Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00154

 

Ө.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00506 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 752 дугаар магадлалтай,

Ө.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хөдөө аж ахуйн их сургуульд холбогдох

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Ж.Б, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Л-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ХААИС-ийн захиралын 2018 оны Б/257 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байна. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг ажлаас халах нэг үндэслэлээ болгосон. Энэ нь 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж байгаа заалт болохоос ажлаас шууд чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох гэсэн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоолуудыг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байсан хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх тул надаас цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар санал аваагүй. Тушаалын 2 дахь үндэслэл нь ХААИС-ийн дотоод журмын 2.17 байгаа. Энэ нь тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн багш, ажилчид холбогдох хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэсэн ийм л заалт байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд шинэчилсэн найруулга хийгдээгүй. Тус сургуулийн хөдөлмөрийн журам бол 9 жилийн өмнөх журам, өнөөдрийн цаг үетэйгээ нийцээгүй журмыг үндэслэж гаргасан байна. Тушаалын 3 дахь үндэслэл нь ХААИС-ын дүрмийн 5.11 дэх заалтад захирал нь их сургуулийг удирдах үйл ажиллагаагаа үр нөлөөтэй явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажлын албатай байна гэсэн заалт байгаа. Миний хувьд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс захиргааны албыг хариуцсан дэд захирлын албыг хашиж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Б/257 тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, зөвхөн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг буруу хэрэглэсэн байна. Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийг бүрэн зөрчсөн, огт хэрэглээгүй, хэрэглэхийг ч хүсээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.17-г буруу хэрэглэсэн. ХААИС-ийн дүрмийн 5.11 нь намайг ажлаас халах үндэслэл болох ёсгүй. Иймд намайг эрхэлсэн ажилд нь эгүүлэн томилж, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон бусад холбогдох суутгал шимтгэлийг төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тодорхой байгаа. Уг заалтад ямар хүмүүс ямар наснаас эхэлж хамрагдах вэ гэдэг асуудлыг тодорхойлж өгсөн. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зүйл заалт хүчингүйд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн дор дурдсан агуулгатай 5.1, 6.1, 6.2 дугаар зүйлд нэмээгүй гэж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн. 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай гэж 65 насыг бүр тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, уг 2 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг доор дурдсанаар тогтооно гэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийг өндөр насны тэтгэврийг тогтоолгох нас гэж маш тодорхой зааж оруулж өгсөн. 1957 оны хүнийг 60 наснаас нь гаргана, 1958 оны хүнийг 60 нас 3 сартай гаргана гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 65 нас нь 2002 он ба түүнээс хойш тэтгэвэрт гарах гэж байгаа этгээдүүд 65 насандаа гарна гэсэн байгаа. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тушаал дээр тодорхой байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 1958 онд төрсөн хүн 60 нас 3 сартайд нь гаргана гэж бодвол 8 сар илүү ажиллуулсан байгаа. Их сургууль гэдэг өөр статустай, үндсэн санхүүжилт нь оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг, энэ хуульд ямар ч хамаа байхгүй. Төрийн албаны тухай хуулиар тэтгэвэр, тэтгэмж ярьдаггүй газар. Харин 60 нас хүрээд ажлаас чөлөөлөгдөхдөө сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээний дагуу тэтгэмж олгодог. Сургууль өөрийнхөө санхүүгийн боломжид тулгуурлаад өгдөг. Энэ хамтын гэрээнд ХААИС-ийн захиргааны аппарат нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тохиолдолд энэ зүйл заалт нь яг таарна. 1-ээс 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоно. 1-ээс 9 жил ажилласан бол 2 сар, 10-аас 20 жил ажилласан бол 4 сар, 21-ээс дээш жил ажилласан бол 6 сар гэж байгаа. Энэ сургуулиас тэтгэвэрт гарсан бүх хүнд үйлчилж байгаа гэрээ байгаа болохоор хамтын гэрээнд заасны дагуу 4 сарын тэтгэвэр тэтгэмжийг олгох нь хууль ёсны асуудал Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00506 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар Ө.Л-г Хөдөө аж ахуйн их сургуулийн Захиргаа эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Хөдөө аж ахуйн их сургуулиас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 5 632 227 төгрөг гаргуулж Ө.Л-д олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас 105 065 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 752 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Хөдөө аж ахуйн их сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ө.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Хөдөө аж ахуйн их сургуулиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох ерөнхий насыг 65 байхаар зохицуулсан нь 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна гэж үндэслэлдээ дурджээ. Тэгвэл Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр авч болно” гэсэн хуулийн зүйл заалтыг 2018.02.02-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Нэхэмжлэгч Ө.Л- миний хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос дээш жил төлсөн нь үнэн боловч би цаашид 65 нас хүртлээ ажиллах хүсэлтэй байна. Дээрх хуульд 60 настай даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно л гэж заасан байна. Өөрөө хүсэхгүй бол, цаашид ажиллах хүсэлтэй бол энэ хуулийг хэрэглэх ёстой гэж ойлгож байгаа. Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалтыг хүчингүй болгосонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 60 нас 3 сар байхаар зохицуулсны дагуу тэтгэвэр авах эрх үүссэн гэж хариуцагч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзээд байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Ө.Л- миний бие 60 нас 3 сартай тэтгэвэр авах эрх үүссэн болохоос биш би өөрөө хүсээд тэтгэвэртээ гарах гээд байгаа зүйл биш юмаа. Харин ч би цаашид ажиллах хүсэлтэй байгаа тул өөрөө хүсвэл 65 насандаа тэтгэвэр тогтоолгож болно гэсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ...60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан гэж үндэслэлдээ дурджээ. 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хууль бол хөдөлмөрийн харилцааг зохицуулсан ерөнхий хууль гэж үзэж байна. Харин 2018.02.02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулж байгаа. Иймд хуулийг буруу тайлбарласан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ө.Л-, Хөдөө аж ахуйн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан дүгнэлт хийсэн боловч магадлалын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримталсан нь алдаатай болжээ. Иймд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх, 60 нас 3 сар хүрсэн эрэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно, хүсээгүй бол 65 нас хүртлээ ажиллах боломжтой гэсэн агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018.11.06-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Л-г тус сургуулийн Захиргаа хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар, хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж өөрчилжээ.

Дээрх хуулиар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулсан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 1958 онд төрсөн эрэгтэй 60 нас 3 сар, ...1997 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 65 нас” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэнд  хамааралтай болохоос бус “...Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэсэнтэй холбоогүй байна.

Нэхэмжлэгч Ө.Л- 1958 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх үед 60 нас 7 сартай байсан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар буюу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оноос эхлэн жилд 3 сараар нэмэгдүүлсээр 65 насанд үе шаттай хүргэхээр хуульчлагдсан тул нэхэмжлэгч Ө.Л-гийн “...65 нас хүртлээ ажиллах боломжийг хуулиар олгосон атал ажил олгогч хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 752 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 105.065 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ