Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Х.Д,

шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн А.Х.От холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ............-ны өдөр ........ төрсөн. .... настай, ....тэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........тоотод амьдардаг урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 208 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, А.Х.О (РД:........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.О нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо, Туулын задгай тоотод байх гэртээ хохирогч Х.Дийг “дүү Х.Сүрэнжавын үс сахлыг авсангүй, эмнэлэгт үзүүлсэнгүй” гэж хэлснээс үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний баруун нүд орчим гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Х.О: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Х.Д “..Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан хүн Отгонбаяр намайг шоронгийн хулгайч гэж хэлдэг, би шийдвэр гүйцэтгэх байгууллагад насаараа ажилласан, Отгонбаярын миний ажиллаж байсан байгууллагын нэр хүндийг гутааж, намайг доромжилсон, би хорих байгууллагад олон жил ажилласан, тэр байдлыг Отгонбаяр хүндлэхгүй байна. Отгонбаяр их сургууль төгсөөгүй, өөрийгөө ойр орчны хүмүүстэй зохиолч гэж худлаа хэлдэг, гэр хорооллын айлуудад өөрийн нэрээ хэлэхгүй өөрийгөө зохиолч гэж хэлээд байдаг. Хэрэг гарснаас хойш би Отгонбаяртай таарч, уулзаж, ярилцаагүй. Манай эцэг, эх 2007 онд нас барсан, Отгонбаяр бид хоёрын дунд нэг хэлгүй дүү бий, нэрийг нь Сүрэнжав гэдэг. Би эцэг эхээ нас барснаас хойш дүү Сүрэнжавыг өөрийн асрамжид авч гэртээ байлгая гэж Отгонбаярт хэлж байсан. Гэтэл Отгонбаяр тэр дүүг маань асрамждаа авсан. 2007 оноос хойш Отгонбаяр ажил хийгээгүй, дүү Сүрэнжавыг зодож орилуулаад байдаг гэж хавь ойрын хүмүүс нь надад хэлсэн. Тэгээд би дүү Сүрэнжавыг 15 хоноод очиж эргэж очин, идэж уух зүйл болон тамхи авч өгдөг болсон. Хэрэг болсон өдөр Отгонбаяр хашаандаа байшин барьж байгаа гэж байсан. Би дүү Сүрэнжавыг эргэхээр Отгонбаярын гэрт очтол сахал үсээ аваагүй, яр шархандаа баригдсан, яр шарх нь хүндрээд хөл нь доголсон байсан. Би Отгонбаярт арай дэндүү байна, хавраас хойш Сүрэнжавын үс сахлыг аваагүй, яр шархыг нь эмнэлэгт үзүүл гэж хэлсэн чинь намайг шоронгийн хулгайч гэж хэлээд над руу салаавч гаргаад, миний нүд рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би Отгонбаярын толгой дээрээс нь дарсан. Отгонбаяр өмнө нь төрсөн эцгээ, хамтран амьдрагчаа зодож баривчилгаанд явж байсан. гэв

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт Ухаа 23 дугаар гудамжны задгай тоотод хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй миний дүү болох Сүрэнжав амьдардаг бөгөөд түүнтэй хамт бага дүү Отгонбаяр цуг амьдардаг. Би боломж зав зай гарах юм бол дүү Сүрэнжав, Отгонбаяр 2 дээр ирж хоол унд тамхи тариа дөхүүлдэг юм. 2021 оны 10 сарын 02-ны өдөр Сүрэнжавын гэрт очсон. Намайг Сүрэнжавын гэрт очсон байхад эгч Х.Жаргал, Х.Гэрэлтуяа нар оччихсон байсан. Би Сүрэнжавт авсан хоол, цай, тамхийг өгсөн, түүний хөл гэдэс, хэвлий хэсгээр шархалж яр гарсан, үс сахал нь ургаж айхтар болсон байхаар нь би цай ууж байх хоорондоо Отгонбаярт хандаж “чи ахынхаа үс сахлыг энэ хавраас хойш авсангүй, гарсан яр шархыг нь эмнэлэгт очоод үзүүлчихгүй” гэж хэлтэл Отгонбаяр надад “ чи муу шоронгийн хулгайч, хорихын хулгайч чамд хамаагүй чи өөрөө үзүүлчихгүй яасан юм май” гээд над руу салаавч гаргаж, миний нүүр үү гэнэтхэн цохиод авсан.  тэгэхээр би биеэ хамгаалж Отгонбаярыг үсдэж доош дартал манай 2 эгч 2-улаа гүйж хүрч ирээд салгаж холдуулсан. Отгонбаяр миний нүүр хэсэгт баруун нүд орчимд 1 удаа. баруун гараараа миний хажуу талаас гараа атгаж байгаад гэнэтхэн маш хүчтэй намайг манартал цохисон. Отгонбаяраас өөр хүн надад гар хүрээгүй. Намайг урьд өмнө 2 удаа цохиж байсан. Тухайн цаг бүрд миний төрсөн бага дүү юм даа, энүүхэнд цагдаа сэргийлэх болоод яах вэ гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм. Гомдолтой байна...” (хавтас хэргийн 15-16 дахь тал) гэсэн,

 

Гэрч Д.Анужин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 10 сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь аав гаднаас гэрт жижүүрээс буусан, жижүүрээс буугаад нисэхэд Х.Оын гэрт очоод ирлээ гэж ирсэн. Тэгээд аавын нүүр рүү харсан чинь баруун нүд хавдаад хөхөрчихсөн байхаар нь утсаар зургийг нь дарж өгсөн. Тэгээд ааваас юу болсон талаар асуухад аав надад нисэхэд Сүрэнжав, Отгонбаяр 2 дээр очсон чинь Х.Сүрэнжав ах чинь сахал үсэндээ баригдчихсан байхаар нь Х.От хэлсэн чинь уурлаад миний нүд рүү Х.О цохичихлоо гэж байсан...” (хавтаст хэргийн 26-28 дахь тал) гэсэн,

 

Гэрч Х.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 10 сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 хороо хэсгийн задгай тоотод байрлах Х.Оын гэрт би, манай талийгаач эгч Х.Жаргал, дүү Х.Д, Х.О, хөгжлийн бэрхшээлтэй дүү Х.Сүрэнжав нар байсан. ...Х.Д нүд рүү Х.О цохичихлоо шдээ гээд толинд хараад байж байгаад гэрээс гараад яваад өгсөн. Х.Дийг анх гэрт орж ирэхэд нүд нь хөхөрсөн зүйл ажиглагдаагүй мөн өөр хүнд цохиулсан гэж ярьж байгаагүй. Х.Д, Х.О 2 зууралдчихсан байдалтай байсан. Х.Сүрэнжавыг би галын хайч аваад босоход бол бүх хийж байгаа үйлдлийг нь харж байсан. Х.Сүрэнжав Х.Дийн нуруу руу нь цохисон. Х.О нь Х.Дийн нүд рүү цохисон байж магадгүй...” (хавтаст хэргийн 22 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 9479 дугаар“...Х.Дийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 33-34 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Х.Дид хандаад чи наад шорон зангаа татчих гээд хэлсэн чинь намайг заамдсан. Тэгээд би урдаас нь мөн адил барьцалдаж авсан чинь миний үснээс гараараа бариад доош өөр рүүгээ татсан. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” (хавтаст хэргийн 118-119 дэх тал) гэсэн,

 

Гомдол бичгээр (хавтаст хэргийн 8-9 тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-56 дахь тал)

          Шүүгдэгч Х.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 64-71 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Х.О нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо, Туулын задгай тоотод байх гэртээ хохирогч Х.Дийг “дүү Х.Сүрэнжавын үс сахлыг авсангүй, эмнэлэгт үзүүлсэнгүй” гэж хэлснээс үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний баруун нүд орчим гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Д болон шүүгдэгч Х.О нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэрэг явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №9479 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Дийн эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий гэмтэл нь шүүгдэгч Х.О түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.О, хохирогч Х.Дийн эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Оыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Х.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж, уучлал гуйж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Х.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Х.От оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дийн эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Х.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.От торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.От оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ