Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0115 |
Огноо | 2014-03-05 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2014/0115
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 03 дугаар сарын 06 өдөр дугаар 115 Улаанбаатар хот
“З к” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “З к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэр гаргахдаа хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа учир татварын улсын байцаагчийн 2013 оны 191414 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Б, Х.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Тус компани нь худалдан авалтыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтдаа тусгаагүй, тухайн тайлант хугацааны санхүүгийн тайлангийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд дээрх бэлэн мөнгө байгаагүй болон кассаас уг мөнгөний зарлага гарсныг нотлох анхан шатны баримт байхгүй мөн “И Д Э” ХХК , “Ж” ХХК-уудын нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь Улсын мөрдөн байцаах газраас нотлогдсон. Хяналт шалгалтыг хийхдээ Татварын Ерөнхий Газрын 2013 оны 04-р сарын 15-ний өдрийн 26/898 тайлбар бичиг, ТЕГ-ын даргын баталсан 2013 оны 4-р сарын 15-ны өдрийн Хяналт шалгалт хийх удирдамжийг удирдлага болгосон.
Хяналт шалгалт хийх явцад татварын улсын байцаагч гарсан зөрчил болон баримт материалын талаар тус компанийн нягтлан бодогчид танилцуулсан мөн НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан заалтыг тайлбарлаж өгсөн. Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн татвар төлөгчид татварын хууль тогтоомж болон хяналт шалгалттай холбоотой асуудлыг танилцуулж ажилласан” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2-д зааснаар “З к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б, Т.Б нарын “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191414 дугаарын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: "... Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн ... Гэтэл нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь улсын мөрдөн байцаах газраас нотлогдсон гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заалтыг баримтлан нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг буруу хэрэглэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 13 дугаар зүйл “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэснийг зөрчсөн байна. Иймд татварын улсын байцаагчийн 191414 дугаарын актыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн заалтыг үл зөвшөөрч байна.
Тайлбар: Улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10/5-2267 тоотоор “И Д Э” ХХК, “Ж” ХХК-иудыг борлуулалтын орлогоо татварын тайландаа тусгаагүй, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тул холбогдох татвар төлөгчдийн татварын хяналт шалгалт хийж захиргааны арга хэмжээ тооцож хариу мэдэгдэнэ үү гэсний дагуу ТЕГ-аас удирдамж ирж “З к” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх: 14.1. Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1 үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн: 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” Гэж заасныг үндэслэн 191414 тоот татварын улсын байцаагчийн актаар 30863.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 15431,8 мянган төгрөгийн торгууль, 92.6 мянган төгрөгийн нийт 46388.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.
Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалт /нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2-д зааснаар “З к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагч Х.Б, Т.Б нарын “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2013 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн 191414 дугаарын актыг хүчингүй болгосугай 7 заалтыг үл зөвшөөрч байна.
Тайлбар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан. Гэтэл тус компани нь худалдан авалтыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтдаа тусгаагүй, тухайн тайлант хугацааны санхүүгийн тайлангийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд дээрх бэлэн мөнгө байгаагүй болон кассаас уг мөнгөний зарлага гарсныг нотлох анхан шатны баримт байхгүй мөн “И Д Э” ХХК , “Ж” ХХК-уудын нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь Улсын мөрдөн байцаах газар шалгалтаар нотлогдон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. “З к” ХХК нь хий бичилт хийсэн падааныг ашиглаж Нэмэгдсэн өртгийн албан татвар 30863.6 мянган төгрөгийн хасалт хийсэн нь Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам. 43.1 “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө" гэж заасныг зөрчиж улсын төсвийн орлогод орох ёстой орлого 30863,6 мянган төгрөгөөр тасалдаж байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг татварын улсын байцаагчийн 191414 тоот акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг хэвээр баталж улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал татварын улсын байцаагчийн маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191414 дүгээр актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг үндэслэн, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж, нийт 308636,4 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн 30863,6 мянган төгрөгийг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон зөрчил гаргасан нь нотлогдсон гэж акт тогтоосон ба нэхэмжлэгчээс уг маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “И Д Э" ХХК болон “Ж” ХХК-иудаас барилгын материал, түүхий эд худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварыг тус компаниудын 2011 оны 8984879 болон 9294262 тоот, 2012 оны 1024319 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар төлж, улмаар тэрхүү төлсөн татвараа хуулийн дагуу хасалт хийсэн, энэ нь тухайн цаг хугацааны худалдан авалтын баримт болон кассаас гарсан зарлагын баримт зэрэг анхан шатны баримтаар нотлогдож байгаа гэж, хариуцагч нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падаан ашигласныг Улсын мөрдөн байцаах газраас тогтоосон, эдгээр хуулийн этгээдүүд харилцан тохиролцож анхан шатны баримтыг бүрдүүлсэн гэж маргасан байна.
Хэдийгээр “И Д Э” ХХК болон “Ж” ХХК-иудад нэхэмжлэгчээс материалын үнэ төлсөн кассын орлогын ордер[1], орлого, зарлагын баримтууд[2] байх боловч хариуцагчийн “хуулийн этгээдүүд харилцан тохиролцож анхан шатны баримтыг бүрдүүлсэн” гэх тайлбар, Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт “И Д Э” ХХК-иас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гээд хавсралтын 9 дүгээрт “З к” ХХК-ийн нэр бичигдсэн 10/5-322 дугаар албан бичиг[3] зэргээс үзвэл хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалт хийж, төлбөр төлсөн гэдгийг тогтоох боломжгүй, эдгээр баримтыг нэхэмжлэгч болон дээрх хуулийн этгээдүүдийн хооронд бараа худалдан авсан эсэх талаар нотлох хангалттай баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “И Д Э” ХХК, “Ж” ХХК-иудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй[4] гэж маргаж байх боловч Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн “хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүд”-ийн жагсаалт[5], мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Улсын мөрдөн байцаах газраас “Ж” ХХК болон “И Д Э" ХХК-ийн хэргийг шалгахдаа нэхэмжлэгч “З к” ХХК-тай холбогдуулан дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падааны асуудлыг шалгаж байгаа” гэх тайлбар зэргээс үзвэл шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, энэ асуудлаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болох ба нэгэнт дээрх баримтууд нь дангаараа маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт болж чадахгүй байх тул “И Д Э” ХХК, “Ж” ХХК-иудын энэхүү гүйлгээтэй холбоотой орлого, зарлага, хөрөнгийн бүртгэл, санхүүгийн тайлан зэрэг бусад баримттай харьцуулан шалгаж тогтоохгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн эсэх талаар шүүх дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.
Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын маргаан бүхий 8984879, 9294262, 1024319 тоот падаантай худалдан авалтад нэхэмжлэгчээс төлсөн гэх 308636,4 мянган төгрөгийн орлого нь худалдагч тал болох “И Д Э” ХХК, “Ж” ХХК-иудын санхүүгийн тайланд орлогоор тусгагдсан эсэх, уг бараа нь худалдагч талын хөрөнгөд бүртгэлтэй байсан эсэх, эсвэл өөрөө үйлдвэрлэсэн болон импортолсон эсэх талаар хуулийн этгээдүүдийн санхүүгийн тайланг Ч харьцуулан шалгах замаар тогтоож, дээрх компаниудад холбогдох эрүүгийн хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгах явцад бүрдүүлсэн “З к” ХХК-тай холбоотой баримт зэрэгт үндэслэн татварын падаанд хий бичилт хийгдсэн эсэхийг тодруулах нь хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байх тул Татварын алба нь дээрх нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.
Хариуцагч нь зөвхөн нэхэмжлэгч “З к” ХХК-ийн санхүүгийн баримтыг шалгасан ба “Татварын улсын байцаагч тухайн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийдэг тул “И Д Э” ХХК-ийг манай татварын улсын байцаагч шалгах эрх байхгүй” гэх боловч Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1,2 дахь хэсэгт зааснаар Татварын алба нь өөрийн холбогдох бүтцээр дамжуулан харилцагч этгээдүүдэд холбогдох шалгалтыг хийж, татварын хяналт шалгалтад шаардагдах магадалгаа, баримтыг гаргуулан авч хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр Татварын албанаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191414 тоот актыг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
|