Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Н.Гэрэлмаа /томилолтоор/,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн У.О.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Э.Б- нарт холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, .......-ны өдөр ...... төрсөн, ...настай, ........тэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон эндээ овгийн Э.Б- /РД:......./,

2. Монгол улсын иргэн, ...................-ны өдөр ................ төрсөн, ......настай, ..........тэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У.О.Б- /РД:............/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3,1531 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Бөд өгсөн, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын 305 тоот өрөөнд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 14,3522 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч О.Б нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3,1531 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим хууль бусаар Э.Баас олж авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын гадна 37-30 УБЦ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 16,3342 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн, улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Тауэр төвийн орчим 3730 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч нар: “...мэдүүлэг өгөхгүй...” гэцгээв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Шүүгдэгч О.Б өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэжээ

 

Шүүгдэгч Э.Б өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед буудалд байсан хар тамхийг өөрийнхөө хар тамхи гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Буудалд байсан өвс нь миний өвс биш, Тэмүүлэнгийн өвс тул түүн дээр маргаж байна. Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй.” гэжээ

 

Гэрч Н.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бадрал, Баянмөнх хоёр Баянмөнхийн хар өнгийн, маркийг нь мэдэхгүй машинтай зогсож байсан. Тэгээд машиных нь хойд талын суудал дээр суугаад гурвуулаа Туулын голын бургас орсон. Туулын гол дээр очоод өвс ороож татсан ...миний яриад байгаа Тэмүүлэн гэх залуу мөн байна. 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой Туул голын эрэг рүү явж байх үед Бадрал Баянмөнх бид 3 тай хамт өвс хэрэглэсэн. Гэхдээ тэр өвсийг Б.Тэмүүлэн гаргаж ирээгүй Бадрал цүнхнээсээ гаргаж ирсэн...” гэсэн дахин мэдүүлэг /1хх-ийн 57-58, 59-60, 2хх-ийн 134-135/,

 

Гэрч Ц.Оюунчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...цагдаагаас ярьсны дараа нь хүүтэйгээ холбогдож асуухад дуу хөгжим сонирхдог учраас гэмт хэрэгт холбогдсон залуутайгаа дууны клип хийлгэхээр танилцсан тэр хүүхэдтэй явж байгаад л хэрэгт холбогдчихлоо...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67, 2хх-ийн 66/,

 

Гэрч Ц.Хонгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...galaxy tower-12 дугаар давхарт байрлах Cielo гэх газарт Баянмөнхийн найзуудтай уулзсан. Тэгээд жоохон сууж байгаад тухайн газар хаасны дараа гарч Баянмөнхийн машинд суутал цагдаа нар ирж Баянмөнхийг барьсан...” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 6-6З/,

 

Гэрч Б.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04-сараас эхлэн Баянмөнх, Бадрал хоёртой дахин уулзаж эхэлсэн ба тэр үед Баянмөнх Бадрал хоёр байнга л өвстэй, Баянмөнхийн хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явдаг байсан өвс хэрэглэх үедээ Туул голын бургас руу ороод л хэрэглэчхээд буцаад явдаг байсан. 2020 оны 05 сарын 10-д үеэр санагдаж байна Бадрал надтай холбогдоод модны хоёрын буудлын хажууд “Рип” нэртэй зочид буудалд хүрээд ир байна гэхээр нь очиж байсан ба очиход буудлын өрөөнд байхад нь орж уулзаж байсан тухайн буудалд миний бичиг баримтыг бүртгүүлж төлбөр мөнгийг нь өөрөө өгдөг байсан заримдаа миний данс руу мөнгө шилжүүлж буудлаас гарах үедээ тооцоог нь хийчих гэх зэргээр төлүүлж байсан удаа бол байгаа. Тэр буудалд Бадрал нь хэд хоносныг би мэдэхгүй ч намайг байнга л дуудаж ханьтай хамт байгаад өгөөч гээд гуйгаад байдаг хааяа очиход тухай үедээ уулзаж дотно харилцаанд ордог байсан Тэмүүлэн гэх охин ирчихсэн байдаг байсан....Цагдаад баригдсан өдрийнхөө өмнөх орой нь Туулын бургас орж Бадрал, Баянмөнх, Тэмүүлэн бид нар өвс хэрэглэсэн учир нь тухайн өдөр намайг гадуур явж байх үед Бадрал утсаар холбогдож уулзъя андаа гэж дуудаад 19-ийн КРС-ийн гадаа уулзсан тухайн үед Тэмүүлэн, Баянмөнх нар байсан ба урьд нь өвс хэрэглэхээрээ очдог байсан бургас руу орж тэндээ өвс хэрэглэсэн. Хэрэглэсэн өвсийг Бадрал цүнхнээсээ гаргаж ирсэн. Ингээд хэрэглэснийхээ дараа Бадрал өөрөө өвсөө буцаагаад цүнхэндээ хийгээд авсан. Ер нь бол өвсөө байнга л өөртөө байлгадаг. Бургаснаас гараад Бадрал, Баянмөнх Тэмүүлэн бид 4 Бадралын байрлаж байсан буудал руу шөнө 22-23 цагийн үед очоод утсаараа папжи тоглож байгаад шөнийн 01-02 цагийн үед би гэртээ харихаар явсан тухайн үед манай гэр Халдвартын эцсийн буудлын ойролцоо байсан тул такси бариад харьсан. Ер нь бол би Бадрал дээр очдог ч гэсэн буудалд нь хонолгүйгээр шөнөдөө харьчихдаг байсан юмаа. Буудлын мөнгө төгрөгөө Бадрал л өгдөг хаанаас ямар байдлаар олж авдаг байсан талаар нь огт мэдэхгүй байна. Намайг явах үед Тэмүүлэн, Баянмөнх, Бадрал нар унтаж амарлаа гээд үлдсэн. Харин маргааш нь буюу цагдаад баригдсаныхаа дараа Бадрал нь над руу утсаар холбогдож “Чи намайг цагдаад бариад өгчхөж байгаа юм уу” гэхээр нь “Би тийм юм байхгүй” гэж хэлэхэд “Хэн намайг бариад өгчхөв, чи намайг барьж өгөөгүй юм бол одоо уулзчих, 19-д уулзъя" гэхээр нь "тэгье” гээд очиж уулзахад Бадрал нь ганцаараа ирсэн ба “цагдаад байцаалтаа өгчхөөд ирлээ, хэн гөрснийг нь мэдмээр байна чи биш бол хэн байхав чи юу гэж бодож байна" "би байцаалтдаа чиний нэрийг огт дурдаагүй, би одоо угаасаа алга болно, чи надтай битгий холбогдоорой тэгж байгаад уулзъя" гэж хэлээд салж байсан ба түүнээс хойш огт холбогдоогүй...тэр өвсийг Бадрал өөрийнхөө цүнхнээс гаргаж ирээд л бургасанд хэрэглэчхээд буцаагаад цүнхэндээ хийгээд буудал руугаа хамт явсан шүүдээ. Ер нь бол Бадрал, Баянмөнх хоёр байнга л өвстэй явж байдаг Баянмөнх нь өвс түүчхээд ирлээ гэж надад нэг биш удаа хэлж байсан хаанаас, хэзээ хэрхэн яаж түүсэн талаараа надад тодорхой хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 138-142/,

 

Гэрч Б.Мөнх-Оргил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өвс гэх зүйлийг худалдан борлуулж, Сарангийн найз гэх Тэмка буюу Тэмүүлэнд өгсөн зүйл байхгүй. Бадрал гээд байгаа залууг нэг л удаа харсан тухайн үед Тэмкатай хамт явж байсан. Бадрал гэх нэрээр нь ч мэдэхгүй зургийг нь хараад л духан дээрээ шивээстэй байсныг нь санаж мэдлээ. Ямар учраас надаас авсан гэж хэлж ярьж байгааг нь мэдэхгүй байна...Одоо Саранг хаана байгаа талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 143-144/,

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2922 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг “...шинжилгээнд ирүүлсэн “19,7 грамм ХТТГ” гэж хаягласан ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна...ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол...илэрч байна...” гэж /1хх-ийн 69-71 х/,

 

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2923 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг “...шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйл, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна...ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол...илэрч байна...” гэж /1хх-ийн 73-76/,

 

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2924 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б ЙИ97060511  2020-5-18” гэж хаягласан шээс, “Н.Тэмүүлэн У399071701 2020/0517” гэж хаягласан шээс, “Баянмөнх УХ95082630” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна...шээс тус бүрээс тетрагидроканнабинол...илэрч байна...” гэсэн /1хх-ийн 78-80/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...тээврийн хэрэгсэлд мансууруулах төрлийн бодис болон өвч нэршилтэй бодис байгаа гээд жолооч талын хаалгыг онгойлгоод хажуу бөөрийг нь цоолж 100 төгрөгийн дэвсгэртийг хуйлж цоолсон нүх рүү хийсэн байсныг 1 гэж дугаарлан хураан авав...” гэсэн /2хх- ийн 48-53/,

 

2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4251 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “1” дугаарласан Yoyage цэвэр усны сав, “Р50648293” гэсэн серийн дугаартай 100-ын дэвсгэрт, “2” гэж дугаарласан бөөрөнхий төмөр хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас, шүдэнз, “3” гэж дугаарласан Fanta ундааны саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол...илэрч байна...” гэсэн /2хх-ийн 68-73/,

 

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 4249 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “О.Б УА95082630 2020.07.21” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол...илрэв...” гэсэн /2хх-ийн 75-77/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг “...тавиурын дээд хэсэгт гялгар ууттай хатсан өвс ургамал байсныг хураан авч жинлэхэд уутны хамт 19.7 грамм жинтэй байлаа...” гэсэн /1хх-ийн 3-9/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг “...цэнхэр өнгийн гялгар уутанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлын зүйл байгаа бөгөөд эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн /1хх-ийн 18-24/,

 

Хүний /Э.Б/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг “...Буудлын өрөөнд байсан гялгар ууттай өвс нь миний өвс байна мөн Баянмөнхийн машинд байсан өвсийг би өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянмөнхтэй уулзаад хамт явж байх үедээ гялгар ууттай өвснөөс тастаж түүнд ямар нэгэн төлбөргүйгээр зүгээр өгсөн...” гэсэн /хх-ийн 25-27/,

 

Хүний /О.Б/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг “...миний унаж явсан 37-30 УБЗ улсын дугаартай тоёота приус-30 маркийн машинд байсан Бадралаас авч машины голын харцаганы хэсэгт хийсэн байсан гялгар ууттай өвсийг сайн дураараа гаргаж хураалгасан байгаа...” гэсэн /1хх-ийн 30-32/,

 

“...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав...” гэсэн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1хх-ийн 28-29, 33-34, 2хх-ийн 54-58/

Яллагдагч Э.Бын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 88-89, 2хх-ийн 148-149, 150-154/,

Яллагдагч О.Батмөнхийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 93-94, 2хх-ийн 145-147/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 45-49/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 50-51, 2хх-ийн 59-60/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 40, 2хх-ийн 46-47/,

Ял шалгах хуудас, /1хх-ийн 102-103/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 142-146, “...Неткапитал Финанс корпораци ББСБ-ын нэр дээр” гэсэн Тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 92/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 39/, “...эрүүгийн 2002003980246 дугаартай хэргээс баримтуудыг хуулбарлан авсан тухай...” мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 120-127/, /эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 212-21З/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3,1531 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Бөд өгсөн,

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын 305 тоот өрөөнд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 14,3522 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Тэмүүлэнгийн “....2020 оны 05 дугаар сарын 17-ны орой Туул голын эрэг рүү явж байх үед Бадрал Баянмөнх бид 3 тай хамт өвс хэрэглэсэн. Гэхдээ тэр өвсийг Б.Тэмүүлэн гаргаж ирээгүй Бадрал цүнхнээсээ гаргаж ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Тэмүүлэн “...урьд нь өвс хэрэглэхээрээ очдог байсан бургас руу орж тэндээ өвс хэрэглэсэн. Хэрэглэсэн өвсийг Бадрал цүнхнээсээ гаргаж ирсэн. Ингээд хэрэглэснийхээ дараа Бадрал өөрөө өвсөө буцаагаад цүнхэндээ хийгээд авсан. Ер нь бол өвсөө байнга л өөртөө байлгадаг... тэр өвсийг Бадрал өөрийнхөө цүнхнээс гаргаж ирээд л бургасанд хэрэглэчхээд буцаагаад цүнхэндээ хийгээд буудал руугаа хамт явсан шүүдээ. Ер нь бол Бадрал, Баянмөнх хоёр байнга л өвстэй явж байдаг Баянмөнх нь өвс түүчхээд ирлээ гэж надад нэг биш удаа хэлж байсан хаанаас, хэзээ хэрхэн яаж түүсэн талаараа надад тодорхой хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2924 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч О.Б нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3,1531 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим хууль бусаар Э.Баас олж авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пүлл зочид буудлын гадна 37-30 УБЦ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 16,3342 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн, улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Тауэр төвийн орчим 3730 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэгүүд гэрч Б.Тэмүүлэн “... Ер нь бол Бадрал, Баянмөнх хоёр байнга л өвстэй явж байдаг Баянмөнх нь өвс түүчхээд ирлээ гэж надад нэг биш удаа хэлж байсан хаанаас, хэзээ хэрхэн яаж түүсэн талаараа надад тодорхой хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 4249 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4251 дугаартай шинжээчийн дүгнэлт Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Тухайн үед буудалд байсан хар тамхийг өөрийнхөө хар тамхи гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Буудалд байсан өвс нь миний өвс биш, Тэмүүлэнгийн өвс тул түүн дээр маргаж байна.” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч Н.Тэмүүлэн, Б.Тэмүүлэн нарын мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байр зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх тул буруутгах үндэслэлгүй юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилж, олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

 

Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлэгт авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. 

 

Дээрх хууль зүйн ойлголт зэргээс үзэхэд Нийслэлийн прокурорын газраас У.О.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгчид нарт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.Б-өд нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч О.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Түүнчлэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бийн цагдан хоригдсон 266 хоног, шүүгдэгч Э.Бын 204 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

- Шүүгдэгч О.Бөд оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 266 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг  1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар,

- шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 204 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг  1 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч О.Бийн эдлэх 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Э.Бын эдлэх 1 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний тодорхой газар очихыг хориглох болох Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг шөнийн клуб, Зочид буудал зэрэг газарт явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

3. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж “Неткапитал” ББСБ-ын эзэмшлийн 37-30 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох саналын улсын яллагч тавьсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд хөрөнгө нь шүүгдэгч О.Бийн эзэмшил, ашиглалтад байдаггүй болох нь тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эд мөрийн баримтаар хураагдсан 19,7 грамм ХТТГ” гэж хаягласан ургамал мэт, гулгар ууттай 3.8 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис,

- Хажуу бөөр хэсгийг цоолж Р30648293 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн Vоуаgе бичигтэй хуванцар сав 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй дугуй савтай тогоо хэлбэртэй тунгалаг цаас 1 ширхэг, 1 ширэг шүдэнзний мод, Раntа гэсэн бичигтэй ундааны сав 1 ширхэг, бөөрөнхий төмөр хайрцаг, нийт 15.743 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон эндээ овгийн Э.Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

 - Шүүгдэгч У.О.Б- хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Э.Б-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- О.Б-ийг 02 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Б-өд оногдуулсан 02 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан

- Шүүгдэгч О.Бөд 2 жил, 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 266 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг  1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар,

- шүүгдэгч Э.Бд 2 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 204 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг  1 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн эдлэх 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Э.Бын эдлэх 1 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг шөнийн клуб, Зочид буудал зэрэг газарт явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид нарт сануулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж “Неткапитал” ББСБ-ын эзэмшлийн 37-30 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах улсын яллагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эд мөрийн баримтаар хураагдсан 19,7 грамм ХТТГ” гэж хаягласан ургамал мэт, гулгар ууттай 3.8 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис,

- Хажуу бөөр хэсгийг цоолж Р30648293 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн Vоуаgе бичигтэй хуванцар сав 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй дугуй савтай тогоо хэлбэртэй тунгалаг цаас 1 ширхэг, 1 ширэг шүдэнзний мод, Раntа гэсэн бичигтэй ундааны сав 1 ширхэг, бөөрөнхий төмөр хайрцаг, нийт 15.743 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалга

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ