Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00090

 

МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Х

Нэхэмжлэгч: Т.Х нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х*******, ******* хэлтэст холбогдох

Нэхэмжлэгч Т.Х*******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  832,000 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч Т.*******гийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, илүү цагийн болон амралтын өдөр ажилласаны нэмэгдүүлсэн хөлс 539,580 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 833,042 төгрөг,  ажлаас халагдсаны тэтгэмж 502,000 төгрөг нийт 1,874,622 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х*******, нэхэмжлэгч Т.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Э.*******, Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 5/30 дугаар тушаалаар “Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан”-аар 3 сарын туршилтын хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээг байгуулсан.  Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х*******, ******* хэлтэс өөрчлөгдөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан туршилтын хугацаа дуусаагүй байхад ямар ч шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Миний туршилтын хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусах байхад мэдэгдэлд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлөхөөр заасан хэрнээ тушаалыг 10 дугаар сарын 25-ны өдрөөр гаргасан нь хоорондоо зөрчилтэй байна. Би ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3-т  заасныг баримталсан нь бодит байдалтай нийцэхгүй зөрчилдөж байна. Ажлаас чөлөөлөгдөх тухай харилцан тохиролцсон зүйл байхгүй, гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай дурдсан хэрнээ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаагүй байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны цалинг нэг сарын 416,000 төгрөгөөр тооцон  хоёр сард нийт 832,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5/08 дугаар тушаалаар “Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан”-аар ажилд орж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, ******* хэлтэс өөрчлөгдөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлөхөөр заасан хэрнээ тушаалыг 10 дугаар сарын 25-ны өдрөөр гаргасан. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3-т  заасныг баримталсан нь бодит байдалтай нийцэхгүй зөрчилдөж байна. Ажлаас чөлөөлөгдөх тухай  харилцан тохиролцсон зүйл байхгүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд бүтэц орон тооны  өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай дурдсан хэрнээ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаагүй байна.

Нэхэмжлэгч Т.******* нь Мишээл төв дээрх төрийн нэгдсэн нэг цонхны үйлчилгээний төвд ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нийт 8 өдөр өглөөний 8 цагаас хойш тасралтгүй, огт завсарлагагүйгээр оройн 20 цаг хүртэл, сард 2 удаа долоо хоногийн амралтын өдөр буюу Бямба гаригт ажилласан байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.*******г 2016 оны 7 дугаар сард 44 цаг илүү ажиллуулжээ. Тухайлбал  мөн оны 7 дугаар сарын 7, 19-22, 25-29-ний өдрүүд буюу 10 хоногийн турш тасралтгүй ажиллуулсан. Иймд дээрх 10 хоногт ажилласан илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн, нэг өдрийн цалинг 18,932 төгрөгөөр тооцоход  378,640 төгрөг олгох ёстой байна.

Мөн нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сараас 01-нээс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн Хагас сайн өдөр буюу нийтдээ долоо хоногийн амралтын 8 өдөр ажиллуулжээ. Байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг амралтын өдөр ажиллуулсан бол нөхөн амраах, хэрэв амраагаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар 1,5 дахин нэмэгдүүлсэн хөлс төлөх ёстой тул дээрх 8 хоногт олгогдох ёстой нэмэгдүүлсэн хөлс 227,184 төгрөг олгох ёстой. Дээрх хоёр нэмэгдүүлсэн хөлсөд зарим өдөр давхцаж байгаа тул хасч нийтдээ байгууллагаас илүү цаг болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдүүлсэн хөлсөд 539,580 төгрөг нэхэмжилж байна.

Тус байгууллага ажилтныг үндэслэлгүйгээр чөлөөлөхдөө түүнд ажлаас халагдсны тэтгэмжийг олгоогүйгээс нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх зөрчигдөөд байна. Иймд ажлаас халагдсаны тэтгэмжид сүүлийн 7 сарын цалингийн дундажаар тооцож 502,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа өөрчилсөн. Иймд ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тус байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2016 оны 11,12 дугаар сарын цалинд 833,042 төгрөг, нэмэгдүүлсэн хөлс 539,580 төгрөг, мөн ажилгүйдлийн тэтгэмж 502,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Х*******, ******* хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүл мэнд, ******* ерөнхий газрын даргын А/03 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус Хэлтсийн цалингийн сан хэтрэлттэй байсан тул Г.Х*******, Т.******* нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болсон.

Уг бүтэц орон тооны өөрчлөлтөөс гадна нэхэмжлэгч Т.*******, Г.Х******* нарын ажиллаж байсан “нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан” гэсэн орон тоо батлагдсан бүтэц орон тоонд угаасаа байгаагүй бөгөөд албан ажлын зайлшгүй шаардлагаар дээрх орон тоог бий болгож, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар нэхэмжлэгч нарыг авч ажиллуулж байсан.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/709 дүгээр захирамжаар ажлын цагийн хуваарийг өөрчилж багасгасан тул Хан-Уул дүүргийн Мишээл экспо төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д цаашид 2 ээлжээр 4 байцаагч ажиллуулах шаардлагагүй болсон. Бидний зүгээс Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчимд нийцүүлэн дээд  байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийг биелүүлсэн.

Уг нь нэхэмжлэгч нарын ажлын байр төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх ёстой. Нэхэмжлэгч Т.******* төрийн албаны шалгалт өгсөн ч тэрээр ажлын байрны шаардлагад тавигдсан ажилласан жилийн шаардлага хангахгүй байсан. Нэхэмжлэгч Г.Х*******ийн хувьд туршилтийн 3 сарын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болсон. Иймд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цаашид сунгагдахгүй тухай шийдвэрийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Т.*******гийн хувьд тэрээр нэг өдөрт 4 цагаар ажилладаг байсан. Байгууллага ажлын шаардлагаар түүний ажлын цагт зохицуулалт хийгдэж, хагас сайн өдөр ажиллуулдаг байсан болохоос нийлбэр дүнгээрээ бодвол илүү цагаар ажиллуулаагүй.  Амралтын өдрүүдэд ажиллана гэдгийг тэрээр анхнаасаа мэдэж  ажилд орсон. Байгууллага нэхэмжлэгч Т.*******тай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан гэрээ дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн тул ажлаас халагдсны тэтгэмж олгох хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, ерөнхий газрын дэргэд төрийн албаны салбар зөвлөл ажилладаг ч салбар зөвлөл төрийн үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэдэггүй болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                     

                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                    

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Х*******, ******* хэлтэст холбогдуулан нэхэмжлэгч  Г.Х******* нь “нэг цонхны үйлчилгээний ажилтан”-ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 832,000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч Т.******* нь тус байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2016 оны 11, 12 дугаар сарын цалинтай тэнцэх олговорт 833,042 төгрөг,  2016 оны 7,8 дугаар сард илүү цагаар болон амралтын өдөр ажиллуулсны нэмэгдэл хөлс 539,580 төгрөг,  ажилгүйдлийн тэтгэмж 502,000 төгрөг нийт 1,874,622  төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.*******г, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Х*******ийг тус тус “нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан”-аар 3 сарын хугацаатай томилж, нэхэмжлэгч Т.*******тай 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч Г.Х*******тэй 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-73-80/

Улмаар тус байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.*******г, мөн өдрийн Б/61 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Х*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3, 38.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-69,70/

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдаанд нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн  тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу захиргааны санаачилгаар гэрээг дуусгавар болгосон гэж тушаалын үндэслэлийг тайлбарлав. Мөн нэхэмжлэгч нар байхгүй орон тоонд ажиллаж байсан тул гэрээг хугацаатай байгуулсан гэж тайлбарлав.

 Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2012 оны А/391 дүгээр, 2016 оны А/90 дүгээр, Эрүүл мэнд, ******* ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалын хавсралтуудаас үзвэл тус хэлтэст “нэг цонхны цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан”-ы батлагдсан орон тоо нэхэмжлэгч нарыг ажилд томилж, тэдгээртэй хөдөлмөрийн харилцааг үүсгэх үед байгаагүй байжээ. /хх 119-122/

Гэтэл захиргаа уг нөхцөл байдлыг мэдсээр байж байхгүй орон тоог бий болгож, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллуулсан байна. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан талуудын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг 1-3 сар байхаар харилцан тохиролцсон талаар тусгагдсан хэдий ч зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдийн 1.1, 1.2 болон 2, 3 дугаар зүйлүүдэд заасан ажлын байранд гүйцэтгэх чиг үүрэг, захиргаа ажилтны эрх үүрэг, Төрийн үйлчилгээний ТҮ4-1 ангилал зэрэглэлээр цалинжих тухай тусгагдсан байдал зэргээс үзвэл “нэг цонхны үйлчилгээний ажилтан”-ы ажлын байранд тогтоосон журам, горимын дагуу байгууллагаас олгосон багаж хэрэгслээр ажлын өдрүүдэд давтамжтайгаар уг ажлыг хийж гүйцэтгэхээр тусгагдсан байгаа нь нэхэмжлэгч нарыг байнгын ажлын байранд хугацаатайгаар ажиллуулахаар гэрээг байгуулсан байна гэж үзэхээр байна. Мөн уг албан тушаал өөрөө төрийн захиргааны ажилтны албан тушаалд хамаарахуйц албан тушаал гэсэн хариуцагчийн тайлбараар дээрх нөхцөл байдал нотлогдож байна.

Зүй нь захиргаа албан ажлын хэрэгцээ шаардлагын улмаас иргэнийг түр хугацаагаар ажиллуулах тохиолдолд хөлсөөр ажиллуулах гэрээ болон бусад байдлаар тохиролцож ажиллуулах боломжтой байсан байна. 

Нэхэмжлэгч Г.Х*******ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны дээрх буруутай үйлдэлд ажилтанг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.Х******* нь өөрийн хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Захиргаа байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй ба  талуудын хооронд байгуулсан гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т заасныг баримтлан хугацаатай гэрээ байгуулсан тухай дурьджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т зааснаар захиргаа ажилтныг туршилтын хугацаатайгаар гэрээ байгуулж ажиллуулах тохиолдолд тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд энэ тухай тусгаж, ямар ажил албан тушаалд үйлчилгээний ажилтныг түр хугацаагаар ажиллуулж болохыг тусгагдсан байхаар хуульд зохицуулсан байна.  

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тус байгууллагын дотоод журамд энэ талаар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгч Г.Х*******ийг урьд эрхэлж байсан нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгч Г.Х*******д олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу түүний ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 44 хоногт ноогдох цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчийн ******* дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалингийн дундажаас тооцон нийт 932,976 төгрөг /8 дугаар сар 527,740 төгрөг + 9 дүгээр сар 482,571 төгрөг + 10 дугаар сар 357,391 төгрөг =1,367,702/3 сар=455,900/21.5 хоног = ажлын нэг өдрийн 21,204 төгрөг* ажлын 44 хоног = 932,976/ хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь ажилгүй байсан дээрх хугацааны цалинтай тэнцэх олговорт 832,000 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тус байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2016 оны 11, 12 дугаар сарын цалинтай тэнцэх олговорт 833,042 төгрөг,  2016 оны 7, 8 дугаар  сард илүү цагаар болон амралтын өдөр ажиллуулсны нэмэгдүүлсэн хөлс 539,580 төгрөг,  ажилгүйдлийн тэтгэмж 502,000 төгрөг, нийт 1,874,622 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тухай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлав.

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул тус байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрхийг сэргээлгэх, эрх зүйн ямар үр дагавар үүсгэх үүднээс шаардаж байгаа нь тодорхойгүй тул шүүх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзэв.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг ажлаас буруу халсан, шилжүүлсэн болохыг тогтоосон тохиолдолд олгохоор зохицуулсан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул шүүх түүнд дээрх олговорыг олгох үндэслэлгүй гэж үзэв. Мөн нэхэмжлэгч Т.*******тай байгуулсан гэрээг захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан захиргаа ажилтанд олгох ажлаас халагдсаны тэтгэмжийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т.*******гийн тус байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2016 оны 11, 12 дугаар сарын цалинтай тэнцэх олговорт 833,042 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 502,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тус хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1-д ажлын онцлогоос хамаарч ажилтны ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг өөрөөр зохицуулж болохоор, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгасан байхаар заасан байх ба нэхэмжлэгч Т.*******тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгагдаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан гэдэгт маргаагүй ч албан ажлын шаардлагаар ажиллаж байгаагаа нэхэмжлэгч мэдэж, хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан, мөн нэхэмжлэгчийн нэг сард ажилласан цагийг нэгтгэн тооцвол илүү цагаар ажиллуулаагүй гэж маргав.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг өдрийн ажлын цаг 8 хүртэл, долоо хоногт 40 хүртэл цаг байхаар, ажилтныг илүү цагаар ажиллуулахгүй байх, хэрэв хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, ажил олгогч санаачилсан зэрэг шалтгаанаар ажлын онцлогоос хамааруулан ажилтныг илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулах, ийнхүү нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хөлсийг 1,5 дахин болон түүнээс дээш хэмжээгээр тооцон олгохоор зохицуулжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Т.*******гийн 2016 оны 7, 8 дугаар сард ажилласан цагийн бүртгэлээс үзвэл 2016 оны 7 дугаар сард ажилтан ажиллавал зохих ажлын 16 хоног, 128 цаг байхаас тэрээр 19 хоног 172 цаг ажилласан, үүнээс долоо хоногийн амралтын 3 өдөр /9, 23, 30-ны өдөр/ 18 цагаар ажилласан, тухайн сард 3 хоног 44 цаг илүү ажиллажээ.

Мөн 2016 оны 8 дугаар сард ажилтан 22 хоног 176 цаг ажиллавал зохихоос нэхэмжлэгч 25 хоног, 165 цаг ажилласан, үүнээс долоо хоногийн 2 амралтын өдөрт /13, 27-ны өдөр/ 12 цагаар ажиллуулсан болох нь тогтоогдож байх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэмэгдүүлсэн хөлсийг шаардах эрхтэй байна.  /хх-116/

Түүнчлэн захиргаа ажилтныг нөхөн амруулсан болохоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч Т.*******гийн ажлын цагийн бүртгэлд маргаагүй байна. Иймд захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сарын илүү цагийн хөлс, 2016 оны 7, 8 дугаар сард амралтын өдөр ажиллуулсны хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлэн тооцож олгох үүрэгтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгч Т.*******гийн сүүлийн гурван сарын цалин, ажлын хоногоор дундажийг тооцоолбол нэг өдрийн дундаж цалин хөлс 22,210 төгрөг, нэг цагт 2776 төгрөг ногдож байна.

Нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сард ажлын цагийн нийлбэрээр 44 цаг илүү ажилласан ч дээрх илүү цагаас  долоо хоногийн амралтын 3 өдөр ажилласан  18 цагийг хасч тооцон нийт 108,264 төгрөг /2276*1,5*26 цаг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн  2016 оны 7, 8 дугаар сард 5 удаа амралтын өдөр ажиллуулсны нэмэгдүүлсэн хөлсийг тооцохдоо нэхэмжлэгчийн дундаж цалин хөлснөөс тооцвол нэг өдрийн цалин 22,210 төгрөг байх боловч нэхэмжлэгч нэг өдрийн хөлсийг 18,932 төгрөгөөр тооцон нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцвол 227,184  төгрөг байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүл мэнд ******* хэлтсээс нэхэмжлэгч Т.*******гийн 2016 оны 7, 8  дугаар сард илүү цаг болон амралтын өдөр ажилласны нэмэгдүүлсэн хөлсөд 335,448 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204,132 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч Т.******* нь өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой өдрийг дараа сарын эхний хагаст цалин хөлсийг нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар шилжүүлсэн өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 16-ны өдөр гэж үзэхээр байна. /хх-102, 104/ Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна үзэв.

Түүнчлэн хариуцагч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй тухай зохигчид шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэгч Т.*******гийн гаргасан цалин хөлстэй холбоотой маргааныг шууд харьяалан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хавтаст хэргийн 6, 7, 15-18, 32-44, 46, 47, 91-94 дэх талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод нөхөн оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

           

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Х*******ийг Х*******, ******* хэлтэст нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, ******* хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 832,000 /найман зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х*******д олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Х*******, ******* хэлтсээс нэмэгдүүлсэн хөлсөд 335,448 /гурван зуун гучин таван мянган дөрвөн зуун дөчин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдүүлсэн хөлс, нөхөх олговор, ажилгүйдлийн тэтгэмжид 1,539,174 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, ******* дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,569 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ