Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/262

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Э.Г, А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.Э.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн М.А.А- нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .........ны өдөр .......... төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ... худалдааны менежер ажилтай, ам бүл-........ тоотод оршин суух хаягтай, урьд

2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Х.Э.Г-, (РД:......)

 

2. Монгол улсын иргэн, .........ний өдөр ........ төрсөн, ... настай, ...тэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ..... байдлын хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл .............. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.А.А-, (РД:.............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21 дүгээр гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бг өөрийг нь өшиглөлөө гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр түүний эзэмшлийн “Тоёота Кроун” маркийн 66-41 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, хоёр толийг нь хөлөөрөө дэвсэж хагалан Д.Бд 520,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч А.А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21 дүгээр гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Гыг “Ч.Адъяаг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, газарт унаган улмаар цамцнаас нь чирч, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, цус хуралт, дух баруун дал, хоёр тохой, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч, хохирогч Э.Г: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Шүүгдэгч А.А.А-: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21 дүгээр гудамжинд иргэн Д.Бд 520,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би очихдоо өөрийн “Кроун” маркийн 66-41 УБЯ улсын дугаартай машинтайгаа очсон байсан бөгөөд машинаа Баяраагийн машины үүдэнд үлдээгээд явсан юм. Маргаан болоход Моби, Дуулга, Баяраа нар байгаагүй юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед машин дээрээ очиход урд салхины шил хагарсан, хоёр толь хугарсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд Э.Г уруу утсаар яриад миний машины эд анги эвдэрсэн байна гэж хэлсэн чинь Э.Г би хагалсан юм тэгээд яадаг юм гээд утсаа салгасан юм...” (хавтас хэргийн 22-23 дахь тал) гэсэн,

 

Гэрч Ч.Адъяаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Батдоржийн машинд Шинэбаяр, Баярхүү, А.А- нар суугаад явсан юм. Э.Г бид хоёр үлдээд байж байсан чинь Э.Г уурандаа машиных нь копутан дээр нь гараад толь, шилийг нь хөлөөрөө хагалсан юм. Тэгэхээр нь би очоод боль гээд гэрт нь хүргэж өгсөн...” (хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн,

 

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн “Тоёота Кроун” маркийн 66-41 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон дүн 520,000 төгрөг гэсэн 125 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 58-р тал) зэрэг,

 

Яллагдагч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бүгдээрээ согтуу байсан, тухайн үед Баярхүү намайг цохиод би уурандаа машиных нь эд зүйлийг эвдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” (хавтас хэргийн 129 дэх тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-14 дэх тал),

 

2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21 дүгээр гудамжинд иргэн Э.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгсэн А.А- Адъяаг хүзүүдээд өшиглөсөн. Тэгэхээр нь би А.А-д уурлаад одоо наадахаа дээрэлхээд байхаа болиоч адилхан нэг газрын хүүхэд байж гэж хэлсэн. А.А- чи юу гээд байгаа юм бэ, хэн бэ пизда минь гээд гараараа баруун шанаа газарт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зууралдсан чинь би газар унаад миний дээр А.А- давхралдаад унасан юм. Тэгсэн А.А- миний цамцнаас газар чирсэн...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,

 

Гэрч Э.Батдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би араас нь 5 минутын дараа гараад очиход Баяр- Одын хашааны гадаа Э.Г А.А- хоёр хоорондоо маргалдсан байдалтай нөгөө гурав нь 4-5 метрийн зайд хараад зогсож байсан юм. Э.Г А.А- хоёр бие биеэсээ  зуураад газар унаад босоод байсан. Тэрнээс биш нэг нэгнийгээ зодсон зүйл болоогүй...” (хавтас хэргийн 27 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баяр-Одын хашааны гадаа Э.Г, А.А- хоёр хоорондоо маргалдсан нэг нэгнийгээ зууралдаад байх шиг байсан. Би нэлээд согтсон байсан юм. Тэгсэн Батдорж тэр хоёрыг салгаад машинд суулгаад байсан...” (хавтас хэргийн 29 дэх тал) гэсэн,

                  

          Гэрч Ч.Адъяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бид нар бүгдээрээ хашааны гадаа тамхи татаад зогсож байсан чинь А.А- гэдэс орчимд нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн Э.Г А.А-г чи одоо болиоч ээ яагаад байгаа юм гэж хэлсэн. А.А- чи юу нь юм бэ пизда минь гээд тэр хоёр зууралдаад А.А- Э.Гын нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгсэн Э.Г унасан юм...” (хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...Э.Гын биед духанд зулгаралт, цус хуралт, дух, баруун дал, хоёр тохой, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 10984 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын “...духны баруун талд баруун хөмсөгний гадна буланд үүссэн байна...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нидрэгдэх унах зэргийн үед үүсэх боломжтой. Гараар цохих, өшиглөх үед үүсэх боломж багатай байна...” (хавтаст хэргийн 64-65 дахь тал) гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч А.А.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хашааны гадаа Э.Гтай маргалдсан тэгээд би Э.Гын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь надаас зуураад бид газар унасан. Тэгээд шороон дээр зууралдаад өнхрөлдөж байхдаа гараараа бас цохисон. Тэгсэн хамт байсан хүмүүс салгасан. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” (хавтас хэргийн 139 дэх тал) гэсэн,

 

          Шүүгдэгч Э.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 75-80 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 109-117 дахь тал),

 

Шүүгдэгч А.А.А-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 100-102 дэх тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99 дахь тал),

          Хохирогч Э.Г, Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 149, 151 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Г, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21 дүгээр гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бг өөрийг нь өшиглөлөө гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр түүний эзэмшлийн “Тоёота Кроун” маркийн 66-41 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, хоёр толийг нь хөлөөрөө дэвсэж хагалан Д.Бд 520,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б болон шүүгдэгч Э.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-14 дэх тал),

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 125 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 58-р тал) зэрэг,

 Хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 151 дэх тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Г, хохирогч Д.Бгийн өмчлөлд 520.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

1.1 Шүүгдэгч А.А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21 дүгээр гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Гыг “Ч.Адъяаг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, газарт унаган улмаар цамцнаас нь чирч, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, цус хуралт, дух баруун дал, хоёр тохой, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Г болон шүүгдэгч А.А.А- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №10984 дугаартай дүгнэлт, Хохирогч Э.Г нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 149 дэх тал) шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Гын эрүүл мэндэд нь “...биед духанд зулгаралт, цус хуралт, дух, баруун дал, хоёр тохой, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч А.А.А- түүний нүүрэн тус газар цохих, газар чирэх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.А.А-, хохирогч Э.Гын эрүүл мэндэд нь “...биед духанд зулгаралт, цус хуралт, дух, баруун дал, хоёр тохой, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.А.А-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Э.Г, А.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Гыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж,

          шүүгдэгч А.А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г, А.А нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус бүр цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын арван таван нэгжээр тооцон хасаж (3*15=45, 450-45=405) тэдэнд оногдуулсан торгуулийн ялыг 405 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 405 (дөрвөн зуун таван мянга) төгрөгийн торгох ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Г, А.А нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Г, А.А нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бгийн өмчлөлд 520.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 151 дэх тал) гэсэн нь шүүгдэгч Э.Г бусдад төлөх төлбөргүй,

- хохирогч Э.Гын эрүүл мэндэд биед духанд зулгаралт, цус хуралт, дух, баруун дал, хоёр тохой, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирол Э.Г нь хохирол төлбөр барагдсан нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч А.А.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Э.Г-ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М.А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г, А.А нарын цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын арван таван нэгжээр тооцон хасаж, тэдэнд оногдуулсан торгуулийн ялыг 405 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 405 (дөрвөн зуун таван мянга) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Г, А.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид нарт хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг авч үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ