Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Б.Б-өд холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........-ний өдөр ........... төрсөн, ...настай, ...тэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .......тоотод түр оршин суух урьд,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэх хэрэг хариуцах чадвартай Б.Б.Б-  (РД:......)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь иргэн Н.Бод 40 тонн хэмжээтэй чингэлэг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнээс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2,000,000 төгрөгийг иргэн П.Наранчимэгийн Хаан банк дахь 5166304913 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Б.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

         

            Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд лагерь дээрээ барилгын ажил хийж байгаа бөгөөд контейнер авах бодолтой байсан тэгтэл хуучны танил Батмөнх гэх хүүхэд над руу контейнер байгаа худалдаж авах уу гэж миний 99022524 гэсэн дугаарын утас руу 96586665 гэсэн дугаарын утаснаас залгаж мөн 77040303 гэсэн дугаарын утаснаас залгаж мөн адил чингэлэг авах уу гэж байсан юм. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 17-ны орой дахин залгаад өглөө эрт явж нөгөөдхөө үзэх үү гээд тэгээд уг чингэлгийг нь очоод үзтэл Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Био комбинат гэх газар өөрсдийнх нь хашаанд байсан. Тэгээд тухайн үед нь үзчихээд тохиролцоод мөнгийг нь Батмөнх гэх хүний хажууд Наранчимэг гэх хүний данс руу би бэлнээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн данс нь 5166304913 гэсэн дугаартай Наранчимэг гэсэн данс байсан юм. Чингэлгээ үзчихээд хамт явж байгаад мобайл банкаар мөнгийг нь шилжүүлсэн юм. Дараа нь чингэлэг байсан гэх хашаанд очиж үзэхэд байхгүй болчихсон байсан бөгөөд тухайн хашааны хүнтэй уулзахад Батмөнх ах чингэлгээ аваад явчихсан гэж байсан...” (хавтас хэргийн 9-11, 221 дэх тал) гэсэн,

 

Гэрч П.Наранчимэг шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Батмөнх эд зүйлээ хийж хадгалах чингэлэг авна гэж ярьж байгаад уг чингэлгийг манайх авч байсан. Тэгээд манай гэрийн хашаанд авчирч буулгасан юм. Тэгээд нэг хэсэг манай хашаанд байсан. Тэгсэн чинь хэзээ билээ сайн санахгүй байна. 2019 оны 3 дугаар сард байхаа нэг хүнтэй хамт ирж чингэлгээ үзүүлээд явсан. Тухайн үед надад зарах гэж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд миний дансыг аваад чингэлэг зарсан мөнгөө миний дансаар шилжүүлж авч байсан. 2 сая төгрөг байх аа миний картыг авч яваад л мөнгөө өөрөө авч байсан. Би тэр мөнгөнөөс нь огт аваагүй, чингэлэг зарсан мөнгө гэж надад хэлж байсан...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Болсон хэргийн талаар гэвэл 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр таньдаг хуурай ба Бямбацогтод өөрийн эзэмшлийн 40 тонн хэмжээтэй чингэлгийг зарахаар тохиролцож ХУД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг тухайн үед хамтран амьдарч байсан Алтанчимэгийн төрсөн ээж Наранчимэгийн хашаанд байсан. Чингэлгийг очиж үзүүлсэн. Уг чингэлгийг Бямбацогт ахад 2,5 сая төгрөгөөр зарахаар тохиролцон урьдчилгаа 2 сая төгрөгийг тэр өдрөө Бямбацогт ах чингэлэг үзчихээд буцах замдаа Морингийн даваа уруудаад явж байх үедээ өөрийн гар утаснаас мобайл банк ашиглаж Наранчимэгийн Хаан банкны 5166304913 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед өөрийн дансгүй байсан учраас Наранчимэгийн дансыг өгч мөнгө шилжүүлж авсан юм. Бямбацогт ах тухайн өдөр надаас чингэлэг хэзээ авах уу гэж асуухаар нь чингэлэг дотор байгаа зүйлийг суллаж авчхаад танид хэлье, тэгээд та 3-4 хоногоос ирээд авчих гэж хэлээд 2 сая төгрөг авсан боловч би зараа чингэлэг авсан гэсэн зар харж байгаад зарын дагуу өөр хүнд уг чингэлгийг 3,5 сая төгрөгт зарчихсан юм” (хавтаст хэргийн 40-41 дэх тал) гэсэн,

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 70-74 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 21-26, 87-89 дэх тал),

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд (хавтаст хэргийн 212-213 дэх тал),

Н.Бын 5077225340 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтас хэргийн 17 дахь тал)

Хохирол төлбөр багадсан талаарх хүсэлт, дансны хуулга (хавтаст хэргийн 224-225 дэх тал) зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Б нь иргэн Н.Бод 40 тонн хэмжээтэй чингэлэг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнээс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2,000,000 төгрөгийг иргэн П.Наранчимэгийн Хаан банк дахь 5166304913 дугаарын дансанд шилжүүлэн авч залилж хохирогч Н.Бод 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Б, гэрч Д.Нарантуяа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, Н.Бын 5077225340 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтас хэргийн 17 дахь тал), Хохирол төлбөр багадсан талаарх хүсэлт, дансны хуулга (хавтаст хэргийн 224-225 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй, Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б, хохирогч Н.Бод 40 тонн хэмжээтэй чингэлэг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнээс 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн шүүгдэгч Б.Бийг бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 18 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 11 сар 17 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч Б.Бийн эдлэх 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнийг тодорхой газраас гарахыг хориглох болох Нийслэл Улаанбаатар хотоос гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бод 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөрөө барагдуулсан талаар Хохирол төлбөр багадсан талаарх хүсэлт, дансны хуулга (хавтаст хэргийн 224-225 дэх тал) тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн .......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.Б-ийг бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 18 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг  11 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн эдлэх 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнийг тодорхой газраас гарахыг хориглох болох Нийслэл Улаанбаатар хотоос гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид нарт сануулсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ