Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/275

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Т.Б.Н-ид холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн .........-ны өдөр .........төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, “..........-д инженер, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Б.Н- (РД:..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 барилгын талбайд байрлах хоолны өрөөнд Э.Этэй үл ялих зүйлээр шалтаглан гарын булчин болон хавирга руу өшиглөж биед цээжний зүүн талын 6-р хавирга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Н: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хүннү 2222 барилгын 213 дугаар блок дээр барилга угсралтын ажил хийж байгаад өдөр 13:00 цагийн орчим хоолондоо орох гээд хооллодог өрөөн дотор..байж байсан чинь Нямдорж уруулын вазелин нэртэй тос хайгаад байсан, тэгээд надаас асуухаар нь би байхгүй гээд хэлсэн чинь Б.Н- чи миний вазелиныг авчихсан юм биш үү гэхээр нь би чимээгүй юм дугаралгүй хөөсөнцөр дээр сууж байсан чинь Б.Н- над руу хүрч ирээд чи муу яагаад байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн гарын харалдаа хавирга руу өшиглөсөн, тэгээд миний баруун хацар луу алгадсан...” (хавтас хэргийн 12-13 дахь тал) гэсэн,

 

Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хүннү 2222 хотхоны 213 блок барилга дээр ажлын өрөөндөө цайндаа ороод сууж байсан чинь Б.Н- ах вазелин байна уу гээд бид хэдээс асуусан. Тэгээд бүгдээс нь асуугаад Э.Эээс асуусан чинь хариу өгөхгүй хэгжүүрхээд байсан. Тэгээд би утсаа оролдоод хоолоо идээд байж байсан чинь Э.Эийг Б.Н- ах өшиглөх шиг болсон...Э.Э өшиглүүлээд урдаас нь босоод ирсэн чинь Б.Н- ах Э.Эийг алгадсан. Тэгээд л хоёр тийшээ салчихсан...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,

 

Гэрч М.Нямдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Н- босож ирээд баруун хөлөөрөө Э.Эийг өшиглөсөн. Тэгээд Э.Э яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь Б.Н- зүүн гараараа нэг удаа алгадсан тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан...” (хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 10-ны өдрийн шинжээчийн 3858 дугаар “...Э.Эий биед цээжний зүүн талын 6-р хавирга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 29-30 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Эийг сууж байхад нь гуя хавьцаа нь өшиглөх шиг болсон чинь Э.Э босоод ирсэн. Тэгэхээр нь би нүүр рүү нь нэг алгадсан. Тэгээд Нямдорж ирээд бид хоёрыг салгасан. ...Э.Э маргааш нь ажилдаа ирээгүй, Нямдорж надад Э.Эий бие муу байгаа гэхээр нь Э.Этэй уулзаад хамт эмнэлэг яваад зургийг нь авхуулаад харсан чинь хавирга нь хугарчихсан байдалтай байсан. ...би хохирлоо барагдуулсан.” (хавтаст хэргийн 39 дэх тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

          Шүүгдэгч Б.Нийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 41, 43-45 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал),

          Хохирогч Э.Э гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 барилгын талбайд байрлах хоолны өрөөнд Э.Этэй үл ялих зүйлээр шалтаглан гарын булчин болон хавирга руу өшиглөж биед цээжний зүүн талын 6-р хавирга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Э болон шүүгдэгч Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №3858 дугаартай дүгнэлт, Хохирол төлбөрийн баримт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),        Хохирогч Э.Э гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Эий эрүүл мэндэд нь “...биед цээжний зүүн талын 6-р хавирга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Н түүний биеийн зүүн тус газар өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Н, хохирогч Э.Эий эрүүл мэндэд нь “...биед цээжний зүүн талын 6-р хавирга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 41, 43-45 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Нид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эий эрүүл мэндэд биед цээжний зүүн талын 6-р хавирга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Э нь гэмтэлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримт мөрдөн алгах болон шүүхэд ирүүлээгүй, гомдол саналгүй талаар хавтаст хэргийн 51 дэх тал зэргээр шүүгдэгч Б.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210007030376 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Нид торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Нид оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн .......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ