Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 216/МА2017/00017

 

  И.Б нэхэмжлэлтэй иргэний

  хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын -р баг, -р байрны тоотод оршин суух, Х овогт И Б /-/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д аймгийн С сумын -р баг, Э  тоотод оршин суух Б овогт Б Н //-д холбогдох

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дүгээр шийдвэртэй,

51338000 /тавин нэгэн сая гурван зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч И.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Н нь 2014 оны 01 сарын 28-нд намайг Улаанбаатар хотод явж байхад - дугаартай утсаар холбогдон найз нь хүний эд зүйл ломбарданд тавьсан алдах гээд байна туслаач гэж 4800000 төгрөгийг дахин зээлж, урьд өмнө нь зээлсэн мөнгөө нийлүүлээд 2014 оны 04 сарын 10-нд бүгдийг төлье гэж тохирсон. Тухайн 4800000 төгрөгийг авахдаа Дундговь аймгийн ХААН банкны ажилтан найз эмэгтэйгээрээ иргэн миний эзэмшлийн ХААН банкин дахь дансны мэдээллийг шалгуулж хууран мэхэлж зээлж авсан. Миний эзэмшлийн дансны мэдээлэлд дур мэдэн орж гадагш мэдээлж, дансны мэдээллийн нууцад нэвтэрсэн болох нь 2015 оны 12 сард Аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. Мөн 2011 оны 07 сарын 09-нд нотариатын гэрээ хийсний дагуу байрны урьдчилгаа 3000000 төгрөг шилжүүлсэн. Б.Н нь иргэн надаас нийт 66238000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 18500000 төгрөгийг төлсөн. 2011 оны 07 сард Дундговь аймгийн Хас банкнаас зээл авах гэж найздаа зуучилж Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р баг, -р байрны  тоот /17,95 м2/ байраа барьцаанд тавихыг хүсч аман хэлцэл хийж байрыг минь барьцаанд тавиулж 15000000 төгрөг цувуулж өгсөн.

2014 оны 04 сард 3500000 төгрөгийг мөн цувуулж өгсөн. Б.Н нийтдээ 66238000 төгрөг зээлж, 18500000 төгрөгийг эргүүлэн төлсөн боловч үлдэгдэл 47738000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна гэжээ.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Н нь өөрийн төрсөн дүү Э.О эзэмшлийн ХААН банкин дахь - тоот дансаар 1000000  төгрөгийг 2012.08.16-нд, өөрийн төрсөн ах Б.Г дансаар 1000000 төгрөгийг,  2011.10.20-нд  бэлнээр 1600000 төгрөг, нийт 3600000 төгрөгийг зээлж аваад одоог хүртэл эргүүлэн төлөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа 3600000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Н нь эгч, дүү, найз нарынхаа дансаар болон бэлнээр мөнгө зээлж авч байснаа аль ч шатны шүүх дээр хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагад орсон мөнгөн дүнгээс орон сууцтай холбоотой гэх 15000000  төгрөгийг буцаан татаж үлдэх 36338000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. - гэсэн З дансаар 5450000 төгрөг, - гэсэн  дансаар 2060000 төгрөг, - гэсэн З дансаар 16000 төгрөг, хариуцагчийн найз О - гэсэн дансаар 1600000 төгрөг, - гэсэн Б.Н дансаар 4870000 төгрөг, - гэсэн хариуцагчийн төрсөн ах Г дансаар 150000 төгрөг, Б дансаар 200000 төгрөг, - гэсэн хариуцагчийн найз Н дансаар 4120000 төгрөг, Б.Н бэлнээр 5.0 сая төгрөг авснаа бүх шатны шүүхэд хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч мах авах гэж 2012 оны 3 сарын 15-нд 3200000 төгрөг авсан. Үүнийг гэрч В гэдэг хүн гэрчилсэн, мөн гэрч В тэтгэврийн зээлийг авахуулж 1100000 төгрөг авсан. 

Мөн  8500000 төгрөгөөр машин худалдах, худалдан авах гэрээ хийгээд хариуцагчийн өмнөөс би 8500000 төгрөгийн төлбөр хийсэн тухай гэрч Б гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Мөн худалдах, худалдан авах гэрээ, Автотээврийн үндэсний төвийн лавлагааны хамт 2010 оны 12 сарын 19-нд 8500000 төгрөгийн төлбөр хийгдсэн байгаа.

Нэмэгдүүлсэн шаардлагаар - гэсэн О дансаар 1.0 сая төгрөг, хариуцагчийн төрсөн ах Г дансаар 1.0 сая төгрөг, тэтгэврийн зөрүүн дээр буюу Хаан банкин дээр бэлнээр 1600000 төгрөг /үүнийг гэрч В гэрчилсэн байгаа/, нийт 36338000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд орон сууцны 15 сая төгрөг ороогүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 66238000 төгрөг гэж би амьдралдаа ийм их мөнгө барьж үзээгүй. 2010 оны 12 сарын 19-нд машины 8500000 төгрөг авсан гээд нэхэмжлэл дээрээ бичсэн байна.

 Би энэ мөнгийг аваагүй. 2010 оны 12 сарын 19-нд Би Б гэж хүнээс машин авах гээд нэхэмжлэгчээс 5.0 сая төгрөг авсан юм. Яагаад 5.0 сая төгрөг авсан бэ гэхээр нэхэмжлэгчийн - гэсэн данс руу манай эгч Г.М 2.0 сая төгрөг хийсэн. Нэхэмжлэгчийн дансны хуулган дээр байгаа. О дансаар би нийт 4060000 төгрөг авсан. Дүү З - гэсэн дансаар 4500000 төгрөг, 2012 оны 5 сарын 16-нд 950000 төгрөг, найз О дансаар 1600000 төгрөг, ах Г дансаар 2011 оны 9 сарын 15-нд 150000 төгрөг, 2010 оны 12 сард машин авах гэж бэлнээр 5.0 сая төгрөг авсан, нийт 15860000 төгрөг авсан. 2010-2012 оны хооронд дээрх мөнгөнүүдийг авсан. 15860000 төгрөг аваад дараах мөнгийг төлсөн.

Үүнд: Дүү О дансаар 2011 оны 11 сарын 15-нд 700000 төгрөг, 2012 оны 8 сарын 18-нд 240000 төгрөг /гэхдээ энэ мөнгийг би нэхэмжлэгчийн хүү болох Б данс руу хийсэн/, 2012 оны 8 сарын 31-нд 500000 төгрөг /мөн нэхэмжлэгчийн хүү болох Б данс руу хийсэн/, 2011 оны 10 сарын 31-нд 800000 төгрөг /би дүү О данснаас нэхэмжлэгчийн данс руу хийсэн/, эгч М - гэсэн дансаар 2.0 сая төгрөг /2 дугаар хавтаст ХХ-ийн 177 дугаар талд байгаа/, 4.0 сая төгрөг, 6500000 төгрөг /3 дугаар ХХ-ийн 31 дүгээр талд байгаа/, би өөрийнхөө нэрээр нэхэмжлэгчийн данс руу 200000 төгрөг, 600000 төгрөг, 30000 төгрөг, 700000 төгрөг, 500000 төгрөг, 500000 төгрөг, 30000 төгрөг, хүүхдийнх нь данс руу 50000 төгрөг, 45000 төгрөг /2 дугаар ХХ-ийн 200-201 дүгээр талд байгаа/-ийг нэхэмжлэгчид өгсөн байгаа юм.

Нэхэмжлэгчээс 2010-2012 онд авсан мөнгөнүүдийг нийлүүлээд 2013 оны 3 сарын 6-нд 6500000 төгрөгийг хамгийн сүүлд би нэхэмжлэгчийн данс руу хийгээд 15.0 сая төгрөгийн өр төлбөр дууссан. Нэхэмжлэгчийн 2013 оны 3 сарын 6-нд гараар бичсэн өр төлбөр, тооцоо дууссан гэсэн нотариатаар батлуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Надад эх хувь нь байна. 2013 оны 3 сарын 6-нд нэхэмжлэгчээс авсан мөнгө дууссан.

Би 2014 оны 1 сар, 2 сард өөрийнхөө - гэсэн тоот дансаар нэхэмжлэгчээс би 4800000 төгрөг авсан байсан. Нэхэмжлэгчээс 2014 оны 2 сарын 28-нд би мөнгө авахад 2014 оны 3 сарын 26-нд буюу 26 хоногийн дараа мөнгө өгөхгүй байна гээд намайг цагдаад өгсөн. Цагдаагийн газарт асуугдахаасаа өмнө би 1500000 төгрөг өгсөн. Прокурор дээр шалгагдаж байх хугацаанд нэхэмжлэгчид би 900000 төгрөгийг өгсөн. 3300000 төгрөгөөс 900000 төгрөгийг нь өгсөн. Нэхэмжлэгч 900000 төгрөгтэй хот явсан. Нэхэмжлэгчийг хот явсных нь дараа буюу би прокурор дээр асуугдаж байхдаа нэхэмжлэгчийн - гэсэн данс руу нь 2400000 төгрөг хийж өр дуусаад 3300000 төгрөгийн өр төлбөр прокурор дээр хаагдсан. Одоо би нэхэмжлэгчид ямар ч өргүй. - гэсэн Н дансаар мөнгө хийсэн гэж нэхэмжлэгч сая ярьж байна. Н гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Нэхэмжлэгч Н данс руу мөнгө хийж байсан нь үнэн.

Гэхдээ Н хэлэхдээ 4 хувийн хүүтэй 15.0 сая төгрөгийн барьцаанд байраа тавиад нэхэмжлэгч 4 хувийн хүүгийнхээ хүүг нь миний данс руу хийж байсан болохоос Б.Н тэр мөнгийг авч байгаагүй гэж хэлсэн байгаа. Тус байрыг намайг барьцаанд тавиад авсан гэж хэлдэг. Нэхэмжлэгч байраа өөрөө барьцаанд тавиад мөнгөө төлж чадахгүй байсан болохоор Наранбаатар байрыг нь авсан. Миний бие И.Батхишигтийг нэг ч удаа хууран мэхэлж байгаагүй. И.Б мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө тухайн үед бүгдийг нь буцаан төлж барагдуулсан. Одоо миний бие И.Б нэг ч төгрөгийн өргүй.

Иймд нэхэмжлэгч И.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н 900000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5000 төгрөг, хариуцагчаас 26150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч И.Б давж заалдах гомдолдоо: Дундговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу хууль хэрэглээний хувьд иргэний хэргийг алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 51338000 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны эхэнд орон сууцтай хамааралтай гаргасан 15000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлээр татан авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн талаар дурдсан төдийгүй хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Гэсэн ч шийдвэрт нэхэмжлэгч нь 15000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж  байгаа мэтээр дүгнэж, холбогдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн 161 дүгээр хуудсанд авагдсан өр авлагын тооцоо дууссан гэх тодорхойлолт нь зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа буцаан татан авсан нэхэмжлэлийн шаардлагад хамраалтай баримт атал шүүх энэхүү баримтыг үнэлэхдээ үлдэх 36338000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...хариуцагч Б.Н дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр 5000000 төгрөг, Э.З, Э.О, Э.З, Д.О, Га нарын дансаар шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрдөг, “...хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч И.Б 2010 оноос 2012 оны хооронд бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан гэдэг нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон зохигчийн тайлбараар нотлогддог”, мөн гэрч А.В, Н.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн атал нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтанд үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцааны шинжийг агуулж байгаа атал шүүх талуудын хооронд ямар харилцаа үүссэнийг тогтоогоогүй хирнээ тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байна.

Шүүх хуралдаанаар шүүх хэлэлцэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгч тал ойлгохгүй байгаа бөгөөд цаашид нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах эрхийг хаасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа төдийгүй 900000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдал нь тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 139/ШШ2016/00134 дугаар /хүчингүй болсон/ шийдвэрийг хуулбарлах байдлаар гаргасан үйлдэл гэж үзэж байгаа тул тус шүүхийн 2017 оны 139/ШШ2017/00140 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Б.Н холбогдуулан 2010 оны 12 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 66238000 төгрөг зээлж авсан бөгөөд үүнээс төлөөгүй үлдэгдэл  47738000 төгрөг эргэн төлөгдөөгүй хохироож байна хэмээн уг мөнгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3600000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 51338000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 51338000 төгрөгийн шаардлагаа 15000000 төгрөгөөр  багасгаж  /энэ 15000000 төгрөгийг  орон сууцтай холбоотой гэх/ нийт 36338000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авсан, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаас 15000000 төгрөгийг татан авч байгаа нь нэхэмжлэлийн шаардлага 15000000 төгрөгөөс татгалзаж байна гэж үзсэн нь  буруу байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 15000000 төгрөгөөр багасгасныг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх бөгөөд энэ нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй юм.

Хэргийн материалаас үзэхэд: Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээ амаар байгуулагдсан  болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч И.Б  /1 дүгээр ХХ-ийн 14-36, 60-61, 198-200, 237-241 дүгээр тал, 2 дугаар ХХ-ийн 177-221 дүгээр тал/, хариуцагч Б.Н /1 дүгээр ХХ-ийн 74-77 дугаар тал, 2-р дугаар ХХ-ийн 59-61 дүгээр тал/,  П.О /2 дугаар ХХ-ийн 96-97 дугаар тал/, Э.З /2 дугаар ХХ-ийн 98-101 дүгээр тал/, Э.З /2 дугаар ХХ-ийн 102-114 дүгээр тал/, Э.О /1 дүгээр ХХ-ийн 164-166 дугаар тал/, Г.М /3 дугаар ХХ-ийн 31 дүгээр тал/, Б.Г /2 дугаар ХХ-ийн 137-150 дугаар тал/ нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон хэргийн 46-49 дүгээр талд авагдсан орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр болон бусдын дансаар дамжуулан нийт 36338000 төгрөгийг  зээлдүүлсэн гэж нэхэмжилдэг бөгөөд хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр 5000000 төгрөг, Э.З, Э.О, Д.О, Б.Г нарын дансаар шилжүүлсэн гэх мөнгийг хүлээн зөвшөөрдөг, харин 2013.03.06-нд  нэхэмжлэгчид өгвөл зохих бүх мөнгийг өгч өр авлагын тооцоо дууссан, нэхэмжлэгчээс гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Н данс руу шилжүүлсэн гэх 4120000 төгрөг, Д.Б данс руу шилжүүлсэн гэх 200000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 1100000 төгрөг, 1600000 төгрөг, 3200000 төгрөг, Verna маркийн автомашин худалдан авахад нь  8500000 төгрөг, Б.Г данс руу шилжүүлсэн гэх 1000000 төгрөгийг аваагүй хэмээн тайлбарласан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэж нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013.03.06-ны өдрийн байдлаар 15000000 төгрөг авах ёстой байснаас уг мөнгийг хүлээн авч өр авлагын тооцоо дууссан болох нь хэргийн 1 дүгээр ХХ-ийн 161 дүгээр талд авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн бичиж гарын үсэг зурсан тодорхойлолтоор нотлогдож байх тул үүгээр зохигчийн хоорондох 2011-2013 оны өр авлагын тооцоо дууссан гэж үзсэн нь буруу биш байна.

Дээрх 15000000 төгрөгийн тооцоо дууссан тухай баримтыг нэхэмжлэгч И.Б нь өөрийн гараар бичсэн болохоо анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан байх тул түүнийг дарамжталж, хүчээр гарын үсэг зуруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байх ба дээрх 15000000 төгрөгийн тооцоо дууссан тухай баримт нь гэрч Ц.Н, түүний аав Ц болон нэхэмжлэгч И.Б нарын  хоорондох орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна уг орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаанд хариуцагч Б.Н хамааралтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн Verna маркийн автомашин хуралдан авахад нь 8500000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлсөн гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын хувьд Verna маркийн автомашиныг 8500000 төгрөгөөр Н.Б гэгчээс  И.Б худалдан авсан болох нь хэргийн 1 дүгээр ХХ-ийн 13 дугаар талд авагдсан 2010.12.19-нд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээгээр, улмаар нэхэмжлэгч нь тухайн автомашиныг 2010.12.29-нд хариуцагч Б.Н шилжүүлсэн болох нь хэргийн 1 дүгээр ХХ-ийн 40 дүгээр талд авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч И.Б ямар хэлцлийн үндсэн дээр хариуцагч Б.Н Verna маркийн автомашиныг шилжүүлсэн, уг машиныг хариу төлбөртэй шилжүүлсэн эсэх, талуудын хооронд хариу шаардах ямар үүрэг үүссэн болох нь хэрэгт цугларсан нотох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Б.Б энэхүү шаардлагаа нотлоогүй байх тул Б.Б Б.Н нь автомашин худалдан авахад 8500000 төгрөг  зээлсэн  гэж үзэх боломжгүй байна.

Харин хариуцагч Б.Н нь 2014 оны 1-3 сарын хооронд нэхэмжлэгч И.Б нийт 4878000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчийн ХААН банкны депозит дансны хуулга /1 дүгээр ХХ-ийн 74-77, 237-241 дүгээр тал/ болон хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч И.Б нь Б.Н 3300000 төгрөгийг нэхэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2014.04.01-ний өдрийн 5/86 тоот, 2014.04.14-ний өдрийн 5/05 тоот тогтоолууд /1 дүгээр ХХ-ийн 159-160 дугаар тал/ болон  зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд үүнээс үзэхэд 2014 оны 03 дугаар сарын байдлаар хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчид 3300000 төгрөг төлөх ёстой байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх  дээрх 3300000 төгрөгөөс үлдэх 900000 төгрөгийг төлөөгүй байна гэсэн үндэслэлээр хариуцагчаас 900000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2010-2014 оны хооронд нийт 36338000 төгрөг хариуцагчид зээлдүүлсэн, үүнийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үүнээс хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар зэргээс үзэхэд  18978000 төгрөг төлөгдсөн, 16460000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн, харин хариуцагч нь 900000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 900000 төгрөгийг хангаж, үлдэх 35438000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. / 36338000 төг -18978000 төг= 17360000 төг – 16460000 төг = 900000 төг /

Нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа түүнтэй холбоотой  нотлох баримтыг өөрөө  гаргаж өгөх, цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

Иймээс анхан шатны шүүх талуудаас гаргаж өгсөн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нь талуудын хоорондох маргааныг зээлийн харилцаанаас үүссэн гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг баримтлан хууль хэрэглээний алдаа гаргасан байх бөгөөд энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр хуулийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар” ... гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч И.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 139/Ш32017/00659 тоот шүүгчийн захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                     

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ 

                                                          ШҮҮГЧИД                          Н.БАТЧИМЭГ  

                                                                                                    Х.БАЙГАЛМАА