Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.Д.Г-од холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........-ны өдөр ................төрсөн. ...настай, ...тэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ....... өмчлөгчдийн холбоонд харуул ажилтай, ам бүл ......тоотод оршин суух хаягтай, урьд

2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Х.Д.Г- (РД:..........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын н-16 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд байсан машины дээр үлдээсэн хохирогч Э.Мын куртик, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Д.Г: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо оршин суудаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд гарах гэж байхад дүү Батбилэг ахаа хамт гаръя би зах орж машин үзнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түрүүлээд гарч байгаач гарахдаа миний ажлын куртикийг авад гарчих өлгүүрт байгаа гэж хэлсэн. Тэгээд дүү түрүүлээд гарсан бөгөөд би гарах гэж байхад дүү утсаар яриад үзэх гэж байгаа машин ирчихсэн байна би явлаа яараад байна куртикийг чинь яах уу гээд асуухаар нь би орцны үүдэнд байгаа аль нэг машин дээр тавьчих би одоохон гарлаа гэж хэлээд гэрлээ унтраагаад гэрээс гараад куртикээ авах гэтэл хайгаад олохгүй байхаар нь дүүгийн утас руу залгаад ямар машин дээр тавьсан юм бэ гэхэд орцны үүдэнд байгаа хучлагатай машины дээр тавьсан гэж хэлсэн. Тэгээд куртикээ хайгаад олохгүй байхаар нь камер шүүсэн чинь бараан өнгийн ажлын хувцастай эрэгтэй хүн машин дээр байсан куртикийг аваад халаасыг нь ухаж үзэж зогсож байгаад аваад явж байгаа бичлэг байсныг би гар утсан дээрээ бичлэг хийж авсан юм. Куртикний дотор талын зүүн талын халаасанд 560.000 төгрөг байсан. Халаасанд бичиг баримт байгаагүй. 500.000 төгрөг нь ажлаас шагнасан мөнгө, 60.000 төгрөг нь гар утас зарсан мөнгө байсан. Куртикийг ажлаас хүлээлгэж өгсөн ажлын куртик бөгөөд ажлаас олгож өгөөд 7 хонож байсан...” (хавтас хэргийн 9 дэх тал) гэсэн,

 

Гэрч Э.Батбилгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Би Сэлэнгэ аймагт амьдардаг бөгөөд Улаанбаатар хотод машин худалдаж авахаар 2022 оны 01 сарын 27-ны өдөр өөрийн төрсөн ах Мөнхбатынд ирж хоносон. 2022 оны 01 сарын 28-ны өдөр гэрээс гарах гэж байхад ах миний куртикийг аваад гарч байгаач би араас чинь гарлаа гэж хэлсэн. Би ахын куртикийг аваад гэрээс нь гараад орцны гадаа хүлээж байсан чинь машин үзүүлнэ гэсэн хүн Хүннү молл худалдааны төв дээр ирсэн гээд залгаад байхаар нь би ах руу яриад би явлаа куртикийг чинь яах вэ гэхэд орцны үүдэнд байгаа машины дээр тавьчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүтээлэгтэй машин дээр ахын куртикийг тавьчхаад явсан. Ах утсаар яриад куртик яг хаана тавьсан юм бэ гэхээр нь би орцны үүдэнд байгаа бүтээлэгтэй машины дээр тавьсан гэж хэлсэн. Тэгээд бараг 2 цагийн дараа ах утсаар яриад миний куртикийг нэг эрэгтэй хүн аваад явсан байна гэж хэлсэн. Халаасанд нь юу байсныг мэдэхгүй, ах хэлэхдээ халаасанд нь 560.000 төгрөг байсан гэж хэлсэн...” (хавтаст хэргийн 14 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2022 оны 01 сарын 28-ны өглөө 08 цагийн үед ажлаас буугаад Вива сити хорооллын дундуур алхаад явж байсан машины багаж дээр бараан өнгийн куртик байхаар нь аваад алхаад явж байхдаа халаасыг нь үзсэн чинь дотор халаасанд нь бэлэн 560.000 төгрөг байсан юм. Би мөнгийг нь аваад куртикийг нь хогийн саванд хийгээд хаясан. Тэгээд би дэлгүүр ороод 0,75 л Соёрхол архи, жимс аваад гэртээ орсон. Мөнгөөрөө цагаан сарын баярын эд зүйл авсан. Үлдэгдэл 160.000 төгрөгийг цагдаад хураалгасан. Хийсэн үйлэлдээ гэмшиж байна...” (хавтаст хэргийн 44 дэх тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт дуудлага өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Шүүгдэгч Д.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 37, 57-61 дэх тал),

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-22-99 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

Хохирогч Э.М гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 54 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын н-16 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд байсан машины дээр үлдээсэн хохирогч Э.Мын куртик, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-22-99 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

Хохирогч Э.М гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 54 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Год бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбодод нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Э.Мын куртик, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүгдэгч нь Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 дахь тал), хохирогч Э.М гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 54 дахь тал) зэргээр тогтоогдож  байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Д.Г-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Год тэнсэж, хянан харгалзсан байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ