орсон мөчөөс эхлэх”, “хүлээн авагч улсын шүүх буюу захиргааны байгууллагын өмнө хууль зүйн хариуцлага үл хүлээх” тухайд хамааралтай заалт болохоос бус томилогч улсын эрх бүхий этгээдэд хамаарахгүй,

нэхэмжлэгчээс маргаан бүхий актад өөрчлөлт оруулахыг хүсч буй Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна” гэх заалт нь тус хуульд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон заалт бөгөөд мөн хэсгийг хуульчилсан тайлбараар энэхүү өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй, Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 31 дүгээр зүйлийн 4-т “Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь түүнийг томилогч улсын шүүхийн харьяаллаас үл чөлөөлнө” хэмээн заасан, болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан, Д.М нь анх 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн 128/ШЗ2019/8431 дугаар захирамжаар “...нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах шаардлагатай” гэх үндэслэлээр хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, товийг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн,

 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О хэргийн материалтай танилцах шаардлагатай хэмээн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж, хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, товийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны заримыг  шүүх хангаж шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаан хүргүүлсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлож, хэргийн оролцогч нарт товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн,

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг тус шүүх ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан.

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг дахин товлож, хэргийн оролцогч нарт товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч, хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр товлон, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу хурлын товыг мэдэгджээ.

Гэвч  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ бүх асуудлыг дурдан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Консулийн харилцааны тухай Венийн конвенцын 10 дугаар зүйлийн 1, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн Газарт холбогдох “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, МУЗГ 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” шаардлага бүхий  Д.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.М