Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Д.Н,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Б.Д-т холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........-ны өдөр ... төрсөн, .....настай, ......тэй, ...боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “........... үйлдвэрт ээлжийн ахлах ажилтай, ам бүл ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б.Д- (РД:....)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ауруг” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Нын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Д: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Арга хэмжээний үеэр би 2-3 хундага архи хэрэглэсэн байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд биеэ засаад зогсож байхад Хохирогч Д.Н гаднаас дуулаад ороод ирсэн. Тухайн үед би хохирогч Д.Ныг “чимээгүй бай” гэж хэлэхэд хохирогч Д.Н чи миний дууг хорьдог хэн бэ гэхээр нь би очоод тоглоомоор чих рүү нь нясалсан. Тэгээд бид хоёр маргалдаад би түрүүлээд цохисон, түрүүлж цохисондоо сэтгэлээсээ гэмшиж байна. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Н над руу залгаад би чамайг цагдаад өгчихсөн гэж хэлсэн. Би тэр үедээ Д.Ныг гэмтээсэн гэдгээ ч мэдээгүй явж байсан учраас би яагаад намайг цагдаад өгсөн юм бэ гэж асуухад Д.Н миний хамар гэмтсэн байгаа чамайг цагдаад өгчихсөн байгаа тул цагдаагаар асуудлаа шийдвэрлүүлье гэж хэлсэн. Хэрэг болсон өдрөөс хойш Д.Нтай тааралдаагүй. Би чамтай тааралдахаараа уучлалт гуйя гэж бодож байсан гэхэд чиний уучлалт хэрэггүй, цагдаагийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлье гэж хэлсэн...” гэв.

Хохирогч Д.Н “...Тухайн үед хамт ажилладаг залуустай гадаа тамхилаад, ариун цэврийн өрөөнд орж биеэ засаад зогсож байхад ард дагз руу 3 удаа давтамжтай няслаад байхаар нь биеэ засаж амжилгүй шээсээ таслаад эргээд харсан чинь шууд цохисон. Тухайн үед 2 хамгаалагч байсан учраас маш хурдан биднийг салгасан. Тухайн үед цохиулсны дараа хоёр нүднээс нулимс гараад маш их цус алдсан. Би 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр шүүгдэгч Б.Дт чамайг цагдаа өглөө гэдгээ мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байсан. Цагдаагийн байгууллагат өргөдлөө 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АПУ ХХК-ийн хашаанд байх Ауруг ресторанд манай АПУ дэйри ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тэгээд арга хэмжээндээ оролцоод дуусах дөхөж байхад буюу 23 цагийн үед тухайн үйлчлүүлж байсан газрынхаа ариун цэврийн өрөөнд бие засаад зогсож байсан чинь миний ар дагз хэсэг рүү манай хамт ажилладаг Дэлгэр гэж залуу нясалсан. Би тоохгүй байсан чинь 3 удаа нясалсан. Тэгээд би шээсээ таслаад Дэлгэр рүү эргээд харсан чинь шууд миний хамар хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгсэн миний нүд бүрэлзээд эхэлсэн...” (хавтас хэргийн 9-10,12-13 дахь тал) гэсэн,

 

Гэрч М.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би хэрэг болсон үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт АПУ ХХК-ийн Ауруг палас гэх газрын угаалгын өрөөнд Дэлгэр, Д.Н бид нар байсан. Тэгэхэд Д.Н нь 00-н өрөөн дотор чанга чанга дуугараад орилоод байсан. Тэгэхэд Дэлгэр нь болиоч ээ гэж хэлэхэд цаашаа харж зогсчхоод юу гэнэ ээ, чи миний дууг хорих уу гээд томроод байсан. Тэгэхэд Дэлгэр нь тоглоод чих рүү нь 2 удаа нясалсан. Тэгэхэд Д.Н уурлаад эргэж хараад духаа нийлүүлээд хэрэлдээд байсан. Тэгж байснаа Дэлгэр түрүүлж цохиод Д.Н цохиод оноогүй Дэлгэр рүү дайрсан юм. Тэгээд манай ажлынхан байсан учир салгасан юм...” (хавтас хэргийн 9-10,12-13 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...00-н өрөө рүү орох гэж Д.Нтай ариун цэврийн өрөө рүү ороод Д.Нтай энгийн юм яриад инээлдээд байж байхад Д.Н руу за сайхан бүжиглэе гээд ярьж байхад шээж дуусангуутаа өмдөө татаад явж байхдаа Дэлгэр нь Д.Нын толгой руу нясалсан. Тэгээд Д.Н шээж дуусаад өмдөө татаад чи яагаад байгаа юм гээд эргэхэд нь Дэлгэр Д.Нын нүүрэн хэсэг рүү нь хамран тус газарт нь нэг удаа цохисон. Д.Н өөдөөс нь хөдлөх гээд зодолдохоос нь өмнө хажууд байсан танихгүй ах салгасан юм...” (хавтас хэргийн 9-10,12-13 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2-р сарын 14-ний өдрийн шинжээчийн 2801 дугаар “....Д.Нын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна...” (хавтаст хэргийн 29-30 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Хохирогчийн эрүүл мэндийн карт, Ай ти Лаборатори шинжилгээ, хохирлын баримт (хавтаст хэргийн 34-39 дэх тал),

          Шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 52-68 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ауруг” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Нын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Н болон шүүгдэгч Б.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №2801 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Нын эрүүл мэндэд нь “...биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Д түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Д, хохирогч Д.Нын эрүүл мэндэд нь “...биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Нямбаярыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: ...шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох бүрэн үндэслэлтэй гэх дүгнэлтийг гаргаж байна. Хохирлын тухайд шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.Над нийт 400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Дт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй... гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 52-68 дахь тал) прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Дт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас , хохирогч Д.Нын эрүүл мэнд биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Н нь нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 200.000 төгрөгийн хохирол учирсны шүүгдэгч нь төлж барагдуулсан талаар хохирогч үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н нь цаашид эмчилгээ үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байгаа талаар мэдүүлж байгаа  тул цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Дт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Н нь цаашид эмчилгээ үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байгаа талаар мэдүүлж байгаа  тул цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ