Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ч.Б.У-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........-ны өдөр төрсөн, ...... настай, ...тэй, ............, Саруул сайхан ХХК-нд хангамжийн менежер ажилтай, ам бүл ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.Б.У- (РД:..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.У нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Роял таун хаусын гадаа 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 12 сарын 21-нд шилжих шөнө О.Нийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай дагзны хуйх, 2 нүдний зовхи, хамар, хүзүү, хоёр мөр, баруун бугалга, зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт, баруун тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, баруун шилбэ, шагай тавхайд цус хуралт, зулгаралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.У: “...Миний буруу байсан, гэм буруу дээр гэмшиж байна...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...гэнэт нэг эрэгтэй хүн наанаа байж бай гээд орилоод өөдөөс гүйж байсан тэгэхээр нь тухайн үед согтуу байсан учир буцаад гүйсэн ингээд гудамжаар гүйж байхад миний араас наанаа зогсож бай бай гээд орилоод гүйгээд байсан тэгэж байгаад миний санаж байгаагаар хашаа руу ороход хашаан дотор үүд хэсэгт байсан жижиг амбаарын хажууд бүдэрч унасан тэгсэн тэр эрэгтэй миний араас ирээд шууд миний толгой руу өшиглөсөн тэгэхээр нь амбаар хашаа хоёрын завсраар мөлхөж орсон. Тэгэхэд миний толгой дээр тэр залуу маш олон удаа тасралтгүй дэвссэн би тэр залууд одоо болно больчхооч дээ гэж гуйж байсан тэгсэн зогсохгүй миний толгой хэсэг рүү дэвссээр байсан ингээд би ухаан алдсан нэг сэрэхэд гэмтлийн эмнэлгийн тархины тасагт сэрсэн...” (хавтас хэргийн 16-17 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 12 сарын 21-ний шөнө 03 цагийн үед манай гэрийн эсрэг талын хотхоны хашаанд хүмүүс чанга чанга яриад орилоод байсан юм. Хэсэг чагнаж байгаад гэрийнхээ цонхон дээр гэрийнхээ цонхон дээр гараад харахад харагдахгүй байсан тэгээд хоорондоо ярьж байгааг нь сонсоход нэг эрэгтэй хүн нэг эрэгтэйгээ зодоод байх шиг байсан. Зодож байгаа эрэгтэй хүн нь намайг хаана авчирсан бэ гээд цохиод байсан. Зодуулж байсан хүн нь ахын дүү одоо больё болчих гээд гуйгаад байсан. Зодож байгаа залуу нь утсаар яриад цагдаа дуудаад байх шиг байсан байгаа газраа зааж өгч мэдэхгүй та нар намайг харахгүй биз дээ би энэ хүнийг аргагүй хамгаалалт гээд алчих уу гэсэн чинь утасны спикер дээрээ тавьсан мөн гадаа шөнө байсан учир ярьж байсан цагдаа нь Баянгол дүүргийн цагдаа байна гэсэн чинь бид нар 10-р хороололд байсан юм чинь Баянголын цагдаа дуудна биз дээ гээд байсан...” (хавтаст хэргийн 23-24 дэх тал) гэсэн,

 

Гэрч О.Баяртүвшин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...тухайн иргэнийг зодсон байх магадлалтай 25-30 орчим насны эрэгтэй хүнийг машинд суулгасан байсан...” (хавтаст хэргийн 34 дэх тал) гэсэн,

 

Гэрч М.Энхцаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Согтолтын зэргийг драйгер төхөөрөмжөөр шалгахад 1,67 хувийн согтолттой байсан бөгөөд биед чигчий хуруу шалбарсан байсан бөгөөд өөр ямар нэгэн шинээр үүссэн гэмтэл шарх сорви байгаагүй...” (хавтаст хэргийн 38 дахь тал) гэсэн,

 

Гэрч Г.Мөнх-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Согтолтын зэргийг драйгер төхөөрөмжөөр шалгахад 1,67 хувийн согтолттой байсан бөгөөд биед чигчий хуруу шалбарсан байсан бөгөөд өөр ямар нэгэн шинээр үүссэн гэмтэл шарх сорви байгаагүй...” (хавтаст хэргийн 41 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 803 дугаар“...О.Нийн биед тархи доргилт, зулай дагзны хуйх, 2 нүдний зовхи, хамар, хүзүү, хоёр мөр, баруун бугалга, зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт, баруун тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, баруун шилбэ, шагай тавхайд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов...” (хавтаст хэргийн 52-53 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэр хүний толгой хэсэг рүү хөл гараараа цохисон яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Тухайн үед согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан .” (хавтаст хэргийн 75 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаар дуудлага хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

Хохирогч Гэмтэл согог судлалд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 58-70 дахь тал),

Шүүгдэгч Б.Уийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 80-92 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 97-102 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.У нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Роял таун хаусын гадаа 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 12 сарын 21-нд шилжих шөнө О.Нийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай дагзны хуйх, 2 нүдний зовхи, хамар, хүзүү, хоёр мөр, баруун бугалга, зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт, баруун тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, баруун шилбэ, шагай тавхайд цус хуралт, зулгаралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Н болон шүүгдэгч Б.У нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэрэг явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №803 дугаартай дүгнэлт 102 тусгай дугаар дуудлага хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

Хохирогч Гэмтэл согог судлалд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 58-70 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 97-102 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч О.Нийн эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, зулай дагзны хуйх, 2 нүдний зовхи, хамар, хүзүү, хоёр мөр, баруун бугалга, зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт, баруун тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, баруун шилбэ, шагай тавхайд цус хуралт, зулгарал..” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.У түүний толгой, нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.У, хохирогч О.Нийн эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, зулай дагзны хуйх, 2 нүдний зовхи, хамар, хүзүү, хоёр мөр, баруун бугалга, зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт, баруун тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, баруун шилбэ, шагай тавхайд цус хуралт, зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж, уучлал гуйж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, төрийн нэрийн өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,811,040 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 80-92 дахь тал), прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Уд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нийн эрүүл мэндэд биед тархи доргилт, зулай дагзны хуйх, 2 нүдний зовхи, хамар, хүзүү, хоёр мөр, баруун бугалга, зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт, баруун тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, баруун шилбэ, шагай тавхайд цус хуралт, зулгарал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч О.Н нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 1.811.040 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтуудаас хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэл болох 702.830 төгрөгийг шүүгдэгч Б.Уээс гаргуулж, хохирогч О.Нид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Б.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Уд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Уд оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн .............. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уээс 702.830 (долоон зуун хоёр мянга найман зуун гучин) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нид олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ