Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ш.Б.Ц-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........-ны өдөр .............. төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын угсралтын ажил эрхэлдэг, ам бүл .............. тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1247 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Б.Ц- (РД:..........)

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын задгай тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Т.Оийг фэйсбүүк хаягаараа хүнтэй холбогдлоо гэх шалтгаанаар бусадтай хардаж, улмаар түлээний модоор нүүр, толгой, өгзөг хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шуу, зүүн алга, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зүүн алга, зүүн сарвууны 3,4 дүгээр хуруу, зүүн өгзөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Ц: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би нөхөр Б.Ц-д зодуулснаас хойш 3-4 хоногийн дараа ээжид дээрх хэрэг учралын талаар ярихад намайг Сонгинохайрхан дүүргийн гэр бүл хүчирхийллийн төв рүү очихыг санал болгосон бөгөөд би Гэр бүл хүчирхийллийн төвийн Т.О гэх ажилтантай уулзахад, надтай ярилцаж байгаад та түр хүлээж байгаараа гэж байгаад удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн... бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, хамт амьдраад нийт 11 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй...би нөхөр Б.Ц-тай ойлголцож нэг гэрт 2 хүүхдийн хамтаар хуучин шигээ хамтаар амьдарч байгаа тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” (хавтас хэргийн 7 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн 3051 дугаартай дүгнэлтэд: “...Т.Оийн биед хоншоор ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шуу, зүүн алга, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зүүн алга, зүүн сарвууны 3,4 дүгээр хуруу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтас хэргийн 13-14 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.Оийн биед учирсан гэмтлийг би учруулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...” (хавтас хэргийн 36 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 4 дэх тал),

Шүүгдэгч Б.Цын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд (хавтас хэргийн 18, 25-28 дахь тал), хохирогч Т.О санал хүсэлтгүй гэсэн хүсэлт (хавтас хэргийн 40 дэх тал) шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн санхүүгийн талаарх мэдээлэл бүхий дансны хуулга 57 хуудас баримт зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын задгай тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Т.Оийг фэйсбүүк хаягаараа хүнтэй холбогдлоо гэх шалтгаанаар бусадтай хардаж, улмаар түлээний модоор нүүр, толгой, өгзөг хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шуу, зүүн алга, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зүүн алга, зүүн сарвууны 3,4 дүгээр хуруу, зүүн өгзөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3051 тоот дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Т.Оийн эрүүл мэндэд учирсан “...биед хоншоор ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шуу, зүүн алга, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зүүн алга, зүүн сарвууны 3,4 дүгээр хуруу, зүүн өгзөгт зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтлийг нь шүүгдэгч Б.Ц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ц, хохирогч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Өөрөөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.1.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгийг торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргах саналтай байна гэсэн дүгнэлтийг  гаргажээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, улсын яллагчийн гаргасан санал дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон (хавтас хэргийн 18, 25-28 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн санхүүгийн талаарх мэдээлэл бүхий дансны хуулга 57 хуудас баримт зэргийг дүгнэн үзээд 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Цд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Оийн эрүүл мэндэд биед хоншоор ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шуу, зүүн алга, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зүүн алга, зүүн сарвууны 3,4 дүгээр хуруу, зүүн өгзөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О санал хүсэлтгүй гэсэн хүсэлт (хавтас хэргийн 40 дэх тал) гэсэн байх тул шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн .........дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Б.Ц-ыг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Цд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Цд оногдуулсан 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ