Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Г.Мижиддорж,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.Д.Б-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............-ны өдөр ........ төрсөн, эрэгтэй, ... настай, ...боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хөдөө уурхайд ажилдаг гэх, ам бүл ........... тоотод оршин суудаг гэх . Урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Х.Д.Б- (РД:......)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Академ март” хүнсний дэлгүүр дотор иргэн Э.Эийг өөрийн хамтран амьдрагч Т.Алтанхүүтэй хардан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун талын нүд рүү цохиж баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун хацрын няцарсан шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Д.Б: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Академ март хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. Өчигдөр ажлаа хийгээд ажлын байран дээр байхад би нярав Алтанхүү буюу Алтай эгчтэй няравын өрөөнд юм яриад зогсож байхад 22 цаг 40 минутын үед гаднаас Алтай эгчийн нөхөр Батаа гэх ах гаднаас согтуу орж ирээд Алтай эгчтэй маргалдсан. Тэгээд намайг Алтай эгчтэй хардаад чи өмнө хамт архи уусан байсан хоёр дахь удаагаа хамт архи уулаа гэж уурлаад миний баруун талын нүд рүү 2 удаа баруун гараараа цохиж миний нүд хавдсан. Би хариу үйлдэл хийгээгүй бөгөөд Алтай эгч болиулаад нөхрөө аваад гарсан. Миний нүдний доод тал бяцарч цус гарсан бөгөөд би нойл орж угаасан. Алтай эгч нөхрийн хамт яваад өгсөн. Би хамт ажиллаж байсан худалдагч Золбоод хэлээд гэртээ харьсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан бөгөөд нүд цус хурсан. Мөн баруун талын шанаа хэсэг бяцарч их хэмжээний цус гарч 10 гаруй оёдол тавиулсан...” (хавтас хэргийн 10-14 дэх тал) гэсэн,

 

Гэрч Т.Алтанхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан. Орой 21 цагийн үед хамтран амьдрагч Д.Б- ажил дээр хаана байсан писда минь гэж хэлээд миний ажлын өрөөнд согтуу ороод ирсэн, тэгээд орж ирээд чи муу яасан орой болтол суудаг юм гэж хэлээд намайг цохиод гарахдаа миний өрөөний үүдэн байсан худалдагч Э.Эийн нүүрэн хэсэг нэг удаа цохиж тэгээд гараад зугтаагаад таксинд суугаад яваад өгсөн. Э.Эийн баруун талын нүүрэн хэсэгт цохиж цус гарсан байсан. Э.Э эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд явсан. Тэгээд та ирээд яахын би би оёдол тавиулчихлаа гэж хэлсэн. Ингээд Д.Б- гэртэй ирээгүй бөгөөд утас авахгүй алга болсон. 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой Д.Б- гэрт ирсэн бөгөөд миний буруу согтуудаа ийм үйлдэл хийчихлээ гээд суугаад байсан. Д.Б- би танай гэрээс явлаа гэж хэлээд хувцсаа аваад яваад өгсөн. Миний биед бол айхтар гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” (хавтас хэргийн 10-14 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2-р сарын 18-ны өдрийн шинжээчийн 2919 дугаар “...Э.Эийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун хацрын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 15-16 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр Алтанхүү Хан-уул дүүргийн 18 дугаар хороо “Акедем март” хүнсний дэлгүүр ерөнхий нягтлан бодогч хийдэг юм. Эхнэрийг ажил дээр хаягдаа очихоор хамт ажилдаг гэх Э.Э гэх залуу байгаа цуг байж байдаг юм нэг болохоор тамхи татаад эсвэл өрөөнд нь хамт байж байдаг. Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээр нь 18 цагийн үед очсон байх би нэг пиво уусан байсан бөгөөд өөрөө рүү нь яваад ортол тус залуу мөн хамт байж байсан -эгээд би хардаад өмнө би чамд хэлсэн биз дээ гэхэд үл тоосон тэгээд би уурлаад тус нүүр хэсэгт 2 удаа цохисон. Хацараас нь цус гарч байсан бөгөөд эхнэр над руу уурлаад би гараад явсан.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал) гэсэн,

 

Гомдол мэдээлэл бичгээр (хавтаст хэргийн 4 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 62-71 дэх тал),

          Шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 34-43 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Академ март” хүнсний дэлгүүр дотор иргэн Э.Эийг өөрийн хамтран амьдрагч Т.Алтанхүүтэй хардан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун талын нүд рүү цохиж баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун хацрын няцарсан шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Э болон шүүгдэгч Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №2919 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Эийн эрүүл мэндэд нь “...биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун хацрын няцарсан шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Д.Б түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б, хохирогч Э.Эийн эрүүл мэндэд нь “...биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун хацрын няцарсан шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 34-43 дахь тал) зэргийг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Бт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эийн эрүүл мэндэд биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун хацрын няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Э нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 169,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Д.Баас 169,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 221000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Бт оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн ...............дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 169,000 (нэг зуун жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эид олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ