Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0116

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 03 дугаар сарын 06 өдөр       дугаар 116            Улаанбаатар хот

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Х.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/262 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг А.Даваадоржид амины орон сууцны зориулалтаар оюутны хотхоны байрны дунд 2009 оны 367 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Улмаар Х.Б-т 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Эдгээр нь Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 12.2, 33.1.2, 33.4-т заасныг зөрчин Нийтийн эдэлбэр газрын гудамж талбайд, төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн байсан.

Тиймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3, Газрын тухай хуулийн 61.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн захирамжаа хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амардэлгэрийн "Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/262 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай" төлөөлөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хэрэгт хамааралтай асуудлаар дүгнэлт хийн, асуудлыг нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, "...магадлалтай", "...цаашид үүсэх үр дагаврыг тодорхой болгоход ач холбогдолтой", "...цаашид уг газрын дахин олгохгүй байх, уг газарт барилга байгууламж барихыг хориглосон шийдвэр гаргах шаардлагатай болох" гэх мэт ирээдүйд бий болж магадгүй магадлал, таамаглал дээр суурилан дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэснийг ноцтойгоор зөрчсөн байна.

Дээрх хийсвэр таамаглал, магадлалыг гаргахдаа дараах зүйлийг огт анхааралгүй орхисон байна.

...Уг газарт 2009 онд анх авахад барилгын болон оюутны дотуур байр болон тэр хавийн суугчдын ахуйн хогийн цэг байрласан эрүүл ахуйн хувьд сөрөг үр дагавартай, авто тээврийн хэрэгсэл болон хүн явахад хүнд газар байсан. Бид иргэн Б.Даваадоржтой цаашид шилжүүлж авна гэсэн тохироотойгоор уг газар дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанд хүсэлт гарган, байцаагчийн дүгнэлт гаргуулан дээрх барилгын болон ахуйн хогийг бүгдийг нь цэвэрлэн зайлуулж багагүй хэмжээний зардал гаргаж өнөөдрийн байдалд хүргэсэн. Харин миний бие уг газрыг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж авснаас хойш 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарч шинээр барилга байгууламж барихыг түр хориглосонтой холбоотойгоор нийтээр дагаж мөрдөж журмыг сахин биелүүлж хашаа барьж, улаан шугам татаж, барилга барих, зөвшөөрөл хөөцөлдөх асуудлыг хойшлуулсан нь буруу болоод байгааг мөн сайн ойлгохгүй байна.

...Миний бие шүүх хуралд би газрын төлбөрөө хүнээр дамжуулан төлж байсан" тухай дурдсан. Иргэн хүний хувьд уг газрыг шилжүүлж авах, шилжүүлснээс хойш 250 гаруй сая төгрөгийн зардал гаргасан хүн зөвхөн газрын төлбөр төлөхгүй байна гэсэн ойлголт байна гэж үү. ...Нийслэлийн Өмч харилцааны газрын санхүүгийн хэлтэст 20 гаруй хүн ажиллаж бүх төлбөр тооцоог хийдэг. Тэдний дансаар мэдээжийн олон гүйлгээ явдаг боловч гүйлгээнүүдийг нэг бүрчлэн хянах механизм байхгүй, дотоод уялдаа холбоо байхгүй, ажилдаа маш хариуцлагагүй ханддаг байдал гарч байна Миний бие төлөөгүй биш төлсөн баримтыг шүүх хуралдаан дууссаны дараа нэг удаагийн жишээ болгох баримтыг олсон билээ.

...Бид барилгын зураг төслийг гаргахдаа барилгын бүх норм, нормативыг хангаж, барилга хоорондын зайг тооцоолж аюулгүй байдал зэргийг хангах зорилгоор зураг төслөө боловсруулж ирсэн. Тэгэхэд төрийн байгууллага хууль, дүрэм, журам зөрчиж болдог юм байна. Иргэн бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд миний бие хүрлээ. Тэгш эрхийн зарчим үнэхээр бүдүүлгээр зөрчигдлөө гэж дүгнэж байгаад маш их гомдолтой байна.

...Газрыг шилжүүлэн авахдаа Нийслэлийн газрын албанд зориулалтыг орон сууцны зориулалттай байхыг үйлчилгээ, орон сууц гэх зориулалтаар өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн газрын алба миний өргөдлийг зохих журмын дагуу хянаж үзээд боломжтой юм байна гэсний дагуу миний нэр дээр шилжүүлэхдээ зориулалтыг нь өөрчлөн шилжүүлсэн. Шилжүүлгийг хууль ёсны дагуу явагдаж байна гэж дүгнэн шилжүүлсэн нь миний буруу болж байгааг би ерөөс ойлгохгүй байна.

"...нийтийн эдэлбэрийн ангилалд бүртгээгүй" байна гэж дүгнэсэн уг учир, мөн түүнчлэн өнөөдрийн байдлаар уг газрын одоо болтол "нийтийн эзэмшил газарт" авсан Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын бүртгэлд ороогүй байгаа нь тухайн газрыг Нийтийн эдэлбэр газар гэж тооцож болохгүй байх тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсгийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэг нь нотлогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-г зөрчсөн гэжээ. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаас үзвэл манай газар нь 0,06 гектар буюу 0,07-оос 100 метр квадрат газраас бага байна. Ингэхлээр миний бие болон анх уг газрыг авсан иргэн Б.Даваадорж нь хууль хэрхэн зөрчөөд байгаа, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр олгосон гэдэг нь хуулиараа явуулах боломжгүй болоод байна.

Уг газар нь зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл мөн байхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3. дах хэсэгт "... тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн,... заалтыг хэрэглэнэ" гэж заасан байна. Тэгвэл Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.12 газрын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг заасан байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт зөрчлийг гаргасан бол тухай Засаг дарга өмнөх шийдвэрээ хүчингүй болгох эрхийг хуулиар хориглож мэргэжлийн байцагчийн шийтгэврээр шийдвэрийг хүчингүй болгохдоо тухайн газар эзэмшигчид учрах хохирлын асуудлыг бүрэн шийдвэрлэж дууссаны дараа хүчингүй болгоно гэж зохицуулсныг зөрчиж Засаг дарга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Тэгэхэд өнөөдөр надад учирсан бодит мөнгөн дүнгийн хохирлыг хэрхэн, хэрхэн барагдуулах асуудал учир битүүлгээр алга болж нэг төрийн албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн ажилдаа хайнга хандсан байж болзошгүй гэх асуудал нь Монгол улсын иргэн хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/262 дугаар захирамжийн заалтууд нь хоорондоо илэрхий зөрчилдөж байна. ...нийтийн эдэлбэр газар гэж үзээд давхар дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр олгосон гэж давхар үндэслэлийг барьсан нь илэрхий алдаатай гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

Иймд дээр дурдсан 10 үндэслэлийг дахин хянаж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/262 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү." гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн Иргэн А.Даваадоржид амины орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,06 га газрыг эзэмшүүлэх эрхийг олгож, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар Х.Б-ын нэр дээр шилжүүлж, зориулалтыг нь үйлчилгээ, орон сууц болгон өөрчилсөн, газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар Х.Б-т тухайн газрыг эзэмших эрх үүсчээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/262 дугаар захирамжаар тухайн Газрын тухай хууль зөрчин нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд эзэмшүүлсэн гэх үндэслэлээр дээрх захирамжуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 /Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна./, 33 дугаар зүйлийн 33.1.2/энэ хуулийн

  1. д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ/, 33.4/Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ гэх заалтууд зөрчигдсөн гэж үзжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл бүрийг тодруулах үүрэгтэй бөгөөд, энэ хүрээнд газар эзэмших эрхийг анх олгоход Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдын эзэмшилд олгогдохоор тусгагдсан эсэх, мөн нийтийн эзэмшлийн зам талбайд тухайн үед хамаарч байсан эсэхийг шийдвэр гаргах үеийн баримтуудыг холбогдох байгууллагуудаас бүрдүүлж, цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх ажиллагааг явуулалгүйгээр зөвхөн Улаанбаатар хотын ерөнхий архитектораар барилгын эскиз зургийг батлуулаагүй, архитектор төлөвлөлтийн даалгавар зэрэг барилга, байгууламж барихтай холбоотой шаардагдах бусад зөвшөөрлийг авч чадаагүй, улмаар эзэмшил газраа бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх шаардлагыг хангаагүй, эзэмшиж газраа тэмдэгжүүлэх ажиллагаа явуулаагүй, нийтийн эзэмшлийн бусад газраас ялгагдахгүй байснаас өнөөг хүртэл уг газрыг авто зогсоол болон нийтийн эзэмшлээр ашиглаж ирсэн, түүнчлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд нийтийн эзэмшилд үлдээх, бусдын эзэмшил ашиглалтад дахин олгохгүй байх, уг газарт барилга байгууламж барихыг хориглосон шийдвэр гаргах шаардлага бий болно гэх дүгнэлт хийж, улмаар үүнийгээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэх заалтад нийцэж гараагүй байна.

Ялангуяа хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал иргэн Х.Б-т газар эзэмших эрхийг олгосонтой адил нөхцөл, орчинд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 663 дугаар захирамжаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд оюутны дотуур байр барих зориулалтаар газар олгосноор “1000 оюутны байр” баригдсан байх бөгөөд үүнтэй холбогдуулан шүүх Х.Б-т эзэмших эрх олгосон газар урьд нь барилгажихаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан эсэхэд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.