| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0130/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/194 |
| Огноо | 2022-03-22 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч С.Ууганбаяр,
хохирогч Ч.Б-ын өмгөөлөгч О.Алтанчулуун,
шүүгдэгч П.Г түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Т.П.Г-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харшийн 23 дугаар байрны 18 тоотод иргэн Ч.Б-ыг түлхэж унагааж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч П.Г: “...Тэр өдөр Рапидын хашаанд Түвшинбуян ах дээр ажил ярих гэж очсон байсан. Тэр үед намаг очиход архи уусан байсан. Би ажлаа ярчихад хамт 2 пиво уусан. Тэгээд байж байх үед гэрийн эзэн 2 дүү ирнэ гээд Ч.Б- болон найзын хамт ирсэн. Бид нар архиа уугаад, тоглох нь тоглоод Ч.Б- ойр зуурын юм яриад байж байсан. Намайг нойл ороод ороод ирэхэд гал тогооны ширээн дээр Даваасүх Ч.Б- 2 суугаад маргалдаж байсан. Даваасүх нь Ч.Б-ыг заамдаад авсан, тэгэхээр нь би та болиоч ээ яагаад байгаа юм бэ гээд Даваасүхийг холдуулаад Ч.Б-ыг цааш нь түлхээд унагаасан. Тэгтэл Ч.Б- цаашаагаа уначихсан. Би Ч.Б-тай өөр маргасан зүйл байхгүй. Би зүгээр л зодооныг болиулах зорилготой байсан.” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...буйдангийн урд хивсэн дээр сууж байгаад босоод явах гэхэд урд нэг нь ирээд явуулахгүй гэхээр нь бие биеийнхээ урдаас томроод зүгээр маргалдаад зогсож байхад цаанаас нэг нь ирээд шууд цээж рүү хоёр гараараа түлхэхэд би хойшоо унахдаа толгойн дагз хэсгээрээ газарт хивсэн дээр унаад босож ирээд дагзаа барихад цус гарсан байсан...” /хавтас хэргийн 14 дэх тал/ гэсэн мэдүүлэг
Гэрч С.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдрөө би П.Г-тэй уулзаад юу болсон талаар асуухад намайг зодсон гээд цагдаад өргөдөл бичээд өгсөн байна. Ямар ч зодоон болоогүй би түлхсэн чинь газар унасан гэж надаа хэлж байсан...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Түвшинбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр үед хохирогчийн найзтай нь юм ярьж байгаад гараад ирсэн чинь Улка Давка П.Г- босоод зогссон байдалтай хохирогч Ч.Б- газар хэвтэж байхаар нь яагаад байгаа бэ болиоч ээ гэж хэлээд бид нар ширээ тойроод үргэлжлүүлээд архи уугаад сууж байхад хохирогч Ч.Б- болон найзынхаа хамтаар би явлаа гээд гараад явсан...” /хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн мэдүүлэг
Гэрч С.Даваасүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...П.Г- дундуур орж ирээд хохирогч Ч.Б-ыг цааш түлхээд аваад явах шиг болсон... Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Амараа над руу залгаад өчигдөр чамайг явсны дараа П.Г- Ч.Б-ыг түлхсэн чинь Ч.Б- нь газар унаад цагдаа ирээд П.Г-ийг эрүүлжүүлэх байр луу авч явсан...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн мэдүүлэг
Яллагдагчаар П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08-р сарын 19-ны өдөр 17 цагийн ах Түвшинбуянтай ажил хэргийн асуудлаар ХУД-н 15 дугаар хороо РХ 23-108 тоотод ирсэн. Ирэхэд Түвшинбуян болон түүний 5 найз байсан тэгээд тэд нар пиво уугаад Сига тоглож байсан тэгээд би Ховд аймгаас хүн тосох ёстой байсан болохоор гараад цаг гаран түгжрээд бүтэхгүй болохоор нь буцаж орсон. Тэгээд би тухайн гэрт байсан хүмүүст хандаж хэдүүлээ playstation тоглоё гээд түрээсэлдэг хүн рүү яриад дуудлагаар авчруулж тоглоод байж байтал 20 цаг орчим Даваасүх гэдэг ах орж ирээд хамт ууж суусан. Тэгээд 22 цагийн үед тухайн айлд байсан нэг ахынх нь дүү гээд 2 залуу орж ирсэн нэг нь Ч.Б- юм байна лээ би тоглоомоо тоглоод байж байтал хүмүүс ууж идэцгээгээд юм яриад байж байхад Ч.Б- над дээр ирж цуг тоглоод нэлээн удаж байтал Ч.Б-тай цуг ирсэн залуугийн ах нь явлаа гээд явсан удалгүй тухайн явсан ахын дүү нь болох Ч.Б-тай цуг ирсэн залуу би энд архи хундагалах гэж ирээгүй гээд уурлаад байсан тэрийг хүмүүс тайвшруулаад байсан. Тэгээд Би очоод нөгөө уурласан залууд хандаж би энэ дундаа нас залуу нь учир хундагалж байсан юм. Тоглоом тоглоод хундагалж чадахгүй байсан юм аа одоо би өөрөө тойруулъя чи битгий уурлаа тайван бай гээд тухайн залуу тайвширсан. Тэгээд байж байсан аа тухайн залуу дахиж уурласан. Би болон Түвшинбуян ах тэгээд уурлаад байгаа залуу бид 3 00 орж тамхи татангаа дахиж тайвшруулж байгаад 00-с гартал Даваасүх ах ширээн дээр суучихсан Ч.Б- нь би явлаа гээд утсаар ярьж байсан ба Даваасүх болон Ч.Б- хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан тэгээд би пиво уугаад сууж байтал Даваасүх Ч.Б- хоёр барьцалдаад зодолдох гээд байсан тэгэхээр нь би Даваасүхийг араас нь салгаад тэврээд холдуулсан тэгсэн чинь Ч.Б- нь чи тэгээд яах гээд байгаа юм гээд хүрээд ирэхээр нь чи зүгээр байж байлдаа гээд түлхсэн тэгтэл арагшаа газар уначихсан тэгээд толгойноос нь цус гарчихсан. Тэгээд бүгд салцгаагаад хэрүүл маргаан дуусаж Ч.Б- найзтайгаа цуг гараад явсан. араас нь Даваасүх ах харилаа гээд гараад явсан. Тэгээд бид нар сууж байтал Ч.Б- нь цагдаа болон дүүгээ дагуулаад найзтайгаа ороод ирсэн. Би Ч.Б-тай огт маргалдаагүй би зүгээр зодолдох гэж байсан хүмүүсийг салгах зорилгоор Даваасүхийг салгаж Ч.Б- ойртоод ирэхээр нь зүгээр байлдаа гээд салгах зорилгоор түлхсэн ямар нэгэн байдлаар санаатайгаар энэ үйлдэл болоогүй. /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 7708 дугаартай дүгнэлтэд: “...Ч.Б-ын биед дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 59-61 дэх тал/ гэсэн дүгнэлт,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4-5 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-86 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/
Шүүгдэгч П.Гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлсөн лавлагаа бусад зэрэг баримтууд (хавтас хэргийн 96-99 дахь тал),
Хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 101-107 дахь тал/
Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 108-119 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гээс хохирогч Ч.Б-д учирсан хохирол төлсөн тухай, хувийн байдлыг тодорхойлсон ажил хөдөлмөр хийдэг, орлогоо нотолсон гэх дансны хуулга зэрэг нийт 42 хуудас баримтууд зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч П.Г нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харшийн 23 дугаар байрны 18 тоотод иргэн Ч.Б-ыг түлхэж унагааж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Б- болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7708 тоот дүгнэлт, Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4-5 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-86 дахь тал),
Хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 101-107 дахь тал/
Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 108-119 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гээс хохирогч Ч.Б-д учирсан хохирол төлсөн тухай зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ч.Б-ын эрүүл мэндэд учирсан “...биед дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хүнд гэмтлийг нь шүүгдэгч П.Г түлхэж унагаасан санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Г, хохирогч Ч.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Өмгөөлөгчийн хувьд П.Г-ийн үйлдлийг шууд санаатай үйлдэл байсан уу, болгоомжгүй үйлдэл байсан уу гэдэгт асуудал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт санаатай гэмт хэрэг гэж юу вэ, болгоомжгүй гэмт хэрэг гэж юуг ойлгох талаар тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл шууд цохих үйлдэл хийснээс болж ямар нэг хүнд хор уршиг учирсан бол шууд санаатай үйлдэл гэж үзэж байна. Харин энэ хэргийн хувьд хохирогч Даваасүхтэй маргалдсан. Энэ талаар гэрч Даваасүх мэдүүлсэн байдаг. Энэ маргалдахад хоёр талаас ирээд нэгийг нь Уламбаяр, нөгөөг нь П.Г- салгасан. Салгахдаа харин буруу үйлдэл хийж түлхсэн байдаг. Өөрөөр хэлбэл хоёр хүнийг салгах үйлдэл хийхдээ түлхэхэд нөгөөх нь азгүйтэйд газар унаад гэмтэл авсан. П.Г-т шууд чиглэсэн хүнд, хүнд гэмтэл учруулъя гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй нь хохирогчийн өөрийнх мэдүүлгээр тодорхой болдог. Хохирогч П.Г-тэй маргалдсан зодолдсон талаар юу ч ярьдаггүй, зөвхөн түлхсэн талаар хэлдэг. Нөгөөтээгүүр шүүгдэгчийн нэг гараараа түлхсэн үү, хоёр гараараа түлхсэн үү гэдэг нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд П.Г- хохирогч Ч.Б-д хүнд гэмтэл учруулах ямар нэг санаа зорилго байгаагүй. Зөвхөн маргаан таслан зогсоох гэж хийсэн үйлдлийн улмаас түүнд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрэгтээ гэмшиж байгаа. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанаас хүлээж ирсэн. Иймээс шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү... гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба,
шүүдэгч П.Г нь хохирогч Ч.Б-ын эрүүл мэндэд учирсан дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтлийг түлхэж унагаасан санаатай идэвхтэй үйлдлийн улмаас учруулсан зэргээр ялгагдана.
Шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн “зүйл анги хөнгөрүүлэн өөрчлүүлэх” тухай гаргасан санал, дүгнэлтийг шүүх дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийг торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргаж,
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч П.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар П.Гт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ын эрүүл мэндэд учирсан дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан, бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээнд 3.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ч.Б- нь цаашид эмчилгээ үйлчилгээнд гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн .................. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.П.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг 1000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Гт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Гт оногдуулсан 1000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ч.Б- нь цаашид эмчилгээ үйлчилгээнд гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ