Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн У.Э.М-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............-ны өдөр ........ төрсөн, 23 настай, Эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, .. ажилтай. Ам бүл 3, Эхнэр, хүүхдийн хамтаар .......... тоотод оршин суудаг, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, У.Э.М- (РД:............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 02 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэлмүүн хотхоны 436 байрны 13 тоотод гэртээ эхнэр Б.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж биед нь хамрын хянга, хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.М: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...нөхөртэйгөө маргалдаад чи олигтой ажил төрлөө хийхгүй, залхуураад ажилдаа явахгүй арчаагүй гэж хэлэхэд зэрэгцэж сууж байгаад баруун гарынхаа араар нүүр лүү 2 удаа цохиход хамраас цус нэлээн гарсан чинь нөхөр 103 түргэн тусламж дуудаад, түргэний эмч ирээд хамар луу бент хийгээд гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлэхэд, хамар хугарсан байна гэсэн. Урьд өмнө цохиж зодож байгаагүй. Гомдол санал байхгүй, би ч гэсэн түргэн ууртай буруу зүй бус харьцсан...” (хавтас хэргийн 10-14 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2-р сарын 13-ны өдрийн шинжээчийн 2946 дугаар “...Б.Нын биед хамрын хянга, хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 2 дугаар сарын 12-ны орой гэртээ эхнэр Б.Нтай үл ялиг жижиг асуудлаас болж маргалдсан. Тэгээд эхнэр над руу орилж хашигчаад байхаар нь гарах гэтэл гаргахгүй гээд урд гарч ирээд зогсохоор нь гарыг нь аваад шидэхдээ нүүрийг нь цохисон. Тэгсэн чинь хамраас нь цус гараад уйлаад байхаар нь түргэн дуудсан чинь Гэмтлийн эмнэлэг яв гэсэн. Гэмтэл дээр очоод үзүүлтэл хамрын яс мөгөөрс хугарч далийсан байна гэсэн. ” (хавтаст хэргийн 37-38 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт дуудлага өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ авсан баримт (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал),

          Шүүгдэгч Э.Мы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 42-46 дахь тал),

   Шүүгдэгч Э.М нь хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх дансны хуулга (хавтаст хэргийн 47 дахь тал),

          Хохирогч Б.Н нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.М нь 2022 оны 02 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэлмүүн хотхоны 436 байрны 13 тоотод гэртээ эхнэр Б.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж биед нь хамрын хянга, хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Н болон шүүгдэгч Э.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №2946 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Нын эрүүл мэндэд нь “...биед хамрын хянга, хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.М түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.М, хохирогч Б.Нын эрүүл мэндэд нь “...биед хамрын хянга, хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 42-46 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Мд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд нь хамрын хянга, хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээнд 4.000.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 47 дахь тал), хохирогч Б.Н нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 48 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Мд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Мд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ